| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0156/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/161 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч У.Алтанхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-т холбогдох 2234000000051 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овогт Б.Ш, Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг Баянцагаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бахархалт тээвэрчид” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум 2 дугаар багийн 3В-7 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 3в-7-3 тоотод оршин суух зүс таних иргэн И.Батбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн 3в-7-3 тоотод оршин суух зүс таних иргэн И.Батбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234000000051 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч И.Батбаярын: “... 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 08 цаг 30 минутанд намайг гэртээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр орондоо хэвтэж байх үед хаалга нүдээд байхаар нь би хүүхэд маань ирж байгаа юм байх гэж бодоод онгойлготол Мөнхзул гэж хажуу айлын эмэгтэй орж ирээд чи яаваа манай нөхөр Ш нь чамайг хайгаад яваад байна гэсэн. Тэгэх үед араас нь Ш нь орж ирээд намайг цээж болон гар хавирга, ар нуруу, толгой хэсгүүдээр хөлөөрөө учир зүггүй өшиглөөд эхэлсэн. Удалгүй Шын хүүхэд нь орж ирээд ааваа болио гэж салгаад байж байтал араас нь дахиад хадам аав нь орж ирсэн тэр хооронд би айгаад хөл нүцгэлж гарч зугтаасан. Би буцаад 30 минутын дараа гэртээ ороод гутал хувцсаа өмсөөд гарах гэтэл тогооны сав болон гэрийн тавилга эвдэлчихээд яваад өгсөн байсан тухайн шөнө гэр цоожгүй хоносон. Би өөрөө айлд хоносон.." гэх мэдүүлэг, хх-ийн 5-6 хуудас/,
Гэрч Ц.Маанийгийн: “ ... Он гараад 01 дүгээр сарын 5-6-ны үед санагдаад байна. Өдөр 12 цагийн үед манай хүргэн Ш эмнэлгийн 4 замын уулзвар дээр авто аваарын асуудлаар Төв аймгийн Цагдаагийн газар байж байгаад ирсэн юм. Тэгээд манай охин Мөнхзул гэрээс гараад явсан байсан бөгөөд Ш нь Мөнхзулыг Батбаярын гэрт байна гээд явсан. Би араас нь зээ Мөнхбаярын хамт гарч очсон бөгөөд манай хүргэн Батбаярын гэрийн хаалгаар орж харагдсан. Тэгээд би араас нь орох гэхэд манай охин Мөнхзул зөрөөд гараад явсан бөгөөд би дотогш ороход Батбаяр хөл дээрээ тэнцэж чадахгүй согтуу юу ч дуугарахгүй байсан. Би чи яахаараа хүний эхнэр гэртээ аваад орчихдог хүн бэ гэхэд ямар ч юм хэлэх чадваргүй хариулж чадахгүй байгаад байсан. Тэгээд Ш нь уурлаад Батбаярыг түлхээд унагахаар нь зүү хүү бид хоёр болиулаад Шыг аваад гарсан юм” гэх мэдүүлэг /хх-10 хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 13- ны өдрийн 58 дугаартай “И.Батбаярын биед баруун шуу, зүүн шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, мер, бугалга, шуу, баруун хөх, бугалга, нуруу, зүүн өгзөг, гуя, өвдөг, тахимд цус хуралт, зүүн шанаа, зүүн гуяанд зeeлeн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ш нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Батбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Манай үйлчлүүлэгч нь амьдралын төлөө зүтгэдэг хүн байгаа. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авах ёстой байсан” гэх санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.Ш нь “Бахархалт Тээвэрчид” ХХК-д засварчин ажилтай, Төв аймаг Зуунмод сум 2 дугаар багийн 3В-7 тоотод оршин суудаг, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 47 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Шын үйлдэл нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч Б.Ш-ын И.Батбаярын биед баруун шуу, зүүн шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, мер, бугалга, шуу, баруун хөх, бугалга, нуруу, зүүн өгзөг, гуя, өвдөг, тахимд цус хуралт, зүүн шанаа, зүүн гуяанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч И.Батбаярт шүүгдэгч Б.Ш нь хохирлын төлбөрт 280000 төлсөн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2234000000051 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Б Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ш-ыг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/5 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ш-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ