Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2142

 
     

Б.Б, С.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Б, С.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Х-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 21 564 156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар 2014 оны 12 сарын 11-ны өдөр байр худалдан авах зорилгоор Хас банкнаас зээл авсан. Ц.Х дүү нь манай эгч байр бартердаж зарж байгаа гэж хэлээд Ц.Х-тай уулзуулсан. Талууд харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 5-р хороо, хаппи тоун хотхоны 73-р байр, 53 тоот байрыг урьдчилгаа 12 сая төгрөг өгч 2015 оны 01 сарын 12-ны өдөр уг байранд орсон. Гэтэл байрны эзэн гэх хүн ирж биднийг 2015 оны 12 дугаар сард байрнаасаа гаргасан бөгөөд энэ талаар Ц.Х-тай ярьж мөнгөө нэхэхэд одоохондоо боломжгүй байна гэрээ байгуулъя гээд зээлийн гэрээ гэх утга бүхий баримтанд гарын үсэг зурсан. Үүнээс хойш 2017 оны 7 сарын 22-ны өдөр 6 000 000 төгрөг л өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Иймд Хас банкны зээлийн хүүгийн эргэн төлөлт 8 484 156 төгрөг, 2015 оны 12 сарын 24-ны өдрийн хэлцлийн хүүд 1 сарын 360 000 төгрөг 3 сарын 1 080 000 төгрөг, алданги өдрийн 60 000 төгрөг, 100 хоногийн 6 000 000 төгрөг үндсэн мөнгө 12 000 000 төгрөг нийт 27 564 156 төгрөгөөс өгсөн 6 000 000 төгрөгийг хасаад нийт 21 564 156 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 сард өөрийн дүү Ц.Х зуучлуулж С.Б, Б.Б нараас 12 сая төгрөгийг зээлж авсан. Тухайн үед тэдэнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хаппи таун хотхоны 73-53 тоот байранд 1 жилийн хугацаатай байр түрээслэн өгсөн ба төлбөр 5 сая төгрөгийг байрны эзэн М.Нэргүйсайхан, Ч.Хишигжаргал нарт хүлээлгэн өгсөн. Энэ байранд С.Б, Б.Б нар бүтэн жил амьдарсан. Нэхэмжлэгч нарт 7 000 000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд 2016 оны 01 сарын 06-нд 200 000 төгрөгийг С.Б дансанд 2016 оны 02 сарын 29-нд 270 000 төгрөг, 2016 оны 3 сарын 10-нд 70 000 төгрөгийг мөн С.Б дансанд 2016 оны 7 сарын 28-нд 6 000 000 төгрөгийг Б.Б Голомт банкны дансанд төлж барагдуулсан. Одоогоор дээрх 2 хүнд миний зүгээс ямар нэгэн өр байхгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хас банкны зээлийн гэрээнээс үзэхэд Ц.Х ямар нэгэн үүрэг ногдуулсан, батлан даасан, баталгаа гаргасан гэх мэтээр нөхөх хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй байх тул нэхэмжлэгч нарын Хас банктай байгуулсан зээлийн хүүгийн эргэн төлөлт гэх 8 484 156 төгрөгийг Ц.Х хариуцан төлөх үнэслэлгүй. Ц.Х нь 2015 оны 12 сарын 24-ний өдөр нэхэжлэгч Б.Б 12 000 000 төгрөг зээлсэн гэх гэрээ хэрэгт авагдсан боловч 12 000 000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй, нөхөж хийсэн тул хүчин төгөлдөр бус юм. Харин 12.000.000 төгрөгийг 2014 оны 12 сарын 10-ны өдөр Б авсан нь үнэн бөгөөд 2016 оны 7 сарын 28-ны өдөр Б Голомт банкны 2605001359 тоот дансанд 6 000 000 төгрөг, 2016 оны 01 сарын 06-ны өдөр Б ээж Бямбажавын Хаан банкны 5059065393 тоот дансанд 200.000 төгрөг, 2016 оны 2 сарын 29-ний өдөр С.Б Хаан банкны 5022478792 тоот дансанд 270.000, 2016 оны 3 сарын 10-ны өдөр С.Б Хаан банкны 5022478792 тоот дансанд 70,000 төгрөг тус тус төлсөн. Үлдэх 5.460.000 төгрөгт нэхэмжлэгч нар 2015 оны 01 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 22-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Хаппи таун, 73 дугаар байрны 53 тоотод байрлах 2 өрөө орон сууцанд амьдарсан, орон сууцны түрээсийн төлбөрт 5.000.000 төгрөгийг Ц.Х төлсөн, үүнийг гэрч М.Нэргүйсайхан хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нар ч маргаагүй.  Түрээсийн байр гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байсан бөгөөд cap бүр ашиглалтын зардал төлөхдөө М.Нэргүйсайханы байр гэдгийг мэдэж байсан атлаа цагдаа, шүүхэд худал мэдүүлэг өгч байна. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Х зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 5.460.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.104.156 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч нарын 265.770 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х улсын тэмдэгтийн хураамжид 102.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, С.Б нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлсэн 12 сая төгрөгөөс  төлсөн бөгөөд үлдэх 5 460 000 төгрөгт нэхэмжлэгч нар 2015 оны 01 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 22-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Хаппи таун, 73 дугаар байрны 53 тоотод байрлах 2 өрөө орон сууцанд амьдарсан, орон сууцны түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөгийг Ц.Х төлсөн, үүнийг гэрч М.Нэргүйсайхан хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нар маргаагүй. Орон сууцны эзэн М.Нэргүйсайхан нь Б, Б нарыг түрээслэн сууж байсан талаар, түүний эхнэр Ч.Х мөн Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Түрээсийн байр гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байсан бөгөөд cap бүр ашиглалтын зардал төлөхдөө М.Нэргүйсайханы байр гэдгийг мэдэж байсан, М.Нэргүйсайхан ч нэхэмжлэгч нар түрээслэхээс татгалзаагүй дамжуулан түрээслэсэнийг хүлээн зөвшөөрсөн юмаа. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар нь хариуцагч Ц.Х холбогдуулан зээл, хүү, алданги 13 080 000 төгрөг, Хас банкны хүүгийн эргэн төлөлт 8 484 156 төгрөг, нийт 21 564 156 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийг бүрэн төлсөн  гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ц.Х нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 12 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 3/

 

Талууд  дээрх зээлийн гэрээ байгуулагдсан өдөр мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, өмнө нь авсан 12 000 000 төгрөгийг баталгаажуулж сүүлд гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэх боломжгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүссэн.  Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцохоор тохиролцсон хэдий ч анхан шатны шүүхээс хүү, алдангийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй болно.

 

Хариуцагч Ц.Х 6 200 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, орлогын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон,  энэ талаар  талууд маргаагүй, харин үлдэх 5 460 000 төгрөгийг  зээлийн гэрээний үүрэгт  гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. /хх-ийн 29-32/

 

Хэдийгээр хариуцагч нь 12 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг түрээсийн төлбөрт суутгасан гэх боловч  талууд өмнөх харилцаагаа дүгнэж зээлийн гэрээг бичгээр байгуулсан, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар сүүлд бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэх ёстой юм.  

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                   Ш.ОЮУНХАНД