Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00203

 

 “Д А Г”ХХК, “Н И”ХХК, Ц.С

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00668 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 846 дугаар магадлалтай,

“Д А Г”ХХК, “Н И”ХХК, Ц.Снарын нэхэмжлэлтэй

Б.Эт холбогдох

Газар эзэмших эрхийг “Д А Г”ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, гэрээний үүрэгт 41 921 239 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-ийн 14 дэх хэсэг буюу газар шилжүүлэх тохиролцоог хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Сын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Н И”ХХК, “Д А Г”ХХК-ийн төлөөлөгч Ц.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д А Г”ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах 1 835 м.кв талбай бүхий газарт гол үйл ажиллагаагаа явуулдаг. “Н И”ХХК-ийн захирал Ц.С2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Д А Г”ХХК-ийн захирал Б.Этэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Д А Г”ХХК-ийг 100 хувь худалдан авсан. Компанийн нийт үнэлгээ 1 200 000 000 төгрөг байсныг харилцан тохиролцож гэрээний 2.1-д зааснаар 800 000 000 төгрөг болгосон. Уг газрыг барьцаалж Б.Э нь “Д А Г”ХХК-ийн нэр дээр Голомт банкны зээл авсан байсныг Ц.Снь Голомт банкнаас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 250 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 650 000 000 төгрөгийн зээл авч “Д А Г”ХХК-ийн Голомт банкин дахь өрийг дарсан. Гэтэл хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заагдсан жагсаалтын 14-т бичигдсэн 1 835 м.кв газрыг компанийн нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Голомт банк нь уг барьцаалбарыг чөлөөлж өгөхгүй манай компанийн эрх ашгийг хөндөж байна. Мөн Ц.Снь “Д А Г”ХХК-ийн захирал Б.Этэй 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, “Д А Г”ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авсан. Гэрээний 3.1.1-д татварын байгууллагад төлөх өр төлбөр 12 557 846 төгрөг, 3.1.2-д Нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлийн өр төлбөр 22 525 967.26 төгрөг, 3.1.3-д Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д төлөх 3 171 126 төгрөг, 3.1.4-д газрын төлбөр 3 666 300 төгрөгийг тус тус худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан тул нийт 41 921 239 төгрөгийг Б.Э төлөх үүрэгтэй. Иймд газар эзэмших эрхийг “Д А Г”ХХК-д шилжүүлэхийг Б.Эт даалгаж, гэрээний үүрэгт 41 921 239 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, энэ хэлцлийн үндсэн дээр дараагийн хэлцлүүд хийгдсэн, гэрээ хүчин төгөлдөр гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Лакс ХХК-д гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Засгийн газраас Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх Лакс ХХК-д 4 000 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарснаас хойш “Н И”ХХК-ийн захирал Ц.Снь хамтран ажиллахаар болсон. Бид зээлийн мөнгийг авч хамтран ажиллах талаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр санамж гэрээ байгуулж, улмаар мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн ноос, ноолуур самнах, хялгас ялгах үйл ажиллагаа эрхэлдэг “Д А Г”ХХК-ийг би Ц.Ст 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худалдахаар гэрээ байгуулсан. Уг гэрээ хэрэгжилтийн явцад асуудлууд тулгарсан тул 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулсан. “Д А Г”ХХК-ийг худалдсаны дараа хөнгөлттэй зээлийн хөрөнгийг эргэлтийн хөрөнгөд оруулан түүхий эдийг боловсруулан экспортод гарган тус компанийг ажиллуулж компаниас олох ашиг болон Голомт банктай хийсэн гурван талт гэрээний дагуу олгогдох 2 тэрбум төгрөгийн ашиглалтаас гарах ашиг орлогыг 50:50 хувиар хүртэх талаар харилцан тохиролцсон. Ц.Снь компанийг шилжүүлэн авсны дараагаар Лакс ХХК-ийн нэр дээр олгогдсон хөнгөлөлттэй зээлийг шилжүүлэн аваад зээлийн зарцуулалт, ашиг орлогоо гэрээний дагуу тайлагнаагүй, хамтран ажиллаагүй бөгөөд гэрээний хавсралтад байхгүй Лакс ХХК-ийн тоног төхөөрөмжийг үйлдвэрээс дур мэдэн авч, 149 000 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. Нэхэмжлэгч Ц.Снь миний 149 000 000 төгрөгийн хөрөнгийг буцаан өгвөл нэхэмжилж байгаа 49 921 239 төлбөрийг төлж болно. Нөгөөтэйгүүр худалдах, худалдан авах гэрээгээр компанийн эд хөрөнгө худалдахтай холбоотой харилцааг зохицуулсан болохоос хувийн эзэмшлийн газар худалдах харилцааг зохицуулаагүй. Ц.Снь намайг хууран мэхлэх замаар миний хувийн эзэмшлийн газрыг гэрээний хавсралтад оруулсныг түүний нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн. Тэгээд ч “Д А Г”ХХК-ийн эзэмшилд 1820 м.кв газар байгаагүй. Иймд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хавсралтын 14-т заасан тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00668 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, Б.Эээс 41 921 239 төгрөгийг гаргуулан Ц.Ст олгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 00000000000000дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн, 1 835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг “Д А Г”ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг Б.Эт даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүрэг үүсээгүй тул хариуцагч Б.Эт холбогдох, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 00000000000000дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн, 1 835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах, 41 921 239 төгрөг гаргуулах тухай “Н И”ХХК, “Д А Г”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 00000000000000дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн, 1 835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээний хавсралтын 14-т бичигдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Ц.С, “Н И”ХХК, “Д А Г”ХХК-иудад холбогдох Б.Эийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Саас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437.760 төгрөгийг, хариуцагч Б.Эээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Н И”ХХК, “Д А Г”ХХК-иудаас тус бүр 437 760 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Эээс 437 760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ст олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 846 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Схяналтын гомдолдоо: Магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Магадлалын хянавал хэсэгт: ...хариуцагч Б.Эт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Д А Г”ХХК, “Н И”ХХК, Ц.Снарын дээрх шаардлага нь нэг шаардлагыг хамтран гаргасан эсхүл иргэн, хуулийн этгээдийн хувиар тус тусдаа шаардлага гаргаж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ... гэжээ. Энэхүү 3 нэхэмжлэгч нь нэг шаардлагыг хамтран гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нийцэж байгааг давж заалдах шатны шүүх буруутгаж байгаа нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай тодруулсан ба энэ шүүх хуралдааны тэмдэглэлд хангалттай тусгагдсан. 2. Магадлалын хянавал хэсэгт: ...нэхэмжлэгч “Д А Г”ХХК, “Н И”ХХК, Ц.Снар нь хамтран нэхэмжлэл гаргасан нь хэний, ямар эрх, ашиг зөрчигдсөн, хэнээс хэнд ямар шаардлага гаргасныг анхан шатны шүүх тодруулж, талуудын мэтгэлцэх боломжоор хангах ажиллагаа хийх шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус... гэжээ. Хамтран нэхэмжлэгч нарын эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар: “Н И”ХХК 2015.06.10 өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй “Д А Г”ХХК-ийг худалдан авсан. Энэхүү компанийн үнэлгээнд хариуцагч Б.Эийн нэр дээрх маргаан бүхий газар байсныг сүүлд мэдсэнээр энэхүү худалдах худалдан авах гэрээг байгуулсан “Н И”ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн. “Д А Г”ХХК-ийн Голомт банкнаас зээлж авсан зээлийн барьцааны голлох хэсгийг хариуцагч Б.Эийн нэр дээрх эзэмшлийн газар эзэлдэг. Ийнхүү энэ маргаан бүхий газрыг Б.Эрдэнбилэг шилжүүлж өгөөгүйн улмаас “Д А Г”ХХК-ийн үнэлгээ унаж дээрх худалдах, худалдан авах гэрээ биелэлээ олохгүй байна. Нэхэмжлэгч Ц.Сын хувьд 2015.06.10-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг байгуулсан “Н И”ХХК-ийг 100 хувь эзэмшдэг бөгөөд гэрээний биелэлтийг хэрэгжүүлэхдээ “Д А Г”ХХК-ийг 100 хувь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Ийнхүү иргэн Ц.Сын худалдан авсан компанийн үнэлгээний голлох хэсэг болох маргаан бүхий газрыг шилжүүлж авч чадаагүй эрх ашиг нь хохирч байна. 3. Магадлалын хянавал хэсэгт: ...шаардах эрхийн үндэслэл болж буй газар эзэмших эрх хүчинтэй эсэх нь тодорхойгүй тохиолдолд шаардах эрх хэрэгжих боломжтой эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй юм... гэжээ. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Б.Э маргаан бүхий эзэмшлийн газраа шилжүүлэхийг даалгах гэдэг нь Б.Э эзэмшлийн газраа “Д А Г”ХХК-д шилжүүлэх гэрээ хийлгэхийг даалгасан нэхэмжлэл юм. Хариуцагч энэхүү үйлдлээ хийгээгүйн улмаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах” гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй байгаа асуудал нь нэхэмжлэлийн гол шаардлага болж байгаа юм. Маргаан бүхий газрын эзэмших эрх хүчинтэй эсэх асуудал энэхүү нэхэмжлэлд хамааралгүй асуудал бөгөөд хүчинтэй эсэх талаар маргаан үүсвэл харъяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандах болно. Анхан шатны шүүх дээрх бүх байдлыг бодитойгоор үнэлэн хуулийг төсөөтэй хэрэглэж нэхэмжлэгч Ц.Сын нэхэмжлэлийг хангасныг буруутгах аргагүй. Бид шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу газар шилжүүлэх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг таслан зогсоолгох нэхэмжлэл гаргаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д А Г”ХХК, “Н И”ХХК, Ц.Снар хариуцагч Б.Эт холбогдуулан 2015 оны 6 сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 00000000000000дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн, 1.835 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг “Д А Г”ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, 2015 оны 11 сарын 27-ны өдрийн гэрээний дагуу 41 921 239 төгрөгийг гаргуулах 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. /хх-1, 78,80, 98/

Хариуцагч Б.Э маргаж, 2015 оны 6 сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний хавсралт №1-ийн 14 дүгээрт бичигдсэн эд хөрөнгийг шилжүүлэх тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба Ц.Снь хамтран ажиллах гэрээний дагуу 149 000 000 төгрөгийн хөрөнгийг буцаагаад өгвөл 41 921 239 төгрөгийг төлж болно гэж нэхэмжлэлийн 2 дах шаардлагын талаар тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 41 921 239 төгрөгийг гаргуулж Ц.Ст олгож,  “Д А Г”ХХК-ний нэр дээр ...газар эзэмших эрх шилжүүлэхийг хариуцагчид даалган,   нэхэмжлэгч нарын үлдэх  нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд нийцээгүй тул хүчингүй болгоно.

Анхан шатны шүүхийн маргааны үйл баримтын талаар хийсэн зарим хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээнүүд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд  гэрээний талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, компанийн хувьцааг худалдах, эрх  шилжүүлэх, эд хөрөнгө худалдах талуудын тохиролцоо тусгагдсан, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнд талуудын тохиролцоог дахин тусгаж, баталгаажуулсан, эдгээр гэрээ нь нэг агуулгатай хоорондоо хамааралтай гэрээнүүд байна.

1.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг “Н И”ХХК-ийг төлөөлж захирал Ц.С, “Д А Г”ХХК-ийг төлөөлж захирал Б.Э нар байгуулсан ба гэрээнд энэ талаар тодорхой тусгасан байхад хувь хүмүүс болох Ц.С, Б.Э нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг зөрчсөн байна.

Уг гэрээний дагуу “Д А Г”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э нь бүх хувьцаагаа шилжүүлэх, “Н И”ХХК нь хувьцааны үнэ 800 000 000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээж, гэрээний хавсралт №1-т худалдан авагчид шилжүүлэх 38 нэр төрлийн эд хөрөнгө болон эрхийг нэрлэн зааж, үүнд одоо маргаж буй  газар эзэмших эрх хавсралтын 14 дүгээрт бичигджээ. Улмаар “Д А Г”ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “Н И”ХХК бус, Ц.Сбүртгэгдсэн баримт үйл баримт тогтоогджээ. “Н И”ХХК нь Б.Эийн Голомт банк дахь 800 000 000 төгрөгийн өрийг шилжүүлэн авснаар гэрээний дагуу төлбөл зохих хувьцааны үнэ төлөгдсөнд тооцож, хувьцааны үнэ төлөх үүргээ биелүүлсэн, Б.Э нь Голомт банкны өмнө хүлээсэн зээлийн үүргээс чөлөөлөгдсөн үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлж, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д тус тус нийцжээ.

Хариуцагч Б.Э нь “...гэрээний хавсралт №1-ийн 14 дүгээрт бичигдсэн газар эзэмших эрхийг худалдах хүсэл зориг байгаагүй, уг эд хөрөнгө нь компанийн хөрөнгө биш, ...өөрийн нэр дээр байгаа газрыг шилжүүлнэ гэж ойлгоогүй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, түүнчлэн маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэх хэлцлийг хийхийн тулд Газрын албанаас зөвшөөрөл авах журмыг зөрчсөн тул хэлцлийн энэ хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох...” сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний Хавсралт №1-д талууд гэрээний дагуу шилжүүлэх эд хөрөнгийг нэрлэн заасан ба хавсралтын 14 дугаарт бичигдсэн “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 00000000000000дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн, 1820 м.кв талбай бүхий газар” нь “Д А Г”ХХК-ийн эд хөрөнгө бус харин Б.Эийн эзэмших эрхтэй эд хөрөнгө мөн боловч Б.Э нь хэлцэл байгуулахдаа компанийн хувьцаанаас гадна зээлийн барьцаанд байсан дээрх газар эзэмших эрхийг худалдахаар гэрээнд тодорхой зааж, уг эд хөрөнгө нь гэрээний зүйл болсон байх тул  “...хүсэл зориг байгаагүй, төөрөгдсөн...” гэх хариуцагчийн татгалзал нотлогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Гэрээний хавсралтад газрын хэмжээг газар эзэмших гэрчилгээнд заасан 1835 м.кв бус, харин 1820 м.кв гэж бичсэн нь уг эд хөрөнгийн талаар талуудыг тохиролцоогүй гэж үзэх, эсвэл өөр эд хөрөнгө байсан гэх үндэслэл хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй байна.

Дээрх баримтаас үзвэл гэрээний зүйлд компанийн хувьцаагаар гэрчлэгдсэн эд хөрөнгөөс гадна Б.Эийн эзэмших эрхтэй газар багтсан байх тул шүүх гэрээний эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан зохицуулалтаар дүгнэсэн нь оновчтой болжээ. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар хэлцэл хийгдсэн гэж үздэг тул энэ шаардлагыг хангасан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд Б.Э газар эзэмших эрхээ худалдахаар гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг хүлээн авсан тул шийдвэр гаргасан этгээдэд хандаж, эзэмших эрхийг шилжүүлэх үүрэгтэй, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг байгуулсны дараа “Д А Г”ХХК-ийг төлөөлж Б.Э, нөгөө талаас Ц.Снар 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан байх ба гэрээний 3.5-д “... “Д А Г”ХХК-тай холбоотой ...41 921 239 төгрөгийн өрийг Б.Э нь төлж барагдуулах”-аар тохирсон, уг үүргийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Хариуцагч Б.Э нь компанийн өрийг хүлээн зөвшөөрч, түүнийг арилгах үүргийг хүлээсэн нь доголдлыг арилгах агуулгатай болохыг шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэжээ.

Нэхэмжлэгч нар нэг ашиг сонирхолтой, нэхэмжлэлийн шаардлагаа хамтран гаргасан болохыг анхан шатны шүүх дүгнэж чадаагүйгээс хамтран нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүрэн хангасан атлаа “Н И”ХХК, “Д А Г”ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болсон тул залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох гэрээнүүдийг хэлбэрийн хувьд,  нэхэмжлэгч нар бүгд нэг тал болон байгуулаагүй боловч гэрээний дагуу хувьцаа эзэмшигч болох, хувьцааны үнийг төлөх, эд хөрөнгөө хүлээж авах зэргээр гэрээнд хамтран оролцсон, нэг ашиг сонирхолтой тул хамтран нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нар “...газар эзэмших эрхийг “Д А Г”ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Эт даалгах, хариуцагчаас 41 921 239 төгрөгийг гаргуулах “ тухай шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг  хангасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй болохоос гадна хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн байдал, нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгөх боломжтой байхад шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. 

Нэхэмжлэгч нар нь нэг ашиг сонирхолтой болохоос гадна гэрээнд оролцсон,  хувьцааг эзэмшсэн эзэмшлээс шалтгаалж бүгд оролцох шаардлагатай гэж үзэж, хамтран нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн маргааны зүйл болж буй газар эзэмших эрх хүчингүй болсон талаар зохигч тайлбар гаргаагүй, энэ талаар баримт гаргаж, мэтгэлцээгүй, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.  Хэрэгт байгаа баримтын хүрээнд газар эзэмших эрх  барьцааны зүйл хэвээр байгаа нь тогтоогдсон, газар эзэмшүүлэх гэрээ хэрэгт байхад “газар эзэмших эрх хүчинтэй эсэх” нь тодорхойгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй…” 116 дугаар зүйлийн 116.3-т заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн журмыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан,хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрт дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 846 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...41 921 239 төгрөгийг гаргуулж Ц.Ст гэсний дараа “Н И”ХХК, “Д А Г”ХХК-д гэж нэмж, 2 дах заалтыг хүчингүй болгон, тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 507 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                                          П.ЗОЛЗАЯА