Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Н.У-т холбогдох эрүүгийн 2134000000301 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, ээж, дүү, ах хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймаг Жаргалант сумын 3 дугаар баг 2-16 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас алдарт эрхий 2 дугаар одонгоор шагнуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, . регистрийн дугаартай, С. овогт Н. У,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.У нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхонд байрлах зочид буудалд Д.Баярчулуунтай хамт архи ууж байгаад Д.Баярчулууныг унтсаны дараа түүний эзэмшлийн 16-99 УБЦ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Н.У нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Хөгжил хотхонд байрлах зочид буудалд Д.Баярчулуунтай хамт архи ууж байгаад Д.Баярчулууныг унтсаны дараа түүний эзэмшлийн 16-99 УБЦ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2134000000301 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Д.Баярчулууны “Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт 10 цагт ирж найз болох Энхбат, Оюунболд нарын хамт уулзан Энхбатын гэр болох 5 дугаар баг 6-17 тоот гэрт нь 1 шил архи хувааж ууж сууж байтал Оюунболдын найз болох У нь орж ирээд цуг сууж байгаад өдөр 13 цагийн үед Утэй Хөгжил хотхоны хажуу талд байрлах Зочид буудалд ирж 1 шил архи ууж суусан. 14 цагийн үед би архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан болохоор унтаж амарсан байсан. Тэгээд би 17 цагийн үед сэрэхэд У байхгүй байсан, гадаа гараад хартал миний машин байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би У гэх хүний сайн танихгүй. Тухайн үед найзындаа байхад танилцаж цуг зочид буудал руу явсан. ...би машиныхаа түлхүүрийг орон дээр тавиад малгайгаа дээр нь тавьсан байсан. Миний машин дотор түрийвч, 150.000 төгрөг, банкны карт иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт, Samsung А31 маркийн гар утас, кен брэндийн жижиг таслагч машин, батериатай прилл” зэрэг байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 07-08 тал/,

Г.Баярчулууны хохирогчоор дахин өгсөн “... 16 цагийн үед сэрэхэд У байхгүй байсан, би гайхаад гараад хартал миний машин байхгүй болсон байсан. Буцаад зочид буудалд ороход миний унтсан орон дээр “чи миний амьдралын очя гэж цаасан дээр бичиж хажуу талд нь 86033831, 86683831 гэсэн утасны дуаартай цуг Уранзаяа гэж бичсэн байсан. Би тэр зочид буудлаас гараад дүүгээ дуудан уг цаасан дээр бичсэн дугаар луу залгахад “үл таних залуу” тийм хүн байхгүй ээ гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч Л.Оюунболдын “ ... 2021 оны 08 дугаар сарын эхээр У, Баярчулуун өөр бас нэг хүн байсан бид нар тухайн өдөр архи ууцгаасан ба нилээн согтуу байсан бараг тасарсан байсан. Бид нар тухайн үедээ гэр гэр лүүгээ явцгаасан миний мэдэхээр Баярчулуун, У хоёр хамт явсан юм шиг байсан. Маргааш нь У намайг гэртээ согтуу байж байх үед саарал өнгийн приус-30 маркийн машинтай ирээд Баярчулуун ах чамайг аваад гээд гэж явуулсан гээл би урд нь суугаад тухайн үед Улаанбаатар хот Яармаг гэх газарт очсон. Би У яагаад тийшээ явсан талаар мэдэхгүй байна. ...яармагийн голд суугаад нэг хоносон, маргааш нь машинаар чирүүлж гараад удалгүй машин нь асахаа болиод бензингүй болоод дахиж 1 хоноод маргааш нь Төв аймаг ороод Баярчулуунд машиныг нь авч очиж өгөөд уулзсан” гэх мэдүүлэг/хх-12 тал/,

Н.Уийн гэрчээр өгсөн “Би 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр найз болох Оюунболдын хамт гэрт нь унтаж байтал Баярчулууны хамт Энхбат гэдэг хүн хамт орж ирэн та 2 босоод ирээ 1 шил архи ууя гэсэн. Тэгээд бид хэд Энхбатын гэрт очиж 1 шил архи уусан, тэгээд Баярчулуун бид 2 Зүүндэлгэр 4 дүгээр багт байх айлд очиж өрөм тараг аваад ирье гэж хэлээд гарч явсан. Тэнд очих айлаа олохгүй машинд унтаж амарсан, маргааш өглөө нь 07 цагийн үед 5-р багт байрлах дэлгүүр орж 0.75 хараа нэртэй архи 2 ширхэг ундаа, 2 хайрцаг тамхи аваад Энхбат ахын гэрт очсон. Энхбат ахын гэрт очиж авсан архиа ууж сууж байгаад 08 цагийн үед Баярчулуун бид 2 төв орсон, тэгээд эмийн сан орж Баярчулуун өөртөө эм авсан. Тэгээд 2-лаа ... Номт 1-р багт байрлах Хөгжил хотхоны хажууд байдаг зочид буудал орсон. Бид 2 зочид буудал дотроо орж 1 шил архи ууж байгаад би Баярчулууны машины түлхүүрийг авч гаран 5-р баг ороод Оюунболд, Энхбат хоёрыг аваад ирэх байсан боловч Оюунболд 2-лаа Улаанбаатар хот Цайз 16 ороод хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд бид 2 Улаанбаатар хот орсон. Би Улаанбаатар хот Цайз 16 орж хүнтэй уулзаад буцаад явж байх замдаа Хан-Уул дүүрэг яармаг гэх газар 2 найз дээрээ очин уулзаж гол орж 2 шил архи уучихаад тэндээ хоносон. ... 08 дугаар сарын 05-ны өдөр 06 цаг 25 минутын үед Зуунмод суманд орж ирсэн. Би гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ сайн мэдэж байна, буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/хх-15-16 тал/,

Хохирогч Д.Баярчулууны Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-02 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ын гаргасан шинжээчийн дүгнэлт/хх-19-25 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.У нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлээр хохирогч Д.Баярчулууны эзэмшлийн 16-99 УБЦ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.У.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Н.У.т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг  тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Борнуур суманд ам бүл 8, ээж, ах, дүү, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд хэрэгт авагдсан, одоо 30 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Ут Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй үлдсэн байх тул уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Д.Баярчулуунд 16-99 УБЦ улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

Харин хохирогчийн 635000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Уийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Н.У-ийг бусдын эд хөрөнгийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У.ийг 400/дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Хан-Уул дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 648 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.У ийн цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож эдлэх ялаас хасаж түүний эдлэх ялыг 592 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У.т оногдуулсан 592/таван зуун ерэн хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

                                               

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Баярчулууны 635000 төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ут урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ