Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ДШМ/58

 

Х.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

  Прокурор                                                   Б.Догмиддорж

  Шүүгдэгч                                                    Х.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бийн давж заалдах гомдлоор Х.Бд холбогдох эрүүгийн 1821002810251 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт Хийн Б, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн “Цайдамын нуур” гэх газраас иргэн Л.Бгийн хоёр тооны хонийг хулгайлж, 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч Х.Бийг “бусдын малыг хулгайлсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч И овогт Хгийн Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

5/ Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

6/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг. Миний дүү болох Г овогтой Б нь 70 хувийн сэтгэцийн өөрчлөлттэй гэх эмчийн дүгнэлтээр хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд байдаг. Миний ээж Д.Ц нь ажил хийх боломжгүй дүүгийн минь асран хамгаалагчаар гэртээ байдаг. Иймд ээж, дүү хоёрыг минь надаас өөр асарч хамгаалах, ажил хийж авч явах чадвартай хүн байхгүй учраас энэ байдлыг харгалзан үзэж 6 сарын хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Бийн тухайд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Учир нь шүүгдэгч Х.Б нь мал хулгайлах зорилгоор аймгийн төвөөс такси бариад мал хардаг айлдаа очоод мал хулгайлсан. Тэр үед нөгөө машин нь явсан учраас 2 хонио авах боломжгүй болсон. Энэ гэмт хэргийг үйлдсэнээсээ хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тухайн үед Х.Бид хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байсан. Хугацаа алдсан. Сүүлд өөрөө ирсэн. Миний авсан мэдээллээр Сэлэнгэ аймагт ажил хийж байгаад ирсэн гэж байгаа. Ирсэн даруйд нь прокуророос хойшлуулшгүй ажиллагаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Х.Б нь хэдийгээр өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрдөг боловч хувийн байдлыг нь авч үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ би маш их гэмшиж байна. Энд сууж байх хугацаандаа бүрэн ухаарсан. Манай ар гэрийн байдал хүндхэн болчихоод байгаа болохоор тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн “Цайдамын нуур” гэх газраас иргэн Л.Бгийн хоёр тооны хонийг хулгайлж, 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.Бгийн мэдүүлэг, гэрч М.Нийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 Шүүх тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байх тул хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгч Х.Бийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Х.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Бийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                          

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР