Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С Ц-д холбогдох 2234000000142 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С Ц / /, Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Төв аймаг Баянчандмань сумын Замт 2 дугаар баг, Илтийн 13-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавьяа шагналгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг “Илтийн ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 3.205 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс модыг бэлтгэн, “Бонго Жи 2” маркийн “32-85 ТӨА” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, байгаль орчинд 320.620 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг “Илтийн ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 3.205 м3 бөөрөнхий хуурай эгэл нарс модыг бэлтгэн, “Бонго Жи 2” маркийн “32-85 ТӨА” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж, байгаль орчинд 320.620 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000142 дугаартай хэрэгт авагдсан

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-16 тал/,

Гуалин модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-21 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22-27 тал/,

Бензин хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-32 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-33-38 тал/,

Гэрч С.Баатарсүрэнгийн: “...Би С.Ц гэдэг залуу танина. С.Ц гэдэг залуу нь надаас ойд мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. С.Ц нь ойд мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй учраас ханаас мод бэлтгэж тээвэрлэсэн талаар мэдэх зүйл алга. 28 ширхэг бүдүүн, нарийн нийлсэн хуурай 3,50-3,80 метрээр тайрсан хэрэглээний мод мод авчиж явсныг би харсан...” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/,

Гэрч С.Мөнгөн-Одын: “...Уг “32-85 ТӨА” улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Одоогоос жил гарангын өмнө байсан байх аав, ээж хоёрт туслаад үхрийн баасыг нь ч гэсэн хаяад өгөөрэй гээд төрсөн ах С.Цад бүр мөсөн өгөхөөр шийдээд өгчихсөн байсан машин байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

Төв аймгийн Лүн сум дахь дундын ойн ангийн ойн ахлах мэргэжилтэн Х.Нарангэрэлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ /хх-68-69 тал/,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07/113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-74-89 тал/,

Шүүгдэгч С.Цын сэжигтнээр өгсөн: “...Би Төв аймгийн Баянчандмань суманд төрж өссөн, одоо сумандаа амьдарч байна. Би 2022 оны 02 дугаар сарын 18-ны орой Баянчандмань сумын Чандмань багийн нутаг “Нам хөтөл” гэх газар байх аавынхаа өвөлжөө дээрээс Баянчандмань сумын төв рүү мод ачиж яваад сумын төвийн баруун талд байх Хогийн цэгийн хажууд явж байтал цагдаа ирж шалгасан юм... Тухайн мод бол миний өөрийн 2021 оны 12 дугаар сарын дундуур Баянчандмань сумын Замт 2 дугаар баг “Илтийн ам” гэх газраас бэлтгэсэн мод байсан бөгөөд аавынхаа өвөлжөөний ар талд хураасан байж байгаад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ачиж явсан. Би тухайн модыг аавынхаа өвөлжөөнөөс ачихдаа өөрийн 2 найз болох н.Баяржаргал, н.Жамсранжав гэх хүмүүстэй хамт явсан юм... Би тухайн модыг бэлтгэхдээ 2021 оны 12 дугаар сарын дундуур Баянчандмань сумын байгаль хамгаалагч н.Ганбаатар гэх хүнээс 49.000 төгрөгөөр түлээний зориулалттай ойд мод бэлтгэх эрхийг бичиг авсан байсан. Сая аавынхаа өвөлжөөнөөс ачиж сумын төв рүү явж байхдаа ямар ч ойд мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан юм... Би 2021 оны 12 дугаар сарын дундуур хуурай нарс модыг дунджаар 3,20 метрээр тайрсан 28 ширхэг бүдүүн нарийн нийлсэн гуалин мод бэлтгээд машиндаа ачиж аавынхаа өвөлжөөний хажууд буулгасан байсан. Тэр модоо ачиж явсан юм. Ууланд 28 ширхэг мод бэлтгэж тээвэрлэхдээ би ганцаараа явсан. Өөр хүн яваагүй. Ууланд ургаа 14 ширхэг мод унагаж, 28 ширхэг мод бэлтгэсэн юм... Тухайн модыг бэлтгэж, тээвэрлэхдээ би хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөрөө 1 ширхэгийг ашиглаж хөрөөдөж бэлтгээд, манай төрсөн дүүгийн машин болох Бонго жи-2 маркийн “32-85 ТӨА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж модоо зөөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-95-97 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Ц нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 320620 төгрөгийн шууд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 44 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-56 тал/ 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч С.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Баянчандмань сумын Замт 2 дугаар баг, Илтийн 13-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 38 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч С.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 320.620 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 995.000 /есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч С.Ц нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

            Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “32-85 ТӨА” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Боржигон овгийн Сүхбаатарын Мөнгөн-Од /РД:НЭ91022426/-д буцаан олгож,

            мөн Нар ванчин овгийн Баатарсүрэнгийн Ганбаатарын Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг Холбооны 1-9 тоот хашаанд хадгалагдаж буй 2.90-3.60 метрээр тайрч бэлтгэсэн хуурай 28 ширхэг гуалин модыг,

            -хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бензин цахилгаан хөрөөг,

            Шүүгдэгч С.Ц-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “32-85 ТӨА” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.510.700 төгрөгийг шүүгдэгч Б овогт Ц-аас гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн 2234000000142 дугаартай хэрэгт бичгийн баримтаар ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт С Ц-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б овогт С Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт С Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б овогт С Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цахилгаан хөрөө, иргэн Нар ванчин овгийн Баатарсүрэнгийн Ганбаатарын Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг Холбооны 1-9 тоот хашаанд хадгалагдаж буй 2.90-3.60 метрээр тайрч бэлтгэсэн хуурай 28 ширхэг гуалин модыг тус тус улсын орлого болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “32-85 ТӨА” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1.510.700 төгрөгийг шүүгдэгч Б овогт С Ц-аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7.Эрүүгийн 2234000000142  дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “32-85 ТӨА” улсын дугаартай “Киа бонго жи2” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Боржигон овгийн Сүхбаатарын Мөнгөн-Од /РД:НЭ91022426/-д буцаан олгосугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ