Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0136/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Л-д холбогдох эрүүгийн 2218000690139 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч,  2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Л, 1983 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Л нь 2021 оны 04 дүгээр сард Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Хаалгатын хөдөө гэх газарт С.А-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг завшиж, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч М.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна.

...С.А-т адууг нь буцааж өгсөн. Дашнямд 800000 төгрөг өгсөн. Дахин ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,

-С.А-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4/,

 

-Хохирогч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Амарбаясгалангийн төрсөн ах болох Цэндсүрэн нь Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг “Дээд буурт” гэх газар малаа маллан зусаж амьдардаг юм. Манайх адуу, үхэр, хонь, ямаагаа 1994 оноос хойш Цэндсүрэн ахын малтай нийлүүлэн өсгөж үржүүлж байгаа. Харин Цэндсүрэн ахын адуунд байсан миний эзэмшлийн олмон тамгатай хүрэн алаг байдас маань 2020 оны намраас, олмон тамгатай хүрэн халзан байдас маань 2021 оны 04 дүгээр сарын орчимд алга болсон юм. Тухайн үед коронавирусын цар тахалтай, хөл хориотой байсан болохоор адуу малаа очиж эргэж тойрох боломжгүй байсан.

...Цэндсүрэн ах гэнэт Лхагва-Очирт адуугаа маллуулж буй айл болгон сард 50.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сард унага тамгалах үеэр хөдөө мал дээрээ очихдоо миний бие Лхагва-Очирт бүтэн жилийн 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 8,14/

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2021 оны 04 дүгээр сард Шонхоо буюу Лхагва-Очир гэх залуугаас олмон тамгатай хүрэн халзан зүсмийн 1 тооны адууг 800.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэтэл уг адуу нь Лхагва-Очир гэгчийн адуу биш өөр эзэнтэй болж таараад цагдаагийн ажилтнууд уг адууг надаас хураагаад аваад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

 

-Гэрч Я.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие эхнэр Алтанцэцэгийн хамт өөрсдийн эзэмшлийн 16 тооны адууг өөрийн төрсөн ах Я.Цэндсүрэнгийн адуун дунд өсгөж үржүүлдэг юм. Манай 16 тооны адууг Цэндсүрэн ах харж байгаад 2019 оноос Шонхоо буюу Лхагва-Очир гэх туслах малчин авсан юм. Би болон манай эхнэр Шарын гол сумын төвд өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг болохоор адуугаа тогтмол эргэж тойрч амждаггүй. Гэтэл 2020 онд манай олмон тамгатай хүрэн алаг зүсмийн байдас буюу дааган адуу алга болсон, 2021 оны 04 дүгээр сарын орчимд мөн олмон тамгатай хүрэн халзан зүсмийн байдас буюу дааган адуу мөн алга болсон. Тухайн үед 2 тооны адуугаа хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

-Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр болох Д.Маржантай Дархан-Уул аймаг Хонгор сум 2 дугаар баг Мухрын гол гэх газарт хуримаа хийсэн юм. Тухайн үед Шонхоо буюу Лхагва-Очир нь миний хурим дээр ирээд энэ миний адуу байгаа юм гэж хэлээд хуримын бэлэг болгож надад хүрэн алаг зүсмийн байдас буюу дааган адуу бэлэглэсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

-Гэрч Я.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагва-Очир нь 2020 оны зун надаас “чухал хүнд даага бэлэглэх гэсэн юм, та надад нэг даага өгч туслаач” гэж хэлсэн юм. Тухайн үед манай адуу бэлчээрт яваад модон дунд орчихсон байсан ба гэрийн гадаа 2 даага байсан юм. Тэгээд гадны хүнд өгөх юм чинь жижиг даагыг нь өгчихье, дараа нь уг жижиг дааганы эзэнд нь үлдсэн том даагыг нь өгчихье угаасаа манай ах дүү нарын адуу над дээр байгаа юм чинь гэж бодоод жижиг даага буюу хүрэн алаг зүсмийн даагыг нь Лхагва-Очирт өгөөд явуулчихсан юм.

...Уг хүрэн алаг зүсмийн даагыг манай ээж бид хоёр дээр өссөн дүү болох Балжиннямын адуу гэж бодож байсан юм. Гэхдээ сүүд миний төрсөн дүү болох Амарбаясгалан болон түүний эхнэрийн адуу байсан юм байна лээ. Манай адуу зүсээрээ ижилхэн болохоор заримыг нь ялгадаггүй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/,

 

-“...1 тооны 3 настай хүрэн халзан зүсмийн адууны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 4 дүгээр сарын байдлаар 750.000 төгрөгөөр үнэлэв.” гэх “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, хохирлын үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-61/,

-Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 65-66, 71-73/,

-Мал амьтныг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 67-68/,

-Хохирогч С.А-т 1 тооны олмон тамгатай, хүрэн халзан адуу,  1 тооны олмон тамгатай, хүрэн алаг адуу зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 70, 77/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100/,

-Б.Л-н иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 98/,

-Хохирогч С.А-ээс  гаргасан “...миний М.Л-т ямар нэгэн гомдол, санал байхгүй тул шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 114/,

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Д-аас “...М.Л-оос хохирол төлбөрт 800000 төгрөгийг авсан, надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдэгдсэн тухай утсаар ярьсан тэмдэглэл / хавтаст хэргийн 116/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч М.Л нь Я.Амарбаясгалан, Я.Цэндсүрэн, С.А нарын малыг маллаж, цалин хөлс авдаг болох нь тогтоогдож байх бөгөөд тэдний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу малаас 1 тооны адууг завшсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч М.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байх тул М.Л-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбараар /хавтаст хэргийн 98/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100/ зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Л нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгохыг санал болгосон прокурорын саналыг шүүгдэгч М.Л нь хүлээн зөвшөөрчээ.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Л-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

-Хохирогч С.А-т алдагдсан нэг тооны адууг хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 70/, шүүгдэгч М.Л нь иргэний нэхэмжлэгч Б.Дашнямд 800000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 116/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.Л-оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Л-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 750000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Л-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Л-т анхааруулсугай

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ