Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0150/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т холбогдох эрүүгийн 2218000000163 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.М- 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4-7 дугаар байрны 11 тоотоос Б.Т-гийн эзэмшлийн “I Phone 11” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05/,

-Хохирогч Б.Т-гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6/,

-Хохирогч Б.Т-д “I Phone 11” загварын цайвар ягаан өнгийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9/,

 

-Хохирогч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед таньдаг эгч Жаргалсурахын хамт хуучин Дарханд байх “Сутай” бааранд очсон. Тэгээд бид 2 тэнд сууж байсан чинь тухайн баар ширээ дүүрчихлээ гээд бид хоёртой цуг 2 эрэгтэй хүнийг суулгасан. Тэгээд бид нар сууж байтал нэг залуу нь миний хамт явж байсан эгчийг “та манай таньдаг ах Батнарангийн эхнэр байна шүү дээ” гээд бид нар хоорондоо танилцаад баар хаатал цуг суусан. Тэгээд бид 4 “Сутай” баарнаас гараад манай гэр болох 9 дүгээр баг 4-7 дугаар байрны 11 тоотод очсон. Манай гэрт байсан хагас шил архийг хувааж ууж байгаад би нэг хэсэг унтаад сэрсэн чинь манай таньдаг эгч Жаргалсурах болон нөгөө цуг ирсэн 2 залуугийн нэг нь байж байхаар би босоод нөгөө залууг “гэртээ харь” гээд явуулсан. Тэгээд Жаргалсурах эгч бид 2 манай гэрт унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө 08 цагийн үед сэрээд би гар утсаа хайсан чинь миний гар утас тавьсан газраа байхгүй байсан.

... Манайд цуг ирсэн 1 залуутай нь утсаар холбогдоход “би таны гар утсыг аваагүй, манай хамт явсан найз би эгчийн утсыг хусчихлаа гэж хэлсэн.” гэж надад хэлсэн. Тийм учраас манай гэрт ирсэн 2 залуугийн нэг болох намайг унтаж байгаад сэрэхэд гараад явчихсан байсан залууг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

 

-Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бид 2 Б.Т-гийн гэрт байж байгаад хуучин Дарханд байрлах “Сутай” нэртэй бааранд орсон. Тэгээд Б.Т бид 2 сууж байтал ширээгүй болчихоод гээд 2 эрэгтэй хүн ирээд манай ширээнд цуг суусан. Тэгээд бид нар баар хаагаад цуг гараад Б.Т-гийн гэр лүү очсон. Тэгээд Туяагийн гэрт байсан 1 шил архийг хуваагаад ууж байгаад нэг харсан нөгөө бааранд байсан 2 залуугийн нэг нь надтай юм яриад нөгөө нь харагдахгүй байсан. Тэгтэл Б.Т буйдангийн тэнд сууж байгаад босож ирээд надтай цуг сууж байсан залууг “одоо манай гэрээс гар, харь” гээд гаргасан. Тэгээд Б.Т бид 2 Б.Т-гийн гэрт унтаж амарсан. Маргааш өглөө нь Туяагийн гар утсыг хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

 

-Гэрч П.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 сарын 07-ны өдөр М.М-тай хуучин Дарханд 60-1 дүгээр байрны тэнд уулзаад бид 2 нийлж архи уусан. Орой 21 цагийн орчим “Сутай” бааранд орсон. Маш их хүнтэй байсан учраас танихгүй 2 эмэгтэйн сууж байсан ширээнд хамт суусан. Тэр эмэгтэйтэй танилцаад пиво уугаад бүжиглээд байсан чинь тэр баар хаахаар нь бид нар хамт гарахад нөгөө хоёр эмэгтэйн нэг нь “манайд 1 шил архи байгаа, тэр архийг очиж ууя” гэхээр нь М.М- бид нар гэрт нь очихоор болж Хээтэй хороололд очсон. Тэгээд 1 шил архи гаргаж ирээд түүнийг нь ууж байгаад нэг мэдсэн чинь М.М- гараад явсан байсан. Би яг хэзээ гарч явсан талаар нь мэдээгүй.

... Түүнээс хойш нөгөө эгч над руу утсаар яриад “манай найзын гар утас алга болсон байна, чи аваад гарсан бол аваад ир” гэхээр нь би “авч гараагүй, мэдэхгүй” гэж хэлсэн чинь цагдаад хэлнэ гээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

 

-Гэрч Д.Д-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 сарын 08-ны өглөө 09 цагийн орчим байхаа би ах Алтангадасын гэрт байхад М.М- гэдэг ах манай ахын гэрт орж ирсэн бөгөөд “надад манай эхнэрийн I phone 11 маркийн гар утас байгаа зармаар байна гэж хэлсэн. Тэр гар утсаа “Өүшин” бааранд барьцаанд тавьсан гэж хэлсэн юм. Намайг “авах уу?” гэхээр нь “надад мөнгө байхгүй, би авахгүй” гэж хэлсэн. Манай найз Лхагвасүрэн гар утас авна гэж байсан болохоор нь би найз Лхагвасүрэн рүү утсаар яриад хэлсэн чинь манай найз сонирхохоор болоод хүрээд ирсэн. Нөгөө гар утсыг “Өүшин” бааранд барьцаанд байсан 70 орчим мянган төгрөгийг манай найз Лхагвасүрэн төлөөд авсан. Манай найз өөрийнхөө гар утсыг 400.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр М.М- ахад өгсөн. М.М- ах бас таксинд 30 орчим төгрөг төлөх ёстой гээд манай найзаар төлүүлсэн. Ингээд тэр хоёр тэр гар утсыг 500.000 төгрөгөөр наймаа хийж, манай найз Лхагвасүрэн худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

-Иргэний нэхэмжлэгч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.М-аас 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр I phone 11 маркийн ягаан өнгийн гар утсыг 500.000 төгрөгөөр худалдаж авсан.

... би өөрийнхөө I phone Х5 маркийн гар утсыг ломбарданд 400.000 төгрөгийн барьцаанд тавиад бэлнээр нь М.М-т өгсөн. Ингээд баарны тооцоо, таксины тооцоо, бэлнээр өгсөн 400.000 төгрөг нийлээд 500.000 төгрөг болсон.

... Би М.М-аас 500.000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зэх зээлийн үнэ цэнэ 2022 оны 03 дугаар сарын 07-ны байдлаар 1700.000 төгрөг байна.” гэх  “Капитал зууч” ХХК-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 39-40/, 

 

-М.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54/,

-М.М-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.М нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4-7 дугаар байрны 11 тоотоос Б.Т-гийн эзэмшлийн “I Phone 11” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.М-ын бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 300000 төгрөгөөс дээш төгрөгийн хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч М.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М.М нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхийг санал болгосон прокурорын саналыг шүүгдэгч М.М хүлээн зөвшөөрчээ.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Б.Т-д “I Phone 11” загварын цайвар ягаан өнгийн гар утсыг хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 9/ байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь мөрдөн байцаалтын шатанд “...Би М.М-аас 500.000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/ өгсөн байх тул шүүгдэгч М.М-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1700000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч М.М-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.М-т анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ