Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,

Хохирогч Б.Вандансүрэн, Ц.Гантөмөр,

Шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С.Ч.д холбогдох эрүүгийн 2234000000093 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймаг Цагаанхайрхан сумын 3 дугаар баг Хунт гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Улиастай 10 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ....регистрийн дугаартай, Б овогт С. Ч,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь Төв аймгийн Цээл суманд отроор өвөлжиж байхдаа иргэн Б.Вандансүрэнгийн 6 толгой адуу, иргэн Ц.Гантөмөрийн 2 толгой адуу буюу нийт 8 тооны адууг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд бусдад зарж борлуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.Ч нь Төв аймгийн Цээл суманд отроор өвөлжиж байхдаа иргэн Б.Вандансүрэнгийн 6 толгой адуу, иргэн Ц.Гантөмөрийн 2 толгой адуу буюу нийт 8 тооны адууг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд бусдад зарж борлуулан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000093 дугаартай хэрэгт авагдсан

 

   Хохирогч Ц.Гантөмөрийн “Миний танил “Монгол-Такси Груп” ХХК-ий- захирал Д.Баярсайхан, Вандансүрэн нарын эзэмшил адууны хамт миний өөрийн эзэмшил 10 тооны адуу хамт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Цээл сумын нутаг “Хоньчмийн нуруу” гэх газарт отроор өвөлжихөөр адуучин С.Ч гэх залуу маллахаар аваад явсан. Баярсайхан 2022 оны 01 дүгэзр сарын 17-ны үеэр утсаар залгаж адуу мал тарсан сураг байна, адуу байгаа газарт очоод байдлыг мэдээд өгөөч гэсэн. Би тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Цэндсүрэн, Сүхбат нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын нутагт очсон. Тухайн үед Жаргалант суманд очиход Төв аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирээд адуу чинь Чүлтэмдагвын хамт цагдаагийн алаг машинтай явж байсан. Бид нар хамт явж Жаргалант сумын нутгаар миний болон Баярсайхан, Вандансүрэн нарын дутуу байгаа гэх адууг хайсан боловч олж чадаагүй, бид нар Цээл сумын нутаг “Хоньчийн нуруу” гэх газарт байгаа адууг азарга азаргаар нь очиж тоолж бүртгэхэд миний эзэмшил 10 тооны адуунаас хүрэн халзан зүсмийн зөв талын гуяндаа цагаан үсэн “Ланзан” тамгатай зөв талын нуруун дээрээ 06 дугаарын кодтой, 4 настай гүү мөн зөв талын гуяндаа цагаан үсэн “Ланз” тамгатай, тамганыхаа дээд хэсэгт цагаан үсэн 10 дугаарын кодтой 2 настай эр даага нийлсэн 2 тооны адуу дутаж байсан. Тухайн үед адуучин Час асуухад байгаа гэж байсан. Тэр өдрөө орой болсон учраас Баярсайхан, Вандансүрэн нарын адуунаас заримыг нь ололгүй үлдээсэн. Цагдаа нар Чүлтэмдагвыг аваад Төв аймгийн төв явсан. Би эхнэр мөн Сүхбат болон хамт явж байсан Жаргалант сумын 2 адуучин гэх залуусын хамт Жаргалант сумын нутаг уруу явж Загдал гэх газарт ирж хоносон. Маргааш нь Төв аймгийн цагдаагаас гар утсаар залгаж мэдүүлэг өгөх хэрэг байгааг танилцуулж миний 2 тооны адууг маллаж байсан Ч гэх залуу нэгийг нь махалж зарсан нөгөөг нь амьдаар нь хүнд бэлгэлсэн талаар хэлсэн. ... Би өөрийн алдсан гэх 2 тооны адуугаа төлүүлж авмаар байна. Миний адуунууд бүгд хурдны чиглэлийн гадаад цустай адуунууд байсан. Би адуу үнэлсэн үнээ гаргуулж авмаар байнаа” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6-р тал/,

Хохирогч Ц.Гантөмөрийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн “...даага олсон талаар өмнө нь тухайн хэргийг шалгаж байсан цагдаагийн алба хаагч Б.Алтанхуяг нь над руу гар утсаар залгаад таны даагыг говийн Ганбаа гэх хүнд Ч бэлгэнд өгсөн байна. Жаргалант сумын төвд байгаа юм байна гэхээр нь би говийн Ганбаатай очиж уулзсан чинь надад Ч бэлгэнд өгсөн би Жаргалант суманд хүнээр тэжээлгэж байгаа очоод аваарай гэхээр нь би хадам ах болон баз хоёрыг гуйгаад авахуулсан. Би Чд адуу өгөөгүй анх 2009 онд Баярсайханы адуунд нэг хурдан удамтай охин даага нийлүүлж байсан тэр нь өсөөд 12 тооны болсон. Нэгийг нь зараад нэгийг нь хүнд өгсөн байсан. Баярсайхан гэх хүний адуунд анхнаасаа байсан юм. ...Би Баярсайханы адууг эмчилж өгдөг малын эмч байгаа юм. Адуу малыг нь эмчлэх гэж очихдоо Чд хоол хүнс, тамхи гэх мэт ойр зуурын надад захисан зүйлийг нь авч очиж өгдөг байсан... Би Баярсайхантай адууны эрүүл мэндийг нь хариуцан ажиллаж байгаа тул миний адууг өөрийн адуутай хамт маллаж өгөх тохиролцоо байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р тал/,

Хохирогч Б.Вандансүрэнгийн “Миний танил “Монгол-Такси Груп” ХХК-ийн захирал Д.Баярсайхан гэх хүний эзэмшил адууны миний өөрийн эзэмшил 3 азарга нийт 41 тооны адуу хамт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо “Богд” даваа гэх газраас Төв аймгийн Цээл сумын нутаг “Хоньчийн нуруу” гэх газарт отроор өвөлжихөөр нийт 407 толгой адууг Д.Баярсайханы адуучин С.Ч гэх хүнд хүлээлгэн өгч явуулсан. Д.Баярсайхан нь Австрали улсад суралцаж байгаа болохоор би тэдний кампанийн ажилчдын хамт тоолсон. С.Ч нь Д.Баярсайханы адууг маллаад 3 жил болж байгаа ерөнхийдөө адууг нь мэддэг хүн байгаа юм. Сүүлийн 1 сар гарангийн хугацаанд адуучин З.Ч нь утсаар холбоо тасарч огт холбогдохгүй болсон, нутгийн улсууд “Монгол-Такси Грүп” ХХК-ийн адуучин Ч гэх хүн маллаж байгаа адуунаасаа маханд өгч мөнгөөр нь архи угаад яваад байна гэх дам яриа сонссон. Тэгээд би өөрийн биеэр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр адуу байгаа гэх газар буюу Төв аймгийн Цээл сум уруу явсан. Адуу байгаа гэх газраа очиход адуучин Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай танихгүй хүнээр мотоциклио бариулаад явж байсан. Тухайн үед Ч нь уулзахгүй зугтаад байсан, арай гэж зогсоож уулзаж, адуу мал бүрэн үү, яагаад сураггүй болчихоо вэ? гэж асуухад, өөдөөс адуу мал чинь бүрэн байгаа эндээс адуугаа аваад зайл, та нар муу сайн баячууд үсрээд шоронд хийнэ биз гэх зэргээр агсам тавьж байгаад яваад өгсөн. Би нутгийн адуучин залуусыг гуйж адуу малаа бүртгэхэд Баярсайханы адуунаас 74 толгой адуу миний өөрийн адуунаас 15 толгой адуу дутуу байсан. Тэгээд би адуугаа Цээл сумын нутаг “Хоньчийн нуруу” гэх газарт Түвшинтөр гэх адуучин залууг гуйгаад түр хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот буцсан. Би Баярсайханы адууг зүсээр нь мэдэхгүй ээ, азарга азаргаар нь тоолж үзэхэд 74 толгой дутаж байсан үүнээс азаргаар нь олоогүй 3 азарга адуу дутуу байсан болохоор тоо нь дөхөх байх гэж бодсон. Миний өөрийн эзэмшил хар алаг азаргатай адуунаас 4 толгой адуу, өсгий цагаан хүрэн азаргатай адуунаас 2 толгой адуу, хул азаргатай 7 тооны адуу, шарга, хамар цагаан халтар зүсмийн нийт 15 толгой адуу дутаж байсан. Хул азарга 7 тооны адуу Төв аймгийн Жаргалант сумын нутаг Загдал гэх газарт сураг гарсан боловч одоогоор олдоогүй байгаа. Шарга, хамар цагаан халтар зүсмийн 2 тооны үрээ огт сураг гараагүй мөн олдоогүй байна. Миний хар алаг азаргатай адуунаас хонгор гүү ногооны 10 настай, зөв талын гуяндаа цагаан үсэн задгай буйлан тамгатай, зөв талын сэрвээ дээрээ цагаан үсэн 03 гэсэн кодтой, ногооны соёолон 5 настай хээр гүү зөв талын гуяндаа цагаан үсэн задгай буйлан тамгатай, зөв талын сэрвээ дээрээ цагаан үсэн 08 гэсэн кодтой, мөн ижил 5 настай хул гүү зөв талын гуяндаа цагаан үсэн задгай буйлан тамгатай, зөв талын сэрвээ дээрээ цагаан үсэн 10 гэсэн кодтой, ногооны шүдлэн 3 настай хээр байдас зөв талын гуяндаа цагаан үсэн задгай буйлан тамгатай, зөв талын сэрвээ дээрээ цагаан үсэн 24 гэсэн кодтой, өсгий цагаан хүрэн азаргатай адуунаас ногооны соёолон болох 5 настай хүрэн халзан гүү зөв талын гуяндаа цагаан үсэн задгай буйлан тамгатай, зөв талын сэрвээ дээрээ цагаан үсэн 09 гэсэн кодтой, ногооны даага 2 настай хул зүсмийн эр даага зөв талын гуяндаа цагаан үсэн задгай буйлан тамгатай, зөв талын гуяндаа дээрээ цагаан үсэн 03 гэсэн кодтой 55 алга болсон байсан. Тухайн адуунуудыг адуучин С.Ч нь хулгай хийж Жаргалант суманд бусдад зарж борлуулсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-11-р тал/,

Хохирогч Б.Вандансүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн “...Миний хул зүстэй задгай буйлан тамгатай 55 кодтой даагыг өмнө шалгаж байсан мөрдөгч Б.Алтанхуяг над руу утсаар залгаад таны хул даагыг олсон Жаргалант бумын хэсгийн төлөөлөгчтэй очиж уулзаад ав гэхээр нь би Улаанбаатар хотоос машин 180 мянган төгрөгөөр хөлсөлж аваад Жаргалант сумаас авч ирсэн...Анх би Ч гэх хүнд 12 тооны адуу авч ирж өгөхдөө Баярсайхантай зөвшилцөөд адуу маллаж байгаа хүн болох Ч ажлын хөлс хэрхэн өгөх талаар зөвшилцсөн чинь 1 жилдээ 500,000 төгрөг өгөхгүй юу. Би сар бүр тогтсон цалин өгч байгаа юм чинь гэхээр нь би адуучин Чд муу дурантай гэхээр нь орос дуран 450,000 төгрөгөөр авч өгсөн. Мөн 2 дээл 1 гутал зэрэг өмсөж хэрэглэх эд зүйл авч өгсөн. Тэрнэс хойш хоол хүнсний мөнгө төгрөг хувцас хунар гээд мөн дээр нь нэмж мөнгө төгрөг өгдөг байсан. Ч 2021 оны өвөл гараа хугалаад би эрүүл мэндийн даатгал гээд 272,000 төгрөг би төлсөн. Ч эмчилгээ хийлгэх хугацаанд адууг нь маллаж байсан Сүхээ гэх залууд хөлс мөнгө өгч байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/

Гэрч Б.Ганбаатарын “Өнгөрсөн намар буюу 2021 оны 10 сарын үед “Монгол такси” ХХК-ний адуучин гэх мотоцикпьтой улаан хүрэм, улаан дээлтэй жижигхэн бор залуу байсан. Сүүлийн үед манай гэрээр орж гардаг. Орой болохоор хаяа ирж хонодог байсан. Бусдаар бол сайн танихгүй. Чүлтэм гэж дууддаг байсан. Бүтэн нэрийг нь мэдэхүй байна. Би хонинд явдаг болохоор бичээн тоонд хэдэн азарга адуутай ирсэн талаар сайн мэдэхгүй хилээн олон хэсэг адуутай гэж өөрөө хэлж байсан. Хааяа ганц нэг азарга адуу нь усанд орж ирдэг байсан. Зөв талын гуяндаа цагаан үсэн туухайтай дэл тамгатай байсан. Өнгөрсөн жил “хонины нуруу”-гаар өвөлжиж байсан. Энэ жил манай нутаг руу гарч ирж байгаа гэсэн..,Би Чтай мөнгө төгрөгөөр наймаа хийж байгаагүй. Надтай эрлийз үрээ авах уу гэж асуугаад бид наймаа хийвэл хийе гэж байсан боловч бид хоёр наймаа хийгээгүй. Эрлийз хээр үрээ байгаа гэж байсан. Өнгөрсөн намар буюу 11 сарын сүүлээр манайх идшээ идэх гээд адунаасаа өөрийн “сэрээ" тамгатай хязаалан насны охин адууг идшинд идэх гээд байж байхад Ч ирээд би таны энэ адууг чинь сольж аваад оронд нь нас ахиу гүү өгье гэж хэлээд хар алаг азаргатай цагаан үсэн “задгай буйлан тамгатай” адуунаас мөн ижил тамгатай улаан хонгор зүсмийн бүдүүн гүүг барьж өгсөн. Манайх тэр адууг нь идшиндээ гаргаж идсэн. Ч ер нь тухайн үед халамцуу л мотоцикпьтой яваад байдаг байсан. Мөн маллаж байсан адуунаасаа миний мэдэхийн хэд хэдэн удаа машинтай хүмүүс ирж амьдаар болон нядалж өгч явуулж байсан. ...Хар алаг азаргатай задгай буйлан тамгатай адуунаас 11 сарын сүүлээр байх 1 тооны хул, хонгор адуу агуулсан. Тэр адуу нь морьд байхгүй байсан болохоор гүү байсан байх. Тухайн үед портер-2 маркийн машинтай танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Машины дугаарыг нь би хараагүй... Энэ адуу ачуулсны дараа 5-6 хоногийн дараа жижиг саарал машинтай 2 эрэгтэй, эмэгтэй 3 хүн ирээд “хар алаг” бил үү хүрэн азаргатай адуу байсан бил үү. Бараг “хар алаг” азаргатай адуунаас барьсан байх. Орой болсон болохоор сайн хараагүй зээрд халзан бага насны /байдсан гүү/ барьж өгөөд манай гадаа хийж аваад нөгөө 3 хүн ачаад явсан. Тэр адууг манай нутгийн Пүрэвээ гэх залуу унагаалцаж хамт хийсэн... Дараа нь малын тоо өнгөрсөн хойно хөх өнгийн портер машинтай жолооч нь гээд 1 залуугийн хамт ирээд хүрэн азаргатай “задгай буйлан” тамгатай адуунаас зээрд халзан байдас хээр даага байсан эр, охиныг нь хараагүй амьдаар нь ачуулсан. Машины дугаарыг сайн хараагүй “ТӨ” гэсэн үсэгтэй байсан. Өөрөө хамт суугаад явсан... 4-5 хоногийн дараа нөгөө цэнхэр портертойгоо өмнө ирсэн жолооч бас танихгүй 2 залуугийн хамт 4 болоод буцаж ирээд нөгөө хүрэн азаргатай адуунаасаа эр хул сарвай ачуулж явуулаад өөрөө үлдсэн. Манайд хоноод маргааш нь өглөө эрт мотоцикльтойгоо яваад өгсөн... Тэрнээс хойш шинэ он гарахаас өмнө эргэж ирсэн. Надад нэг халзан сарвай бэлгэнд өгнө гээд байсан. Би тэрийг нь аваагүй. Дараа нь “голтой тухай” тамгатай зээрд халзан азаргатай адуунаас цагаан үсэн тамгатай, тамганы дээд талд цаганаар “100” гэсэн тоон давхар тамгатай эр зээрд халзан сарвайг бариад уяцан надаа бэлгэнд өгсөн би одоо сарвайг нь Жаргалант сумын төвд хашаандаа адуунуудын хамт тэжээж байгаа. Өөрөөр мэдэж байгаа юм байхгүй бэлчээрээр хээрээр зардаг байсан талаар мэдэхгүй. Манай гадаа болон миний мэдэж байгаа зүйл энэ байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-20-р хуудас/

Гэрч Б.Бямбадоржийн “...Манай энд 2021 оны 10 дугаар сард адуутай ирж оторлож байгаа. Тухайн адуу нь өөрийнх нь адуу биш хүний адуу юм шиг байна лээ. Надаас 2022 оны 01 дүгээр сарын 11-нд 1 тооны соёолон азарга авсан. Тухайн адууныхаа оронд улаан буурал азаргатай 15 тоотой адуун дотор байсан хондлой цоохор хээр зүсмийн охин даага зааж өгсөн боловч би тухайн үед нь зааж өгсөн даагаа авч амжаагүй байгаад адууных нь эзэн ирээд бүх адуугаа “хоньчийн нуруу” руу аваад явсан. Би араас нь очоод даагаа авах гэсэн боловч тухайн адууг нь харж байгаа айлын хүн хэл амны нэмэр байхаа өөрийнх нь адуу биш гэсэн болохоор даагаа авалгүй буцаад ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Н.Хишигжаргалын “Би тэр хүнийг сайн таньж мэдэхгүй. Бямбадорж гэх айлд хэдэн удаа таарч байсан, нэрийг мэдэхгүй. Сураг сонсоход 500 орчим адуутай ирж өвөлжиж байгаа, өөрийн гэр орон байхгүй айлаар байдаг хүн гэж байсан. Манайд 1 удаа хонож байсан. Миний мэдэх Бямбадоржтой адууны наймаа хийсэн гэсэн оронд нь өгсөн адуу нь өөрийн адуу биш компаний маллаж байсан адуу байсан. Бямбадорж орны адуугаа авч чадаагүй гэж байсан. Өөр юм мэдэхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Б.Үнэнтөгсийн “Би “Монгол такси” ХХК-н адуучин Ч гэх хүнийг сайн мэдэхгүй. Би өнгөрсөн намар буюу 10 сард цэргээс халагдаж 11 дүгээр саын эхээр Төв аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт байх аав, ээж дээрээ Намайг ирэхэд “Монгол такси” ХХК-ний адуу гээд манай энэ хавиар байдаг байсан. Бусдаар өөр сайн таньж мэдэхгүй... “Монгол такси” ХХК-ний адууг эзэн нь гээд машинтай улсууд ирээд манай энэ хавиар байсан 50 гаран 100 хүрэхгүй адуу байсан байх би сайн мэдэхгүй байна. Бүгдийг нь бөөгнүүлээд “хоньчийн нуруу” руу аваад явсан. Тухайн үед адууг нь би болон манай урд айлын Батлай бид хоёр мориор бөөгнүүлж өгсөн. Энэ үед адуучин Ч нь байгаагүй. Цагаан үсэн “+” дээр дэгээ шиг хэлбэртэй тамгатай эрлийз хонгор азаргатай 10 гаран тооны адууг манай хонины хашаанд хашиж байгаад “81” тоо тамгатай дунд зэргийн биетэй улаан хээр гүү, мөн ижил тамгатай хамар цагаан хүрэн сарвай мөн хээр алаг азаргатай 7 тооны адууг хашиж байгаад им тамгагүй хар зүсмийн байдсыг Батлай ах авч үлдсэн. Авч үлдсэн 3 тооны адуу нь манай гэрийн хойд талын поолинд байж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р тал/,

Гэрч А.Батхишигийн “Би таньж мэднэ. Өнгөрсөн жил манай нутагт “Монгол такси” ХХК-ний адуутай ирсэн тэр цагаас хойш таньдаг болсон. Энэ жил мөн “Монгол такси” ХХК-н адуутай ирж өвөлжиж байгаа. Адуу нь 2 хэсэг байгаа гэж байсан. Нэг хэсэг нь “хоньчийн нуруу”-нд нөгөө хэсэг нь “Загдалд хонгор толгой” гэдэг газар байдаг гэсэн би бол харж үзсэн зүйл байхгүй. Цөөхөн цөөхнөөрөө олон хэсэг байдаг юм байна лээ. Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 11-нд “Монгол такси” ХХК-н захирал Баярсайхан гэх хүн утсаар яриад найз Вандансүрэн гэх хүн Жаргалант суманд ирсэн байгаа адууг бөөгнүүлээд өгчөөсэй гэж гуйсан. Тэгээд би Вандансүрэн гэх хүнтэй уулзаж Тав аймаг Жаргалант сумын “Загдал, Хонгор толгой” гэх газруудад байсан адуунуудыг нь бөөгнүүлээд Тээлийн голын гарам гаргаж өгсөн. Тухайн үед 2 хэсэг 100 хүрэхгүй тооны адуу аваад явсан. Адуунуудаа “Хоньчийн нуруу” оруулна гэж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р тал/,

Гэрч Д.Гантөмөрийн “...“Монгол такси” ХХК-ий адуучин Ч гэх хүнийг таньж мэднэ манай эхнэрийн төрсөн дүү Б.Мөнхболд гэх хүний хонийг маллаж байсан. Тэр үеэс мэддэг болсон. Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Час “хүрэн халзан зүсмийн ногооны хязаалан болох нуруун дээрээ 04 гэсэн цагаан үсэн кодтой зөв талын гуяндаа цагаан үсэн задгай буйлан тамгатай хээр зүсмийн ногоон шүдлэн байдас болох мөн ижил тамгатай нуруун дээрээ 02 гэсэн цагаан үсэн кодтой 2 тооны адууг тус бүрд нь 500 мянган төгрөгөөр буюу нийтэд нь 1 сая төгрөг аваад ирэхээр нь 800 мянган төгрөгийг нь бэлэн өгсөн. Тухайн 2 тооны адууг би өвлийн идэшиндээ хэрэглэсэн толгой болон арьсыг нь хөдөө гэрийнхээ өвөлжөөний ард тавьсан байсныг нохой идсэн байсан. Би урд өмнө Час адуу мал худалдаж авч байгаагүй энэ жил анх удаа наймаа хийж байна. Адуу худалдаж авахдаа хэний адууны талаар тодруулж асуухад энэ адуу бол миний өөрийн адуу, би хувьдаа 30 гаран тооны адуутай гэж хэлсэн болохоор нь би худалдаж авсан. Ч гэх залуу Жаргалант сумын төвд байдаг Даваадорж гэх хүнд 1 тооны адуу зарсан гэж сонссон. Мөн нэг тооны даагыг Жаргалант суманд Амараа гэх залууд сээр зохиж ялагдаад бооцоонд нь өгсөн гэж сонссон... Би адууг нь хаана байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед би Жаргалант сумын төв орчихоод ирэхэд манай хөдөө гэрийн гадаа авч ирээд уяад орхисон байсан. 2 тооны адууг. Би 200 мянган төгрөг бэлэн өгсөн. Адуугаа аваад ирэхээр нь үлдсэн 800 мянаган төгрөгийг бэлэн тоож өгсөн. Би нийт 1 сая төгрөгийг бэлэн тоолоод өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р тал/,

Гэрч Д.Мөнх-Эрдэний “...“Монгол такси” ХХК-ий адуучин Чүлтэмдагвийг танина. 2019 онд манайд анх Мулт шар гэх залуутай ирээд танилцаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Чүлтээ манай эхнэр Элбэрэлт рүү залгаад эгч нөгөө юм ирээд аваарай гэж хэлсэн. Хаанаас очиж авах юм гэтэл Төв аймгийн Жаргалант сумын хойно байх “Зөөхий”-н гарам дээр хүрээд ирээ би тосоод авъя гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Эвлэлдорж манай эхнэр Элбэрэлт бид 3 мотоциклийн сэлбэг аваад оронд нь адууны тал өгье гэж ярьсан юм. Зөөхийн гарам дээр очиход 16 цаг болж байсан байх. Чүлтээ 17 цагт ирээд Чүлтээ Зөөхийн гарам гараад зүүн журагшаа яваад нэг айлд очсон. Чүлтээ өөрөө зээрд халзан үрээг хийж өгсөн. Би хажуууд нь хараад байж байсан. Миний махалж авсан адуу хүрэн халзан адуу байсан. Тамгыг нь сайн мэдэхгүй байна. Очиход айлын гаднаас уячихсан байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р тал/,

Гэрч Э.Элбэрэлтийн “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Чүлтээ залгаад эгч нөгөө юм ирээд аваарай гэж хэлсэн. Хаанаас очиж авах юм гэтэл Төв аймгийн Жаргалант сумын хойно байх “Зөөхий”-н гарам дээр хүрээд ирээ, айлын хашаанд уячихсан би тосоод авъя гэхээр нь чи хүний адуу өгөөгүй юм байгаа биз дээ, хулгайн адуу бол авахгүй шүү гэхэд би адуу маллаж байгаа хүн өөрийн адуутай шүү дээ гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Эвлэлдорж манай нөхөр Мөнх-Эрдэнэ бид 3 Эвлэлдоржийн машинтай Төв аймаг, Цээл сумаас гарсан. Би Эвлэлдоржид адууны тал өгөх ёстой байсан юм. Зөөхийн гарам дээр очиход 16 цагт ирээд Чүлтээ, Зөөхийн гарам гараад зүүн урагшаа яваад нэг айлд очсон. Чүлтээ өөрөө зээрд халзан үрээг хийж өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43-р хуудас/

Гэрч Ж.Эвлэлдоржийн “Монгол такси” ХХК-ий адуучин Ч нь манай дэлгүүрээс мотоциклийн сэлбэг авч байсан. Зүс танихаас биш нээх сайн танихгүй. Ойр хавийн сумдын хүмүүс ирж манай дэлгүүрээс мотоциклийн сэлбэг авдаг болохоор хүмүүсийг ер нь бол танина. Мөнх-Эрдэнэ гэх хүн надаас мотоциклийн сэлбэг зээлээд 400.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Мөнх-Эрдэний эхнэр Эбэ над руу яриад мөнгөнийхөө оронд адууны тал авчихаа Мөнх-Эрдэнэтэй гурвуулаа Төв аймгийн Жаргалант сум руу яваад ирье Чүлтээ гэх хүнээс адуу авч байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед миний эзэмшлийн 81-35 УБЦ улсын дугаартай тоёота веста маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр явсан. Төв аймгийн Жаргалант сумаас хойш Зөөхийн голын гарам дээр очиход Чүлтээ бид гурвыг ирж аваад гарамнаас зүүн урагш нэг айлд очсон. Тэр айлын хашаанаас нь нэг тооны адуу уячихсан байсан бөгөөд Чүлтээ адууг гаргаад янзалж өгсөн. Тэгээд би толгой, арьсыг нь авсан. Одоо манай амбаарт байгаа эд мөрийн баримтаар өгөхөд татгалзах зүйлгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХКомпаний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Монгол Улсын иргэн Ц.Гантөмөрийн өмчлөлийн 2 толгой адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 10 дугаар сарын байдлаар 8.300.000 /найман сая гурван зуун мянган төгрөг/ болно” гэх тайлан, /хх- ийн 53-66-р тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХКомпаний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Монгол Улсын иргэн Б.Вандансүрэнгийн өмчлөлийн 6 толгой адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 10 дугаар сарын байдлаар 7.683.000 /долоон сая зургаан зуун наян гурван мянган төгрөг/ болно” гэх тайлан /хх-ийн 85-95-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Ч нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Гантөмөрт 8300 000, Б.Вандансүрэнд 7 683 000 төгрөгийн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас: шүүгдэгч С.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч С.Ч нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Увс аймаг Цагаанхайрхан 3 дугаар баг Хунт гэх газар оршин суух хаягтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Улиастай 10 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 37 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Ч-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хот, Төв аймгийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Гантөмөр нь 6.150.000 төгрөг, хохирогч Б.Вандансүрэн нь 7.033.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Ч нь хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлдэг, түүнчлэн хохирогч нарын нэхэмжилсэн хохирлын төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Ч-с 6.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Гантөмөрт, 7.033.000 төгрөгийг гаргуулж Б.Вандансүрэнд олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2234000000093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт С.Ч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Ч 7/долоон/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Ч-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Төв аймгийн нутаг дэвсгэрээс явахаар тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-с 6.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Гантөмөрт, 7.033.000 төгрөгийг гаргуулж Б.Вандансүрэнд тус тус олгосугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шзатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ч-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ