Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 88

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг

улсын яллагч С.Энхтуул

Иргэдийн төлөөлөгч С.Байгаль

Хохирогч: Ч.Батсүх

Гэрч: С.Батчулуун

Шүүгдэгч Д.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030464 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харъяат, 1966 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмрийн дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-23 тооотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1984 оны 04 дүгээр сарын 25-ны өдер Улаанбаатар хотын шүүхийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109Б дэх хзсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 10 дугаартай тогтоолоор хугацааны өмнө тэнсэн суллагдсан Боржигон овогтой Думаагийн Мөнхбаяр /Регистрын дугаар: УХ66112811/ нь:

 

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-25 тоотод Ч.Батсүхтэй баярын өдөр эмэгтэй хүн зодлоо гэх шалтгаанаар маргалдан улмаар хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутын үед би Батчулууныд орсон. Тэднийд тал шил архи хувааж уугаад дахин дэлгүүр рүү явж нэг шил архи аваад ууж байтал гаднаас Олзхүү эхэлж орж ирсэн. Бид гурав уг архийг хуваагаад ууж байтал Батсүх нэмж гаднаас орж ирээд бид дөрөв хамт уусан. Тэгээд Батчулуун гарч яваад дахин нэг шил архи авчирсан. Тэгж байхдаа би Батсүхэд чи эмэгтэй хүн зодлоо гэж хэлэхэд Батсүх миний явдал хөгшин кобра чамд хамаагүй гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Батсүх уурлаад хутга бариад босоод ирэхээр нь би түүний гар дээрээс нь бариад түлхсэн. Тэгэхэд Батсүхийн биед хутга орсон байна лээ гэв.

Хохирогч Ч.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өглөө би Батчулууны хаалгыг цохиод яваад ортол 3 хүн тал шил архитай сууцгааж байсан. Тэгээд байж байхад Батчулуун ах Мөнхбаярыг архинд явуулах Мөнхбаяр нэг шил архитай өөр бас 2 хүнтэй цуг орж ирээд бид зургуулаа хувааж уухад нөгөө хоёр хүн нь гарч яваад бид дөрөв үлдсэн. Тэгээд бид 4 архи ууж байгаад би гэртээ орж галаа түлчихээд орж ирээд Батчулуун ахын шүүгээний хажууд суусан. Би ерөөсөө хутга аваагүй. Мөн Мөнхбаяртай хэрэлдээгүй. Мөнхбаяр нэг мэдэхэд хутга аваад намайг хутгалчихсан болсон. Батчулуун ах “чамаас цус гараад байна” гэхээр нь би цамцаа сөхөөд хартал цус гарч байхаар нь би ухаан алдаад унасан. Би хохиролд 1.400.000 төгрөг авсан. Одоо Мөнхбаяраас нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ч.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Мөнхбаяр хутгыг хоолны шүүгээнээс авах шиг болсон. Гэхдээ яг хутга нь шүүгээн дээр байсан, шүүгээн дотор байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Би бол эсрэг тийшээ хараад сууж байсан. Намайг хутгалсан гэх хутганд би гар ч хүрээгуй. Мөнхбаяр яагаад ийм мэдүүлэг өгөх болсоныг би мэдэхгүй байна. Энэ хэрэг болохын урд өдөр нь Мөнхбаяр, Батчулуун бид нар мөн архи уусан. Тэгэхэд бага зэрэг маргалдсан. Ялих шалихгүй зүйлээс болж л маргалдсан байх. Хэрэг болдог өдөр бол Мөнхбаяр ах надад чи эмэгтэйчүүдийг зодлоо гэж хэлж байсан. Үүнээс болж жаахан маргалдаад л намайг хутгалсан гэж бодож байна ... гэх мэдүүлэг

              Гэрч Б.Олзхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед би манай урд хашаанд нийтийн байранд амьдардаг Батчулуун ахын гэрт нь очсон юм. Тэгэхэд Батчулуун ахын гэрт нь урьд нь зүс таньдаг байсан Мөнхбаяр Батчулуун ах хоёр архи уугаад сууж байхаар нь би ороод архинаас нь хамт хувааж уусан. Ингээд байж байтал гаднаас Батсүх орж ирээд тэр архинаас хувааж уугаад архи дуусахад Батсүх дахиад архинд явсан. Ингээд удалгүй гаднаас Батсүх 1 шил 0,75 литрийн Ерөөл архи авч ирээд тэр архиа ууж байснаа юунаас ч болсон юм Мөнхбаяр Батсүх 2 маргалдаад тэгтэл Батсүх нь босоод шүүгээнээс хутга гаргаж ирсэн чинь Мөнхбаяр нь тэр хутгыг булааж аваад Батсүхийн гэдэс хавьцаа нь нэг удаа хутгалсан. Тэгтэл Батсүх хөөш наадах чинь орчихлоо ш дээ гэтэл Мөнхбаяр гараад явчихсан. Ингээд Батчулуун ах бид хоёр хажуу айлынх нь Болдоо гэдэг залуугийн утсаар цагдаа болон эмнэлэг дуудсан....гэх мэдүүлэг

        Гэрч С.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-25 тоотод байх нийтийн байрандаа гэртээ байж байтал манай байранд байдаг Мөнхбаяр нь манай гэрт орж ирээд шартаж үхлээ архи байна уу? гэхээр нь би түүнд ширээн дээр тал шил архи байна уувал уу гээд Мөнхбаяр бид хоёр манай гэрт байсан тал шилтэй архийг хувааж уусан. Тэгээд тэр архийг ууж дуусаад Мөнхбаяр надаас дахиад юм байна уу? гэхээр нь би түүнд 10.000 төгрөг өгөөд архинд явуулсан. Удалгүй Мөнхбаяр гаднаас нэг шил 0,75 литрийн Монгол стандарт архи авч ирээд нөгөө авч ирсэн архи Мөнхбаяр бид хоёр хувааж уугаад сууж байтал гаднаас цонх цохихоор нь хартал манай хажуу өрөөнд амьдардаг Батсүх байсан. Тэгээд мөн Батсүх манай гэрт орж ирээд гурвуулаа болоод нөгөө архиа хувааж уусан. Мөн архи уугаад сууж байтал Батсүхийн дараа удалгүй манай хойд гудамжинд байдаг Олзхүү орж ирсэн. Тэгээд бид дөрөв нөгөө архиа хувааж ууж дуусаад би тэр гуравыг гэртээ үлдээгээд дэлгүүр лүү явж дахиад нэг шил 0,75 литрийн стандарт архи авч ирсэн. Ингээд авч ирсэн архи задлаад ууж байгаад юм идэцгээе гээд би хоолны шүүгээнээс талх хиам гаргаж ирээд шургуулганаас жижиг хар хутга гаргаж ирээд талх зүсэж байсан. Ямар ч байсан тухайн үед чи архи уучихаад авгайгаа хүнтэй унтаж байхад мэддэггүй энэ тэр гээд хэлтэл Батсүх нь Мөнхбаярыг хөгшин кобра, чамд ямар хамаатай юм гээд маргалдсан. Тэгтэл Батсүх суусан чигээрээ иргэж хараад манай хоолны шүүгээнээс манай мах хөшиглөдөг улаан алаг иштэй хутга авч байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би хүүе гээд эргэтэл Мөнхбаяр Батсүхийг түлхэх шиг л болсон. Тэгээд хартал Батсүх газар суусан чигтээ арагшаа налаад хэвтсэн. Хэвтэхдээ ёо ёо гээд ёолохоор нь би цамцыг нь сөхөөд харахад Батсүхийн хэвлийн гол хэсэгт нь шарх үүсээд ангайчихсан өөх нь цухуйж байсан...гэх мэдүүлэг,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3697 дугаартай

 -Батсүхийн биед хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны их махианы венийн судас болон ходоодны их махиа, бүдүүн гэдэсний чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дотуур цус алдалд, хэвлийн хөндийн цус хуралдалт /2000 мл/ гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2308 дугаартай шинжээчийн дүгнэлт,

     2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн цусны бүлэг тогтоосон албан бичиг,

Мөрдөн байцаалтын туршилт хийсэн талаарх баримт зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-25 тоотод Ч.Батсүхтэй баярын өдөр эмэгтзй хүн зодлоо гэх шалтгаанаар маргалдан улмаар хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

   Хохирогч Ч.Батсүхийн… Би бол эсрэг тийшээ хараад сууж байсан. Намайг хутгалсан гэх хутганд би гар ч хүрээгуй. Мөнхбаяр яагаад ийм мэдүүлэг өгөх болсоныг би мэдэхгүй байна. Энэ хэрэг болохын урд өдөр нь Мөнхбаяр, Батчулуун бид нар мөн архи уусан ... Хэрэг болдог өдөр бол Мөнхбаяр ах надад чи эмэгтэйчүүдийг зодлоо гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг

              Гэрч Б.Олзхүүгийн…Ингээд удалгүй гаднаас Батсүх 1 шил 0,75 литрийн Ерөөл архи авч ирээд тэр архиа ууж байснаа юунаас ч болсон юм Мөнхбаяр Батсүх 2 маргалдаад тэгтэл Батсүх нь босоод шүүгээнээс хутга гаргаж ирсэн чинь Мөнхбаяр нь тэр хутгыг булааж аваад Батсүхийн гэдэс хавьцаа нь нэг удаа хутгалсан. Тэгтэл Батсүх хөөш наадах чинь орчихлоо ш дээ гэтэл Мөнхбаяр гараад явчихсан...гэх мэдүүлэг

        Гэрч С.Батчулууны .... Тэгтэл Батсүх суусан чигээрээ иргэж хараад манай хоолны шүүгээнээс манай мах хөшиглөдөг улаан алаг иштэй хутга авч байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би хүүе гээд эргэтэл Мөнхбаяр Батсүхийг түлхэх шиг л болсон. Тэгээд хартал Батсүх газар суусан чигтээ арагшаа налаад хэвтсэн. Хэвтэхдээ ёо ёо гээд ёолохоор нь би цамцыг нь сөхөөд харахад Батсүхийн хэвлийн гол хэсэгт нь шарх үүсээд ангайчихсан өөх нь цухуйж байсан...гэх мэдүүлэг,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3697 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын17-ны өдрийн 2308 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

     Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

     Шүүгдэгч нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан хөнгөн ял оноох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Думаагийн Мөнхбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-ийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаярт 3 жил 5 сарын хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбаярын цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгасугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ё.ЦОГТЗАНДАН

 

        ШҮҮГЧИД                           С.БАТГЭРЭЛ

 

                                            Б.ХАЛИУН