Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, *******-ний өдөр, *******, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д , ажилтай, ам бүл 2, ээжийн хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт ******* ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -ний өдөр , тоотод Т.тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар Т.ын самсунг А/10, А/30 маркийн гар утас болон улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд улсын дугаарын хүрээ, баруун, зүүн урд их гэрэл, баруун, зүүн толины суурь, зүүн урд крыло зэргийг санаатай эвдэж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.245.200 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч    Г.*******   шүүхийн   хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ:   “Мөрдөн

байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч Т.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),
  2. Хохирогч Т.ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн  08-09 дэх тал),
  3. Насанд хүрээгүй гэрч Ц.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
  4. Гэрч Ч.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
  5. Яллагдагч Г.*******ы мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
  6. “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
  7. “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-36 дахь тал) зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.*******ы өмгөөлөгч Ш.Ганбат шүүх хуралдаанд гэм буруу дээр маргахгүй, прокурортой тохиролцсон хэмжээнд ялыг оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -ний өдөр , тоотод Т.тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар Т.ын самсунг А/10, А/30 маркийн гар утас болон улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд улсын дугаарын хүрээ, баруун, зүүн урд их гэрэл, баруун, зүүн толины суурь, зүүн урд крыло зэргийг санаатай эвдэж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.245.200 төгрөгийн хохирол  учруулсан үйл баримт нь:

 

-Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...-ний өдөр Г.******* над руу 15 цагийн үед залгаад хувцсаа угаалгамаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өнөөдөр бол завгүй ирээд хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад Налайх дүүргийн цэргийн ангид заал аваад дуусаад 21 цагийн үед тоот болох гэрийн гадаа иртэл манай хуучин нөхөр Г.******* ардаас хүрээд ирсэн. Тэгээд би гэр рүү орох гэсэн чинь Г.******* миний машинд суучих гээд дуудсан, би машинд нь ороод суутал араасаа 2.5 литрийн Нийслэл гэх нэртэй пиво гаргаж ирээд хамт ууя гэсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлээд 30 минут юм ярьж суусан, тэгээд би гэр лүү орохоор болоод орох гэтэл Г.******* би явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чи архи уучхаад машин барьж яах гээд байгаа юм, ороод хоноод яв гэж хэлсэн. Тэгсэн Г.******* зөвшөөрөөд хүүхэд дээрээ хоосон орж чадахгүй дэлгүүр ороод юм аваад оръё гээд дэлгүүр орсон, тэгээд хүүхдэдээ бага зэрэг юм аваад өөртөө дахиад нэг шил пиво авчихсан байсан. Тэгээд гэр лүү ороод Г.******* пивоо уучхаад унтах гээд байж байтал Г.******* руу хүн залгасан, тэгсэн Г.******* нөгөө чамтай хардаж байгаа Ч. чинь залгаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тоохгүй унтаач гэж хэлсэн, тэгсэн Г.******* би нойл ороод бие засаад ирье гэж хэлээд нойл ороод Ч. луу залгаад хэрэлдээд эхэлсэн. Тэгээд би ороод болиоч гээд хэлсэн, тэгсэн намайг түлхсэн тэгээд Г.******* чи нөгөө Ч.аа өмөөрөөд үхлээ юу гэж хэлээд уурлаад би гараад явлаа гэж хэлсэн, тэгэхээр нь чи ямар ядаргаатай юм зүгээр хоноод яв гээд хэлсэн чинь уурлаад буйдан дээр байсан утас барьж аваад хугалаад эвдчихсэн. Тэгэхээр нь би өөрийн утсаа гаргаж ирээд цагдаа дууд гээд бага хүүдээ өгсөн чинь Г.******* булааж аваад дахиад эвдчихсэн, тэгээд том өрөөнд байсан ханын стинкны хаалга эвдээд, цаашаа яваад гал тогоонд байсан пейч газар унагаачихсан тэгээд гараад явчихсан. Тэгээд 30-40 минутын дараа Г.******* над руу залгаад би машиныг чинь эвдчихсэн гэж хэлсэн, тэгэхээр нь би гараад хартал эвдчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),

 

-Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Г.******* болон Ц. манай том хүү, Ц. бага хүү нар байсан өөр хүн бол байгаагүй. ...Ханын стинкны хаалга, пейч бол тухайн үед газар унагаачихсан байсан гэхдээ ажиллагаа бол хэвийн ажиллаж байгаа, Самсунг А/ЗО, А/10 хоёр утас, машины урд 2 гэрэл, толь, салхины шил, карлан эвдэрчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

 

-Насанд хүрээгүй гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...-ний өдөр тоот болох гэртээ дүү болох Ц.тай байж байх үед гаднаас ээж Т., Г.******* болох манай хойд аав хоёр орж ирсэн. Тэгэхээр нь би найзтайгаа уулзах гээд зөрж гарч яваад буцаад 23 цагийн үед орж ирэхэд ээж, аав хоёр буйдан дээр хамт хэвтэж байсан. Тэгэхээр нь би дүүгийн хажуугаар ороод газар унтсан. Тэгээд удалгүй 00 цаг өнгөрч байх үед тэр хоёр маргалдаад байсан, тэгээд би босоод ирэх үед аав болох Г.******* ханын стинкны хаалга эвдээд, пэйч эвдсэн. Тэгээд ээж бид хоёр гар гээд уурласан чинь аав Г.******* гараад явчихсан, тэгэхээр нь ээж бид хоёр гэрээ цэвэрлээд байж байтал ээж гараад машин үзээд ирье гээд гартал гадаа гараашинд байсан машины урд талын цонх, хоёр талын гэрэл зэргийг эвдэж, сүйтгэчихсэн байсан. ...ээж болон дүүгийн утсыг бас эвдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

-Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...-ний өдөр Г.******* 22 цагаас хойш одоо бол цагийг нь сайн санахгүй байна. Би гэртээ унтаж байх үед Г.******* залгаад чи хаана байна гэж асуусан, тэгэхээр нь би гэртээ байна гэж хэлтэл чи хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би очиж чадахгүй гэж хэлтэл намайг такси бариад хүрээд ир, чам шиг гуйлгачин юманд таксины мөнгө байхгүй гээд дайраад байсан, тэгэхээр нь би та хоёрын асуудал надад ямар ч хамаарал байхгүй чи наад асуудлаа өөрөө шийд гэж хэлээд утсаа тасалчихсан. Удалгүй Г.******* дахиж залгаад би Т.ын машиныг эвдэж байна, чи хүрээд ир гэсэн тэгэхээр нь би тоолгүй утсаа салгаад дахиж бол утсаар яриагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

-Шүүгдэгч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гэрээс гарах гэж байх үед Т.ын утас орон дээр байж байсан, тэгэхээр нь би уурлаад миний авч өгсөн утсаар яагаад энэ хоёр хоорондоо ярих ёстой юм гэж уурлаад утсыг нь голоор нь хугалсан, тэгсэн дахиад нэг утас байхаар нь хана луу авч саваад гараад явчихсан. ...машины 2 толийг хөлөөрөө өшиглөж хугалаад, гараашийн үүдэнд байсан төмрөөр салхины шил, урд карлон, их гэрэл, номер зэргийг эвдэлж хагалчхаад гараад машиндаа суугаад Т. руу залгаад машиныг чинь эвдчихлээ гэж хэлээд дүү рүү залгаад намайг хүрч ирээд авчих гэж хэлсэн удалгүй дүү ирээд би явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

 

-“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд улсын дугаарын хүрээ, баруун, зүүн урд их гэрэл, баруун, зүүн толины суурь, зүүн урд крыло зэргийг 825.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

-“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Самсунг А/10, А/30 маркийн гар утас нь хөрөнгийн үнэлгээний зах зээлийн жишиг хандлагаар тооцогдон -ний өдрийн байдлаар 420.000 төгрөгөрөр үнэлэгдлээ” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Т.ын эд хөрөнгөд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн эд хөрөнгө болох гар утас, автомашинд гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хугалах, шидэх, өшиглөх, төмрөөр цохих зэрэг идэвхитэй үйлдлүүдийг хийсэн байх бөгөөд уг үйлдлүүдийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд гэмтэл учирсан буюу хуульд заасан бага хэмжээнээс дээш (300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш) 1.245.200 төгрөгийн хохирол учирсан байна.

 

            Мөн шүүгдэгч Г.******* нь хохирогчийн А/10, А/30 маркийн гар утсуудыг хугалах, шидэх зэргээр эвдэж, тухайн эд хөрөнгийг сэргээн засварлаж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж, харин автомашины урд салхины шил, урд улсын дугаарын хүрээ, баруун, зүүн урд их гэрэл, баруун, зүүн толины суурь, зүүн урд крыло зэргийг сэргээн завсарлаж, улмаар зориулалтын дагуу ашиглах боломжтой байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж тус тус үзэх үндэслэлтэй юм.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* хохирогч Т.тай хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.245.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Г.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.д 1.245.200 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хохирогч Т. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлсөн, нийт 1.990.000 төгрөг болсон” гэх мэдүүлэг, тайлбар өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат нь “Миний үйлчлүүлэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 1.990.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Э.ЭНХЖАРГАЛ