| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0175/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/202 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Ж.У-т холбогдох эрүүгийн 2234000000095 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо, Баянгол 38-2 тоотод оршин суух хаягтай урьд 1 ял шийтгэхлтэй , регистрийн дугаартай, Б овогт Ж.У ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Соёмбо хотхон 1-17 тоотод 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У.Алтан-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж түүний зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Соёмбо хотхон 1-17 тоотод 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У.Алтан-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж түүний зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2234000000095 дугаартай хэрэгт авагдсан
Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №521 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-ийн 02 тал/, Хэргийн газарт 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийсэн “...Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн Соёмбо хотхоны 1-17 тоотод орж үзлэгийг эхлүүлэхэд хойшоо харсан хаалгатай үүдэндээ хананы толь хажуу талд хаалга байх ба нээж үзэхэд угаалтуур ариун цэврийн өрөө байв. Шалны дээр цэнхэр өнгийн хивсэн дээр дэлгэсэн түүний хойд талын зүүн ирмэг хэсэгт улаан өнгийн цус мэт толбо үүссэн түүнээс криминалистикийн мэргэжилтнээр шинжилгээнд хүргүүлэхээр биологийн дээж авахуулав. Тус дэвсгэр дээр жижиг цэглэсэн хэлбэрийн цус мэт толбо үүссэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Хойд талын хананд телевизор түүний зүүн доод талд ханан дээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжилгээнд хүргүүлэхээр биологийн дээж авав. Үзлэгийг үргэлжлүүлэн 1 давхарт ирэхэд коридор хэсэгт шалан дээр 2 хэсэг газарт улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон наалдаж хатсан байснаас дээж авч гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 тал/,
Хохирогч У.Алтан-Эрдэний “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үеэл ах Түвшинтөгсийн хүүхдийн үсний цайллагад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Соёмбо хотхоны 1-17 тоотод очиж оролцсон тэнд Түвшинтөгсийн найзууд болон, эхнэрийн найзууд нь хүрэлцэн ирсэн байсан. Ингээд архи, пиво ууж найрлаж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Дөлгөөнмөрөн эхнэртэйгээ ирсэн ингээд удаагүй байтал У гэх залуу намайг хамт гарч тамхи татья гэсэн бид хоёр хоёулаа л нэлээд согтоцгоосон байсан. Гэхдээ биеэ хянах бүрэн чадвартай, болж байгаа үйл явдлыг бүрэн хянаж ойлгож байсан ингээд бид хоёр коридорт гарсан. У ерөнхийдөө надад хандаж чи сагс тоглодог юмуу би сагс тоглодог чи аль багт тоголдог вэ? Танай багийн 2 бацаан чинь манай бацаанууд гэх зэргээр байн байн надад хандаж иймэрхүү зүйл яриад, мөн зуны амралтаараа чи ямар ажил хийдэг вэ над дээр ирж барилгын туслах ажилтан хийж болно гэх зэргээр намайг доромжилж үл тоосон байдал гаргаад байхаар нь би ерөнхийдөө тухайн хүний яриаг тоохгүй харьцахгүй зайгаа барьж байсан.Тэгээд гараад би зүгээр тамхи татах юм миний хамарнаас цус гарсан тэгтэл дахиад нэг удаа гараараа шанаа руу цохиод авахаар нь би дахиад цохиулахгүйн тулд хөдөлгөөнийг нь хаах зорилготой гарыг нь хориглож хувцаснаас нь хоёр гараараа барих үед Мөнхбаатар гэх залуу бид хоёрыг араас энэ үед бууж ирээд шууд боль гээд бид хоёрын дундуур ороод салгах гээд хорихоор нь би Уыг гараараа цохих гэсэн боловч хальт цохиод Мөнхбаатарын хамрын цохичихсон. Тэгтэл Мөнхбаатарын хамарнаас цус гарсан тэгээд л би зугтаад дээшээ 5 давхар руу орсон. ...би ороод телевизорын хажуу талд хуванцар сандал дээр сууж байхад гаднаас У шууд орж ирээд үгийн зөрүүгүй миний зүүн талын хөмсөгний орчимд өшиглөчихсөн. У гараад явсан. Самбуу, Түвшинтөгс хоёр Утай уулзах гээд араас нь гарсан....Тэгээд цагдаа ирж шалгалтын ажиллагаа эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,
Гэрч Б.Баянбилэгийн “...Тэгтэл нэг мэдэхэд Алтан-Эрдэнэ телевизорын урд талд газар унасан бололтой босож байгаа харагдсан тэхээр нь ойртож очоод хартал хөмсөг нь сэтэрчихсэн цус гоожиж байхаар нь 00-руу орж алчуур авчирч өгөөд цусыг нь даруулсан. Хажуу талд нь Ундрам байсан. Гэтэл Ундрам надад хандаж Ууган-Эрдэнэ сая Алтан-Эрдэний хөмсгийг цохиод цус гаргачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч Г.Оюун-Эрдэний “...Алтан-Эрдэнэ хэзээ ороод ирснийг нь мэдэхгүй нэг мэдэхэд телевизорын хажууд хацрыг нь дагаад цус гоожоод байсан ингээд Алтан- Эрдэнэ гараад явчхсан тэгэхээр нь Түвшинтөгсөөс Аптан-Эрдэнэ яачхсан юм бэ гэж асуухад нүд нь сохорчхсон байна гэж надад хэлсэн тэгээд Самбуу над дээр ирээд буугаад хараач дээ арай дэндүү болгочихсон байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-15 тал/,
Гэрч Б.Түвшинтөгсийн “... У, Алтан-Эрдэнэ хоёр гэрт байхдаа сагсан бөмбөгийн талаар яриад хамтдаа тамхи татах гээд коридорруу гэрээс гарсан...тэгтэл Алтан-Эрдэнэ баруун нүдний дээд хэсгээс цус гарчихсан гэрт орж ирсэн энэ үед У, Мөнхбаатар, Оюун-Эрдэнэ нар байсан. Аптан-Эрдэнэ орж ирээд ахаа нүд сохолчихлоо шүү дээ гэхээр нь хэн яасан юм бэ гэсэн чинь У намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Г.Дөлгөөнмөрөнгийн “...тэгтэл Алтан-Эрдэнэ гаднаас орж ирэхдээ би зодуулчихлаа шүү дээ гээд ....... эхнэр бид хоёр хүүхдийг тэврээд аргадаад байж байсан энэ үед У эргэж орж ирээд Алтан-Эрдэнэ телевизорын хажуу талын хуванцар цэнхэр сандал дээр доошоо тонгойгоод сууж байхад У үгийн зөрүүгүй хөмсөг, нүүр хэсэг рүү нь шууд өшиглөсөн ингээд л Аптан-Эрдэнэ сандлаасаа шууд урагшаа хивсэнцэр дээр унасан, босож ирэхдээ нилээн манралттай баруун хөмсөгний дээд талаас нь хөмсөг нь задраад тэр хавиар цус гоожуулаад энэ үед Самбуу, Утай барилцаж аваад чи яаж байгаа юм бэ гээд хүмүүс бас тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч О.Мөнхнямын “... Алтан-Эрдэнэ сандал дээр сууж байхад У хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн. Тэгтэл Алтан-Эрдэнэ манарсан байдалтай гараараа газар тулахгүй шууд нүүрээрээ хивсэнцэрийн булан дээр унаад босож ирэхдээ баруун хөмсөгний дээд талаас нь цус гарчихсан босч ирээд бид нар цусыг нь тогтоох гээд алчуураар дарж хүйтэн жин тавьсан энэ үед Ууган-Эрдэнэ цагдаа дуудна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Э.Мөнхбаатарын "... тэгтэл Алтан-Эрдэнэ, У хоёр нэгнийгээ заамдалцаад коридорт зогсож байхаар нь би больцгоо гээд дундуур нь ороод салгасан тэгтэл Аптан-Эрдэнэ Уыг цохих гээд гараараа савхад миний хамрыг шүргээд гарсан тэгтэл миний хамарнаас бага зэрэг цус гарсан тэгтэл Оюун-Эрдэнэ, Уыг аваад тэр хоёр салсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч Г.Самбуугийн “... гаднаас У орж ирээд сандал дээр Алтан- Эрдэнийг сууж байхад нүүр тус газарт нь нэг удаа өшиглөсөн ингээд Алтан-Эрдэнэ урагшаа нүүрээ дарж хивсэнцэр дээр унаад босож ирэхдээ хөмсөгнөөс нь цус гарчихсан босож ирсэн ингээд бид нар цусыг нь тоггоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Гэрч О.Тэмүүлэнгийн “...тэгтэл Аптан-Эрдэнэ сандал дээр телевизорын хажууд сууж байсан тэгтэл У хүрч ирээд Алтан-Эрдэнийг өшиглөх шиг болсон тэгтэл тэнд байсан хүмүүс босч очоод бөөндөө Уыг салгаад хойшоо болгоод хорьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №112 дугаартай “...У.Алтан-Эрдэний биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун, зүүн, тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ж.У нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Алтан-Эрдэнэтэй эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Ж.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо, Баянгол 38-2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 30 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч У.Алтан-Эрдэнэ шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хохирлоо Иргэний хэрэг шүүхээр жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж мэдэгдсэн байна.
Хавтас хэргийг судлахад хэрэгт хохирлын баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос ирүүлсэн хохирлын баримт байхгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.
Харин хохирогч У.Алтан-Эрдэнийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2234000000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ж.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У.ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У.т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч У.Алтан-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У.т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.У.т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ