Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0272

 

Ж.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өмгөөлөгч Н.А, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.М, Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд Д.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрт хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Э-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сүхбаатар дүүргийн иргэдийн

 

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тогтоолыг хүчингүй болгох, Энэхүү тогтоолын дагуу 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож, хурлаас гарсан бүхий л шийдвэрийг хүчингүй болгуулах, Дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоохыг даалгах,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг буцаан гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...109 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10-т заасан ирц бүрдсэн тул хорооны иргэдийн Нийтийн Хурал хуралдан 04 дүгээр тогтоолоор Д.Д-г томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан. Дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 109, хорооны иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр тогтоолыг үндэслэн 2013 оны 330 дугаар захирамжаараа Ж.Э-г үүрэгт ажлаас нь хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд анхдугаар хуралдааныг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой заасан. Иймд 109 дүгээр тогтоол нь эрх зүйн бүрэн үндэслэлтэй, хуулийн хүчин төгөлдөр тогтоол юм. 109 дүгээр тогтоолоор иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, шинэ Засаг дарга нарт ажлыг шилжүүлсэн. Энэ хуралд Ж.Э оролцох боломжтой байсан. Мөн хуулийн 23.10-т зааснаар хуулийн дагуу хүчин төгөлдөр хуралдаан болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.13-т заасан хугацаанд эрх нь байсаар атал тодорхой бус шалтгааны улмаас иргэдийн Нийтийн Хурлыг товлон хуралдуулаагүйн бурууг бусдад нялзааж болохгүй. Үүний улмаас орон нутгийн нэгжийн удирдлагын тогтолцоо алдагдсан байсан. Мөн хуулийн 23.10-т зааснаар ирцийн хувьд хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэлд дурдсанаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний асуудалд дээд шатны байгууллага нь хөндлөнгөөс шууд оролцоогүй бөгөөд тус хорооны удирдлагын тогтолцоог шинээр эмхэлж сэргээн босгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар сонгогдсон Засаг дарга мөн. Иймд Ж.Э-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тогтоол, энэхүү тогтоолын дагуу 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Ж.Э-г Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн 20 дугаар шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлэн хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хороодын Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах тухай 109 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн 35 дугаар сургууль дээр 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын товыг зарлан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт зааснаар ирц хангалттай гэж үзээд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулан уг хурлаас Хорооны Засаг дарга сонгох тухай 04 дүгээр тогтоол гарган хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар батлан, Д.Д-г 14 дүгээр хорооны Засаг даргаар томилуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад уламжилсан байдаг. Гэтэл Ж.Э нь хуралд орох боломжтой байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй байж уг хуралд оролцоогүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан тодорхой хэм хэмжээг хэрэглэсэн боловч хууль зүйн үндэслэл хангалттай байна. Учир нь шүүх маргаан бүхий энэ хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарласан хугацаа нь иргэдийг хуралд орох боломжоор хязгаарласан, үг хэлэх хүний тоог тогтоосон, хурлын тэмдэглэлийг урьдчилан бэлтгэсэн зэрэг үндэслэл муутай байгаа нь харагдаж байна. Хавтаст хэрэгт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр тогтоол, 01, 02, 03 дугаар тогтоолууд буюу Хурлын тэмдэглэл зэрэгт хэчнээн өрх, иргэн оролцсон гэдэг нь тодорхой байхад тэдгээрийн оролцох нөхцөлийг нь хязгаарласан гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн хэт нэг талыг баримтлан нотлох баримтуудыг ийнхүү үнэлж чадаагүй байна.

 

2. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 дүгээр хорооны Засаг дарга Ж.Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хуулийн хүчин төгөлдөр захирамж болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор Хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор хуралдуулж, хорооны иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалтын асуудал, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтоосны дотор Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 35 дугаар сургууль дээр хуралдуулахаар шийдвэрлэжээ.

 

 

Улмаар дээрх тогтоолын дагуу 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга удирдан хуралдуулж, төлөвлөсөн асуудлуудыг хэлэлцүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол ...хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэсэн заалтуудыг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 23.6 “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь... нээж удирдана” гэх заалтуудыг зөрчсөн, хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг эдэлж гаргасан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 109 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаан болон тухайн хуралдаанаас гаргасан тогтоолууд болон тэрхүү тогтоолыг үндэслэн гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар захирамжийг хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т хорооны хуралд хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэн дүүргийн Засаг даргад уламжлах бүрэн эрхийг олгосон, 28 дугаар зүйлийн 28.5-д хорооны Засаг даргыг чөлөөлөх асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан учраас хорооны иргэдийн Нийтийн Хурлын тухайн асуудлыг хэлэлцсэн хурал, болон хурлаас гарсан шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хурлын саналыг үндэслэн гаргасан дүүргийн Засаг даргын захирамжийг хууль ёсны гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин шүүх Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ж.Э нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхаарч иргэнийх нь хувьд хорооны иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх асуудлыг мэдэгдэж, оролцох бололцоог олгоогүйгээс түүний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг нь зөрчсөнтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 109 дүгээр тогтоолын зөвхөн 14 дүгээр хороонд холбогдох хэсгийг хүчингүй болгох байжээ.

Үүнээс гадна шүүх сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажилладаг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д заасан төрийн улс төрийн албан тушаал болох хорооны Засаг даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан улс төрийн албан хаагчийг төрийн бусад албан хаагчид түүний дотор үйлчилгээний албан хаагч буюу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтантай адилтгасан өөрөөр хэлбэл хуулиар тухайн асуудлыг зохицуулаагүй байхад Ж.Э-г Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох, нийгмийн даатгалын бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гаргасан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тогтоолын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 330 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал, Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧИД                                                     Ц.ЦОГТ

 

                                                                        Э.ЗОРИГТБААТАР

 

                                                Д.БАТБААТАР