Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох 2234001040164 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н Э, Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 39-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239б, 86б-д тус тус зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ар гэх газарт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн А0501 дугаартай асфальтан замын 61 дэх километрийн шонгийн ойролцоо Приус-11 маркийн 17-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгал сөрж улмаар Ж.Гантулгын жолоодож явсан Киа-5 маокийн 69-49 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 17-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Долцонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ар гэх газарт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн А0501 дугаартай асфальтан замын 61 дэх километрийн шонгийн ойролцоо Приус-11 маркийн 17-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгал сөрж улмаар Ж.Гантулгын жолоодож явсан Киа-5 маокийн 69-49 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 17-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Долцонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234001040164 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч П.Долцонгийн “2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явах ажил гараад Этай утсаар яриад маргааш өглөө нь Улаанбаатар хот руу хувийн ажпаар явах болсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед жолооч Э, Цэцэгмаа түүний хүүтэй хамт бид дөрөв Багануур дүүргээс Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт гарсан. Тэгээд бид нар замдаа явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваа гэх давааг даваад уруудаж явтал бид нарын сууж явсан машин хазайж ирээд эсрэг урсгалд яваад орохоор нь би айгаад доошоогоо тонгойгоод суучихсан, тэгсэн манай машин өнхөрч байх шиг надад мэдрэгдсэн. Тэгээд дараа нь миний талын хаалгыг жолооч онгойлгож намайг машинаас гаргах гэсэн би цээжээ өргөөд дийлэхгүй байсан. Дараа нь жолооч намайг татаж суудал дээр суулгаж байх шиг байсан. Би сайн санахгүй байна. Тэгээд нэлээн байж байгаад эмнэлэг болон цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг./хх-ийн 39-40-р тал/,

Гэрч Д.Цэцэгмаагийн “2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргээс хувийн ажлаар хүү Даваажаргал, Долцон эгч жолооч Э нарын хамт Эын приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй өглөө 09 цагийн үед Багануур дүүргээс гарсан. Бид замдаа явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваа гэх давааг уруудаж явж байгаад гэнэт Эын жолоодож явсан машин жолоодлогогүй болоод эсрэг урсгалд явж байсан машиныг мөргөж манай машин замын хажуу руу онхолдсон. Тэгээд бид нар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 48-р тал/,

Иргэний нэхэмжпэгч Ж.Гантулгын холбогдогчоор өгсөн “... би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө Улаанбаатар хотын “Тэнгэр плаза” гэх газраас 4 зорчигч аваад “Буянт хөлгийн жолоо” ХХК-ийн нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн КИА-5 маркийн 69-49 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа гэх газар өгсөж байтал урдаас нэг машин мурилзаад нэлээн ширүүн хөндөлсөөд ороод ирсэн би хурдаа хасаад бараг зогсох гэж байтал нөгөө машин манай явж байсан урсгалд орж ирээд миний машины баруун урд хэсгийг баруун хойд хэсгээрээ мөргөөд замын урагш гарч онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р тал/,

Төв аймгийн ШША-ны шинжээч эмч Э.Эрхэмбаярын гаргасан эмнэлгийн бичиг баримтаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 27 дугаартай “П.Долцонгийн биед баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хаваирга, зүүн 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, уушигны эдэд шарх, зовхи, нүүрэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3,1.10-т, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 60-р тал/,

Үнэлгээний “Арвижих Эстимэйт” ХХК-ний гаргасан №19699, №19705 дүгнэлт /хх-ийн 66, 74-р тал/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ш.Анхбаярын гаргасан №19 дугаартай “Приус-11 маркийн 17-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э нь Монгол улсын замын хөдөдлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тохируулан сонгож явна”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 11.3 “ эсрэг хөдөлгөөнд хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан” гэх дүгнэлт /хх-ийн 79-р тал/,

3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд:.,.. уг зам тээврийн осол нь Төв аймгийн Эрдэнэ сум Баяндавааны ар гэх газар Улаанбаатар-Хэнтий чиглэлийн А0501 дугаартай асфальтан замын 62/272 км-ын заалтын баруун талд Т.Приус-11 маркийн 17-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, КИА-5 маркийн 69-49 УБО дугаарын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Т.Приус-11 маркийн 17-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл асфальтан замын урагш гарч ертөнцийн зүгээр зүүн тийш харж 4 дугуйн дээрээ зогссон байв” гэх тэмдэглэл /хх-ийн 11-13-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 15-25-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Э нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч П.Долцонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 4 сарын 13-ны өдөр 67 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-88 тал/ 2022 оны 3 сарын 30-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Э.д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Улаанбаатар хот Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 39-22 тоотод ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239б, 86б-д тус тус зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 52 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн ниймийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх.” Шударга ёсны, хууль ёсны байх зарчмуудыг үндэслэн шүүгдэгч Н.Эад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Хохирогч П.Долцон, иргэний нэхэмжлэгч Ж.Гантулга нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх баримт хэрэгт авагдсан/хх-108, 110 тал/ шүүхэд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234001040164 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдаж ирсэн Н.Эын №382595 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Н Э.ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н Э.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н. Э-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н Э-ыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Н Э нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Н.Эын №382595 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ