Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч П.Ганчимэг,

           хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнх-баясгалан, Д.Даваа,

          шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н  овгийн Н Ж-д холбогдох Эрүүгийн 1934000000356 дугаартай хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.  

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:    

Монгол улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын, 6 дугаар баг, Боржигон 23-3 тоотод оршин суух хаягтай,

  1. Урьд 1985 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169 б-д зааснаар
  2. 1983 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 6 сар,
  3. 1983 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлд зааснаар 1500 төгрөгөөр,
  4. 1990 онд Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сар,

           5.1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А/3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

          6.2000 оны 09 дүгээр зүйлийн 27-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

            н овгийн Н Ж  / гэв.

 

Хэргийн товч агуулга:  

Шүүгдэгч Н.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна амь хохирогч Б.Ууганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр санаатай дайрч хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Ж: “Согтуугаар машин барьж яваад хүн дайрсан. Би санаатай хүн дайраагүй” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр: “....Маш их гомдолтой байна. Энэ хэргээс болж 2 жил гаруй хугацаанд яваад эдийн засгаараа болон эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирлоо. Миний хүүхдийн ганц охин Аззаяа нь 1 нас 10 сартай байхдаа тэжээгчээ алдсан. Одоо охин нь 4 настай. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж улсаас 184.000 төгрөг авдаг. Шүүгдэгч Жаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах саналтай байна. Оршуулгын зардал болох 19.600.000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс 11.262.349 төгрөгийг Н.Ж нь төлсөн. Одоо нотлох баримтын шаардлага хангасан 590.000 төгрөгийг төлөөгүй байгаагэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/, замын цагдаагийн газар зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-06 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-08-18 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-23 тал/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-25-36 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-38-39 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09/388 дугаартай үнэлгээний тайлан /хх-41-46 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-53-54 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-55-57 тал/, Р.Наранхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-58 тал/, гэрч М.Наранбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-59 тал/, гэрч Б.Энхтамираас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-60 тал/, гэрч Э.Оргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-61-62 тал/, гэрч Д.Мөнхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-63-64 тал/, гэрч Ц.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-65 тал/, гэрч Д.Бямбацогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-66 тал/, гэрч Р.Базарваанаас авсан мэдүүлэг /хх-67 тал/, гэрч Н.Наранбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-68 тал/, гэрч Б.Хишигээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-69 тал/, гэрч Т.Батнягтаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-70 тал/, гэрч Ч.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-71 тал/, гэрч Б.Чулуунбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-72-73 тал/, гэрч Н.Алтантөгсөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-74 тал/, гэрч Г.Нарантогтохоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-75 тал/, гэрч Д.Өлзийтөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-76 тал/, гэрч Ж.Чойжилоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-77 тал/, насанд хүрээгүй гэрч Д.Дэлгэрсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-78-79 тал/, гэрч Н.Тодбилгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-80 тал/, гэрч Н.Гантөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-81-82 тал/, гэрч Г.Уранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /83-84 тал/, гэрч Ш.Хэрлэнчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-85 тал/, Ц.Баяраагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-86 тал/, гэрч Н.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-87 тал/, гэрч Б.Баянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-88 тал/, гэрч О.Ганбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-89 тал/, гэрч Т.Хишигтээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-90 тал/, гэрч Д.Шүрэнцэцэгээс авсан тэмдэглэл /хх-91 тал/, гэрч Б.Сүхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-92 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаартай /хх-94-96 тал/, шинжээчийн 143 тоот дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-97-101 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаартай дүгнэлт /хх-105-106 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-107-112 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний алба 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 740 дугаартай дүгнэлт /хх-120-121 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 734 дугаартай дүгнэлт /хх-126 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14 өдрийн 09/390 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-131-132, 133-136 тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07/389 дугаартай дүгнэлт /хх-140-141 тал/, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5799 дугаартай дүгнэлт /хх-150-151 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-156 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5798 дугаартай дүгнэлт /хх-157-158 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-163 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5803 дугаартай дүгнэлт /хх-164-165 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-170 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5802 дугаартай дүгнэлт /хх-171-172 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-177 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5801 дугаартай дүгнэлт /хх-178-179 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-183 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5800 дугаартай дүгнэлт /хх-184-185 тал/, сэжигтнээс мэдүүлэг авсан тухай /хх-200 тал/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-201-202 тал/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-203-206 тал/, хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-215 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-216-217 тал/, хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд /2-р хх-16-34 тал/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1253 дугаартай дүгнэлт /2-р хх-62-64 тал/, гэрч Д.Мөнхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-83-84 тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-85-86 тал/, шүүгдэгч Н.Жы хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-221-250, 2-р хх-01-15, 2-р хх-76-82 тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудын хүсэлтээр нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинэчлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ж нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна амь хохирогч Б.Ууганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр санаатай дайрч, хүнийг алсан болох нь:

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “анх мөргөсөн гэх цэгийг тээврийн хэрэгслийн мөр, эвдэрсэн эд ангийг үндэслэн “А” цэгээр авахаар тогтож, талийгаач Ууганбаатарыг мөргөсөн гэх газрыг тээврийн хэрэгслийн мөр, хашаа эвдрэлийг үндэслэн “А1” цэгээр авахаар тогтов.

Анх мөргөсөн гэх “А” цэгээс улаан өнгийн “HAOJIE” маркийн мотоциклын урд талын дугуйн гол хүртэл 97 см, хойд талын гэрлийн дохио хүртэл 65 см, “А” цэгээс “А1” цэг хүртэл ертөнцийн зүгээр баруун урд чиглэлд 3.35 см, А1 цэгээс 2279 ДУЭ улсын дугаартай “FROGRES” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын улсын дугаарын гол хүртэл 6.85 м, цогцос байсан гэх газрыг “Б” тэмдгээр тэмдэглэж, А1 цэгээс Б цэг хүртэл 9.50 м, 22-79 ДУЭ улсын дугаартай “FROGRES” маркийн тээврийн хэрэгслийн урд талын ирмэгээс ертөнцийн зүгээр урд зүгт 411 тоот хашаа хүртэл 17.65 м, 22-79 ДУЭ улсын дугаартай “FROGRES” маркийн тээврийн хэрэгслийн мөрний ирмэгийг 3 дугаараар тэмдэглэж мөрний төгсгөл болох байшингийн суурийг 4 дугаараар тэмдэглэж хэмжихэд 54.76 м, 22-79 ДУЭ улсын дугаартай “FROGRES” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын дугуйн мөрний тэнхлэгийг 3 дугаараар тойрог хэлбэртэй бүдэг мөр байсныг тэмдэглэлд тусгав.” гэжээ./хх-9 хуудасны ар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-18 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярын: “...Би талийгаачийн төрсөн ээж нь байгаа юмаа...” “...Миний хувьд нүдээр үзсэн зүйл бол байхгүй. Надад 15 цаг 40 цагийн орчим манай хүү Сүхбаатар утсаар яриад талийгаачийг Тулга эгчийн тэнд машинд мөргүүлсэн гэнэ ээ гэхээр нь би талийгаачийн хувцсыг нь аваад эмнэлэг явах юм байна гэж бодоод яваад ирэхэд талийгаач харагдахгүй байсан тул яасан бэ гэж асуухад Гантулга над руу гүйж ирээд Өлзий эгчээ нас барчихсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд би жаал уйлж орилж байгаад хүүхдээ харъя гэж хэлээд яваад очиход машин доор нь хөл нь харагдаж байсан бөгөөд толгойн үс нь харагдаж байсан. Тэгээд байж байтал нас барчихсан гэж хэлээд намайг ойртуулаагүй тэгж байтал манай хүүхдүүд ирсэн бөгөөд тэгээд цагдаа нар ирсэн байгаа... ...Сүүлд нь сонсож байхад тэдгээр хүмүүс архи ууж байгаад хоорондоо муудалцаад тэр жолооч гэх хүн уурандаа машинаа бариад дайрсан байх...” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/,

            Иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгын: “...Н.Ж нь өөрийн эзэмшлийн 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд Д.Мөнхбаатарыг шүргэж улмаар Б.Ууганбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон хэрэгт миний өөрийн эзэмшлийн газар дээрх хашааг дайрч гэмтэл учруулсан болохоор иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... ...Миний өөрийн эзэмшлийн хашаа байгаа юм... ...Миний хувьд гомдолтой байгаа хашаагаа янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

            Гэрч Р.Наранхүүгийн: “...тэр үед Лхүндэв гэх залуу энэ надад байхаар машин байна гээд байсан бөгөөд нөгөө архийг хувааж уусан бөгөөд нөгөө архиа дуусгалгүй би тасраад ойчсон байгаа. Тэгээд л ийм зүйл болсон байна... ...Миний хувьд уг архинаас хоёр гурав л татсан байх тэгээд л тасраад уначихсан юм. Би архи даадаггүй хүн байгаа юм... ...Лхүндэвтэй хамт ирсэн 1.70 орчим өндөртэй, эрээн өнгийн куртка, толгой нүцгэн, бараан өнгийн өмдтэй бараан өнгийн гуталтай шар царайтай, Лхүндэвийн үеийн болов уу залуу нь би ажилтай гээд байх шиг байсан. Одоо юу ярьсан эсэхийг нь би санахгүй байна... ...Тухайн үед бол бид нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Харин хоёроос гурав хоногийн өмнө байсан байх бид хоёр хамт архи ууж байгаад намайг зодчихсон байсан. Тухайн үедээ юу болсныг нь мэдэхгүй байна. Миний буруу байх би хэлэх хэлэхгүй үгээр хорыг нь малтаад байсан байх. Надад өөрөө тэгж л хэлж байсан. Тэгээд намайг цохиод нэг өшиглөсөн гэж байсан... ...Бид хоёр бага байхдаа хамт сурдаг байсан бөгөөд хар багын л найзууд байгаа юмаа... ...Ж бол архи уугаад байдаггүй. Амьдралын төлөө л явдаг..” гэх мэдүүлэг /хх-58 тал/,

Гэрч Н.Наранбаатарын: “...хөгшин ах хүү машинаа асаагаад хөдөлж байх шиг харагдсан. Тэгтэл Мөнхбаатар ах холдоорой гэж хэлтэл нөгөө машин ирээд хашаа хамаад явчихсан. Тэгтэл Мөнхбаатар, Ууганбаатар ахыг дайраад явчихлаа ш дээ гэж хэлэхээр нь яваад очтол машин доор нь талийгаач хэвтэж байсан юм. Миний хувьд яг хаагуур яаж явсныг нь тухайн үедээ анзаараагүй... ...Нэрийг нь мэдэхгүй цээж нүцгэн туранхай хөгшин ах хүү л байсан... ...Бид нарыг очих үед тийм зүйл болоогүй... ...Миний хувьд нөгөө хүмүүстэй марзганаад байж байсан тул юу хэлж ярьсныг нь сонсоогүй... ...Миний хувьд огт хэрэглээгүй байсан осол болсны дараа бол архи уусан. Миний хувьд сандраад л архи уучихсан юмаа...” гэх мэдүүлэг /хх-59 тал/,

Гэрч Б.Энхтамирын: “...танихгүй хэдэн хүнтэй таараад буугаад юм яриад эхэлтэл машин хөдлөөд түс гээд явчихсан чинь Мөнхбаатарын мотоцикл газар ойчсон байсан. Энэ үед Мөнхбаатар ах цаашаа яв аллаа ш дээ гэж хэлээд мотоциклоо босгоод байж байтал нөгөө машин араас нь ирээд дахиж мөргөөд унагасан. Тэгээд хашаа налаад сууж байсан хүмүүсийн хамгийн урд талаар нь ороод хашаа мөргөж ороод урд талынх нь хашааг мөргөөд зогссон. Тэгээд яваад очтол талийгаач машиных нь доод талд байж байсан. Жолооч гэх хөгшин хүн машин дотроо ганцаараа сууж байсан. Тэгээд Мөнхбаатар, Наранбаатар бид гурав түргэн дуудахаар доошоо гүйсэн... ...Нэрийг нь мэдэхгүй Дундговийн гэх настай ах байсан сүүлд нь нэрийг нь сонсоход Ж гэж байсан... ...Тийм зүйл болоогүй... ...Тэр талаар мэдэхгүй байна би тэнд байсан Баянцагааны гэх хоёр залуутай морь яриад сууж байсан юм тийм учраас юу хэлснийг нь мэдэхгүй байна... ...Миний харснаар бол гайгүй л байх шиг байсан сайн мэдэхгүй байна... ...Миний хувьд хөдөө замдаа явж байхдаа адуу сурсан хүнтэй таараад жижиг рункээр гурван удаа архи уусан байсан. Тэгэхдээ би согтоогүй эрүүл байсан юмаа...” гэх мэдүүлэг /хх- 60 тал/,

Гэрч Э.Оргилын: “...архиа ууж дуусгаад сууж байтал жолооч Ж талийгаач Ууганбаатартай маргалдаад буюу жолооч Ж шорон яриад байсан бөгөөд талийгаач өөдөөс нь үг сөргөөд маргалдаж эхэлсэн тэгтэл жолооч Ж та нарыг ална гэж хэлэх үед Мөнхбаатар Энхтамир Наранбаатар гурав ирээд зогстол Ж машиндаа суугаад эргээд хөдлөөд хойш явахдаа Мөнхбаатарын машиныг шүргээд мотоциклыг нь унагасан тэгээд Мөнхбаатар мотоциклоо босгоод мордтол хойноос Ж давхиж ирээд Мөнхбаатарын мотоциклын яг араас нь мөргөөд Мөнхбаатар машиных нь хамар дээгүүр нь даваад газар ойчсон. Энэ үед талийгаач босоод иртэл шууд дайраад цааш чирч яваад хашаа дайраад цаад талынх нь хашааг мөргөөд зогсоод хаазлаад байсан. Тэгээд бид нар гүйгээд очтол талийгаач байхгүй байхаар нь машин доогуур нь хартал талийгаачийн хөл нь машин доор нь цухуйж байсан. Тэгээд л цагдаа эмнэлэг болсон байгаа... ...Жолооч бол шорон яриад буюу шоронд атаман байсан гэх зэргээр яриад томроод байсан юм. Тэгээд л талийгаач сөргөөд байх шиг байсан. Би юу яриад байсан талаар нь сайн сонсоогүй... ...Машин талийгаачийн зүүн урд талд баруун урд зүг рүү харж хашаа хагас харсан байдалтай зогсож байсан... ...Би та нарыг ална гэж хэлчхээд босоод машиндаа суугаад хөдөлсөн... ...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй... ...Миний хувьд айхтар согтоогүй өөртөө бол эрүүл л байсан. Миний хувьд нийлүүлээд үзвэл 100 грамм хэрээтэй л архи уусан. Өмнө нь би эрүүл байсан. Ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... ...Тийм зүйл бол огт болоогүй Ж талийгаач хоёр л хоорондоо маргалдаад байсан... ...Өөр хүн харагдаагүй байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-61-62 тал/,

Гэрч Д.Мөнхбаатарын: “...Ж гэх хөгшин хүн машин дотроо ганцаараа суугаад шууд хөдлөөд эргээд хойгуур яваад буцаж ирээд шууд миний мотоциклыг мөргөөд намайг газар шидсэн. Тэгээд босоод иртэл хажуу талын хашааг мөргөөд цаад талынх нь хашаанд тулаад машин нь хаазлаад зогсож байсан. Тэгэхээр нь хоёр ахаа гэж Энхтамир Наранбаатар нарт хандан намайг дайрчихлаа ш дээ гэж хэлээд бөөндөө очоод хартал талийгаач машиных нь доод талд орчихсон байж байхаар нь цагдаа эмнэлэг дуудахаар гүйгээд Гантулга гэдэг эгч дээр очоод цагдаа эмнэлэг дуудуулсан байгаа. Бид нарыг анх машин дээр нь гүйгээд очиход нөгөө Ж гэх хүн машинаасаа буугаад буцаад архи ууж байсан газраа очоод хэвтсэн байгаа... ...Би Энхтамир Наранбаатар хоёртой хамт очсон… ...Хамгийн урд талд талийгаач хойд талд Лүндэв хойд талд нь Оргил Чулуунбаатар хоёр сууж байсан байгаа...”  гэх мэдүүлэг /хх-63-64 тал/,

Гэрч Ц.Гантулгын: “...Миний хувьд яг хажууд нь очиж үзээгүй харахад бол тийм л хүмүүс харагдаж байсан юм. Тэгээд би эгчийгээ эмнэлгээс гаргаж авахаар гараад явж байтал эргээд миний утас руу манай охин Дэлгэрсайхан ээж нөгөө хүмүүс чинь хашаа дайраад ороод ирлээ гэж хэлэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гэр рүүгээ явж байтал өөдөөс гадаа сууж байсан гурван залуу гүйж ирээд эгчээ утсаараа та хэлээд өгөөч эмч цагдаа дуудаад өгөөч нөгөө өвгөн машинаараа хүн дайрчихлаа гэж хэлсэн бөгөөд яг хэнийг дайрсан болон хэзээ хэрхэн дайрсан талаар нь хэлээгүй. Тэгээд яваад ирэхэд манай хашааг нэвт дайраад ороод ирчихсэн урд талын хашааны шон тээглээд зогссон байсан бөгөөд машинаасаа жолооч гээд нэг танихгүй хөгшин хүн цээж нүцгэн дээш хараад хэвтчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-65 тал/,

Гэрч Т.Батнягтын: “...Гантулга над руу утсаар залгаад Ууганбаатарын ээж рүү залгаад өгөөч ээ Ууганбаатар машинд дайруулчихлаа гэж хэлэхээр нь хаана юм бэ гэсэн чинь манай хашааны хажууд гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд л би талийгаачийн ээж рүү нь залгаж хэлчхээд сумын төвд ирээд шууд яваад очиход хашааны хоёр хэсгийг мөргөөд машин нь зогсчихсон талийгаач машин доор нь байж байсан...” гэх мэдүүлэг /хх-70 тал/,

Гэрч Ч.Пүрэвдоржийн: “...Чулуунбаатар Оргил хоёрыг байхад нь Ж хүн дайрсан байна гэж хэлж байсан. Өөр зүйл бол сайн мэдэхгүй байна. Жтай хамт ирсэн хүн нь гэртээ согтуу байгаа дуудаад сэрэхгүй байсан...” “...Чулуунбаатар бол манай хүргэн байгаа юм. Оргил бол Чулуунбаатарын найз нь байгаа юмаа. Харин Жыг зүс л мэднэ сүүлд л уулзсан хүн байгаа юм. Чулуунбаатар Оргил хоёр бол Жыг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-71 тал/,

Гэрч Б.Чулуунбаатарын: “...машинаа хашаа руу харуулан зүүн урд зүг рүү харуулж байрлуулсан байдалтай сууж байгаад архиа уусан. Тэр үед жолооч Ж талийгаач Ууганбаатартай шорон орон яриад маргалдаад байсан. Тэгж байтал Наранбаатар мотоциклтойгоо Мөнхбаатар, Энхтамир нар ирсэн. Тэгтэл Ж босоод би явлаа гэж хэлээд машиндаа суунгуутаа би та нарыг бүгдийг чинь ална аа гэж хэлээд хөдлөөд эргэхдээ Мөнхбаатарын мотоциклыг мөргөөд хойш явсан. Тэгтэл Мөнхбаатар мотоциклоо босгоод мордтол дахиж ирээд Мөнхбаатарын мотоциклын араас нь мөргөөд Мөнхбаатарыг газар унагаад шууд талийгаачийн сууж байсан газар руу яваад хашаатай хамаад цаад талын хашаан дээр очиж мөргөөд зогссон. Тэгээд бид нар яваад очтол талийгаач машин доор нь байсан... ...Миний хувьд жоохон хол сууж байсан учир сайн сонсоогүй ямар ч байсан шорон орон яриад л байсан юм аа... ...Тэр талаар мэдэхгүй байна хөдлөхдөө бол би та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд л хөдөлсөн байгаа... ...Би тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь танина. Харин жолооч Жыг танихгүй. Дээрх хүмүүстэй ямар нэгэн байдлаар садан төрлийн холбоо бол байхгүй... ...Өөр ямар нэгэн хүн суугаагүй байсан... ...Тухайн үед Жолооч өөрөө машинаа бариад явж байсан... ...Архи уучихсан нилээн халамцуу байсан... ...Бид хоёртой таарснаас хойш хоорондоо зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-72-73 тал/,

Гэрч Н.Алтантөгсийн: “...би нилээн согтчихсон байсан тул юу ярьсан юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Тэгтэл Ж ах машинаа асаагаад тойрч давхиж ирээд л мөргөсөн. Би хажуу тийшээ болоод зугтахдаа ойчоод хацраа зулгалаад тэр чигтээ айгаад ээжийн хашаа руу даваад орсон юм. Би сүүлд нь л талийгаачийг мөргөсөн талаар мэдсэн... ...Ж ахтай өмнөх өдөр нь танилцсан юм. Тэгээд машиныг нь сонирхож байсан юм. Талийгаачтай бол хар багын найзууд юм аа... ...Миний хувьд тийм зүйл болоогүй... ...Миний хувьд айгаад л зугтаагаад яваад өгчихсөн юм... ...Тэр талаар би мэдэхгүй байна. Би юм аа сайн санахгүй байсан согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-74 тал/,

Гэрч Г.Нарантогтохын: “...Манайд хяналтын камер байгаа боловч унтарчихсан байсан юм. Одоо 29-ний өдрийн ямар нэгэн бичлэг байхгүй... ...намхан шар ягаан дээлтэй залуу сая нэрийг нь асуухад Оргил гэж байсан. Тэр гурав л орж ирсэн... ...Тэдгээр хүмүүс нэг их согтуу байгаагүй бөгөөд хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл анзаарагдаагүй... ...Талийгаач бол хүнтэй маргалдаад байдаггүй их дөлгөөхөн хүнтэй их зов харьцдаг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-75 тал/,

Гэрч Д.Өлзийтийн: “...гараад хартал манай гэрийн үүднээс хар өнгийн жижиг машины урд талд нь суучихсан жолооч нь халзан толгойтой хүрэн өнгийн ноосон цамцтай настай хүн байсан бөгөөд ард талд нь Лхүндэв ганцаараа суучихсан байхаар нь хөөе гэтэл юм дуугаралгүй хөдлөөд явчихсан юм. Тэрнээс хойш уулзаагүй тэгтэл орой цагийг нь хараагүй гэртээ байж байтал нохой шувуу шуугилдаад байхаар нь гараад хартал нэг сэтгэцийн өвчтэй хүүхэд манай нохой руу чулуу шидээд дээр аймар юм болсон байна гэхээр нь гараад дөхөөд очтол нөгөө манай гаднаас хөдөлдөг машин байсан. Энэ машинд манай дүү сууж явсан гээд яваад очтол сумын эмч та хэрэггүй даралт чинь ихэснэ гэж хэлээд ойртуулаагүй... ...Талийгаач бол цагаахан цайлган зантай хүн байгаа юм. Архи л уугаад байдаг юм аа. Хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-76 тал/,

Гэрч Д.Дэлгэрсайханы: “...би гэрээ түгжээд хүлээгээд байж байхад гадаа түс гэх чимээ гарсан тэгэхээр нь би гэрээсээ гараад хартал манай хашааны зүүн талыг машин мөргөөд мөн зүүн урд хэсгийг хар хөх өнгийн жижиг машин мөргөөд зогссон байсан тэгээд би шууд ээжид хэлсэн. Тэгээд хараад байж байхад машин дотор өөр хүн байгаагүй бөгөөд жолооны ар талд нь настай цээж нүцгэн өндөр ах сууж байсан мөн машинаа хаазлаад байсан... ...Тэнд байсан хүмүүс бүгд архи уучихсан байсан бөгөөд жоохон гуйваад л яваад байсан сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх- 78-79 тал/,

Гэрч Н.Тодбилгүүний: “...Би хэдэн жил тээврийн хэрэгсэл барьж байгаа талаар сайн мэдэхгүй байна... ...Н.Ж нь миний санахаар ойрын 5-6 жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх. Тэгэхээр би ямар зан араншинтай болдог талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-80 тал/,

Гэрч Н.Гантөмөрийн: “...Намайг очиход 6 эрэгтэй 1 эмэгтэй хүн байсан бөгөөд нэг осолдсон машин доогуур гацсан байдалтай нас барсан байсан. Машины баруун талаар тойрч осолдсон хүний гүрээний судсыг тэмтэрч амьсгалыг нь шалгаж үзсэн боловч осолдож аль хэдийн нас барсан байдалтай байсан онцгой байдлын газрыг дуудах шаардлагатай байсан гэж танилцуулсан... ...Би эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй байсан. Намайг гүрээний судсыг үзэхэд амьсгал үгүй амь хэдийн нас барчихсан байсан... ...Машин доор гацсан байдалтай хүүхэн хараа өргөссөн, нүүр царай хөхөрсөн хөөсөн, захад мэдрэгдэх амьсгал үгүй, цээжин хэсгээрээ машин мод хоёрын дунд хавчуулагдсан байсан... ...Сувилагч ажилтай Уранчимэгтэй хамт явсан...” гэх мэдүүлэг /хх- 81-82 тал/,

Гэрч Г.Уранчимэгийн: “...Гантөмөр эмч ЭМТ дээр очоод нациск аваад хэргийн газар хүрээд ир гэж хэлсэн. Намайг очиход 6 эрэгтэй 1 эмэгтэй хүн тойроод суучихсан байсан... ...Гантөмөр эмч үзээд нас барсан байна гээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн... ...Машин доор хавчуулагдсан толгойн хэсэг харагдахгүй машины зүүн талаас хоёр хөл нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-83-84 тал/,

Гэрч Д.Шүрэнцэцэгийн: “...тухайн үед нь хамт байж чадаагүй болохоор сайн мэдэхгvй байна. Надад сонссон зүйл гэвэл санаатайгаар дайрсан гэсэн... ...Өмнө нь би өөр хүүхэд байхгvй талийгаачаас өмнө нь хүнтэй сууж байгаагүй... ...Миний хувьд гомдолтой байгаа хүүхдийг нь өсгөж том болох хүртэл бүх зардлыг нь даалгуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх- 91 тал/,

Гэрч Б.Сүхбаатарын: “...Гантулга гэдэг хүн над руу утсаар залгаад ах чинь машинд мөргүүлчихсэн байна гэж хэлэхээр нь эхнэртээ хэлээд очоод хараадах гэж хэлсэн. Тэгээд дараа нь ээж Өлзийбаярт хэлсэн. Тэгээд би хэргийн газар дээр ирэхэд манай ах машин доор хэвтчихсэн байдалтай шполь машин хоёрт дарагдсан байдалтай байсан. Тэгээд би ямар хүмүүс байсан талаар асуухад 6 хүн байсан гэсэн... ...Ж гэх хүн бол цагдаагийн хэсэг дээр байж байсан бөгөөд би ороод чи яахаараа миний ахыг ингэчих вэ гэж асуухад уучлаарай муусайн бацаанууд намайг бөөрөлхөөд байсан юм. Уучлаарай танай бүрэлгээч миний урдуур орчихлоо бусдыг нь бүгдийг нь алах байсан юм гэж ярьж байсан тэгэхээр нь би бол манай ахтай тухайн хүн маргалдаагүй харин нөгөө хүмүүстэй маргалдсан юм байна гэж бодож байсан юмаа...” гэх мэдүүлэг /хх- 92 тал/,

Яллагдагч Н.Жы: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ны өглөө намайг Баян сумын урд байх бутлуур дээр байхад 09 цагийн орчим тус сумын Лхүндэв гэх залуу нэг хүнийх хамтаар нэг шил хараа архитай ирсэн тэгээд тэр архийг нь Би Наранхүү, Лхүндэв хамт явсан залуугийн хамтаар дөрвүүлээ хувааж уугаад сум орж дахин нэг шил архи аваад Болор хатан гэх залуутай нөгөө архиа хувааж уучхаад дараа нь талийгаачийг аваад дэлгүүр орж хоёр залуутай уулзаад архи аваад гудамжны үзүүрт очсон замдаа явж байхдаа машины урд хайрцаг дотор байсан мөнгөө үзэхэд мөнгө байхгүй байсан тэгээд мөнгөө асуухад өөдөөс бид нар яаж мэддэг юм пизда минь хаанахын гай хаанаас ирэв пизда минь гэх зэргээр дарамталсан. Тэгээд л би жоохон маргалдаж эхэлсэн тэгтэл Лхүндэв намайг шоронд байсан талаар ярьсан тэгтэл ногоон дээлтэй нэрийг нь мэдэхгүй жоохон захирангуй залуу хаанаас ирсэн гай вэ? Хаанахын пизда вэ гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгэхэд би тасарчихсан байсан. Тэгээд нэг ухаан ороод хартал би машиныхаа гадаа миний машины доор талийгаач байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан... ...Ногоон дээлтэй махлагдуухан, өндөрдүү шар царайтай залуутай маргалдсанаас болж ийм болсон байх... ...Би нилээн согтуу байсан учир юм аа бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-201-202 тал/,

Яллагдагчаар дахин өгсөн: “...Тухайн хүмүүс намайг байж суухын аргагүй болтол дарамталсан төмсгийг чинь авна, чи хаанаас ирсэн өрвийсөн новш вэ? Гэх зэргээр дарамтлаад байхаар нь эндээс зайлъя гэж бодоод хөдөлсөн... ...Тухайн өдөр талийгаачтай хамт архи уугаад явж байхдаа жоохон үг сөрсөн буюу явах гэхээр сүртэй юм байж бай гэхээр нь би ажилтай явмаар байна гэх зэргийн ойр зуурын маргаан бол болсон... ...Миний мэдэж байгаагаар талийгаач Лхүндэв, Баянцагааны залуу, Дэрэнгийн залуу, өөр нэг залуу байсан шиг санагдаж байна. Ингээд нийт зургуулаа байсан ямар архи ууснаа санахгүй байна... ...Бид нар архи ууж байсан тэгтэл хажуу талаас талийгаач миний төмсөг дээрээс базаж аваад хөнгөлнө засна гэж байсан. Тэгээд л явахаар шийдэж байсан. Тэгээд машинаа асаагаад зүүн зүг рүү яваад юм шөргөөд миний явах зүг биш гэж санаад эргээд явж байгаад ийм осол болсон. Энэ талаар би өөрөө санаж бодож байна өөр нарийн мэдэж байгаа зүйл алга... ...Миний хувьд талийгаачийн нэрийг мэдэхгүй байна. Одоогоор санаж байгаа зүйлгүй байна өмсөж явсан хувцасных нь талаар ямар ч байсан Лхүндэв л ногоон дээлтэй явж байсан... ...Миний санаж байгаагаар машиныхаа хажууд уйлаад сууж байсан  тэгээд цагдаа дээр очсоноо санаж байна... ...Уг ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй... ...Миний хувьд хүн дайрсан болон өөр хүн шүргэснээ санахгүй байна... ... Миний төмсгийг базаж байсан залуу талийгаач биш шиг санаж байна тухайн үед айгаад байсан. Дээлтэй цээж нүцгэн залуу байсан тэр миний төмсгийн базсан байх... ...Би санаж байгаа зүйлгүй машин яаж зогссоныг мэдэхгүй байна хүч алдаад л зогссон байх... ...Миний хувьд харамсаж байгаа... ...Миний хувьд архи уудаггүй юмаа. Лхүндэв машины наймаа хийе гээд л  нэг шил архитай ирсэн тэгээд л архи уусан юмаа. Тэгээд хэргийн газраас миний машиныг Лхүндэв л жолоодож явсан. Би Лхүндэвээс түлхүүрээ хэзээ авснаа санахгүй байна машины түлхүүр зоолттой байсан... ...Тойроод л сууж байсан өвсөн дунд сууж байсан би санахгүй байна:.. ...Тийм сүртэй маргаан бол болоогүй... ...Миний хувьд эрдэнэт хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байна энэ асуудал бол архинаас боллоо өдий насандаа ийм хэрэгт орсондоо харамсаад барахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-203-206 тал/,

Шинжээч Б.Энхчимэгийн: “...Тийм ээ би уг дүгнэлтийг гаргасан... ...Хоёр промилми гэж гаргасан дүгнэлт нь цуснаас согтолтын зэргийг тогтоож байсан учир илүү бодитой гарч байсан бөгөөд энэ согтолтын дунд зэрэгт хамаарна. Харин драйгер багаж нь хүний амьсгалаар гарч байсан учир энэ хоёр нь хоёр өөр ойлголт юм. Тэгэхээр харьцуулах боломжгүй... ...Энэ согтолтын дунд зэрэгт хамаардаг учир өөрийгөө  удирдан жолоодох чадвартай байна. Согтолтын дунд зэрэгт өөрийнхөө хийж байсан үйлдлийг хянах чадвартай байна...” гэх мэдүүлгээр /2-р хх-н 85-86 тал/ нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас:

Эүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгдчөөс “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүнийг амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгчөөс: “Ууганбаатарыг дайрсан гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын “санаатай хүн алаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ослын улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхбаатарын: “..Ж гэх хөгшин хүн машин дотроо ганцаараа суугаад шууд хөдлөөд эргээд хойгуур яваад буцаж ирээд шууд миний мотоциклийг мөргөөд намайг газар шидсэн тэгээд босоод иртэл хажуу талынх нь хашаа тулаад машин нь хаазлаад зогсож байсан тэгэхээр нь Энхтамир, Наранбаатар нарт хандан намайг дайрчихлаа ш дээ гэж хэлээд бөөндөө очоод хартал талийгаач машиных нь доод талд орчихсон байсан.” гэх мэдүүлэг,

гэрч Э.Оргилын “Н.Ж шорон яриад байсан бөгөөд талийгаач үг сөргөөд маргалдаж эхэлсэн тэгтэл Ж “та нарыг ална” гэж хэлэх үед Мөнхбаатар, Энхтамир, Наранбаатар 3 ирээд зогстол Ж машиндаа суугаад эргээд хөдлөөд хойш явахдаа Мөнхбаатарын машиныг шүргээд мотоциклыг унагасан тэгээд Мөнхбаатар мотоциклио босгоод мордтол хойноос Ж дахиж ирээд Мөнхбаатарын мотоциклын яг араас нь мөргөөд Мөнхбаатар машиных нь хамар дээгүүр нь даваад газар ойчсон энэ үед талийгаач босоод иртэл шууд дайраад цааш чирч яваад хашаа дайраад цаад талынх нь хашааг мөргөөд зогссон.” гэх мэдүүлэг, 

  гэрч Б.Чулуунбаатарын “машинаа хашаа руу харуулан зүүн урд зүг рүү харуулж байрлуулсан байдалтай сууж байгаад архиа уусан. Тэр үед жолооч Ж талийгаач Ууганбаатартай шорон орон яриад маргалдаад байсан. Тэгж байтал Наранбаатар мотоцикльтойгоо Мөнхбаатар, Энхтамир нар ирсэн. Тэгтэл Ж босоод би явлаа гэж хэлээд машиндаа суунгуутаа би та нарыг бүгдийг чинь ална аа гэж хэлээд хөдлөөд эргэхдээ Мөнхбаатарын мотоциклыг мөргөөд хойш явсан. Тэгтэл Мөнхбаатар мотоциклоо босгоод мордтол дахиж ирээд Мөнхбаатарын мотоциклын араас нь мөргөөд Мөнхбаатарыг газар унагаад шууд талийгаачийн сууж байсан газар руу яваад хашаатай хамаад цаад талын хашаан дээр очиж мөргөөд зогссон. Тэгээд бид нар яваад очтол талийгаач машин доор нь байсан... ...Миний хувьд жоохон хол сууж байсан учир сайн сонсоогүй ямар ч байсан шорон орон яриад л байсан юм аа... ...Тэр талаар мэдэхгүй байна хөдлөхдөө бол би та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд л хөдөлсөн байгаа... ...Би тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь танина. Харин жолооч Жыг танихгүй. Дээрх хүмүүстэй ямар нэгэн байдлаар садан төрлийн холбоо бол байхгүй... ...Өөр ямар нэгэн хүн суугаагүй байсан... ...Тухайн үед Жолооч өөрөө машинаа бариад явж байсан... ...Архи уучихсан нилээн халамцуу байсан... ...Бид хоёртой таарснаас хойш хоорондоо зодолдсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг,  

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтүүдээр болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Н.Жыг согтолтын дунд зэрэгт хамаарагдах согтолттойгоор хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар тээврийн хэрэгсэл жолоодож хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан хэд хэдэн удаагийн санаатай үйлдэл, хийснийхээ дараа амь хохирогчийг машинаараа дайрч “талийгаачид элэгний урагдал, хоёр талын олон хавирганы хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, элэгний урагдлаас дотуур цус алдалт” бүхий гэмтэл учруулан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ж нь Төв аймгийн Баян сумын 3-р багийн нутагт гэрч хохирогч нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогчтой үл ялих зүйлээр маргалдаж хамт архи ууж байсан хүмүүст “та нарыг ална” гэж хэлээд өөрийн эзэмшлийн 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож тойрч яваад замд тааралдсан эвдэрсэн байшинг тойрч гараад цааш явж гэрч хохирогч нарын сууж байсан гэх газрыг чиглэн явсан ба энэ үед гэрч Н.Алтантөгс хажуу тийш зугатахдаа хацараа зулгасан ба амь хохирогч зугатах боломжгүй байсан тул уг тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь нас нь хохирсон нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-8-10 тал/, үзлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-22 тал/ болон хэрэг учрал гарахад хамт байсан гэрч Н.Алтантөгс /хх-74 тал/, Р.Наранхүү, Н.Наранбаатар, Б.Энхтамир, Э.Оргил, Д.Мөнхсайхан, Б.Чулуунбаатар нарын мэдүүлэгт тодорхой тусгагджээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Жы хүний амьд явах эрхэд хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

  Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгч Н.Жы гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, хэргийн зүйчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.  

 

“Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

“Хүнийг алах”, болгоомжгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн нөхцөлүүд хэрэгт тогтоогдсон байна.

 

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Н.Ж нь хохирогчийг зориуд өдөж, үг сөрсөнд нь уурлаж, улмаар тээврийн хэрэгслээр дайрахад хохирогчийн бие махбодид үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой юм.

 

Н.Ж нь ийнхүү ойлгож ухамсарлаж байгаа аюулаа “машинаар дайрч” санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсэж үйлдсэн гэдгийг нотолж байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор” хуульчлагдсан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зан үйлтэй холбоотой зардал болох нийт нэхэмжлэлийн үнийн дүн нь зөрүүтэй буюу 18.446.196 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргсныг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг тооцоход 14.358.545 төгрөгийн буюу оршуулгын үйл  үйлтэй холбоотой нотлох баримтууд болох 14.358.545 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

 

Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ж нь 11.262349 төгрөг төлснийг хасч үлдэх 3.096.196 төгрөгийг шүүгдэгч Н.Жаас гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярт олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн 4.087.651 нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг болох  4.087.651 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

           Шүүх шүүгдэгч Н.Жыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3.096.196 төгрөгийн хохирол буюу хор уршгийг арилгахад гарсан зан үйлтэй холбоотой зардлын үлдэх хохирлыг гаргуулах тухай шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Д.Даваа нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Н.Ж нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярт шүүхээс тогтоосон хохирлыг 3.096.196 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас тэжээгчээ алдсаны зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаарллагаас бусад хохирлыг шүүх гаргуулсан болно.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгад нийт 99000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдсон байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.Ж-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваагаас “Улсын яллагчаас Н.Жд 10 жилийн хорих ял оногдуулахаар санал гаргаж байна. Урьд нь 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэхдээ шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулж байсан. Өнөөдрийн хүртэл хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул улсын яллагчаас санал оруулсан ялыг доош татаж хөнгөрүүлж өгнө үү” гэх санал,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас: “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2-т зааснаар учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж зааснаар ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

         Шүүх шүүгдэгч Н.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт шүүгдэгч гэм буруутай үйлдэлдээ маргадаг тул улсын яллагчаас эрүүгийн хариуцлагад гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтээс буюу ялаас доош татах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо. 

 

Шүүгдэгч Н.Ж 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл,

2021 оны 06 дугаар сарын 02-наас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 692 /зургаан зуун ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тул хэрэгт битүүмжлэгдсэн 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Н.Ж-д буцаан олгохыг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүйг  тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Ж нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Ганбатыг оролцуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

 

Учир нь өмгөөлөгч Э.Ганбатад хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны тов мэдэгдсэн, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй, албан ёсны хүсэлтийг  шүүхэд ирүүлээгүй нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ”,

Өмгөөллийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.5-т хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх”, 14.1 дүгээр зүйлийн 14.1.6 “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх”,

14.1 дүгээр зүйлийн 14.1.12.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох гэж тус тус үүрэгжүүлсэн байхад үүргээ биелүүлээгүй бөгөөд дахин шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Шүүгдэгч Н.Ж нь өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Д.Даваа нарын хамт шүүх хуралдаанд оролцох нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх үзсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овгийн Н Ж. ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж. ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж. д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл, 2021 оны 06 дугаар сарын 02-наас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 692 /зургаан зуун ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 2279 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Н.Ж.д буцаан олгохыг,

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуваарилах зардалгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярт 14.358.545 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгад 99000/ерэн есөн мянга/ төгрөг төлснийг, шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Ж.аас гаргуулах хохирол төлбөргүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг болох 4.087.651 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6.Шүүгдэгч Н.Ж.д урьд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ж.д авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧ                                 Т.БАТЖАРГАЛ

   

                                                                                       Ш.ГАНДАНСҮРЭН