Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0146

 

2014 оны 04 дүгээр сарын 03 өдөр       дугаар 146           Улаанбаатар хот

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, гуравдагч этгээд Ж.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Э-ийн нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/375 тоот ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Хэнтий аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэн Ж.Д-г сумын Засаг даргаар томилуулахаар Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт уламжилсан. Иргэн Ж.Д нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь хэсэгт заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Ж.Д нь Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт автокранчин, Дархан сумын Хаан банканд манаач, нярав, ня-бо, Монгол шуудан банк, Хадгаламж банкны Дархан сумын тооцооны төвийн эрхлэгч, Дархан сумын Засаг даргаар тус тус ажиллаж байсан байна. Би нэгдэл дундын үйлдвэрийг хувь нийлүүлсэн хоршоологчдын байгууллага гэж үзэж байна.

болохоор төрийн албанд 3 жил ажилласан гэж үзэхгүй байна. Иймээс Б/375 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Нэгдэл дундын үйлдвэрийн газрыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудын дүгнэлтэд төрийн албанд ажилласан гэж үзэхгүй гэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дархан сумын Засаг дарга Ж.Д нь 2 жил 4 сар гаруй ажиллаж байсан. Мөн Нэгдэл дундын үйлдвэрт 1 жил 4 сар 10 хоног ажилласан байсан. Ж.Д нийт 3 жил 8 сар ажилласан нь төрийн байгууллагад 3-аас дээш жил ажилласан гэж үзэж байгаа. 1960 оны Үндсэн хуулийг дурдахыг хүсч байна. 1960 оны Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт БНМАУ-ын социалист өмч бол төрийн өмч мөн гэж заасан байдаг. Ж.Д-гийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилласан хугацааг улсад ажилласан жилд оруулан тооцсон юм. Мөн 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар БНМАУ-ын Засгийн газрын тогтоолд улсад ажилласан жилийг оруулан тооцуулах журамд Техник мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг улсад Л ажилласан жилд оруулна гэсэн байна. Ингээд үзэхээр Ж.Д нь 5 жил 2 сар улсад ажилласан гэж үзэж байгаа юм. Иймээс аймгийн Засаг дарга шийдвэрээ гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “төрийн албанд 3-аас дээш жил ажилласан” байх ёстой гэсэн үндэслэлийг хангаж байна гэж үзэж Ж.Д-г Дархан сумын Засаг даргаар томилсон гэж бодож байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Хөдөө аж ахуйн < яамны сайдын 1987 оны Б/54 тоот тушаалаар Техник мэргэжлийн сургуульд сурч, Хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамны сайдын 1989 оны Б/11 тоот тушаалаар Хэнтий аймагт хуваарилагдан ирж, Нэгдэл дундын үйлдвэрт автокранчинаар, 1989 оны 7 дугаар сарын 03-наас 1990 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэл ажилласан. Техник мэргэжлийн сургуульд суралцсаныг ажилласан жилд тооцдог байсны дагуу яамнаас хөдөлмөрийн дэвтэр олгосон байдаг. Миний бие төрийн мөнгөөр төрийн захиалгат мэргэжлээр ЗХУ-д мэргэжил эзэмшээд, Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж төрөөс цалин хөлс авч байсан тул төрийн байгууллагад ажилласанд тооцогдоно. Мөн 1991 оноос өмнө нь хувийн хэвшлийн аж ахуй гэж байгаагүй, бүгд төрийн өмч байсан. ХААН банк нь 1999 онд дампуурч, Монгол банк эрх хүлээн авагчаар ажиллаж, 2000 оны 8 сард Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит банк болж, 2003 оны 01 дүгээр сард хувьчлагдаж байсан. Иймээс Дархан сумын ХААН банканд 2000-2003 оны хооронд нярав, нягтлан бодогчоор ажиллаж, төрийн банкнаас цалин авч байсан нь төрийн албан хаагч гэж үзэж байна. Нийтдээ би 7 жил гаруй төрийн албанд ажилласан гэж үзэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.2-д тус тус заасныг баримтлан Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/375 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Э би Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхэд Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/375 дугаар "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" захирамжийг хүчингүй болгуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 05 тоот шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

1. Ж.Э би иргэний хувьд нэхэмжлэл гаргаж байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй гэсэнд ихэд гайхаж байна. Сумын Засаг даргын томилж байгаа аймгийн Засаг даргын шийдвэр нь тухайн сумын иргэн миний хуульд заасан болзол шалгуурыг хангасан хүнээр сумаа удирдуулах хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж би шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч, сумын иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах удирдагч гэж үзэж, тухайн сумын Засаг даргыг томилж байгаад дүгнэлт хийлгүй шүүх нь аймгийн Засаг даргын талд илтэд үйлчилж "Ж.Пүрэвхүү, Ж.Э нар нь Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 13-ны ээлжит бус хуралд оролцож, Засаг даргад нэр дэвшээгүй, уг хуралдаан болон хуралдааны шийдвэртэй холбогдуулж маргаагүй бөгөөд уг хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/375 дугаар захирамжийн улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна” гэж шүүх дүгнэлт хийсэн.

2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан төрийн албанд 3 жил ажилласан байх гэсэн болзол шалгуурыг хангаагүй байхад Хэнтий ,/ аймгийн Дархан сумын Засаг даргыг томилсон аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/375 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ гүйцэтгэхгүй миний шүүхэд гаргасан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХЭГ/39 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/03 тоот албан бичгүүдийг Ж.Д-гийн нэрийг барьж, тус газруудаас гаргуулж авсан гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэжээ. Тэгтэл энэ баримтуудын гол агуулга нь Хөдөө аж ахуйн хоршоологчид бол төрийн албан хаагч биш гэдгийг нотолж өгсөн. Шүүх өөрөө эдгээр баримтыг Мэргэжлийн хяналтын байгууллага, Засгийн газарт хандаж бүрдүүлж авах үүргээ биелүүлээгүй.

Шүүх зарчим барьж энэ хэргийг шийдвэрлэхдээ төрийн алба болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны зарчим, мөн чанарыг харгалзан үзэлгүй 1990 оноос өмнө ажил хийсэн л бол төрийн албанд ажилласан мэтээр хэт туйлширч, Дархан сумын Засаг дарга Ж.Д-г Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт автокранчинаар ажиллаж байсныг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож байгаа нь мэдлэг боловсролоор шүүгчид тэнцэж байгаа эсэхэд эргэлзэж байна.

Монгол улсад Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо буюу нэгдлийг иргэд өөрийн мал, ажил хөдөлмөрөө хорших замаар байгуулж, нэгдлийн материаллаг баазыг бэхжүүлэх нэгдэлд туслах чиг үүрэгтэйгээр Нэгдэл дундын үйлдвэрийг Нэгдлийн дээд зөвлөлөөс байгуулсан. Би тухайн хүнийг улсад ажиллаагүй гэж хэлээгүй зөвхөн төрийн албыг 3 жил хашаагүй гэж л гомдол гаргасан.

Ж.Д нь автокранчинаар ЗХУ-д суралцсан, Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт автокранчинаар ажиллаж байсныг 1996 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар "нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан нь хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно" гэснийг баримтлан төрийн албанд ажилласан гэж үзэж байгаа нь нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэгдэл дундын үйлдвэрт автокранчинаар ажилласан нь нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан I гэсний алинд ч хамаарахгүй. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Энэ хуулийн 32.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэгт дараах зүйл багтана:, 32.5.1-д “захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуульд захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах урьдчилсан нөхцөл байхаар хуульчилжээ.

Хэнтий аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, сумын Засаг даргад Ж.Э, Ж.Д, Д.Бадамцэцэг нарын нэрийг дэвшүүлсэн байх ба нэр дэвшигчдээс Ж.Э 6 төлөөлөгчийн санал авч, тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мөн өдрийн 02 дугаар тогтоолоор түүнийг Дархан сумын Засаг даргад томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан байна.

Гэвч аймгийн Засаг дарга “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал аваагүй” гэсэн үндэслэлээр Ж.Э-ийг сумын Засаг даргаар томилохоос татгалзжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, 2012 оны 12 дугаар сарын 13- ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдаж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцсэн байна. Тус хуралдаанд Ж.Э өөрөө оролцсон байх боловч сумын Засаг даргад нэрээ дэвшүүлээгүй, Ж.Д /олонхын санал авсан/-г Дархан сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар тогтоолд гомдол гаргаагүй, уг тогтоол хүчин төгөлдөр байна.

Иймд, сумын Засаг даргад Ж.Д-г нэр дэвшүүлсэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн Ж.Д-г сумын Засаг даргаар томилсон Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/375 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон сонгох, сонгогдох эрх зөрчигдөөгүй, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн маргаан бүхий Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны Б/375 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэстэй тул к хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн / 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн

70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 
 

 

       
   

Ц.ЦОГТ

Д.БАТБААТАР

Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД