Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/505

 

 

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Хохирогч Ж.Ө , Ж.Т ,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г ын Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мултмедиа дизайнер мэргэжилтэй, Шангрила молл худалдааны төвд байрлах ... худалдааны дэлгүүрт хувцасны эвдрэл гэмтлийг шалгагч ажилтай, ам бүл 3, эх, эмээгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21/155 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, Б  овогт Г ын Б д /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ...нэртэй төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс дизайнерын албан тушаалд туршилтын хугацаанд ажиллаж байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр суурин компьютерын график карт 2 ширхэг, Сама /SAMA/ гэсэн бичигтэй хар өнгийн компьютерын процессор 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 10.150.000 төгрөгийн хохирол учруулсан;

Мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн Caffe Bene үйлчилгээний газарт хохирогч Ж.Т гийн эзэмшлийн зөөврийн компьютерыг хичээлийн хэрэглээний программ суулгаж өгнө, танай ажлын интернет муу, өөр газар татаад өгье хэмээн хууран авч, бусдад 1.709.910 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

“...Шүүгдэгч Г.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн Caffe Bene үйлчилгээний газарт хохирогч Ж.Т гийн эзэмшлийн зөөврийн компьютерыг хичээлийн хэрэглээний программ суулгаж өгнө, танай ажлын интернет муу, өөр газар татаад өгье хэмээн хууран авч, бусдад 1.709.910 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Хохирогч Ж.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмнө нь Б д нөүтбүүкээ хоёр удаа өгч байсан. Эхний удаа надаас нөүтбүүк авчаад 14 хоногийн дараа эргүүлж өгсөн. Дараа нь хоёр дахь удаагаа надаас аваад явсныхаа маргааш надад өгч байсан. Мөн надтай хамт ажиллаж байгаа С гэх хүн Б ыг таньдаг, Б  нь миний сурч байгаа ...ийн граффик дизайны ангийн 4 дүгээр дамжааны оюутан болохоор би нэг сургуульд сурдаг гэдэг утгаар түүнд итгээд нөүтбүүкээ өгсөн. Гэвч миний итгэлээр дамжуулж миний нөүтбүүкийг тэр чигтээ аваад алга болсон. Одоо болтол би Б той холбогдож чадахгүй байгаа. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Ө.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Г.Б гэх хүн HP брэндийн Ryzen-3 загварын нөүтбүүкийг манай ...гэх нэртэй ломбардад 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай 500.000 барьцаалан зээлдүүлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б д ломбардад миний барьцаалан зээлдүүлсэн нөүтбүүк байгаа юу гэж асууж ирсэн. Тухайн өдөр уг нөүтбүүк байсан болохоор би Б д өнөөдөр бол байна шүү, хурдан аваарай гэж хэлэхэд Б  би тэгвэл орой ирээд авъя гэж хэлээд яваад орой нь ирээгүй. Мөн би Б ыг хүлээсээр байгаад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүүхэддээ нөүтбүүк авна гээд худалдаж авсан. Уг хоёр хүний нэр болон утасны дугаарыг мэдэхгүй. Манай ломбардад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

 “Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ...нэртэй төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс дизайнерын албан тушаалд туршилтын хугацаанд ажиллаж байхдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр суурин компьютерын график карт 2 ширхэг, Сама /SAMA/ гэсэн бичигтэй хар өнгийн компьютерын процессор 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 10.150.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Хохирогч Ж.Ө ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 10 цаг 50 минутын үед өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... таурын 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн байранд байж байхад манай үйлчлэгч Э над руу чатаар зураг явуулж Б  байна уу, энд нэг процессор байгаад байна гэхээр нь би гайхаад ажлын Н руу үйлчлэгч эгч нэг юм яриад байна, Б  процессор авч яваад байгаа юм уу гэж чат бичихэд Ц өглөө намайг орж ирж байхад Б  нэг процессор тэврээд явж байхаар нь яах гэж байгаа юм гэж асуухад дээр нь юм хийх гэж байгаа гээд нэг сонин юм хэлснээ Т  аваад ир гэж хэлсэн гэж байсан. Тэгчээд тэр процессороо буцааж оруулж ирээд нөгөө талын жигүүрт тавьсан байхаар нь би захирал Ш т хэлэхэд Б ыг шууд дуудаад уулзалтын өрөөнд ороод асуучих гэж хэлсэн. Тэгээд би Т  дээр очиж асуухад Т  үгүй, би тэгэж хэлээгүй гэхээр нь би Б ыг уулзалтын өрөөнд дуудаад асуухад нэг л худлаа яриад би аваагүй гээд байсан. Хэсэг хугацаанд ярилцаж байхдаа Т  аваад ир гэж хэлсэн” гээд байхаар нь би Т гээс асуусан, тэгэж хэлээгүй гэж байсан гэсэн чинь Б  үнэнээ хэлж эхэлсэн. Би хувийнхаа юмыг хийх гээд авч явсан гэхээр нь би чи байгууллагын эд зүйлийг дураараа авч явах ёсгүй гэж хэлэхэд дуугүй суугаад байхаар нь цагдаад дуудлага өгөөд Б ыг дагуулаад шууд цагдаа дээр ирсэн. ...Г.Б д албан ёсоор эд зүйл хариуцуулж өгөөгүй. ...Алдагдсан процессорыг бүрэн бүтэн хүлээн авсан. Граффик картыг төлөөгүй байгаа тул нэхэмжилнэ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-д ажлаа хийгээд явж байхад манай 402 тоот өрөөний сандлын хажууд нэг компьютерын процессор байсан. Тэгээд дахиад ажлаа хийгээд явж байгаад өдөр 12 цагийн үед уг өрөө рүү дахиж ороход нөгөө компьютерын процессор байж байхаар нь нягтлан бодогч Ө д хэлсэн. Сүүлд манай ажилчид манай байгууллагад шинээр орсон Б  гэх хүүхэд авчирч тавьсан гэж ярьж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Нлын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө ...шатаар дээш өгсөж байсан ...дөрөвдүгээр давхраас Г.Б бууж ирж байсан. ...бууж ирэхдээ гартаа процессор барьсан байсан. ...яагаад процессор авч бууж байгаа талаар асуусан. ...удалгүй Т , менежер тэр хоёр дээр очоод процессорыг шалгаж үзтэл доторх хамгийн үнэтэй карт нь байхгүй байсныг олж мэдсэн. Үүнээс үүдээд бусад процессоруудыг шалгатал Г.Б ын процессор доторх карт ч байхгүй байсан. Мөн хажууд нь суудаг Б ын процессор бүр байхгүй байсан. ...гаргаж өгөхгүй байсан учраас 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажил хийгээд байж байхад Б миний компьютер гацаад байна гэсэн, тэгэхээр нь ...үзүүлэлтийг нь шалгаж үзэхэд хэвийн байсан. ...ямар ч ялгаа байхгүй байсан. ...үүнээс хойш манай ажлын Н нь ирээд та Б ыг процессор аваад гараад ир гэж хэлсэн юм уу гэж асуусан. ...би Б д тэгж хэлээгүй юм. ...би юмыг яаж мэдэх үү гээд компьютерын үзүүлэлтийг шалгахад график карт нь байхгүй байсан. ...яасан тухай асуухад Б найздаа өгсөн байгаа, ...гэрт процессор байгаа гэж хэлсэн. ...гэрт нь очиход ямар нэгэн карт, процессор байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тайлангийн “...процессорын график карт 2 ширхэг, компьютер 1 ширхэг, нийт 7.250.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дээрх хэргүүдийн үйл баримт сэргээн дүрслэгдсэн бөгөөд талууд нотлох баримтын агуулга болон үйл баримтын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. ...Надад дахиж ярих шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-42, 86-88 дугаар хуудас/ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б : ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Б ын үйлдэл болон шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байх...” үндсэн шинжийг,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан” шинжийг тус тус бүрэн хангасан, шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдсэн, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд шүүхээс прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж үзэж шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ж.Т д 1.709.910 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь 700.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Г.Б ос 1.009.910 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Т д огох нь зүйтэй байна.

Харин “...” ХХК-д 7.250.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ж.Ө  нь SAMA нэртэй компьютерын процессор 1 ширхгийг хүлээн авсан болох нь эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /71 хуудас/-ээр тогтоогдож байна.

Мөн шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирогч Ж.Ө д 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 2.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Ө д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ззаасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Г.Б с: ...намайг цагдан хоригдсон хугацаанд манай гэрийнхэн хүмүүсээс авсан зээл авсан, тэр өрийг барагдуулахад ажил хийх боломж олгоно уу...гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг ...хоёр удаа үйлдсэн...”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 98-101 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 105 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/ зэргээр түүний хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

             

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Г ын Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 540 /таван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 540 /таван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 80 /ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, биечлэн эдлэх ялыг 460 /дөрвөн зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 460  /дөрвөн зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ос 1.009.910 /нэг сая есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Т д, 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ө д тус тус олгосугай.

8. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.