Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0273

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Л.Б, хариуцагч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.У, нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Э, С.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1.“М” ХХК нь “К” ХХК-с ашигт малтмалын нөөц мэдээ, мэдээлэл худалдан авч, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасан журмын дагуу “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ” байгуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг уг компаниас шилжүүлж авсан... “К” ХХК нь “М” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу эрх борлуулаагүй, зөвхөн тусгай зөвшөөрөлд холбогдох бэлтгэгдсэн нөөц мэдээ, мэдээлэл буюу “К” ХХК-ийн өөрийн өмчлөлийн хөрөнгөө борлуулсан... тэрээр хөрөнгө борлуулсны орлогоос албан татвараа төлж, тайлагнах үүрэгтэй. Энэ үүргийг хөрөнгө худалдан авагч “М” ХХК-д ямар нэгэн байдлаар хуулиар хамааруулаагүй. Иймд татварын улсын байцаагчийн 2012 оны 12-р сарын 05-ны өдрийн 253496 тоот актын “В” хэсэг дэх эрх борлуулсны орлогод ногдох 26.344.100 төгрөгийн нөхөн татвар, 7.903.200 төгрөгийн торгууль, 13.172.100 төгрөгийн алданги, нийт 47.419.400 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй.

2...“М” ХХК нь “Э” ХХК-тай 2009 оны 03-р сарын 04-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу олсон орлогод үндэслэн харьяалах татварын албандаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг татварын албанаас хянан үзээд... 2009 оны 05-р сарын 12-ны өдөр бүртгэн, 0016752 тоот гэрчилгээг олгосон... Тухайн үед шүүхийн шийдвэр гараагүй, манай борлуулалтын орлого нь хөрөнгө оруулах, ашиг хуваах ажиллагаанаас олсон орлого болохыг харьяа татварын алба хүлээн зөвшөөрч тооцон, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болгосон нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн үйлдэл биш... Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр хасагдах хүртэлх хугацааны 75.918.9 мянган төгрөгийг төлж...хуулийн дагуу тайлагнан баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд татварын улсын байцаагчийн 2012 оны 12-р сарын 05-ны өдрийн 253496 тоот актын тогтоох хэсгийн “В”, “Г” дэх хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Э, С.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...“М” ХХК-ийн 2008-2011 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж, ...2012 оны 12-р сарын 05-ны өдөр 253496 тоот актаар 979127.5 мянган төгрөгийн зөрчилд 26.344.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 7.903.2 мянган төгрөгийн торгууль, 13.172.1 мянган төгрөгийн алданги, нийт 47.419.4 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан. “М” ХХК нь “К” ХХК-тай 2009 оны 12-р сарын 10-ны өдөр “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх” гэрээ байгуулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг зөрчсөн... 2009 оны 12-р сарын 11-ний өдөр “М” ХХК-ийн “К” ХХК-тай хийсэн “Ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөц мэдээ, мэдээлэл шилжүүлэх” гэрээ нь ...дээрх гэрээнээс нэг өдрийн дараа байгуулагдсан байдаг. “М” ХХК нь 2009 оны 2-р улиралд сар бүр 30.000 ам.долларыг хөрөнгө оруулалт болгон “Э” ХХК-д шилжүүлэн сарын эцэст борлуулалтын ашигт 7.100 ам.доллар, мөн оруулсан хөрөнгө болох 30.000 ам.долларын хамт авахаар тохирч гэрээ байгуулан ажилласан. Сар бүр олох 7.100 ам.долларын орлогыг тус компани хөрөнгө оруулах, ашиг хуваах ажиллагаанаас олсон орлого гэж тайлагнан НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан... үндсэн төлбөр дээр ашиг олсноос үл хамааран сар бүр тогтмол орлого олгохоор заасан нь зээлийн хүүгийн орлого мөн болохыг нотолж байгаа учраас НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн нь хуулийн үндэслэлгүй... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 21 дүгээр зүйлийн 21.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 253496 тоот актын тогтоох хэсгийн “В”, “Г” дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б давж заалдах гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ААНОАТ-ын тухай хуулийн 4.1.6, 21.5 дахь заалтыг тус тус баримталсан... Дээрх хуулийн заалтуудыг баримтлахдаа чухам ямар хуулийн заалтыг баримтлан хайгуулын тусгай зөвшөөрөл буюу эрх борлуулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хүчин төгөлдөр бус гэрээний хуулбарыг баримтлан шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан. Харин Ашигт малтмалын газраас ирүүлсэн нотлох баримт болох 2009 оны 12-р сарын 24-ний өдөр “М” ХХК /гэрээ байгуулах үед “М” ХХК-ийн оноосон нэр “Л” ХХК гэсэн нэртэй байсан/ “К” ХХК-ийн хооронд хуулийн шаардлага хангасан “Ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөц мэдээ, мэдээлэл шилжүүлэх гэрээ”- ний дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хайгуулын мэдээлэл, түүний дотор бүх тайлан, бичиг баримт, техникийн мэдээлэл, газрын зургуудыг “К” ХХК-с “М” ХХК худалдан авч, уг гэрээг үндэслэн Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-49.6 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг “К” ХХК-с “М” ХХК-д шилжүүлснийг шүүх үнэлээгүй.

Хэрэв шүүх хуулийн шаардлага хангасан 2009 оны 12-р сарын 24-ний өдрийн “Ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөц мэдээ, мэдээлэл шилжүүлэх гэрээ”-г нотлох баримтаар үнэлсэн бол ААНОАТ-ын тухай хуулийн 10.1.2, 16.9, 17.1, 21.1, 21.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу “К” ХХК нь хөдлөх эд хөрөнгө болох ойролцоогоор 6.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх Геологи хайгуулын ажлын хэмжээ нь “М” нэгдлийн хайгуулын ангийн хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд 3.7 тэрбум төгрөгөөр хийгдсэн бөгөөд Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолын 2-р хавсралтад заасан журмын дагуу 6.2 тэрбум төгрөг болж байна) хайгуулын мэдээлэл, түүний дотор бүх тайлан, бичиг баримт, техникийн мэдээлэл, газрын зургуудыг 30.000 ам.доллароор үнэлэн борлуулсан орлогоо өөрөө тодорхойлж, харьяалах татварын албандаа хариуцан төлөх үүрэг хүлээж байгаа. Дээрх үндэслэлд дурдсанаар шүүх шүүхийн шийдвэр гаргахдаа ААНОАТ-ын тухай хуулийн 4.1.6, 21.5 дахь заалтыг бус ААНОА-ын тухай хуулийн 10.1.2, 16.9, 17.1, 21.1, 21.4 дэх хэсэгт тус тус заалтуудыг баримтлах ёстой бөгөөд нотлох баримтыг буруу үнэлснээс болж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо НӨАТ-ын тухай хуулийн 6.2 дахь заалтыг баримталсан. Уг заалтад “Харьяалах татварын алба нь энэ хуулийн 7.1.3 болон 13 дугаар зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно” гэсэн байдаг. Харин ч энэ заалтын дагуу “М” ХХК нь “Э” ХХК-тай 2009 оны 03-р сарын 04-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу олсон орлогод үндэслэн харьяалах татварын албандаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг татварын албанаас хянан үзээд манай компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх үндэслэлтэй гэж үзэн 2009 оны 05-р сарын 12-ны өдөр бүртгэн авч 0016752 тоот гэрчилгээг олгосон.

Шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 10-р хуудасны 2 дахь догол мөрөнд “Э” ХХК-тай 2009 оны 03-р сарын 04-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2011 оны 03-р сарын 01-ний өдрийн 564 дүгээр шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний шинжтэй гэж үзсэн байх тул тус гэрээнээс олсон орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6.5-д заасан орлогоор тодорхойлогдох тул мөн хуулийн 7.1.3 болон 13 дугаар зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэлгүй байсан гэжээ.

Харин нэхэмжлэгчийн “Э” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” нь 2009 оны 03-р сарын 04-ний өдөр байгуулагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн 564 дүгээр шийдвэр нь 2011 оны 03-р сарын 01-ний өдөр гарсан байдаг. Хууль зүйн фактын хувьд шүүхийн шийдвэр гарахаас хоёр жилийн өмнө гэрээнд оролцогч талуудын хэн аль нь, түүнчлэн татварын байгууллага хүртэл 2009 оны 03-р сарын 04-ний өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ”-г бараа, бүтээгдэхүүн борлуулснаас олсон орлого гэж үзэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2009 оны 05-р сарын 12-ны өдөр бүртгүүлж, бүртгэн авсан байна. Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж авах үед Баянзүрх дүүргийн 564 дүгээр шүүхийн шийдвэр гараагүй, хэн ч тухайн үед хүчин төгөлдөр байсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г зээлийн гэрээний шинжийг агуулсан байна гэж тогтоох боломжгүй байсан. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан нөхцөл журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ирээдүйд болох зүйлийг зөгнөж буй мэтээр “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэлгүй байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан, тухайн үед болж байсан үйл явдал, хууль зүйн фактыг зөв дүгнээгүй байна.

  1. Шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 8-р хуудасны 2 дахь догол мөрөнд “...мөн “Л” ХХК, “К” ХХК нарын хооронд 2009 оны 12-р сарын 11-ний өдөр байгуулсан “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ”-ний 1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 4646А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ Л-д эргэлт буцалтгүй нөхцөлөөр нэг зуун хувиар, төлбөрийг нийт 70000 ам.доллароор тохирон доорх хуваарийн дагуу худалдан шилжүүлж байна” гэж тус тус зааснаас үзэхэд “К” ХХК нь 4646А тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ “Л” ХХК-нд худалдсан нь тогтоогдож байна” гэжээ.

Дээрх мөрний эхэнд 2009 оны 12-р сарын 24-ний өдрийн “Ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөц мэдээ, мэдээлэл шилжүүлэх гэрээ"-р геологийн мэдээ, мэдээлэл худалдан авч, гэрээний 30.000 ам.доллар гэж зөв дүгнэсэн боловч шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлэн шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэл болгожээ. 1 дүгээрт, шүүхийн шийдвэрт дурдаад буй “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ”-г “Л” ХХК, “К” ХХК нар 2009 оны 12-р сарын 11-ний өдөр байгуулаагүй. Харин хавтаст хэрэгт хуулийн шаардлага хангаагүй, хуулбараар хавсаргагдсан “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ” нь 2009 оны 12-р сарын 10-ны өдөр байгуулсан байдаг. Гэхдээ гэрээнд оролцогч талуудын тухайн үед байгуулж байсан гэрээ нь хууль зөрчсөн байсан тул тухайн гэрээг хэрэглээгүй буюу уг гэрээг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй нь Ашигт малтмалын газраас ирүүлсэн баримтуудаас тод харагдаж байдаг. 2 дугаарт, 2009 оны 12-р сарын 10-ны өдөр байгуулсан гэх “Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэрээ” нь хуулийн шаардлага хангаагүй хуулбараар хэрэгт авагдсан, эдгээр гэрээний хуулбаруудыг нотлох баримтуудаас хасуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны үеэр гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэлгүй орхисон байтлаа хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн нь процессын ноцтой алдаа гаргасан.

  1. Анхан шатны шүүх хуралдаан 2014 оны 04-р сарын 22-ны өдөр хуралдаж шүүхийн шийдвэр гаргасан байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтыг зөрчин шүүхийн шийдвэрт 2014 оны 05-р сарын 27-ны өдөр гэж огноо тавьсан нь процессын ноцтой алдаа юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн шаардлага хангаагүй баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэснээс гадна, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс “М” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Э, С.Ц нарын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 253496 тоот актын “В” болон “Г” хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй “тус компани тусгай зөвшөөрөл худалдан аваагүй, харин Ашигт малтмалын бэлтгэгдсэн мэдээ, мэдээлэл шилжүүлэх гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан” гэж, хариуцагчаас “К” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу эрх борлуулсан, “М” ХХК суутгагчийн үүргээ биелүүлээгүй” гэж тус тус маргаж байна.

Шүүх “нэхэмжлэгч компани... “К” ХХК-н хооронд 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-ний 1- д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 4646А тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ Л-д эргэлт буцалтгүй нөхцөлөөр нэг зуун хувиар, төлбөрийг нийт 70.000 ам.доллароор тохирон доорх хуваарийн дагуу худалдан шилжүүлж байна” гэж тус тус зааснаас үзэхэд “К” ХХК нь 4646А тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ “Л” ХХК-д худалдсан нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж татварын улсын байцаагчийн актын “В” хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Ингэхдээ хэргийн 1-р хавтасны 63-65 дугаар хуудсанд авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болон “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

“Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх замаар зээлийн төлбөрийг барагдуулах гэрээ”-ний хуулбараас үзэхэд гэрээг 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойрогт оршин байх 124 дугаартай нотариатч н.О гэрчилж 1403 дугаарт бүртгэжээ.

Үүнээс үзэхэд шүүх Нотариатчидын танхим эсхүл түүний архивд хандаж дээрх гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан авах бүрэн боломжтой байхад “...Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх замаар зээлийн төлбөрийг барагдуулах гэрээ...”-г нотлох баримтын шаардлага хангуулан өгөхийг нэхэмжлэгч талаас удаа дараа шаардсан боловч өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна.

Дээр дурдсанаас гадна хавтаст хэргийн 56, 164-166 дугаар хуудсанд хуулийн шаардлага хангаагүй баримтууд авагдсан байна. Шүүх тухайн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзвэл хуульд заасан шаардлагыг хангуулан авах нь зүйтэй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

 

                                                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                                            Э.ЗОРИГТБААТАР