| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0387/И |
| Дугаар | 131/ШШ2017/00426 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2017/00426
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВЛ57040519 регистрийн дугаартай, Боржгоно овогт Пүрвээгийн Бямбажавын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэргэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Бямбажав шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 61 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний 1973 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэргэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Бямбажавын ажилласан жил тогтоолгох хүсэлтээс багасгаж 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар П.Бямбажавын иргэний үнэмлэхний хуулбар, 1970, 1980 оны болон 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1976 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэмлэх, 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үнэмлэх, 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн баярын бичиг, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1492 тоот үнэмлэх, 1981 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн диплом, 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн үнэмлэх, 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн диплом зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
П.Бямбажав нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүнд 1975 оны бүх ард түмний социалист уралдаанд идэвхтэй оролцож өндөр амжилт гаргасныг үнэлэн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэхээр шагнасан 1976 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэмлэх, түүнийг эх орныхоо социалист бүтээн байгуулалтын үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж хөдөлмөрийн алдар медалиар шагнасан 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үнэмлэх, 6 дугаар 5 жилийн төлөвлөгөөний шийдвэрлэх он 1979 оны ажилдаа амжилт гарган үйлдвэрлэлийн даалгавраа бүрэн биелүүлэн төлчид, малчдын дотроос ажил хөдөлмөрөөрөө шалгаран алдраа тэмдэглүүлж байгаад нь талархаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасан 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн баярын бичиг, Залуу гавшгайч алтан медалиар шагнасан 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1492 тоот үнэмлэх, 1980 онд хариуцсан 978 толгой малаасаа хорогдолгүй онд оруулж үйлдвэрлэлийн даалгаврын 12 үзүүлэлтийг давуулан биелүүлсэн амжилтыг тэмдэглэж Мэнд сүрэгтэн сумын хөдөлмөрийн аварга, цол, дипломоор шагнасан 1981 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн диплом, түүнд 1983 оны бүх ард түмний социалист уралдаанд идэвхтэй оролцож өндөр амжилт гаргасныг үнэлэн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэхээр шагнасан 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн үнэмлэх, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ажилд идэвх зүтгэл гаргасан учир сумын уртын ноосын хөдөлмөрийн аварга, цол, дипломоор шагнасан 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн диплом, 1973 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэн, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан 1970, 1980 оны болон 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгоно овогт Пүрвээгийн Бямбажавын 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан П.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ