Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0128/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Ж.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2218000000136 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр  хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Б 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Г-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ж.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Дарханд машин засахаар ирсэн. Тухайн үед би найзынхаа граж дээр машин үзээд байж байхад манай дунд хүүхэд, бага хүүхэд утсаар “хоол байхгүй, ээж гэртээ байхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед би найзуудтайгаа жаахан уучихсан байсан. Дэлгүүр орж идэж уух юм авч хүүхдүүддээ өгөөд байж байтал А.Г согтуу орж ирсэн. Удалгүй араас нь манай ээж Алтанчимэг орж ирэхэд А.Г манай ээжийг “банзал, явдалтай хүүхэн” гэж дуудахад нь миний уур хүрээд тэсэлгүй гар хүрсэн.

... Би эвдэрсэн байсан зурагтын үнэ, хаалганы бариулын үнэ гэж 700000 төгрөг өгсөн.

...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Дахин ийм асуудал гаргахгүй. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

 

-төмөр металл тогоог эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн  тогтоол /хавтаст хэргийн 4/,

 

-Хохирогч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Улаанбаатар хот руу яваад 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15:00 цагийн үед буцаад Дархан руу машинтай гарсан юм. Тэгээд орой 18:00 цагийн үед Дархан руу явж байх замдаа өөрийн найз Орхонбаяртай утсаар яриад “манай гэрт ороод манай хүүхдүүдэд хоол хийгээд өгчих” гэж хэлсэн юм. Тэгээд манай найз Орхонбаяр манай хүүхдүүдэд хоол хийж өгөх гээд гэрт ороход манай салсан нөхөр Ж.Б- манай гэрт архи ууж байна гэж надад Орхонбаяр хэлсэн. Тэгэхээр нь би гаднаас гэрт ороод салсан нөхөр Ж.Б-д болон хадам ээж Алтанчимэг нарт “яах гэж манай гэрт архи ууж байгаа юм” гэхэд Ж.Б- над руу “чи манай ээж рүү олон юм ярилаа” гэж хэлээд галын өрөөнд бууз жигнэх гэж байсан тогоог аваад миний толгой руу цохисон юм. Тэгэхээр нь би Ж.Б-д “чи яаж байгаа юм” гэхэд Ж.Б- над руу дайраад босоод ирэхээр нь би гэрээс гараад зугтаасан чинь Ж.Б- миний араас гараад орцонд миний толгой руу 4-5 удаа цохиод авсан. Тэгээд Ж.Б- намайг зодож байхад манай найз Орхонбаяр, Алтанчимэг нар гарч ирээд салгаад би цагдаад дуудлага өгсөн юм.

... Ж.Б- бид хоёр гэр бүлийн батлах байгаа боловч салаад тусдаа амьдраад 8 сар болж байна. Ж.Б- 3 хүүхдээ хаяад гэрээсээ явсан хүн.

...Ж.Б- манай гэрийн зурагт руу гар утас шидээд эвдчихсэн, мөн гэрийн хаалганы цоожыг эвдчихсэн, энэ бүгдийн мөнгийг гаргуулж авмаар байна. Эмчилгээний зардал гаргуулан авмаар байна. Тэгээд энэ хүнд хуулийн хариуцлага тооцуулмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,

 

-Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 20 цагийн орчимд Гэрэлцэцэг эгчийн гэрт нь ороход салсан нөхөр Ж.Б- өөрийнхөө төрсөн ээжтэй, гурван хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгэхээр нь би “энэ хүүхдүүдэд хоол хийж өгсөн юм уу?” гэж асуухад Ж.Б- ах “хоол хийж өгөөгүй, чи манай ээжтэй цуг хоол хийгээд өгчих” гэхээр нь “ээж чинь байгаа юм чинь би гэр рүүгээ орлоо” гэж хэлээд тэдний гэрээс гарч явах замдаа Гэрэлцэцэг эгч рүү залгаад “Ж.Б- ах, ээжтэйгээ цуг танай гэрт ирчихсэн байна” гэж хэлэхэд Гэрэлцэцэг эгч “би байрныхаа гадна ирж байна” гэж ярихаар нь орцных нь үүдэнд хүлээж байгаад Гэрэлцэцэг эгчтэй цуг гэр рүү нь хамт орсон. Тэгээд Гэрэлцэцэг эгч гэр рүүгээ орчхоод нөхөртэйгөө муудалцсан. Тухайн үед Гэрэлцэцэг эгч, Ж.Б- ах хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Гэрэлцэцэг эгч, Ж.Б- ах хоёр салаад тусдаа амьдраад 8 сар гарангийн хугацаа өнгөрч байгаа юм байна лээ. Тэгээд 8 сар гарангийн хугацаанд үр хүүхэд, гэр орондоо анхаарал хандуулсангүй, өөр эхнэртэй болчихсон гэх шалтгаанаар тэр хоёрын маргаан эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг маргалдаад байхаар нь хүүхдүүдийг нь жижиг өрөөнд оруулаад байж байтал Ж.Б- ах ээж рүүгээ залгаад дуудсан. Намайг тэдний гэрээс гарсны дараагаар Ж.Б- ахын ээж зөрөөд гарсан байсан. Ингээд удалгүй Ж.Б- ахын ээж нь орж ирсэн. Ж.Б- ах ээжийгээ орж ирэхээс өмнө Гэрэлцэцэг эгчийн толгой руу хоол хийдэг нимгэн тогоогоор 3 удаа цохихоор нь би тэр хоёрыг салгасан. Тэгэхэд Ж.Б- ах над руу дайраад байсан. Тэгээд байж байтал ээж нь орж ирсэн. Тэгэхэд Ж.Б- ах Гэрэлцэцэг эгчийг чирээд гэрээсээ орц руу гаргаад лифтний өмнө шалан дээр унагаагаад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиод, нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Тэгэхэд нь би очиж салгаад цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирээд Ж.Б- ахыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/,

 

-Гэрч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчимд миний хүү Ж.Б- над руу залгаад “ээж, би хүүхдүүд дээрээ ирчихсэн байна, өнөө шөнө хүүхдүүдтэйгээ хамт хоночхоод явна” гэж ярьсан. Ж.Б- нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тэгэхээр нь би Ж.Б-гийн гэрт нь ороход Баттцолмон 3 хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгэхэд Гэрэлцэцэгийг 2022 оны 02 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу 3 хүүхдээ гэртээ үлдээчихээд яваад өгсөн байна гэж хэлээд сууж байсан. Тэгээд би хүүтэйгээ юм яриад сууж байтал Ж.Б-гийн гар утас руу Гэрэлцэцэг залгаад ярихаар нь Ж.Б- “чи гэртээ ирээч, хаагуур яваад байгаа юм бэ?” гэж хэлэхэд “чи шаагаад бай” энэ тэр гээд муухай үгнүүд хэлээд яриад байсан. Тэгэхээр нь Ж.Б-г “утсаа тасал” гэж хэлээд утсыг нь таслуулчихаад “манай гэр рүү орж унт” гэхэд “би хүүхдүүдтэйгээ хамт хононо” гээд байсан. Тэгээд байж байтал “Дархан Ус суваг” ХХК-нд манай бэр Гэрэлцэцэгтэй хамт ажилладаг найз хүүхэд гээд нэг эмэгтэй орж ирээд “хүүхдүүдэд нь хоол хийж өгөх гэсэн юм” гэж хэлээд орж ирчихээд “та хоёр байгаа юм чинь би явлаа” гэж хэлээд гараад явчихсан. Тэгээд байж байгаад би том хүүг нь дагуулж гараад “Наран” хотхоны 2 дугаар байрны 24 тоот гэр рүүгээ орж төмс авахаар гэртээ орж ирээд байж байтал Ж.Б- над руу залгаад “ээж та ороод ир, Гэрэлцэцэг гэртээ ирчихлээ” гэж хэлсэн. Тэгэхэд утасны цаанаас Гэрэлцэцэг орилж байгаа дуу гарсан. Тэгээд би гэрт нь яваад ороход бууз жигнэх гээд тогоонд ус хийчихсэн байсан тогоотой усыг шалаар асгачихсан Ж.Б-, Гэрэлцэцэг хоёр маргалдаад зогсож байсан. Тэгэхэд Гэрэлцэцэг “танай энэ хогийн ээж” энэ тэр гээд муу үгээр намайг доромжилсон. Тэгэхэд Ж.Б- Гэрэлцэцэгийг татаж зулгаагаад орцонд гараад лифтний үүдэнд Гэрэлцэцэгийн толгой руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд цагдаагийн газар руу дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд Ж.Б-г аваад явсан. Тухайн үед Ж.Б-, Гэрэлцэцэг хоёр хоёулаа согтуу архи уучихсан байсан. Хэн хэнийхээ үгийг сөрөөд хэрэлдэж маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19/,

 

“...А.Г-ийн биед тархи доргилт, баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.Г-ийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25/,

 

-А.Г-т яаралтай тусламж үзүүлсэн эмнэлгийн хуудас /хавтаст хэргийн 26-27/,

-“....“Хитачи” маркийн 39 инчийн өнгөт зурагт, хаалганы бариул зэрэг эд зүйлсийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 730000 төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 32-33/,

 

-Шүүгдэгч Ж.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59/,

 

-Ж.Б болон А.Г нарын гэрлэснийг бүртгэсэн лавлагаа /хавтаст хэргийн 60/,

 

-Шүүгдэгч Ж.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн  “Наран” хотхоны 1 дүгээр байрны 40 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Г-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун бугалганд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 24-25/ нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Б-, хохирогч А.Г нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан Ж.Б болон А.Г нарын гэрлэснийг бүртгэсэн лавлагаа /хавтаст хэргийн 60/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгч Ж.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 600000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Б-д анхааруулж шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч А.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд“...Улаанбаатар хотод амьдарч байгаа, шинэ ажилд орсон учраас чөлөө өгөхгүй байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдэгдсэн /хавтаст хэргийн 117/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр металл тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Б-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д анхааруулсугай.

 

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр металл тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ