Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1995

 

        “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01475 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

4 540 984 781 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Г.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь У-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 хороонд байрлах 131 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар банкнаас 3 200 000 000 төгрөгийн зээлийг 16 сарын хугацаатай жилийн 13,2 хувийн хүүтэй авсан. Дараагийн зээлийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 970 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Энэхүү хоёр зээлийн барьцаанд нийт 12 хөрөнгө барьцаалсан. Тухайн барьцааны эд хөрөнгүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа.

Хариуцагч “Х” ХХК 2016 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 9102/130718 тоот эхний зээлийн гэрээний үүрэгт дараах байдлаар төлбөр төлөхөөр хуримтлагдсан. Үүнд үндсэн зээлийн төлбөр 3 007 316 738 төгрөг, үндсэн хүү 311 810 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 503 659 төгрөг нийт 3 320 630 876 төгрөг хуримтлагдсан. 2 дахь 9102/141202 тоот гэрээтэй холбоотой 2016 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар үндсэн зээл 827 805 048 төгрөг, үндсэн хүү 50 430 063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 422 035 төгрөг нийт 887 652 642 төгрөг хуримтлагдсан. Энэ 2 зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргасан өдрөөр нэгтгэхэд нийт 4 208 283 523 төгрөг болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Эхний 9102/130718 тоот зээлийн гэрээний үүргийг 254 418 966 төгрөг, хоёр дахь 9102/141202 тоот зээлийн гэрээний үүргийг 78 282 263 төгрөг нийт 322 701 259 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 12 төрлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Улаанбаатар хотын банкнаас зээл авахдаа харилцан тохиролцож орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж зарах тал дээр хамтарч ажиллана гэсэн боловч барилгыг Улаанбаатар банктай маргаантай шалтгаанаар орон сууц зарагдаагүй. Иймд У банк харилцан тохирсон гэрээгээ зөрчиж байна гэж үзэж байна.

Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны А/236 тушаалд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсон. Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журмын 2.2-т зааснаар 1 өдрийн зээлийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 446 200 төгрөг болж байна. Гэтэл хэрэгт хавсаргасан баримтаас харахад нэг өдрийн хүү 446 466 төгрөгөөр бодсон, хоногоор бодож үзэхэд зөрүүтэй байдаг. Мөн Улаанбаатар банкнаас гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-нд зааснаар “Х” ХХК-ийн барьсан орон сууцыг банкны зөвшөөрөлтэй зарж байгаа. 2013 оны 8 дугаар сарын 05-наас 2017 оны 02 дугаар сарын 23-ны хугацаанд “Х” ХХК-иас 2 500 000 000 төгрөгийн төлбөрийг орон сууцны төлбөрөөс төвлөрүүлж төлсөн. Сүүлд банк маргаантай гэдгээр шалтаглаж өөрийн байдлыг ашиглаж иргэдэд зээл олгох асуудлыг тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. Банк өөрөө зээл төлөгдөх нөхцөл боломжийг хаасан.

Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хүүг хавсралтаар тооцсон. Анхны 2 зээлийн гэрээ нэг нь жилийн 13,2 хувийн хүүтэй, нөгөө нь 16,8 хувийн хүүтэй байсан бол нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр нэг нь жилийн хүү 18 хувь, нөгөө нь 20,4 хувь болгож өсгөсөн.  Банкнаас 1 өдрийн хүү тооцсон нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, өмнө нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 970 000 000 төгрөгийн нэг өдрийн зээлийн хүү 446 466 төгрөг байсан бол 2015 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар ч зээлийн дүн буурсан байхад нөгөө дүн 497 947 төгрөг байсан. Банкны тооцож өгсөн тооцоолол зөрж байгаа нь тул зөвшөөрөхгүй байна. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 9 ширхэг обьект, 1 газар, дансны орлогыг дурдаж барьцааны гэрээ байгуулж, харилцан тохирсон үнэ нь 4 612 831 240 төгрөг байдаг. 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 970 000 000 төгрөгийг нэмж зээлж авсан. Зээлдэгчийн хүнд нөхцөл байдлыг далимдуулж 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлээс хүү өсгөж нийт 16,8 хувь болгосон. Харилцан тохирсон үнэлгээ 3 825 591 000 төгрөгийн хөрөнгийг барьцаалахаар гэрээ байгуулж, газар нэмэгдсэн. Банк 970 000 000 төгрөг өгөхдөө 3 800 000 000 төгрөгийн хөрөнгийг нэмж барьцаалсан. Зээлдэгч У-д тодорхой борлуулалт хийе гэхэд банк өөрийн эрх ашигт нийцүүлэн шахалт үзүүлсэн. 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр барилга байгууламжийн комиссын акт гарч улсын комисс хүлээн авч иргэд байрандаа орсон. Зээлийн хүү эргэлзээтэй тул нэмэгдүүлсэн хүү ч зөрүүтэй байна гэжээ. 

       Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 4 540 984 781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "У" ХХК-д олгож,

      Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Х” ХХК-иас нэхэмжлэгч “У” ХХК-д төлөх 3 575 049 872 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, НТД: 53/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Х” ХХК-ийн эзэмшлийн 800 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газраар, 965 934 909 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц,  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Х" ХХК-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, НТД: 1853/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Х” ХХК-ийн эзэмшлийн 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар,  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18104/ байрны 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201038672, бүртгэлийн гэрчилгээний 000348155 дугаартай, “Х” ХХК-ийн өмчлөлийн 6762 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, НТД: 1853/0116, бүртгэлийн гэрчилгээний 000304193 дугаартай, “Х” ХХК-ийн эзэмшлийн 708 м.кв газраар хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721, бүртгэлийн гэрчилгээний 000185478 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206024193, бүртгэлийн гэрчилгээний 000245662 дугаартай, Э.Тунгалагийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 дүгээр давхрын А хэсэг, Улсын бүртгэлийн Ү-2206020722, бүртгэлийн гэрчилгээний 000185486 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянгол дүүргийн 8 дугар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 7-в байр, Улсын бүртгэлийн Ү-2205027707, бүртгэлийн гэрчилгээний 000031422 дугаартай, Н.Бямбажавын өмчлөлийн 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Орос эмнэлгийн баруун тал, Улсын бүртгэлийн Ү-2204015528, бүртгэлийн гэрчилгээний 000137567 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай дөрвөн давхар барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 020 930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 158 055 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Х” ХХК-иас 22 862 874 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "У" ХХК-д олгож ийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 231-235 дугаар зүйлд тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зөвхөн үндсэн үүргийн хамт үүсэхээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар бүлэгт тодорхойлсон Барьцааны эрхийн зохицуулалт болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцаалуулагчид үндсэн үүргийн гүйцэтгэлийн талаар /батлан даагчтай адилаар/ татгапзал гаргах эрхийг олгоогүй. Үндсэн үүргийн гүйцэтгэлийн талаар үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил татгалзал гаргах эрхгүй үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь барьцаагаар хангах шаардлагыг барьцаалуулагчид холбогдуулан гаргахгүйгээр шууд хэрэгжих боломжтой юм. Хөрөнгийг барьцаалуулах хэлцэл хийгдсэнээр үндсэн үүрэг зөрчигдвөл тухайн хөрөнгийг худалдан борлуулсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу барьцааны хөрөнгийг нөхцөлтэйгээр захиран зарцуулах эд хөрөнгийн шинжтэй эрх барьцаалагчид үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, барьцаалагчийн эрх нь зөвхөн гэрээний шинжтэй шаардах эрх бус тухайн хөрөнгөд шууд эрх үүсгэдэг эрх юм.

Барьцаалуулагч өөрөө хүлээн зөвшөөрч барьцаалагчид уг эрхийг шилжүүлсэн буюу үүсгэсэн бол барьцааны гэрээ дуусгавар болох хүртэл барьцаалуулагч уг хөрөнгийн эрхийг хөндөх, татгалзал гаргах боломжгүй. Энэ шинжээрээ барьцааны үүрэг нь үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хувийн шинжтэй үүрэг үүсгэдэг, мөн үүргийн гүйцэтгэлийн талаар үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил татгалзал гаргах эрхтэй байдаг батлан даалтын үүргээс ялгаатай. Шүүх "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусад барьцаалуулагч хариуцагчаар оролцоогүй" гэх үндэслэлээр барьцааны зарим хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаагүй нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.7, 158 дугаар зүйлийн 158.1, 158.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26.3 дахь хэсгүүдийг хэрэглээгүй буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад бүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “У" ХХК хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 4 540 984 781 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

          Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ9102/130718 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр 3 200 000 000 төгрөгийг сарын 1,1 хүүтэй, 16 сарын хугацаатай, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

          Мөн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ9101/141202 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр 970 000 000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаангүй

          Ийнхүү байгуулагдсан зээл, барьцааны гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ болон гэрээний дагуу зээлийг шилжүүлсэн, зээлийн төлбөрийг төлсөн тухайд зохигч талууд маргаангүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

         Тиймээс нэхэмжлэгч “У” ХХК хариуцагч “Х” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээ болон  зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээл, барьцааны гэрээ болон зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ9102/130718 дугаартай зээлийн барьцааны гэрээ, мөн 2014 оны 12 дугаар сарын  02-ны өдрийн ЗГ9101/141202 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хуулийн зохицуулалттай тул шүүх зээлийн гэрээний үүргийг барьцааны гэрээнд тусгасан “Х" ХХК-ийн өмчлөлийн 5 өрөө орон сууц 2 ширхэг, 3 өрөө орон сууц 2 ширхэг, “Х” ХХК-ийн эзэмшлийн 400 м.кв, 708 м.кв, 800 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар,  80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

         “У” ХХК нь Б.Цолмон, Н.Бямбажав, Э.Тунгалаг нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, “Х” ХХК-ийн захирал Ц.Тэмүүлэн нь иргэний хувиар барьцааны гэрээ байгуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй. Барьцааны зүйл нэхэмжлэгч болон бусад этгээдийн эд хөрөнгө байж болох боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Цолмон, Н.Бямбажав, Э.Тунгалаг нар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Х” ХХК-ийн захирал Ц.Тэмүүлэнд эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийг олгосон /1 хав 194-199/ байна. Ийм учраас шүүх Б.Цолмонгийн өмчлөлийн 5 өрөө орон сууц, 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай дөрвөн давхар барилга болон Э.Тунгалагийн өмчлөлийн 4 өрөө орон сууц, 83 дугаар байрны 1 дүгээр давхрын А хэсэг, Н.Бямбажавын өмчлөлийн 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой Б.Цолмон, Н.Бямбажав, Э.Тунгалаг нар болон зохих этгээдэд нь холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь зээлийн тооцоолол буруу гэж маргасан боловч хэдэн төгрөгийн зөрүү гарч байгааг тодорхойлоогүй, нөгөө талаар нэхэмжлэгч зээлийн тооцооллыг гэрээнд тохирсон хэмжээнээс өөрөөр тооцсон, талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу барьцааны орон сууцнаас 8 хувийн зээлд хамрагдах иргэдийн зээлийг зогсоосон, зээлийн тооцоолол буруу гэх тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

          Харин хариуцагч “Х” ХХК зээлийн тооцоолол буруу, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүүгийн хэмжээг нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй, зээлийн дүнгээс их хэмжээний үнэтэй хөрөнгө барьцаалсан, эдийн засгийн байдал муудаж, хамтран ажиллах гэрээний дагуу орон сууц 8 хувийн зээлээр худалдахаа зогсооноос зээл төлөх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА