Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч А.Төлөөгөн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч  Ботахара нура ургийн овогт  Авилхааны Төлөөгөнд холбогдох 2236000140099 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПО73042631 регистрийн дугаартай, Ботахара Нура ургийн овогт Авилхааны Төлөөгөн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Төлөөгөн нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой согтуугаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэр “Тарвагатай” гэх нэртэй газарт хохирогч Р.Хайсатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Төлөөгөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч Р.Хайсагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутагт “Тарвагатай” гэх нэртэй газар өвөлжиж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай гэрийн ойролцоо өвөлжиж байгаа н.Толгонай гэх айлд Хайрат гэх хүний хамтаар хоол цай, идэж уухаар очсон. Бид хоёрыг Толгонайгийн гэрт очиход тэдний гэрт манай дүү Р.Жанибек болон н.Толгонайгийн дүү Ц.Өмөрбек эхнэрийнхээ хамт байсан. н.Хайрат бид хоёрыг тэр айлд очиход А.Төлөөгөн аймгийн төвөөс охин Т.Хуантхан, Т.Сүлээмэн нарын хамт ирсэн. Тэгээд намайг тэр айлын гэрт сууж байхад А.Төлөөгөн над руу дайраад “чи муу миний адуунуудыг хулгайчид гаргаж өгсөн, миний адууг төлж өг, чи дүүтэйгээ нийлж миний адууг хулгайлсан, хулгайчидтай нийлж миний адууг гаргаж өгсөн” гэж хэлээд над руу дайраад цохисон. Тэгэхээр нь би “А.Төлөөгөн ах аа та яагаад намайг цохиж байгаа юм бэ? Би танай адууг хулгайд алдагдсан асуудалд ямар ч хамаагүй, та буруугаар ойлгоод байна ш дээ” гээд тухайн үед болсон асуудлыг тайлбарлаж хэлээд “танай адууг хулгайлсан Сьезхан гэх хүнийг огт танихгүй шүү, та андуураад, буруу ойлгоод байна шүү, хоёулаа энэ асуудлыг энэ айлаас гарч байгаад ярилцъя, энэ айлын жоохон хүүхэд нь айгаад уйлаад байна” гэж хэлээд сууж байхад A.Төлөөгөн миний нүүр рүү өшиглөхөөр нь би босоод “та яаж байна аа” гээд айлын гэрээс A.Tөлөөгөнийг дагуулаад гарсан. Бид хоёрыг дагаад А.Төлөөгөний охин, залуу 2 бас дагалдаад гарч ирсэн. Тэр айлын гэрийн гадна А.Төлөөгөн над руу дайраад “чи миний адууг хулгайчид гаргаж өгсөн” гэж хэлээд цохиод байхаар нь би урдаас нь “A.Төлөөгөнтэй маргаад зогсож байхад A.Tөлөөгөний охин Т.Хуантхан над руу хандаж “манай аав архи уучихсан согтуу байна, та үгийг нь битгий тоогоорой, зүгээр зайгаа бариад явчих” гэж хэлэхээр нь би согтуу хүнтэй юу ярих вэ гэж бодоод тухайн айлын гэр рүү орсон. А.Төлөөгөн ах миний нүүрэн хэсэгт цохихоор нь би цааш эргээд айлын гэр рүү яваад орсон. Би тэр айл руу ороод гэрийнх нь баруун талын үүдэн хэсэгт нь чимээгүй сууж байхад А.Төлөөгөн миний араас орж ирээд миний нүүрэн тус газарт дахин өшиглөхөөр нь би босож ирээд “та яаж байгаа юм бэ?, яагаад намайг цохиод байгаа юм бэ?” гэж хэлээд маргаад зогсож байхад манай дүү Р.Жанибек цаанаас нь босож ирээд бид хоёрыг салгах үеэр А.Төлөөгөний залуу Т.Сүлээмэн над руу дайраад миний нүүр хэсэгт цохиод, манай дүү Р.Жанибектэй маргаад байхаар нь би Т.Сүлээмэнд “хандан миний дүү Р.Жанибек хугархай хөлтэй шүү, хөлийг нь гэмтээвээ гэж хэлээд дvv Р.Жанибект хандаж “чи цаанаа байж бай, энэ асуудалд битгий оролцоорой, энэ хэд зодвол намайг зодог” гэж хэлсэн чинь манай дүү цаашаа ороод суусан. Харин А.Төлөөгөн, Т.Сүлээмэн хоёр намайг нийлж байгаад зодсон учраас би цагдаагийн байгууллагад хандсан юм аа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

2.Хохирогч Р.Хайсагийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Тийм ээ намайг Толгонайгийн гэрт сууж байхад А.Төлөөгөн миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд над руу “чи миний адууг хулгайчид гаргаж өгсөн” гэж хашхираад байсан. Энэ үед Өмөpбeкийн хүүхэд уйлаад байхаар нь “та одоо болиоч, айлын хүүхэд уйлаад байна” гэж хэлээд сууж байтал Төлөөгөн босч ирээд миний нүүр лүү өшиглөөд нь би босоод “та яаж байгаа юм” гээд гэрээс А.Төлөөгөнтэй хамт гарахад А.Төлөөгөний залуу Т.Сүлээмэн, охин Хуантхан нар араас гарч ирээд Т.Сүлээмэн намайг “одоо боль” гээд тэврээд автал аав нь ирээд миний толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Хуантхан намайг “аав согтуу байна, та битгий тоогоорой” гэхээр нь би гэр лүү түрүүлээд ороход миний хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд би айлын баруун үүд хавьцаа сууж байтал А.Төлөөгөн орж ирээд шууд миний нүүр лүү өшиглөчихөөд дахиад өшиглөх гэхээр нь би зүүн гараараа хаагаад “та яагаад байгаа юм бэ” гээд маргаж байтал манай дүү болох Жанибек босож ирээд бид хоёрыг салгахад Т.Сүлээмэн Р.Жанибeкийг зодох гээд байхаар нь би Т.Сүлээмэнд “наадах чинь хугархай хөлтэй шүү, чи хүн зодох гээд байвал намайг зод” гээд бас өөрийн дүү Р.Жанибект “чи энэ асуудалд битгий оролц” гэж хэлтэл манай дүү дээшээ очоод суусан. Тэгтэл Т.Сүлээмэн над руу ирээд миний толгой руу 2-3 удаа цохихоор нь “би чи цаашаа бай” гээд түлхээд цагдаа руу залгасан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

3.Гэрч Р.Хайсагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд би өөрийн хүргэн ах болох Хаяратын хамтаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутагт байрлах “Тарвагатай” гэх нэртэй газарт өвөлжиж байгаа манай доод талын хөрш н.Толгонай гэх айлд хоол, цай идэж уухаар ирээд байж байтал А.Төлөөгөн гэх ах аймгийн төвөөс өөрийнхөө охин, хүү хоёртойгоо тэр айлд ирсэн. Тэгээд айлд сууж байхдаа над руу “чи миний адуу хулгайлсан, хулгайчид гаргаж өгсөн, төлж өг” гэж хэлээд цохисон. Тухайн үед би А.Төлөөгөн ахад хандаад “та яагаад намайг цохиж байгаа юм бэ?, би танай адууг аваагүй, хоёулаа энэ айлаас гарая, энэ айл нялх хүүхэдтэй, хүүхдүүд нь айчих бай” гэж хэлээд н.Толгонайгийн гэрээс гарах хооронд бас л намайг цохиод, дайраад байсан. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

4.Гэрч Т.Хуантханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай аав, дүү бид гурав Аймгийн төвөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг “Тарвагатай” гэх нэртэй газарт байх өөрийн хөдөө байдаг гэр рүүгээ явах замдаа нутгийн айл болох Толганай гэх айлын гэрт орсон. Бид нар тэдний гэрт ороод цай уугаад сууж байгаад манай аав А.Төлөөгөн Хайсатай малаас болоод хоорондоо маргалдсан. Тэгээд хоорондоо маргаад байхаар нь би аавыгаа “та боль, дараа бол, маргаж болохгүй” гэж хэлээд болиулахад Р.Хайсагийн дүү Р.Жанибек хажуунаас аав руу хандаж “Сьезханыг шоронд байхад нь сахлын татуурга, 2000000 төгрөг, боорцог авч өгсөн биз дээ та” гэж хэлэхэд манай аав “тийм юм байхгүй, чи андуураад байна” гэж хэлээд сууж байхад Р.Жанибек босож ирээд аавыг цохисон. Тэгэхээр нь би аавыг салгахад Р.Жанибек намайг цохиод “чи цаашаа байж бай, чамд хамаагүй” гэж хэлээд түлхсэн. Тэгээд манай аав Хайса хоёр хоорондоо маргаад, зууралдаад байсан. Би яг хэн нь хэнийгээ цохисныг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

5.Гэрч Ц.Өмөрбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Р.Хайса болон А.Төлөөгөн гэх хоёр хүнийг танина. Тэд нар манай эхнэрийн хамаатан болдог юм. Мөн эдгээр хүмүүс хооронд хамаатан садан хүмүүс. 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг “Тарвагатай” гэх нэртэй газарт хадам ахын гэрт эхнэр, хүүхдүүдийн хамт байхад манайд Р.Жанибек, Р.Хайса, Р.Хайрат нар ирсэн. Тэр өдөр манай охины төрсөн өдөр байсан болохоор эдгээр хүмүүсийг ирж хоол, цай ид гэж дуудсан байсан. Харин тэр үеэр А.Төлөөгөн гэх ах 2 хүүхдийнхээ хамт Ховд аймгийн төвөөс ирж таарсан. А.Төлөөгөн, Хайса нар гэрт орж ирэх үедээ хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэр үед эхнэр бид хоёр хоол хийж байсан болохоор сайн анзаараагүй. Ямар ч байсан А.Төлөөгөн гэх хүн архи уучихсан согтуу байсан. Тэр хоёр хоорондоо “адуу хулгайлсан, гаргаж өгсөн” гэж хэлээд маргаад байсан. Харин хажуунаас нь А.Төлөөгөний охин А.Хуантхан бас Р.Хайсатай хэрэлдээд байсан. Тэр хүмүүсийг хэрэлдэж, маргах үеэр манай хүүхэд уйлаад байсан болохоор эхнэр бид хоёр уурлаад “та нар наадах хэрүүлээ гадаа гарч хийцгээ” гэж хэлэхэд тэр хоёр нэгнийгээ түлхэлцээд гэрээс гараад нэээх их удалгүй буцаад ороод ирсэн. А.Төлөөгөн, Р.Хайса нарыг гэрээс гараад явахад тэр хоёрын араас А.Төлөөгөний 2 хүүхэд болох Т.Сүлээмэн, Т.Хуантхан нар хамт дагалдаад гарсан. Харин Р.Хайса буцаж орж ирэхдээ нүүр нь хавдсан, нүүрнээс нь цус гарчихсан байдалтай гэрийн баруун доод хэсэгт суугаад байсан. Тухайн үед Р.Хайса нь А.Төлөөгөнд хандаад “та яагаад намайг зодож байгаа юм” гэж хэлээд сууж байсан. Тэд нарыг гэрээс гараад буцаад орж ирэх хүртэл манай эхнэр Р.Жанибек, Хайрат бид 4 гэрээс гараагүй. Мөн тэр дөрвийн хэрүүл маргаанд огт оролцоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

6.Гэрч П.Хайратбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой Р.Хайса, Р.Жанибек, бид гурав ойролцоо байдаг нутгийн айл болох н.Толгонай гэх айлд хоол, цай идэж уухаар очих үед А.Төлөөгөн нь охин, зулуу хоёртойгоо тэр айлд ирж таарсан. Бид нарыг тухайн айлд сууж байхад А.Төлөөгөн согтуу орж ирээд Р.Хайса руу дайраад, хэрүүл маргаан хийгээд Р.Хайсаг цохиод байсан. Тэр үед Р.Хайса босож ирээд А.Төлөөгөнтэй маргаад, хоорондоо зууралдада гэрээс гарсан. Харин тэр хоёрын араас А.Төлөөгөний хоёр хүүхэд болон Жанибек нар гараад удалгүй орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

7.Гэрч Т.Сүлээмэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн өдөр манай аав А.Төлөөгөн, Р.Хайса нар өнгөрсөн асуудлын талаар яриад хоорондоо маргалдаж байхад тэр айлын хүмүүс “та нар хэрэлдэж маргах гээд байгаа юм бол гадагшаа гарч хэрэлд, манай хүүхэд уйлаад байна” гэж хэлэхэд аав Р.Хайса хоёр нэгнийгээ заамдаж, түлхэлцээд гэрээс гарсан. Араас нь Жанибек, Хуантхан бид гурав гарахад үүдэнд ноцолдож байгаад аав Р.Хайсаг түлхээд тэр хоёр хоёулаа үүдний довжоон дээрээс газар унасан. Т.Хуантхан, Р.Жанибек бид гурав тэр хоёрыг салгаад, аавыгаа дагуулаад явсан. Хайсаг зодоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

8.Гэрч Р.Батимагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... А.Төлөөгөн, Р.Хайса нар маргалдаад гэрээс гараад буцаж орж ирэхдээ Р.Хайсагийн нүүр ам нь цус болсон байдалтай орж ирээд сууж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

9.Гэрч Т.Хуантханы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн өдөр Толганай гэрт бид нар сууж байхад манай аав болох А.Төлөөгөн Р.Хайсатай муудалцаж байгаад Р.Хайсагийн нүүр, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд дахиад тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад манай аав А.Төлөөгөн нь Р.Хайсагийн нүүрэнд өшиглөхөд уурлаж босож ирээд манай аавтай хэрэлдээд тэр хоёрыг гэрээс гадагшаа гарахаар нь манай дүү Сүлээмэн бид хоёр араас нь гарахад тэр хоёр гэрээс гараад давхралдаж унаад, босож ирээд барилцахаар нь манай дүү Т.Сүлээмэн Р.Хайсаг тэврээд салгах гэхэд манай аав А.Төлөөгөн дахиж очоод Р.Хайсагийн толгой, нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай “1.Р.Хайсагийн биед гэмтэл учирсан байна. 2.Р.Хайсагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн гарын алганы хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Р.Хайсагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.Р.Хайсагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Р.Хайсагийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

11.Яллагдагч А.Төлөөгөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой би өөрийн эзэмшлийн 6542 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ховд аймгийн төвөөс хүү Т.Сүлээмэн, охин Т.Хуантхан нарын хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн “Урт булаг” гэх нэртэй газар байдаг гэр рүүгээ харьж яваад замдаа “Тарвагатай” гэх нэртэй газар өвөлжиж байгаа н.Толгонайн гэрээр ороход Р.Хайса, Р.Жанибек, Хайратбек нар байсан. Тэгээд би гэрт нь сууж байгаад Хайсатай өмнө нь хулгайд алдсан байсан адуунаас болж хэрүүл маргаан үүсгэж, гэрт болон гадаа Р.Хайсаг зодож биед нь гэмтэл учруулсан юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дэх тал) зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

   1.Гэрч Т.Уатханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... А.Төлөөгөн нь эелдэг зан ааштай, цагаан цайлган зантай, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, даруу зантай, бусдад тусархаг хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал),

 

2.Гэрч А.Бахатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “... Манай дүү зан ааш сайтай, хүнд тусархаг, үгүй гэж хэлж чаддаггүй, цагаан цайлган сэтгэлтэй, төлөв даруу хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

   3.Шүүгдэгч А.Төлөөгөний иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 119, 120 дахь тал),

4.Шүүгдэгч А.Төлөөгөний Амбулаториор эмчлүүлэгчдийн карт болон гэрэл зураг (хавтаст хэргийн 125-139 дэх тал),

5.Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаартай “ПО73042631 тоот регистрийн дугаартай Авилхаан овогтой Төлөөгөн нь манай багийн иргэн нь үнэн бөгөөд ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт тус багт мал маллан амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 141 дэх тал),

6.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт (хавтаст хэргийн 142-143 дахь тал),

7.2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 144 дэх тал) зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэр “Тарвагатай” гэх нэртэй газарт иргэн н.Толгонайгийн гэрт шүүгдэгч А.Төлөөгөн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Хайсатай “миний адуунуудыг хулгайчид гаргаж өгсөн” гэж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодсон, шүүгдэгчид зодуулсны  улмаас хохирогчийн биед гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч А.Төлөөгөн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутагт дэвсгэр “Тарвагатай” гэх нэртэй газарт иргэн н.Толгонайгийн гэрт болон гадаа хохирогч Р.Хайсатай маргалдах явцад түүний нүүр хэсэг рүү цохиж, өшиглөж зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн гарын алганы хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Р.Хайса, гэрч Т.Хуантхан, гэрч Ц.Өмөрбек, гэрч П.Хайратбек, Т.Сүлээмэн, гэрч Р.Батима нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 31-32, 34-35, 37-38, 48-49, 52-53 дахь тал), шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Р.Хайсагийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч А.Төлөөгөний хохирогч Р.Хайсатай маргалдах явцад түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1000000 төгрөгийн хор уршгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч А.Төлөөгөнийг хохирогч Р.Хайсаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд түүний энэхүү байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Хайсагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардал буюу хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.Төлөөгөн нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 51 дэх тал) тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Төлөөгөнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төлөөгөнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Шүүгдэгч нь хохирогч Р.Хайсад эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг төлсөн нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул (хавтаст хэргийн 21, 150 дахь тал) түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2236000140099 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ботахара Нура ургийн овогт Авилхааны Төлөөгөнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Авилхааны Төлөөгөнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төлөөгөнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Төлөөгөнд тайлбарласугай.

5.Шүүгдэгч А.Төлөөгөн нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Төлөөгөнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК