Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ДШМ/57

 

Т.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                                 Н.Энхнаран

  Прокурор                                                      Б.Догмиддорж  

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                               В.Давааням, Ц.Эрдэнэбат

  Хохирогч Т.О, Б.С

  нарын  өмгөөлөгч                                         М.Энхтуяа

  Шүүгдэгч                                                       Т.Б нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч В.Давааням нарын давж заалдах гомдлоор Т.Бд холбогдох эрүүгийн 1721002640166 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Тийн Б, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өндөрхангай суманд 1977 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг  дугаар хороо, Баянгол  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Увс аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхдаа хорих ангиас бүлэглэн оргож Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 8 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 жил 6 сар 8 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 8 хоногийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмд ял эдэлж 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаартай.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Т.Бийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүнд хөнгөн, 4 хүнд хүндэвтэр, 1 хүнд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Т овогт Тийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүнд хөнгөн, 4 хүнд хүндэвтэр, 1 хүнд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Тийн Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан 1 /нэг/ жилийн ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

4/ Эрүүгийн 1721002640166  дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

5/ Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч “Х з” ХХК-нд 10.000.000 /арван сая/ төгрөг, хохирогч Б.З, Ч.А, Т.О нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг өгсөн, “Х з” ХХКомпани болон хохирогч Б.З, иргэний нэхэмжлэгч Ч.Т нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

6/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бс нийт 8017560 /найман сая арван долоо мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Пд 1391336 /нэг сая гурван зуун ерөн нэгэн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг, хохирогч Т.От 629317 /зургаан зуун хорин есөн мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг, хохирогч Б.Сд 1668163 /нэг сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг, хохирогч Ч.Ад 4328744 /дөрвөн сая гурван зуун хорин найман мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 71900 /далан нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг, хохирогч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагаас 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.С нь цалингийн зөрүүний, хохирогч Ч.А нь бүртгэлийн үнэ 2400 юань болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч нарт мэдэгдэж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Т.Б нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараас албан ёсоор уучлалт хүссэн. Мөн уг ослын улмаас хамгийн их хохирол хүлээж, эрүүл мэндийн хувьд элэг бяцралттай, 7 хавирга хугарч, уушги унасан, гэдэс цоорсон гэмтлийн улмаас яаралтай мэс засалд орж, 7-8 сар хэвтрийн дэглэмтэй, одоо ч гэмтэл бүрэн эдгэрээгүй байнгын эмчийн хяналтад байгаа. Энэ байдал нь хэрэгт авагдсанаар өвчний түүх, картын хуулбар, мөн уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын дагуу “хүнд” зэрэгт хамаарах тухай шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдоно. Ийнхүү өөрөө хүнд гэмтэлтэй, байнгын хэвтэрт байсан хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогч Зд 700000 төгрөг, Ад 1000000 төгрөг, О, С нарт 1000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Х з” ХХК-д 10,0000,00 төгрөг, нийт 12,700,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Мөн шүүхээр тогтоогдсон хохирол болох 7,937, 560 төгрөгийг 3 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж, хохирол төлөх тухай баталгаа гаргасан.

Дээрх нөхцөл байдлын дагуу Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...

“Х з” ХХК-ийн хувьд иргэний нэхэмжлэлийн хэмжээгээ багасган эвлэрч, хохирлыг бүрэн төлсөн нь хүндрүүлэх бус хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Мөн урьд ял шийтгүүлж байсан нь хувийн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд “нэг гэмт үйлдэлд нэг л удаа ял шийтгэл ногдуулах” зарчмыг зөрчиж, өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгэлээ эдэлж дуусаад байхад одоо байгаа нөхцөлд халдааж байгаа нь Эрүүгийн хуулийн зарчим, үзэл санаанд нийцэхгүй... Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэснээрээ хохирогч нарт учруулсан хохирлын үлдэгдэл төлбөрийг аль болох богино хугацаанд нөхөн төлөх боломжтой. Иймд хорих ял оногдуулснаараа хохирогчдийн нөхцөл байдалд ч сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Мөн хувийн байдлын хувьд өөрөө хүнд гэмтэл авсан, болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж, хохирлоо шат дараалан төлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7.1.1-д заасны дагуу 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Б 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ослын улмаас хүнд зэргийн гэмтэл авч, элэг бяцралттай одоо хүртэл төлжөөгүй, 7 хавирга хугарч эдгээгүй, байнгын цус багадалт, даралт уналттай байгаа. Энэхүү осол болж өөрт болон бусад хүмүүст эрүүл мэнд, эд материалын хохирол учруулсандаа маш их харамсаж байгаа. Би осол болсноос хойш байнгын хэвтэрт эмчилгээтэй байсан хэдий ч хохирлоо аль болох барагдуулж, нийт 12,700,000 төгрөг өгөөд байгаа. Гэтэл дээрх нөхцөл байдлуудын нэгийг ч харгалзан үзэлгүй, урьд нь ялаа эдлээд дууссан хэргийг минь сөхөж ийм үндэслэлээр тэнсэх боломжгүй гэж дүгнэсэнд маш их гомдолтой байна. Би үлдэгдэл хохирлоо аль болох хурдан хугацаанд барагдуулах болно. Энэ тухайгаа шүүхэд тайлбарлан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж биечлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “…Т.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлалт хүссэн. Мөн энэ ослын улмаас өөрөө хамгийн их хохирол хүлээж, биед учирсан хүнд гэмтлүүдийн улмаас яаралтай мэс засалд орж, 7-8 сар хэвтрийн дэглэмд байсан. Одоогоор биеийн байдал бүрэн эдгэрээгүй, эмчилгээтэй, эмчийн хяналтад байдаг. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлын ихэнх хэсгийг төлж, үлдсэнийг 3 сарын дотор төлнө гэж хугацаа аваад баталгаа гаргасан зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...” гэж учруулсан хохирлоо нөхөн төлж болно, мөн илэрхийлсэн байвал дээрх зүйлд заасан арга хэмжээнд хамруулахаар тодорхой зааж өгсөн. ...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бол болгоомжгүй гэмт хэрэг гэдгийг шүүгч анхаарч үзээгүй. ...Хуульд ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзнэ гэж байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж болно” гэж тусгай эрх хүртэл олгосон байгаа. Шүүгдэгчийн биеийн байдал хэдийгээр хүнд байсан ч гэсэн хохирлоо төлж барагдуулж байгааг онцгой нөхцөл байдал гэж үзэж байгаа. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ... хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн ерөнхий үндэслэлийг тусгаж, 6.7 дугаар зүйлийн 1.1-т тусгайлсан хэм хэмжээ нь байгаа. ... Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл байна гэж үзэж байгаа. Иймд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хохирогч Т.О, Б.С нарын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдолтой танилцсан. Энэ гомдлын хувьд хохирогч нарын талаас ямар нэг байдлаар маргах хүсэл сонирхол байхгүй. ... Аваараас болж надад учирсан хохирол гэдэг утгаараа гар утасны мөнгөө нэхэмжилсэн. Утсаа 580 000 төгрөгөөр авсан. ...Түрүүнд буцаасан материалтай холбогдуулаад ярихад энэ материал “Шинь шинь” ХХК-ийн төвөөс ирээгүй байсан учраас нэгэнт актны мөнгөө аваагүй, дансанд нь ороогүй байсан болохоор аваагүй цалингаа бүхэлд нь нэхэмжилсэн. Нэг мөр хамтад нь шийдвэрлүүлэх юмсан гэсэн хандлагаар гаргаж байгаа юм. Гар утас алга болсон явдал нь энэ хүний буруутай үйл ажиллагааны үр дүнд алга болсон. Хэргийн газрын үзлэг хийхэд гар утас байхгүй байсан. Тийм учраас бид энэ хүнээс нэхэхээс өөр хэнээс нэхэх билээ гэдэг байр суурьтай байгаа” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “Миний хувьд давж заалдах шатны шүүх хурлаас эхлээд шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгчөөр оролцож байна. ...Осол гарахад тухайн тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрэмд заасан журмын дагуу хөдөлгөөнд оролцож байсан бол энэ хэрэг гарах байсан уу, үгүй юу гэдэг дээр шүүхийн зүгээс дүгнэлт хийх нь зүйтэй. ...Анхан шатны шүүхээс тэнсэх боломжгүй гэсэн хууль зүйн үндэслэлийг нэгдүгээрт “... энэ хүн урьд нь санаатай гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлсэн. Олон жил хоригдсон...” гэж тайлбарласан. ...Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял оногдуулна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Түүнийг энэ болгоомжгүй гэмт хэрэгт хамаатуулж, эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Хохирлын хувьд ...хохирогч Б.Сын гар утасны үнэлгээ хийлгэсэн баримт байхгүй байхад хохиролд 580 000 төгрөг төлүүлэхээр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Гэхдээ баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Мөн А гэдэг хүний 2 880 000 төгрөгийн хохирлын тухайд Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар гаргууллаа гэж шүүх шийдвэрлэсэн. А гэдэг хүнд хүндэвтэр гэмтэл учирсан байгаа. Шүүхээс хөдөлмөрийн чадвар алдалтыг 1 жилээр тооцож нөхөн төлбөрийг гаргахдаа өөрийнх нь мэдүүлэг, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслээд шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Аын хохирлоос 2 880 000 төгрөг, Сын хохирлоос 580 000 төгрөгийг тус тус хасаж тооцон, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах зардлыг ч төлнө гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. ...Иймээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тухайн үед 80 километр цагийн хурдтай явж байсан. Цуг машинд сууж явсан хүмүүсийнхээ хохирлыг барагдуулах нь миний үүрэг. Дахин эмчилгээний зардал гарвал түүнийг барагдуулна гэдгээ хэлсэн. Одоогоор миний биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа. Саяхан рентгенд харуулсан. Элэг бяцарч дотуур цус алдаад буглаа үүссэн гэж гарсан. Үүнийг харгалзаж үзнэ үү гэж гуйж байна. Гомдлоо дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Т.Бөд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой “Тоёота Стимо” маркийн 13-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Хадан хошуу” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөний оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч А.Бын жолоодож явсан дэвсэгч XCMG маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж “Х з” ХХК-ийн эзэмшлийн 49-67 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрлийн шууд зардалд 20.980.000 төгрөгийн хохирол шууд бус зардалд 3.295.000 төгрөгийн хохирол учруулж, зорчигч Ч.Тын биед хөнгөн гэмтэл, Д.П, Ч.А, Б.С, Т.О нарын биед хүндэвтэр гэмтэл, Б.Зын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т.Бийн үйлдсэн хэрэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем зураглал, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 644, 646, 647, 648, 651, нэмэлт 01, 651 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13743 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 45 тоот, мөн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2-р хх-ийн 46/, шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.П, Б.З нарын мөрдөн шалгшах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.А, Б.С, Т.О нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон ба энэ тухай хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгээс өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэм хорын хохиролд нийт 12,700,000 төгрөг төлсөн, мөн шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 2018 оны 12 дугаар 13-ны өдөр хохирогч Т.От 630,000 /зургаан зуун гучин мянга/, Б.Сод 1,090,000 /нэг сая ерэн мянга/, Д.Пд 1,392,000 /нэг сая гурван зуун ерэн хоёр мянга/, Ч.Ад 1,449,000 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөг нийт 4,561,000 төгрөг тус тус төлсөн /задгай баримтыг хэрэгт хавсаргасан/, энэ гэмт хэргийн улмаас биедээ “... элэгний 5.6-р сегментийн язрал хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун талын 3-9-р хавирганы хугарал, баруун уушигны авчилт, цээжний баруун хөндийн хий хуралдалт ...зэрэг амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч /1-р хавтас106/ эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол болон бусад зардлуудыг төлж байгаа, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг байдлыг харгалзан  шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн болгоомжгүй гэмт хэрэгт ял оногдуулахдаа өмнө үйлдсэн санаатай гэмт хэрэгт ял эдэлж дууссан байдлыг харгалзан үзсэн нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалтад харшилсэн байна.

Шүүх хохирогч Ч.Аын цалин орлогогүй байсны нөхөн төлбөр 12 сарын 2880000  /240000 төгрөгөөр бодож/ төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэсний дагуу хангаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад осол гарах үед алга болсон гар утсаа 580000 төгрөгөөр үнэлж нэхэмжилснийг үндэслэн шүүгдэгчээс гаргуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ. 

Хохирогч Б.С түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх бусад цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн боловч нотлох баримтаа бүрдүүлсэн учир энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх боловч шүүх шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад “...хохирогч Б.С нь цалингийн зөрүүний баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдэж” нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Тийн Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Тийн Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд заасан төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тогтоосугай.” гэсэн,

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.Б 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Т.Бийг нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч Т.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан төлбөрөөс 2018 оны 12 дугаар 13-ны өдөр хохирогч Т.От 630,000 /зургаан зуун гучин мянга/, Б.Сод 1,090,000 /нэг сая ерэн мянга/, Д.Пд 1,392,000 /нэг сая гурван зуун ерэн хоёр мянга/, Ч.Ад 1,449,000 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                            ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                            Ж.ДОЛГОРМАА