Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат/онлайн/

Шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Эийн Б-д холбогдох 2216000150051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын харьяат, 2000 оны 01 дүгээр сарын 18-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДГ000000 регистрийн дугаартай, Б ургийн овогт Эийн Б,

 

Шүүгдэгч Э.Бнь Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн нутаг дэвсгэр Шүүтийн ам гэх нэртэй газарт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Бэрс загварын улаан өнгөтэй Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн LZEPCKLC0M4109775 арлын дугаартай мотоцикл, жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в/мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж.Снь баруун зулай яснаас арагш дагзны баруун талаар явсан шугаман хугарал, баруун чамархай яснаас суурь ясыг хөндлөн дайрсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн тахим, баруун шуунд цус хуралт, эрүүний баруун талд зулгаралт гэмтэл буюу гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Бнь Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн нутаг дэвсгэр Шүүтийн ам гэх нэртэй газарт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Бэрс загварын улаан өнгөтэй Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн LZEPCKLC0M4109775 арлын дугаартай мотоцикл, жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в/мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч нас барсан үйл баримт тогтоогдлоо. Дээрхи үйл баримт нь жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Бгэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Э.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын төвд ээжтэйгээ орж ирсэн. Орой 7 цагийн үед буцаж яваад мотоцикльтойгоо унасан. Хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Гэм буруугаа ойлгож байгаа гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

          2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-9-рт/,

 

          Хохирогч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 сарын 07-ны орой 20 цаг 20 минутад Л-Э гэдэг манай хамаатны дүүгээс Гаханч баг “Шүүтийн ам”-ны ойролцоо Буяндалай ээж 2 чинь замдаа мотоцикольтойгоо холбирч унаад ээж чинь ухаан алдаж унасан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу эмч У, сувилагч О, эхнэр Э, Б ах бид 5 очсон. Манай ээж Ж.Снь ухаангүй, их хэмжээний цус хамраас нь гарсан байсан. Тэгээд эмч У үзээд, сувилагч О тухайн газарт 2 удаа, замдаа 4-3 удаа тариа хийсэн. Тэгээд тэр газраас ээжийг аваад сум руу тээвэрлэн эмнэлэгт авчирсан. Тэгээд ээж маань эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан, Намайг очиход газарт ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан Бие нь их хүйтэн байсан. Толгойн баруун ар хэсэгт хагарч язарсан байсан. Мөн баруун талын хацар чихний доод хэсэгт хөхөрсөн хуруу дарам шалбархайтай байсан, манай дүү ээж бид 2 явж байтал ээж ухаан алдаад бид 2 хольбироод мотоцикольтойгоо уначихлаа гэж хэлсэн.20 цагийн үед мотоцикольтойгоо унасан гэж хэлсэн. Тэгээд цааш явж эмээгийнд очоод нагац эгчид хэлж нагац эгчийг дагуулж ирсэн. Нагац эгчийн хүүхэд Л-Э сүлжээнд гарч дуудлага өгсөн. Бамбай булчирхай их өвддөг, даралт ихэддэг хөл нь их өвддөг байсан. Урьд нь эмнэлгийн байгууллагаар их үйлчилж байсан. Манай дүү Буяндалай нь 18 наснаасаа хойш мотоциколь унаж байгаа Энэ 10 сард тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын сургалтанд суусан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 68-рт/,

 

          Гэрч Ч.Уийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 сарын 07-ны орой 20 цаг 35 минутанд Гаханч баг “Шүүтийн ам”-ны урд талд цахир үзүүр гэх газарт Мотоциклийн араар сууж явсан хүн ухаан алдаж унасан сэрэхгүй байна гэдэг дуудлага ирсэн. Дуудлагын дагуу талийгчийн хүү Б, бэр Э, сувилагч О, өөр нэг танихгүй хүн бид 5 явсан. Очиход талийгч Ж.Снь амьсгалахгүй, ухаангүй, их хэмжээний цус хамар, ам чихнээс нь гарсан, даралт, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан. Тэгээд талийгч С-г тээвэрлэн эмнэлэгт авчирсан. Намайг очиход газарт ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан. Бие нь их хүйтэн байсан. Толгойн баруун ар хэсэгт хагарч язарсан ойролцоогоор 3 см хэмжээтэй шархтай байсан. Мөн баруун талын хацар чихний доод хэсэгт хөхөрсөн хуруу дарам шархтай байсан. Би “Витамин С”, “Кокер”, Кордамин, Викасол зэрэг 4 төрлийн тариа хийсэн Кордамин тарьсны дараа замдаа захын судсанд пульс орж ирсэн. Тэгээд сумын өв дээр ирээд хүчилтөрөгч өгсөн, адерналин, яайк, дексаметазон зэрэг тариа хийсэн нэмэр болоогүй. Тэгээд захын пульс орж ирэхээ байсан амьсгал хураасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 70-рт/,

 

Гэрч М.Лхам-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 сарын 07-ны орой 19 цагийн үед Э.Бманайд ирсэн. Ээж бид 2 явж байгаад мотоцикльтой уначихлаа. Ээж ухаангүй байна гээд сандраад ирсэн. Тэгээд Б манай ээж Мийг мотоциклийнхоо араар суулгаад явсан. Би “Гаханчийн эх” гэх газар руу сүлжээнд гарч Б ахтай утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд би утсаар ярьж мэдэгдчихээд осол болсон газар очсон. Би Б ахын урдаас мотоцикльтой яваад тосч авч дагуулж ирсэн Намайг тухайн үед осол болсон газар очиход талийгаач ухаангүй манай ээж толгойг нь түшээд сууж байсан. Би тэрийг сайн анзаараагүй. Осол болсон газар очоод Буянхишиг ахыг тосож авах гээд цаашаа мотоцикльтойгоо явсан. Улаан өнгийн Хятад мотоцикльтой явж байсан. Тухайн үед Э.Бманайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Э.Бархи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тэр 2 аль аль нь мотоциклийн хамгаалах малгай өмсөөгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-рт/,

 

          Гэрч Ж.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 сарын 07-ны орой 19 цагийн үед Э.Бманайд ирсэн. Ээж бид 2 явж байгаад мотоцикльтой уначихлаа. Ээж ухаан алдаад уначихлаа гээд сандраад ирсэн. Тэгээд манай хүү Л-Э сумын төв рүү дуудлага өгөхөөр сүлжээнд явсан. Б бид 2 манай эгч рүү явсан. Очоод би эгчийнхээ толгойг нь тэврээд Б гар хөлийг нь бариад байж байсан. Удалгүй дуудлага ирсэн, Эмнэлгийн эмч үзээд тариа хийгээд эмнэлэг авч явсан. Замын хажууд ухаангүй хэвтэж байсан. Баруун хацар дээр жижиг хэмжээтэй шалбархай байсан. Өөр бусад зүйлийг анзаараагүй, Улаан өнгийн Хятад мотоцикльтой явж байсан.Тухайн үед Э.Бманайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Э.Бархи согтууруулах ундааны зүйл хэрэглэдээгүй, Талийгаач эгч хамгаалах малгай өмсөөгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-рт/,

 

          Шинжээч эмч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Уг цус харвалт нь гэмтлийн улмаас үүсэх ба хэрвээ өвчний улмаас үүссэн бол голомтлог хэлбэрээр үүснэ. Уг цус харвалт нь өвчний улмаас биш гэмтлийн улмаас үүссэн байна. Зам тээврийн ослын үед уг цус харвалт гэмтэл нь үүссэн, нас барсан шалтгаанд нөлөөлөх ба талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, буюу суурь ясны хугарал гэмтлээрээ нас барсан байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-рт/,

 

          Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, а/х Т.Алтайбаатарын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн “...талийгаач Ж.Сийн цогцост баруун зулай яснаас арагш дагзны баруун талаар явсан шугаман хугарал, баруун чамархай яснаас суурь ясыг хөндлөн дайрсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзанд шарх, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн тахим, баруун шуунд цус хуралт, эрүүний баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед үүссэн гэмтүүд нь зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач Ж.Сийн биед нас бархад хүргэсэн ямар нэг архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 44-47-рт/,

 

          2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “...Э.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в/мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадалгаа, /хх-ийн 62-рт/,

 

          Говь-Алтай аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Л.Амгаланбаатарын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, /хх-ийн 54-55-рт/,

 

Э.Бийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Сумын төвөөс баруун урагш 12 км орчим яваад Гаханч багийн Шүүтийн ам гэх газарт явж байтал мотоциклийн ард дарсан байсан бензин чирэгдээд ороод ирсэн. Би сандрахдаа баруун тал руугаа мотоциклио унгаачихсан. Би мотоциклынхоо гарнаас бариад унасан ээжийг харсан чинь бүсэлхийнээс доош дарагдчихсан байсан. Би мотоциклио босгож цааш нь түлхэж унагаачхаад ээжийг босгоод замаас гаргасан. Ээжийг тэнд нь орхичхоод эмээгийн гэрт очиж нагац эгч Мөнхцэцэгийг аваад буцаад ээж дээр ирсэн. Тухайн үедээ хамт ямар нэгэн мотоцикл, машинтай хүн хамт яваагүй. Эмээгийнд очихдоо Мөнхцэцэгийн хүү Л-Эийг сүлжээнд гараад дуудлага өгөөд ир гээд явуулсан. Би Мөнхцэцэг эгчтэй ээжийн хажууд байж байтал эмнэлгээс эмч Уранчимэг, сувилагч Оюун, манай ах Буянхишиг түүний эхнэр Эрдэнэчимэг нар ирсэн. Тэндээ ирсэн эмч нь тариа хийгээд сумын төв рүү авч ирсэн сум дээр ирээд эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч ухаан ороогүй...ерөөсөө ухаангүй, хөдлөхгүй амьсгалахгүй байсан. Хамарнаас нь цус гараад байсан. Би сандраад ямар гэмтэл авсан байсныг нь хараагүй, шууд эмээгийнхээ гэрт очихоор мотоциклио асаагаад явсан. Надад мотоцикль жолоодох А ангиллын эрхийн үнэмлэх байгаа. Салхигүй тогтуун байсан бөгөөд харанхуй болсон байсан үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 87-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 20 цаг 30 минутад зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон гэм буруутай үйлдлээ мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Ам бүл 2, дүүгийн хамт мал маллаж амьдардаг. Өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн заалт байгаа. Иймээс дээрх заалтуудыг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэв.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “...урд нь шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол  Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.  

Шүүгдэгч Э.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в/мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж.С-ийн амь нас хохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон хохирол учирсан байх тул  шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Буяндалайд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Э.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ббусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Э.Бнь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бнь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.

 

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээг авсугай.    

 

4 Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Э.Б-д мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА