| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0157/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/162 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П-д холбогдох 2234000000110 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Д.П, Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамтаар Төв аймаг Эрдэнэсант суманд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолооор 600000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Д.П нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Үүрийнтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.П нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Үүрийнтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234000000110 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч М.Үүрийнтуяагийн гэрчээр өгсөн: “...Тэгээд бас намайг өөрийнхөө ар Пүрвээтэй хардсан. “чи гунан Пүрвээтэй юу ярьсан чи тэр гунан Пүрвээтэйгээ зайлаарай” гэж хэлээд намайг эхлээд миний нүүр лүү алгадсан тэгэхээр нь би “чи яагаад миний нүүр луу алгадаж байгаа юм” гэтэл хоёр гараараа намайг куртикны захаас боож газар унагаагаад хөлөөрөө миний дух руу нэг удаа өшиглөөд “чамайг ингээд алчихъя гээд миний хоёр хөлийг хоёр гараараа хоёр тийш тэлж алцайлгасан тэгээд намайг газар байхад миний хоёр хөлний гуяны дотор талын хэсэг рүү зургаа, долоон удаа цохисон тэр үед би хоёр гараараа толгойгоо хамгаалаад толгойгоо барихад гар луу цохисон одоо миний хоёр гар хавдаж хөхөрсөн байна. Тэгээд би дээш боссон тэр гэрлүүгээ гарнаас чирсэн, миний гуя бөгс хэсэг рүү дөрөв таван удаа өшиглөсөн тэгтэл цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг/хх-04-05 тал/,
Гэрч П.Энхманлайгийн: “... Эргүүлээс буугаад ганцаараа 22 цагинй орчимд сумын төвийн хойд талын засмал зам дээр байдаг клонкоос машиндаа бензин авах гэж явж байтал засмал замын урд нэг залуу нэг эмэгтэйн хоёр гарнаас нь татаж чангаагаад засмал зам руу чиглээд алхаж явсан.Тухайн үед би нөхөр нь эхнэрийгээ зодож байна гэж хараад машины гэрэл тусгаж хартал тэр залуу хамт явсан эмэгтэйнхээ цээж рүү хоёр, гурав нь удаа өшиглөөд хөлнийхөн гуя хэсэг рүү бас нэг удаа өшиглөхөөр нь би машинаас буугаад тэр залууд “хөөе, хөөе боль тайвшир” гэж хэлээд машиндаа суулгаж сумын цагдаагийн байранд авч ирсэн” гэх мэдүүлэг/хх-10 тал/,
Шүүгдэгч Д.Пийн гэрчээр өгсөн: “...тэгтэл Үүрийнтуяа хоночихоод маргааш явъя гээд байхаар нь би өөдөөс “чи тэгвэл гунан Пүрвээ ах руу очиж хонох гэж байгаа юм уу” гэж хэлсэн тэгтэл өөдөөс чи тэгтэл куртикээ аваад яв гээд куртикээ тайлж газар чулуудсан. Тэгээд бид хоёр маргалдаж эхлээд Үүрийнтуяа намайг “чи одоо яв пизда минь би бол хөлдөж үхсэн ч яахав” гэхээр нь би болиоч дээ хайраа гэж гуйтал миний өөдөөс цас самарч шидэхээр нь би уурлаж хацар луу нь эхэлж нэг алгадаад гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл явахгүй гээд газар хөлөө жийгээд суучихсан. Тэгээд би Үүрийнтуяаг газар сууж байхад нь газар луу өшиглөх гэж байгаад хальтраад дух руу нь нэг удаа өшиглөчихсөн чинь хот руу явъя гээд газраас босгож гарнаас чирж засмал руу алхсан тэр үедээ би Үүрийнтуяагийн цээж хэсэг рүү нь хоёроос 3 удаа өшиглөсөн. Тэгтэл сумын цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг/хх-08 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай “1.М.Үүрийнтуяагийн биед баруун, зүүн гуя, баруун өгзөг, баруун бугалганд цус хуралт, баруун хөмсөг, дээд урууланд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 6.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-13-14 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.П нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Үүрийнтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 3 сарын 30-ны өдөр 70 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-57 тал/ 2022 оны 3 сарын 30-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.П.д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.П.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Д.П нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Эрдэнэсант суманд түр оршин суудаг, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолооор 600000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 39 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч М.Үүрийнтуяа нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт хохирлын баримт авагдаагүй, “эмчилгээний зардал гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн/хх-48 тал/ байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2234000000110 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Д. П.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.П. 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П.д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.П.д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ