| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0402/И |
| Дугаар | 131/ШШ2017/00465 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2017/00465
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВП69123002 регистрийн дугаартай, Боржигон овогт Халтарын Батжаргалын хүсэлттэй Ж.Доржсүрэнтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ж.Доржсүрэнтэй 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарсан. 1997 оны 08 дугаар сард хүү Доржсүрэнгийн Галданг, 1999 оны 07 дугаар сард охин Доржсүрэнгийн Галцэцэгийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид 2 Өлзийт суманд 2 хүүхдийн хамт амьдарч байгаад 2015 оны 12дугаар сард Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хувийн байгууллагад ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Хөдөө мал маллан амьдардаг байсан бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Охин Д.Галцэцэгт тэтгэмж тогтоолгох гэхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагтай байгаа тул 1997 оны 04 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Х.Батжаргалын, хүү Д.Галдангийн иргэний үнэмлэхний болон охин Д.Галцэцэгийн төрсний гэрчилгээний, Ж.Доржсүрэнгийн нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 66 тоот тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллогын баримт, гэрч Х.Тунгалаг, Г.Янжмаа нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Батжаргал нь Ж.Доржсүрэнтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Энэ нь:
Ж.Доржсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нас барж нас барсны 0000186227 дугаарт бүртгүүлсэн болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон байна.
Хүсэлт гаргагч Х.Батжаргалын ...Миний бие Ж.Доржсүрэнтэй 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарсан. 1997 оны 08 дугаар сард хүү Доржсүрэнгийн Галданг, 1999 оны 07 дугаар сард охин Доржсүрэнгийн Галцэцэгийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид 2 Өлзийт суманд 2 хүүхдийн хамт амьдарч байсан.... гэх хүсэлт нь хүү Д.Галдан, охин Д.Галцэцэг нар талийгаач Ж.Доржсүрэнгээр овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн төрсний гэрчилгээ, ...Х.Батжаргал, Ж.Доржсүрэн нар Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт амьдардаг байсан. 1997 онд гэр бүл болсон. 1997 онд Д.Галдан, 1999 онд Д.Галцэцэг нар төрсөн... гэх Х.Батжаргалын төрсөн дүү Х.Тунгалаг, ...Х.Батжаргал, Ж.Доржсүрэн нар нь 1997 оноос эхлэн Өлзийт сумын 6 дугаар багт өрх тусгаарлан хуримаа хийж гэр бүл болсон. Түүнээс хойш байнга хамтран амьдарч байгаад Ж.Доржсүрэн нь 2017 оны 04 дүгээр сард нас барсан, тэдний дундаас 2 хүүхэд төрсөн... гэх талийгаачийн нагац эгч Г.Янжмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Х.Батжаргал, Ж.Доржсүрэн нар нь Баянхонгор аймгийн Өлзийт суманд хамтран амьдарч байсныг тодорхойлсон Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 66 тоот албан бичиг, ...2016 оны мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор Өлзийт сумын 6 дугаар багт, өрхийн тэргүүлэгчийн нэр Ж.Доржсүрэн, ам бүл 4 гэж... гэж бүртгэгдсэн талаарх Өлзийт сумын 2016 оны мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор тооллогын баримт зэрэг нотлох баримтууд нь тэднийг 1997 оноос 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар хамтран амьдарч байсан болохыг нь нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116 , 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт Халтарын Батжаргал, Зурынхан овогт Жавхайгийн Доржсүрэн нарыг 1997 оноос 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг тус тус баримтлан Х.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ