Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/506

 

 

      

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Шагдар,

Шүүгдэгч Ё.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ё ын С т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ё ын С  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.С  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй солонгос хоолны ресторанаар үйлчлүүлэхдээ хохирогч Б.М ын гээгдүүлсэн эд хөрөнгө болох улаан өнгийн гар цүнхийг сандал дээр тохоостой байхад нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, 958.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.С аас: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч Ё.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би тухайн өдөр сандал дээр тохчихсон байсан улаан өнгийн цүнхний хажууд суугаад гаднаас нь барьж үзэхэд дотор нь мөнгөтэй юм шиг байсан. Тэгэхээр нь би тэр улаан өнгийн жижиг цүнхийг аваад куртикныхээ халаасанд хийгээд хоол идээд сууж байтал тухайн цүнхний эзэн ороод ирсэн. Тэгээд би эхнэр болон хадам эх, хадам дүү нарын хамт явж байсан болохоор санаа зовоод гаргаж өгч чадаагүй. Тухайн цүнхэнд ...нийт 210.000 төгрөг, 2 ширхэг иргэний цахим үнэмлэх, автобусны карт байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүргэн ах А , эгч А , нярай дүү Э  нарын хамт 32-ын уулзварын хойд талд байрлах Солонгос хоолны газарт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлчлүүлэхээр ороод ...вип өрөө хүлээж байх зуураа үүрч явсан цүнхээ тайлж аваад сууж байсан модон сандлын арын түшлэг дээр тохсон. Тэгээд хоолоо хүлээгээд сууж байтал зөөгч ирээд вип өрөө гарчихлаа гэж хэлэхээр нь манай ах хүүхдээ тэврээд, эгч ширээн дээр байсан халбага, сэрээг бариад, би аягатай цай бариад вип өрөөнд ороод байж удалгүй хоол ирсэн. Бид хоолоо идчихээд тооцоогоо хийх гээд цүнхээ үзтэл байхгүй байхаар нь өмнө нь сууж байсан сандал дээр тохоод үлдээснээ санасан. Тэгээд өмнө нь сууж байсан ширээ рүү яваад очтол нэг эрэгтэй, гурван эмэгтэй хүн сууж байхаар нь би энд цүнхээ орхисон юм гэж хэлээд ...үзтэл миний цүнх байгаагүй. ...Зөөгч эмэгтэйг дуудахад та хэдийг ширээнээс боссоны дараа энд сууж байгаа дөрвөн хүний өмнө гурван хүн орж ирээд хоол авахгүй сууж байгаад гараад явсан гэж хэлэхээр нь тэр гурван хүнийг аваад явчхаж гэж бодоод камер шүүж үзье гэж хэлсэн. ...Удалгүй зохион байгуулагч нь ирээд камерын бичлэг шүүж өгөхөөр болоод ...эгчтэй хамт бичлэг үзэж байхад цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. Дуудлагаар ирсэн цагдаа нар тухайн байгууллагын бие засах өрөө болон бусад хоолны өрөөнд миний цүнхийг хайсан боловч огт гарч ирээгүй. ...цүнхэн дотор 1 граммтай, шигтгэдэг цулгуу бөөрөнхий хийцтэй өрөөсөн алтан ээмэг, ...иргэний үнэмлэх, автобусны карт, Төрийн банкны карт, бэлэн 580.000 төгрөг байсан. Миний цүнхээ орхисон ширээн дээр сууж байсан 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүсийг сэжиглэж байна. Учир нь цүнхээ авахаар очиходбид дөрвийг орж ирэхэд гурван хүн зөрөөд гарсан гэж хэлсэн. ...камерын бичлэгт гурван хүн зөрсөн бичлэг байхгүй, тэр хүмүүсээс өөр хүн ширээнд очоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн дүү М , нөхөр А  болон бага насны хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонгос хоолны газарт орж үйлчлүүлсэн. ...Суугаад хоол захиалчихаад байж байх үед өрөө суларсан ба тэр үед дүү М  сууж байсан ширээний сандал дээр өөрийн 580.000 төгрөг, 1 грамм алтан ээмэг зэрэг эд зүйлс байсан гар цүнхээ бичиг баримтын хамт орхиод вип өрөөнд орчихсон байсан. Бид тухайн үед анзаараагүй байсан бөгөөд тооцоогоо хийх үед цүнхээ анх сууж байсан ширээн дээр орхисон талаарааа санаад гүйж гараад очих үед бид дөрвийн сууж байсан ширээн дээр 3 эмэгтэй, 1 эрэгтэй, нийт 4 хүн сууж байсан ба тэр хүмүүсээс энэ ширээн дээр байсан цүнх яасан бэ, цүнхээ авъя гэж хэлэхэд бид хараагүй, бид дөрвийн өмнө 3 хүн энэ ширээн дээр сууж байгаад гараад явсан гэж хэлсэн. ...30-40 орчим минутын дараа зохион байгуулагч нь ирж бид камер шүүж үзэхэд тухайн 4 хүний эрэгтэй нь манай дүүгийн цүнхийг анзаарч харсан байдал ажиглагдсан. Удалгүй 2 эмэгтэй босоод хяналтын камерын өмнө зогсож хаагаад эрэгтэй хүний хажуу талд сууж байсан нэг эмэгтэй эргэж хараад дүүгийн цүнхийг гэдсэндээ хийж байгаа зүйл мөн ажиглагдсан. Бид тухайн дөрвөн хүнийг авсан гэж бодож байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр А , дүү М , бага хүү Э ийн хамт 32-ын тойргийн уулзварын хажууд байрлах Солонгос хоолны газарт үйлчлүүлэхээр ороод вип өрөө асуухад байхгүй байна, түр хүлээгээд суучих гээд нэг ширээнд суулгасан. Тэгээд хоолоо захиалаад сууж байтал вип өрөө гарчихлаа, 6 номерын өрөөнд орчих гэж хэлсэн. Би хүүгээ тэврээд түрүүлээд явсан ба араас эхнэр, дүү хоёр ширээн дээр байсан юмнуудаа зөөгөөд орж ирсэн. Удалгүй хоол идэж дуусаад тооцоогоо хийх гээд дүү М  цүнхээ хайж байгаад өмнө нь суусан ширээн дээр үлдээсэн байна гээд түрүүлээд гараад гүйхээр нь араас нь ...очиход 1 эрэгтэй, 3 эмэгтэй сууж байсан. Манай дүү улаан өнгийн жижиг цүнхээ үлдээчихсэн байна, анзаарсан уу гэж асуутал махлаг биетэй эгч ...тийм цүнх бид хэдийг орж ирэхэд байгаагүй, бид дөрвийн өмнө гурван хүн зөрсөн, тэр гурав авсан байх гэж хэлсэн. ...удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...-32-1” гэсэн нэртэй Солонгос хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-61, 64-75 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ё.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 105 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/, түүний Худалдаа хөгжлийн банк-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 107-119 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...1 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ё.С ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ё.С  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй солонгос хоолны ресторанаар үйлчлүүлэхдээ хохирогч Б.М ын гээгдүүлсэн эд хөрөнгө болох улаан өнгийн гар цүнхийг сандал дээр тохоостой байхад нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, 958.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ё.С ын өгсөн: ...Би тухайн өдөр сандал дээр тохчихсон байсан улаан өнгийн цүнхний хажууд суугаад гаднаас нь барьж үзэхэд дотор нь мөнгөтэй юм шиг байсан. Тэгэхээр нь би тэр улаан өнгийн жижиг цүнхийг аваад куртикныхээ халаасанд хийгээд хоол идээд сууж байтал тухайн цүнхний эзэн ороод ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Хохирогч Б.М ын өгсөн: “...Бид хоолоо идчихээд тооцоогоо хийх гээд цүнхээ үзтэл байхгүй байхаар нь өмнө нь сууж байсан сандал дээр тохоод үлдээснээ санасан. Тэгээд өмнө нь сууж байсан ширээ рүү яваад очтол нэг эрэгтэй, гурван эмэгтэй хүн сууж байхаар нь би энд цүнхээ орхисон юм гэж хэлээд ...үзтэл миний цүнх байгаагүй. ...Зөөгч эмэгтэйг дуудахад та хэдийг ширээнээс боссоны дараа энд сууж байгаа дөрвөн хүний өмнө гурван хүн орж ирээд хоол авахгүй сууж байгаад гараад явсан гэж хэлэхээр нь тэр гурван хүнийг аваад явчхаж гэж бодоод камер шүүж үзье гэж хэлсэн. ...Миний цүнхээ орхисон ширээн дээр сууж байсан 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүсийг сэжиглэж байна. Учир нь цүнхээ авахаар очиходбид дөрвийг орж ирэхэд гурван хүн зөрөөд гарсан гэж хэлсэн. ...камерын бичлэгт гурван хүн зөрсөн бичлэгүй байхгүй, тэр хүмүүсээс өөр хүн ширээнд очоогүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.А ийн өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Солонгос хоолны газарт орж үйлчлүүлсэн. ...Бид тухайн үед анзаараагүй байсан бөгөөд тооцоогоо хийх үед цүнхээ анх сууж байсан ширээн дээр орхисон талаарааа санаад гүйж гараад очих үед бид дөрвийн сууж байсан ширээн дээр 3 эмэгтэй, 1 эрэгтэй, нийт 4 хүн сууж байсан ба тэр хүмүүсээс энэ ширээн дээр байсан цүнх яасан бэ, цүнхээ авъя гэж хэлэхэд бид хараагүй, бид дөрвийн өмнө 3 хүн энэ ширээн дээр сууж байгаад гараад явсан гэж хэлсэн. ...камер шүүж үзэхэд тухайн 4 хүний эрэгтэй нь манай дүүгийн цүнхийг анзаарч харсан байдал ажиглагдсан. Удалгүй 2 эмэгтэй босоод хяналтын камерын өмнө зогсож хаагаад эрэгтэй хүний хажуу талд сууж байсан нэг эмэгтэй эргэж хараад дүүгийн цүнхийг гэдсэндээ хийж байгаа зүйл мөн ажиглагдсан. Бид тухайн дөрвөн хүнийг авсан гэж бодож байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч С.А ын өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...Солонгос хоолны газарт үйлчлүүлэхээр ороод ...сууж байтал вип өрөө гарчихлаа, 6 номерын өрөөнд орчих гэж хэлсэн. ...Удалгүй хоол идэж дуусаад тооцоогоо хийх гээд дүү М  цүнхээ хайж байгаад өмнө нь суусан ширээн дээр үлдээсэн байна гээд түрүүлээд гараад гүйхээр нь араас нь ...очиход 1 эрэгтэй, 3 эмэгтэй сууж байсан. Манай дүү улаан өнгийн жижиг цүнхээ үлдээчихсэн байна, анзаарсан уу гэж асуутал махлаг биетэй эгч ...тийм цүнх бид хэдийг орж ирэхэд байгаагүй, бид дөрвийн өмнө гурван хүн зөрсөн, тэр гурав авсан байх гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...-32-1” гэсэн нэртэй Солонгос хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-61, 64-75 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ё.С  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 128 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ё.С ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.М ад 958.800 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ё.С ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Ё.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ё.С  нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ё ын С ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.