| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2020/0086/З |
| Дугаар | 128/ШШ2020/0148 |
| Огноо | 2020-02-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2020/0148
2020 оны 02 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/148 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ч /*******/
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдөл өгсөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоон олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон, нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б*******н овогтой Ч*********н би 1990 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Москва хот дахь Батлан хамгаалах яамны Цэргийн их сургуулийн хуулийн факультетыг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Улмаар 1990 оны 7 дугаар сард Дорнод аймгийн Цэргийн прокурорын газарт туслах прокуророор томилогдож 3 жил ажиллах хугацаанд Цэргийн прокурорын газар татан буугдсан тул Дорнод аймгийн Прокурорын газарт 1993 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хяналтын прокуророор томилогдон ажилласнаас хойш прокурорын байгууллагад нийт 29 жил тасралтгүй ажилласан.
Одоо миний бие 57 настай бөгөөд Монгол улсын Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, 48.1.8, 48.1.13, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/442 дугаарын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн болно.
Иймд өндөр насны тэтгэвэрт тогтоолгохоор холбогдох материал бүрдүүлэх шийдвэрийг тогтоолгох тухай хүсэлтийн хамт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн боловч тус хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаарын албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэвэрийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн.
Гэтэл ийм тохиолдолд захиргааны хэргийн 3 шатны шүүх уг асуудлыг хэлэлцээд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тохиолдол Сүхбаатар аймгийн прокуророос нэгэн адил тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Ахлах прокурор Г.А-ы хувьд шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоолгон авч буй жишээ баримт болно.
Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуг хүчингүй болгон, тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгуулах арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбараа:
“...Б.Ч нь прокуророор нийт 26 жил ажиллаж “Прокурорын тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Ч нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ч нь Батлан хамгаалахын сайдын 1990 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 572 дугаар тушаалаар Цэргийн ерөнхий прокурорын харъяа прокуроруудад мөрдөн байцаагчаар, БНМАУ-ын Прокурорын 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар Чойбалсан хот дахь цэргийн прокурорын газарт мөрдөн хяналтын прокуророор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 1993 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/225 дугаар тушаалаар Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророор, 1995 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/107 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн прокурорын орлогчоор, 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 83 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Прокуророор, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/182 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт Хяналтын прокуророор, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокуророор тус тус ажиллаж байгаад Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “... 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасныг баримтлан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг нь харгалзан түүнийг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/442 тоот тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурорын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Б.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгон авах өргөдлийг холбогдох материалын хамт гаргахад Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул таны ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэх хариуг өгчээ.
Мөн нэхэмжлэгч Б.Ч нь дээрх албан бичгийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргасан байх бөгөөд тус газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/04 дүгээр албан бичгээр “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар албан бичгээр өгсөн хариу үндэслэлтэй байна” гэсэн байна.
Нэхэмжлэгчээс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор ... өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан байхад тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч өнөөдөр дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд энэ талаар заагаагүй тул татгалзсан нь хуульд нийцсэн гэж маргасан, нэхэмжлэгч Б:Ч*********н нь ...20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн, 60 нас хүрээгүй гэх үйл баримтуудтай талууд маргаагүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.
Хуулийн зорилтоос үзвэл уг хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, журмыг хуульчилсан процессийн шинжтэй хууль бөгөөд энэ хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоох насны ерөнхий болзлыг 65 насаар зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 60 нас, 55 нас, 50 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилжээ.
Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий болзлыг тогтоожээ.
Дээрх хуульд заасан 65 нас хүрсэн бол гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд өөр байж болохоор заасан, даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд 60 нас, 55 нас, 50 наснаас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.
Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр...”, 3-т “газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, … нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ ... тэтгэвэр тогтоолгох авах”-аар, 6-д “…гоцлол дуучин, бүжигчин … хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах”-аар тус тус заасан байна.
Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино гэж заажээ.
Прокурор, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Прокуорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ байх бөгөөд хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан зохицуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан нь төр түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна.
Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ..., хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, .... олгоно” гэж зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдөл өгсөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоон олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус хэлтсийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдөл өгсөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА