Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Э-д холбогдох 2234000000173 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б Э/ /, Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг Баян-Өнжүүл суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар баг 6-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг 6-8 тоотод 2022 оны 03 сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнхбатыг зодож нуруу болон гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг 6-8 тоотод 2022 оны 03 сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнхбатыг зодож нуруу болон гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000173 дугаартай хэрэгт авагдсан

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-11 тал/,

            Хохирогч Б.Мөнхбатын өгсөн: “...Би өчигдөр 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найзын гэрт очих гээд гудамжиндаа явж байсан. Би тухайн үед 1 ширхэг пиво уусан явж байсан. Гэтэл танихгүй хүн хашаанаасаа дуудсан. Яваад очтол нэг ах хүү байсан ба цэргийн баярын мэнд хүргэе манайд ороод ир ганц шил юм ууя гэсэн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй 1 шилтэй 0.75 литр хэмжээтэй архи байсан. Мөн 1 ширхэг том нийслэл пиво байсан. Бид хоёр хувааж уугаад би тасраад унасан. Намайг хутгалсан талаар би юу ч мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь хөл дийлэхгүй юу болсон бэ гэтэл баруун гуяндаа хутгалуулсан байдалтай байсан. Босоод иртэл хаа сайгүй цус болсон байсан. Би өмдөө тайлаад цэвэрлээд тухайн үед хамт уусан ах надад дотуур өмд өгөөд би өмсөөд утсаар найз руугаа залгаад би хүнд хутгалуулсан байна гээд цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед хамт уусан хүний нэрийг нь мэдэхгүй, огт танихгүй, харж ч байгаагүй хүн байсан...” гэх мэдүүлэг/хх-15 тал/,

            Гэрч Б.Мөнхбаатарын: “...Өнөөдөр өглөө буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө над руу Төв аймгийн Зуунмод сумын дулаанд ажилладаг хүн залгаад танай ахыг чинь хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт байх 6-8 тоотод очоод шууд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нартай цуг очоод орсон ямар ч байсан хашаанд 1 ширхэг цагаан гэр байсан. Цагдаа нартай хамт орох үед бол манай ах Б.Мөнхбат нь баруун гуяны дээд хэсэгтээ хутгалуулсан байдалтай нэлээн цус алдсан сууж байсан ба цуг байсан гэх нэг ах хүү байсан. Тэр хүнийг нь би таньдаггүй өмнө нь харж байгаагүй хүн байсан. Тухайн үед бол архи уусан байдалтай ор, гэр нь цус болсон байсан. удалгүй Төв аймгийн эмнэлгийн түргэн ирж хүлээн авч үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээгээр хутга нэлээн гүн орсон байсан ба оёдол тавиулаагүй чихээс хийлгүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр боолгоно гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-16 тал/,

Шүүгдэгч Б.Эын сэжигтнээр өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ганцаараа 1 ширхэг том 2.5 литрийн хэмжээтэй нийслэл пиво, 1 шилтэй архи уугаад зурагт үзээд сууж байсан чинь орой байх яг цаг хэд болж байсныг санахгүй байна гэнэт танихгүй хүн хашаа даваад гэрт ороод ирсэн ба тэр хүн бас согтуу байсан. Бид хоёр муудалцаад зодолдож байсан ба ядраад би дийлэхгүй хутгаа аваад баруун гуяны дээд хэсэгт нь 1 удаа зоосон. Сүүлдээ бид хоёр эвлэрээд юм ярьж суусан. Гэрт 1 шилтэй архи байсан ба тэр архийг хувааж уусан би шархийг чинь харъя яасан байна гэтэл зүгээрээ би гээд харуулахгүй байсан. Бид хоёр тухайн шөнөдөө хамт унтаад өглөө боссон ба өглөө нь бид хоёр шараа тайлах гээд юм ярьж сууж байгаад хувцсыг нь сольж өгөөд би дэлгүүр явж Чингис нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи аваад бид хоёр хувааж уугаад сууж байсан. Тэр залуугийн нэрийг нь би мэдэхгүй байна. Тэгээд наад хутгаа гаргаад хаячих гээд байсан. Тэгэхээр нь би хутгаа гаргаад хашаа давуулаад шидсэн. Удалгүй тухайн залуу нь утсаар яриад иб хүн дуудах шиг болсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №799 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-19 тал/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаартай “1.Б.Мөнхбатын биед зүүн чихний дэлбэн, мөр, дал, нуруу, гуянд шарх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байн. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт/хх-33 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Э нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнхбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 93 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-56 тал/ 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар баг 6-8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 55 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Мөнхбатад эмчилгээний зардал бэлнээр 200.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Хохирогч Б.Мөнхбат нь баримтаар хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны товыг 80373448 дугаарт мэдэгдэхэд “холбогдох боломжгүй”, түүний Төв аймаг Зуунмод сум 5 дугаар багийн 1419 тоотод шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хаягтаа байхгүй, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

            Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ягаан өнгийн орны даавуу, хар өнгийн өмд”-ыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

            Эрүүгийн 2234000000173 дугаартай хэрэгт бичгийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2234000000173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ягаан өнгийн орны даавуу, хар өнгийн өмд”-ыг устгахийг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ