Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2017/00457

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Богд сум 3 дугаар багт оршин суух, ВЗ65091501 регистрийн дугаартай, Гамбал овогт Дуламын Лхагвын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.Лхагва шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 52 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд 1981 оны 09 сараас 1989 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? ..гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Лхагвын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.Лхагвын ажиллаж байсан талаар архивын лавлагаа гараагүй, мөн шүүхэд нэмж гаргах баримт байхгүй тул шүүхэд гаргасан МХЗЭ-ийн бат илэрхийллийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ..гэв.

Шүүх хуралдаанаар Д.Лхагвын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 1024 дүгээр албан бичиг, МХЗЭ-ийн бат илэрхийлэх зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Лхагва нь 1981 оны 09 сараас 1989 оны 09 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлага гаргажээ.

Гэвч Д.Лхагва нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.7-д заасан Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө ..гэсэн үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.

Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 1024 дугаар албан бичгээр Д.Лхагватай холбоотой 1984-1992 оны ажилласан байдлын нотлох баримт тус архивт байхгүй талаар мэдэгдсэн бол 251340 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл нь нотлох баримтын хувьд үнэлэх боломжгүй нөхөн бичилт хийсэн,нэр зөрүүтэй, сарын цалингийн хэмжээг бичээгүй зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд Д.Лхагвын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хүсэлт гаргагч Гамбал овогт Дуламын Лхагвын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ