Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднаанямбуу,

шүүгдэгч М.Г-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох 2234000000153 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт М. Г, Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймаг Баянцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 4,  эхнэр 2 хүүхдийн хамтаар Төв аймаг Зуунмод сум 5 дугаар баг 6-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар саг 6-9 тоот хашаанд хохирогч Б.Нямдалайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

          Шүүгдэгч М.Г нь 2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар саг 6-9 тоот хашаанд хохирогч Б.Нямдалайтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

          Энэ нь эрүүгийн 2234000000153 дугаартай хэрэгт авагдсан

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 04-06 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нямдалайгийн: “... 2022 оны 02 дугаар сарын 25 ны өдөр Улаанбаатар хотод ажлаа тараад явж байтал манай эхнэр Энхцэцэг Төв аймгаас надруу залгаад намайг ирээд аваач Болдбаатар намайг түлхэж үснээс татаж чирлээ гэхээр нь би Төв аймаг руу эхнэрээ авахаар явсан... тэгээд гэрт ороод нэг залуу сууж байхаар нь нэг удаа алгадсан. Тэгээд гараад иртэл Г гадаа тааралдаад чи манай эхнэрийн дүүг зодлоо гээд намайг барьж аваад хамар руу нэг удаа мөргөөд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд гараараа машины хөгжмийг цохиод хагалсан тэгээд бид яваад өгсөн гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас /,

Гэрч Э.Болдбаатарын: “ ... 2022 оны 02 дугаар сарын 24-ний шөнө Энхцэцэгийн хүүхэд уйлаад байхаар нь “яасан их уйлдаг хүүхэд вэ” гэхэд Энхцэцэг надтай хэрэлдээд намайг самардсан тэгээд дэгээ төмрөөр цохих гэхэд нь болиулаад хажуу айлд ороод сууж байтал Энхцэцэг нөхөр рүүгээ ярьж байсан нэг мэдсэн чинь нөхөр нь миний чих рүү нэг юмаар цохих шиг болсон. ... миний чихнээс цус гараад би түргэний эмнэлэгт ирж эмчид үзүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11- дүгээр хуудас /,

Гэрч Х.Ганчимэгийн: “... би гэрээс гарч ирээд Г ахын гэрт орох гээд үүдэнд нь иртэл дотороос нь Энхцэцэгийн нөхөр Далай гарч ирэхээр нь юу болов гэхэд угаасаа алах гэж ирсэн юм гэсэн би тайвшираад учраа ол гэсэн чинь чадахгүй гэсэн. ... Тэгтэл гэрт Доржханд эгч цус нь тогтохгүй байна ш дээ гэсэн ингээд Г ах гарч ирээд Далайг барьж аваад хоёр гурав цохиж харагдсан тэгээд хүмүүс салгаад машиндаа суугаад явсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13 дугаар хуудас /,

Гэрч Э.Доржхандын: “ ... Тэгэхэд би гэрээс гараад очтол гэрийн гадна Энхцэцэгийн нөхөр манай нөхөр хоёр барьцалдаад нэг нэгийгээ цохиод байсан би нөхреө салгасан нөгөөдүүл нь машиндаа суугаад зугтаасан манай нөхөр машиныг нь зогсоох гэтэл урдуур нь ороод дайрагдах шахсан. ...манай нөхөрийг Энхцэцэгийн нөхөр гараараа нүүрлүү нь 2-3 удаа цохьсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Золзаяагийн: “ ... манай найз гэртээ байж байтал эхнэр нь фээсбүкээр залгаад уйлсан байдалтай намайг бэр эгчийн эрэгтэй дүү нь зодоод байна ирж аваач гэсэн тэгээд бид хоёр 21 дүгээр хороолол орж Уранцэцэгийн машиныг авч Төв аймаг явсан тэгээд замд явах үед Энхцэцэг намайг буйдан руу чирж хоёр хүүхдийг шээс зулбасага гэж хараагаад байна гэж хэлж байсан бид тэгээд Энхцэцэгийн байгаа газарт ирсэн тэгээд хүүхдүүдийн хувцасыг өмсүүлээд гарахад манай найзыг нэг залуу заамдаад авсан байсан тэгээд би тэр хоёрыг салгаад хашаанаас нь гарсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20 дугаар хуудас /,

Гэрч Г.Энхцэцэгийн: “... У.Болдбаатар манай хүүхдийг ямар их уйлдаг шээс вэ хүүхдээ хүмүүжүүлээч ээ хомойн донтой янхан минь хоёр шээсээ аваад зайл гэж хэлсэн. Тэгээд манай хоёр хүүхэд рүү орилоод байсан би хоёр хүүхдээ аваад эмээгийнд орсон нөхөр лүүгээ яриад манай нөхөр бид нарыг авахаар ирсэн Золзаяа бид хоёр хүүхдүүд хувцаслаад гартал манай нөхөр Нямдалайг Г ах хоолойг нь боогоод нүүрэн тус газар нь цохьсон гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22 дугаар хуудас /,

            Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 01 ны өдрийн № 145 дугаартай 1. Б.Нямдалайгийн биед хамрын хугарал зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт/хх-28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Г нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нямдалайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 3 сарын 30-ны өдөр 67 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-88 тал/ 2022 оны 3 сарын 30-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч М.Г-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч М.Г нь барилгын туслах ажилтан хийдэг, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар баг 6-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 35 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Г нь Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Б.Нямдалай нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000000153 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э овогт М. Г-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-ыг 1 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-ыг Төв аймаг Зуунмод суманд оршин суух хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Төв аймаг Зуунмод сумаас бусад орон нутаг болон аймаг, сумуудад Улаанбаатар хотод очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 1 сарын хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Год зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтаны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Г-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ