Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0131

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр            Дугаар 128/ШШ2019/0131          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч А.Насандэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Т /РД: **********/

Хариуцагч: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т түүний өмгөөлөгч Ж.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж, нарийн бичгийн даргаар С.Ёндон нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тушаалаар Төрийн захиргаа удирдлагын газрын санхүүгийн хэлтэст Урсгал зардал хариуцсан мэргэжилтнээр туршилтын 6 сарын хугацаатайгаар томилогдон ажилласан.

Тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх журмын 2 дугаар хэсгийг үндэслэн туршилтын 6 сарын хугацаатайгаар томилсон. 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажилласан.

Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын дагуу туршилтын хугацаагаар томилсон хирнээ үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Эрчим хүчний яамны хөдөлмөрийн дотоод журамд ... шинээр орсон ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам бусад шаардлагатай баримт материалыг танилцуулна гэсэн байхад надад юу ч танилцуулаагүй.

Ажилд томилсон тушаалыг л эх хувиар нь харуулж байсан. Намайг ажилд томилогдсон өдөр өмнө нь ажиллаж байсан н.Г гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн. Надад ажлаа хүлээлгэж өгөх гэж 10 гаран хоног яваад, надад ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зураагүй. Цалинтай холбоотой ажлыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд 09 дүгээр сарын 25-ны өдөр цалинг хамт бодоод нэг мөсөн хүлээлгэж өгнө гээд хойшлуулсан. 09 дүгээр сарын 25-ны өдөр цалин бодоход тэр хүн ирээгүй бөгөөд, 24-25-ны өдрүүдэд би өөрөө цалинг бодсон. 09 дүгээр сарын 25-ны өдөр цалин бодохдоо Л.Н даргын цалингийн нэмэгдэл дутуу бодсон асуудал гарсан. Тэр тухай материал хэрэгт байхгүй. 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цалингийн түвшин нэмэгдсэн. Урьд авч байсан нэмэгдлийг хэвээр үлдээх гэсэн байсан учир программ дээр өөрчлөлт оруулалгүй хэвээр үлдээсэн. 26-ны өдөр энэ тухай асуудлыг ерөнхий нягтлан бодогчид мэдэгдэж, нэмж шилжүүлсэн.

Цалин бодоход ерөнхий нягтлан бодогчид хянуулдаг. Энэ талаар тайлбар өг гэсний дагуу 26-ны өдөр тайлбар бичиж өгсөн. Гэхдээ надад сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар мэдэгдээгүй. 09 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга н.Б өрөөндөө дуудсан. Ямар асуудлаар дуудаж байгааг нь мэдэхгүй яваад ортол сахилгын шийтгэл ногдуулсан 257 дугаар тушаалыг гардуулж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг ирсэн. Тэр өдөр бүх албан хаагчдийн материалтай танилцсан. Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байхгүйтэй танилцсан.

Төрийн албаны зөвлөлд хандан 257 дугаар тушаалтай холбогдуулан гомдол гаргаж байсантай танилцаж, хувийн хэргээс материал авч явсан. Маргааш нь 11 дүгээр сарын 17-ны өдөр шалгалттай байсан. 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш хэлтсийн хуралтай гэсэн. Үдээс хойш хэлтсийн хуралд ороход ажлаас чөлөөлсөн тушаал гараад ирсэн байсан. Ажлаас чөлөөлөх гэж байна, зөрчил гаргасан гэсэн тухай надад юу ч мэдэгдээгүй. 11 дүгээр сарын 17-ны өдөр шалгалтад хүн бүр орно гэж байсан учир шалгалтандаа бэлдээд энэ тухай юу ч мэдээгүй байсан. Санхүүгийн хэлтсийн дарга н.Б хэлтсийн хурал дээр ажлаас чөлөөлсөн тухай тушаал танилцуулж, ажил хүлээлцэх болсон. Ажлаа хүлээлгэж өгөх хугацаа өгөөгүй, хэнд хэзээ яаж хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байсан. Журмын дагуу тодорхой төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэж өгөх ёстой байдаг. 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд тус өдрийн орой харуул та ажлаас халагдсан тул оруулахгүй гээд ажил руу оруулахгүй байсан. Тиймээс ажлаа хүлээлцэж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас чөлөөлж байгаа бол ажил хүлээлцэх тухай тушаал дээр зааж , ажил хүлээлцэх хугацааны цалинг нөхөж өгнө гэж заасан байдаг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн ур чадвар, зан байдал, ямар үйл явдал болсон тухай нотлох баримт дээр тулгуурлан тайлбар хийе.

Нэхэмжлэгчийн зүгээс ямар буруутай үйл ажиллагаа хийсэн тухайгаа ойлгохгүй байна. Миний цалинг дутуу бодсон тухайгаа ярьж байна. Намайг хөдөө явсан хойгуур цалинг дутуу бодсон байсан. Энэ тухай санхүүгийн хэлтсийн даргаас асуухад шинээр орсон нягтлан алдаатай бодсон гэсэн, түүнээс биш сахилгын шийтгэл гарсан тухай би мэдээгүй. Тооцооны нягтлан, урсгал зардал хариуцсан нягтлан нь бүх ажилтны тушаалыг харж байх ёстой байсан. Тухайн ажилтны 100% буруу байсан учир алдаагаа битгий давтаарай гээд сануулах арга хэмжээ авсан. Төрийн нарийн бичгийн даргын баталсан цагийн баланс гэж байгаа. Түүний дагуу цалинг бодох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь тасалсан цаг хугацаагаа өөрөө дур мэдэн өөртөө цалин нөхөж олгосон. Энэ бол байж болохгүй алдаа бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж байгаа хэрэг бөгөөд албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нэг хэлбэр.

Энэ асуудлаас болж Төрийн нарийн бичгийн дарга Санхүүгийн албаны даргад дахин арга хэмжээ авах тухай сануулга өгсөн. н.Н гэж хүний цалинг бас хасч бодсон. Өмнө нь манай байгууллагад санхүүтэй холбоотой ийм асуудал гарч байгаагүй учир Санхүүгийн хэлтэс маш их гайхаж байсан.

Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн хурлын тэмдэглэл байгаа. Энэ хурал дээр ур чадвар муу, ажилдаа хандах хандлага хайнга хандах ёстой байдал энэ байдлыг удаа дараа зөрчиж байна гэсэн. Нэхэмжлэгч намайг хамт олон гадуурхаж байна гэж хэлж байсан.

Манай ерөнхий нягтлан тэтгэвэртээ гарах гэж байгаа хүн. Залуучуудыг маш их дэмждэг. Хамт цайгаа ууя гэхээр нэхэмжлэгч очдоггүй, буруу хараад л суучихдаг гэсэн. Хамт олон дундаа ордоггүй хирнээ дээшээ матахдаа маш сайн. Хамт олон дунд ийм хүн ороод ирэхээр нэг шугаманд байсан хамт олон задарч эхэлсэн. Хурал дээр энэ тухай ярьж, зөвлөмж өгсөн байдаг.

Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ярьж байна. Төрийн албаны зөвлөлийн нээлттэй сонгон шалгаруулалт болсон. Түүнд Эрчим хүчний яамны урсгал зардал хариуцсан нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан. Би өөрөө шалгалтын комисст байж ярилцлага авсан.

Ажлын байрны тодорхойлолтыг мэдээд энэ ажилд орсон. Гэтэл өнөөдөр огт хараагүй, мэдээгүй юм шиг ярьж байгааг нь гайхаж байна. Надад юу ч танилцуулаагүй, юу хийх гэж байгаагаа мэдээгүй гэсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан тэр зүйлүүдийг хараад, шалгаруулалтад тэнцээд ажилд орсон. Энэ тухай маш сайн мэдэж байгаа. Туршилтын хугацаанд ажиллаж байгаа хүнтэй үр дүнгийн гэрээ байгуулдаггүй. Үр дүнгийн гэрээг хариуцсан н.Батмөнх гэж хүн ажилладаг байсан.

Ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөцийн мэргэжилтэн н.Наранцацралт гэж хүн ажиллаж байна. Дээрх 2 хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ёстой байсан ч байгуулаагүй. Энэ нь н.Б буруу. Ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч маш сайн мэдэж байгаа. Хүний нөөцөөс хангалттай тайлбарыг өгсөн гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч ажлаа огт хүлээлгэж өгөөгүй. Тэмдэглэл дээр энэ тухай байгаа. Төрийн нарийн бичгийн даргын зүгээс халах тухай чиглэл өгсөн гэж хэлсэн. Нэхэмжлэгч үүнийг мэдэж байсан. 09 дүгээр сарын 25-ны цалинг н.Ганцэцэгтэй хамт бодох ёстой байсан ч ирээгүй гэж байна. Ажилд орох тушаал гараад ажилдаа ороод 22 хонож байж хамтарч цалин бодно гээд өмнөх хүнээ яриад байгааг нь гайхаж байна. Шалгалтаар ирсэн ажлын хэсгийг далимдуулж хоморголж ажлаас халсан зүйл байхгүй. Өөртөө цалин нөхөж бодсон болон н.Нямгэрэлтэй холбоотой асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга тушаалаа гаргасан. Энд Төрийн албаны зөвлөл ямар ч хамааралгүй. Ажлаас халах гэж байгаа тухай хэлтсийн дарга нь хэлсэн байсан. Нэхэмжлэгч ажлын бус цагаар ажлын өрөөндөө орох гэсэн учир харуул оруулаагүй байсан. Энэ хүн юу ч хийж магадгүй гэж бодож Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь авсан. Учир нь Сангийн яам дээр очоод өөрийн эрхийг хаалгасан байсан. Төрийн албан хаагч эхлээд мэдэгдээд дараа нь яамнаас хаалгах ёстой байсан. Үүнээс үндэслээд Эрчим хүчний яам тодорхой хэмжээнд санхүүгийн доголдолд орсон. Эрчим хүчний яам нь төрийн онцгой объект. Үүнээс болоод нэхэмжлэгч асар том хариуцлага хүлээх ёстой байсан ч ахлах мэргэжилтэн томилж эрхийг нь нээж, хурдацтай ажилласан. Нэхэмжлэгч явахдаа сэйфээ цоожлоод явсан. Онгойлгох ямар ч боломж байгаагүй. н.Ганбат маргааш гадагшаа явах гээд байна Нийгмийн даатгалын дэвтрээ авъя гэхээр тэр хамаагүй би шүүх дээр байна. Ялаад очно тэгэхээр аваарай гэж хэлсэн гэсэн. Бид тэмдэглэл хөтөлж байгаад эвдэж авсан. Төслийн нэгж гэж байдаг. Эрчим хүчний яамны санхүүгийн хэлтсийн дарга болон ахлах нягтлан бодогч нарт төслийн нягтлан бодогч нар нэхэмжлэгчийн зан байдал хэцүү, бид нарт маш дээрэлхүү хандаж байна гэж гомдол гаргасан.

Нэхэмжлэгчийг Төв аймгаас ирж байсан гэдгийг мэднэ. Надтай бол зүгээр л харьцдаг. Энэ бүх харахад хувь хүний зүгээс тухайн гомдлууд үнэн юм байна гэж дүгнэсэн. Төрийн албан хаагчийн захирах захирагдах ёс гэж байдаг. Шалгалтаар ирсэн комиссын дунд шууд удирдах газрын дарга нар нь байхад яамны бүх ажилчдыг муулж эхэлсэн. Тусдаа байхад нь бичгээр энэ бүхнээ хэлж болно. Хариуцаж байсан ажилтан нь хүртэл гайхаж байсан.

Нэхэмжлэгч өмнө нь Татварын хэлтэст ажилладаг байж байгаад ажлаасаа халагдаад шүүхээр явж байсан. Энэ тухай баримтыг гаргуулж нэхэмжлэгчийг зан байдлын хувьд ямар хүн бэ гэдгийг батлах гэсэн ч шүүх энэ тухай хүсэлтийг хүлээж аваагүй. Өөрт нь ямар нэгэн зүйл таалагдахгүй л бол буруу гэж үздэг. Хамгийн эхний гаргасан зөрчлийг хүлээж, тайлбар гаргасан байсан.

Төрийн албаны зөвлөлд хариу тайлбар хүргүүлэхдээ энэ тухай дурдсан. Бид журмын дагуу л арга хэмжээ авсан. Алдаа гаргахад нь сануулсан, арга хэмжээ авсан. Гэтэл ахиад алдаа гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч С.Т-ийн шүүхэд гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 257, 307 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Санхүүгийн хэлтсийн урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ажлын байрны тодорхойлолтыг надад танилцуулаагүй, зөрчил гаргаагүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэг. “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 220 дугаар тушаалаар Б.Г-ийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн 221 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Түмэн-Өлзийг дээрх албан тушаалд туршилтын 6 сарын хугацаагаар томилон ажиллуулжээ.

Шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн явцад Эрчим хүчний яамны 2018 оны 9 дүгээр сарын цалингийн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авсан бөгөөд уг баримтаас харахад Б.Ганцэцэг нь ажлаас чөлөөлөгдсөн атлаа 9 дүгээр сард цалин авсан байна.

Дээрх 2018 оны 9 дүгээр сарын цалингийн баримт болон шүүхээс Б.Г утсаар ярьсан тэмдэглэл, гэрч Б.Б, П.Э, Н.А нарын мэдүүлгээс тус тус дүгнэхэд Б.Г, С.Т нар ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдээгүй хэдий ч бодит байдал дээр нэхэмжлэгчид ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах талаар нэхэмжлэгчийн албан тушаалд өмнө ажиллаж байсан Б.Г нь дагалдуулан ажиллуулсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэж өгөөгүй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “нийгмийн даатгалын дэвтрээ авах талаарх төслийн ажилтны гаргасан өргөдөл” зэргээр тогтоогдох бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан СД бичлэг, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарласан зарлал, хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Сейф онгойлгосон тухай протоколоос үзэхэд нэхэмжлэгчийн ашиглаж байсан шүүгээнээс түүний ажиллаж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт гарч ирсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гэрч Б.Б, П.Э нарын “...ажлын байрны тодорхойлолтыг нь танилцуулсан, ямар ажил хийх талаар ерөнхий нягтлан бодогч өдөр тутам зааж өгдөг байсан...” гэх тайлбар, мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний /тооцооны нягтлан бодогч/ албан тушаалын үндсэн үүрэг нь “ажилчдын цалинг бодож олгох” чиг үүрэг бөгөөд тооцооны нягтлан бодогчийн хувьд энэ нь нийтэд илэрхий тул хариуцагчийн зүгээс ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй байсан ч С.Т 2 сар 17 хоног ажиллах хугацаандаа 9, 10 дугаар сард тус тус 2 удаа, 11 дүгээр сарын эхний цалинг, нийт 5 удаа цалин бодож олгосон үйлдлээрээ өөрийн ажиллаж байсан албан тушаалын энэхүү чиг үүргээ мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Эрчим хүчний яам нь Хөдөлмөрийн дотоод журмынхаа дагуу ажилчдынхаа сарын цалинг 1 сард 2 удаа хуваан олгодог байх бөгөөд нэхэмжлэгч С.Т нь маргаан бүхий албан тушаалд томилогдоод 23 хоногийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын сүүлийн цалинг бодохдоо тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Н-ийн цалинг дутуу бодож олгосон байна.

Учир нь Л.Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 347 дугаар тушаалаар Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ТЗ-10-1 дүгээр шатлалын дагуу цалинжиж байсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 241 дүгээр тушаалаар жинхлэн томилогдож цалингийн шатлал нь ТЗ-10-2 болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгч С.Т нь яамны ажилчдынхаа 9 дүгээр сарын сүүлийн цалинг бодохоос өмнө уг тушаалыг авсан атлаа Л.Нямдоржийн цалинг дутуу бодож, зөрчил гаргасан байна.

Улмаар дутуу бодсон цалингийн зөрүүг шилжүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 529 дугаартай Эрчим хүчний яамнаас Хаан банк руу 190,021 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт, мөн өдөр бичсэн нэхэмжлэгч С.Т-ийн тайлбар зэргээс дүгнэхэд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 257 дугаар тушаалаар нэхэмжлэгчид “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

   Тухайн үед үйлчилж байсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын /Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан/ 4 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд цалин буруу бодсон зөрчил гаргасан нь илэрхий, энэ талаар нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу маргаан бүхий 257 дугаар тушаал гарахаас өмнө нэхэмжлэгчийн бичсэн тайлбарт дахин шалгалт хийлгэх талаар дурдаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: Сануулах” гэж заасан байх тул албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаал дээр заавал Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13, 15, 40 дүгээр зүйлийг бичих ёстой гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас харахад “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд” гэсэн байх тул энэ тохиолдолд маргаан бүхий 257 дугаар тушаалд заавал Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13, 15, 40 дүгээр зүйлийг баримтлах шаардлагагүй байна.

Хоёр. “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 307 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Санхүүгийн хэлтсийн урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалд нийт 2 сар 17 хоног ажилласан бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалаар “...туршилтын хугацаанд цалингийн тооцоог удаа дараа дутуу олгож албан үүргээ хангалтгүй биелүүлж цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа тул түүнийг туршилтын хугацаа дуусахаас өмнө... албан тушаалаас чөлөөлсүгэй” гэсэн байна.

Шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн явцад Эрчим хүчний яамны 2018 оны 10, 11 дүгээр сарын цалингийн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авсан бөгөөд уг баримтаас харахад нэхэмжлэгч С.Т нь тус яамны мэргэжилтэн У.Нямгэрэлийн 11 дүгээр сарын эхний цалинг бодож олгоогүй байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 276 дугаар тушаалаар “...У.Нямгэрэлийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож...мэргэжилтний албан тушаалд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” гэсэн байх ба У.Нямгэрэлийн 10 дугаар сарын сүүлийн цалинг бодож олгосон атлаа 11 дүгээр сарын эхний цалинг бодоогүй болох нь тус яамны Санхүүгийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан аудио СД бичлэг, 11 дүгээр сарын эхний цалингийн хүснэгт зэргээс тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Л.Н-ийн 9 дүгээр сарын, У.Н-ийн 11 дүгээр сарын цалинг тус тус дутуу бодож олгосон болох нь хавтаст хэрэг авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 307 дугаар тушаалаар “...туршилтын хугацаанд цалингийн тооцоог удаа дараа дутуу олгож албан үүргээ хангалтгүй биелүүлж...” гэх үндэслэлээр туршилтын хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно”, 18.2-д ... “туршилтын хугацаа хэрэглэх, болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 8-д “Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгуулллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно”, Эрчим хүчний яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2-д “...мэргэжлийн шалгалтанд тэнцсэн...албан хаагчийг шаардлагатай гэж үзвэл туршилтын хугацааг 1 жил хүртэл тогтоож...төрийн жинхэнэ албан хаагчаар томилох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу удаа дараагийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үйлдлийг “цаашид байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байна...” гэж дүгнэсэн хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь хариуцагчид журмаар олгогдсон эрх байна.

Харин хариуцагчийн зүгээс “...2018 оны 9 дүгээр сарын цалингаас нэхэмжлэгч өөртөө 28500 төгрөгийн суутгал хийх ёстойгоо хийгээгүй ёс зүйн зөрчил гаргасан”, нэхэмжлэгчийн зүгээс “2018 оны 11 дүгээр сарын сүүлийн цалин дээр тооцооны нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, Санхүүгийн хэлтсийн хурлын тэмдэглэл архивт хадгалагдаагүй, ерөнхий нягтлан бодогч миний ажлыг хянаж байсан байхад түүнд арга хэмжээ аваагүй” гэх зэргээр маргаан бүхий тушаалд дурдагдаагүй, маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар маргасныг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр С.Т нь 2018 оны 9 дүгээр сарын цалингаас өөртөө 28500 төгрөгийн суутгал хийх ёстой байсан боловч суутгаагүй болох нь тус яамны 9 дүгээр сарын цалингийн хүснэгт, гэрч Г.Х, Б.Б нарын мэдүүлгээс тогтоогдох хэдий ч С.Т-ийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаарх Ёс зүйн хорооны болон бусад холбогдох шийдвэр гараагүй, маргаан бүхий 307 дугаар тушаалд уг зөрчлийг дурдаагүй тул шүүхээс маргааны үйл баримтад хамааралгүй асуудлыг дүгнэх шаардлагагүй.

Гэрч П.Э-ийн “...би ерөнхий нягтлан бодогчийн хувьд С.Т-ийг ажлаас чөлөөлөгдсөний дараа 2018 оны 11 дүгээр сарын сүүлийн цалинг өөрөө бодож, “Ерөнхий нягтлан бодогч” хэсэгт гарын үсгээ зурсан тул “тооцооны нягтлан бодогч” хэсэг дээр давхардуулан зураагүй, би цалингийн нийлбэр дүнг хянадаг, нэгбүрчлэн бүх хүний цалинг хардаггүй...” гэх мэдүүлэг, санхүүгийн хэлтсийн хурлын тэмдэглэлийн хувьд өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар авагдсан, шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн явцад давхар баталгаажуулан авсан тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдолд мөн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй.

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 4-д “Туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ” гэж заасныг хариуцагч зөрчиж нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг зөвтгөх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээ байгуулсан байсан хэдий ч нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэхээргүй, түүнчлэн туршилтын хугацаа дуусахаас өмнө мөн журмын 8-д заасны дагуу нэхэмжлэгчийг чөлөөлсөн тул заавал туршилтын хугацааны эцэст дүгнэх ёстой гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 331 дүгээр тушаалаар тус яамны бүтэц, орон тоо өөрчлөгдсөн байх бөгөөд маргаан бүхий албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮ-7 болж, нэршлийн хувьд Яамны урсгал зардлын нягтлан бодогч болж өөрчлөгдсөнийг шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгийн үеэр баталгаажуулан авсан бөгөөд албан тушаалын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, хуучин хэвээрээ талаар хариуцагч тайлбарласан, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “...Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж заасны дагуу тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон П.Эрдэнэчимэг нь уг шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг баримтлан С.Төөс Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 257, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу С.Т шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэрийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА

                                    ШҮҮГЧИД                                    Б.АДЪЯАСҮРЭН

                                                                                           А.НАСАНДЭЛГЭР