Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 47

 

 

 

2022 оны 04 дүгээр                                              Дугаар 2022/ШЦТ/47                                                  Замын-Үүд сум

сарын 22-ны өдөр 

                       

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Д.Ц, шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Иргэдийн төлөөлөгч Д.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.О холбогдох эрүүгийн 2120.0012.40136 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ...... хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ..., Б овогт Д.О /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 сарын 11-ний шөнө 20 цагийн орчим ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Л зодож, улмаар тархины баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дор цусан хураа, тархины дарагдал бүхий гэмтлийг учруулж  алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Л болон А гэрт байсан хүмүүстэй архи ууж байхад Л нь миний өөдөөс элдвээр харааж, доромжлоод байсан, тэгэхээр нь би Л баруун гараараа түүний зүүн хацар хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд А гэрээс гарч, гэрийнх нь гадаа Л-ийн нүүрэн тус газарт нь ганц, хоёр удаа цохисон. Тэр үед манай хүү Г “аваа болиоч ээ” гэж байгаа нь сонсогдсон учир буцаад гэрт ороход Л араас орж ирсэн, тэр үед түүний нүүрнээс нь бага зэрэг цус гарсан байсан, тэгээд би хүүхдүүдээ аваад гэртээ харьж амарсан. Л нь миний мэдэхийн унаж татдаг өвчтэй байсан. Түүнийг танидаг хүмүүс мэдэх байх. Надтай муудахаас өмнө гэмтэл авчхаад яваад байсан байж магадгүй юмаа гэжээ. /2-р хх-ийн 62-63/    

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 11-ний орой гэртээ байж байтал хүүхдүүд гадаа гармаар байна гэхээр нь хувцаслаад гаргасан. Харуй бүрий болоход хүүхдүүдээ оруулах гэтэл гадаа байхгүй байхаар нь А эгчийнд очтол тэнд байсан. Манай хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй тоглох гээд тэднийд очдог юм. А эгчийнд Н, Л нар архи ууж байсан. Тэр хоёртой архи уугаад юм яриад сууж байтал Л гэнэт хэл амаар доромжлоод байсан. Бид хоёрыг муудалцаад эхлэхэд А эгч айлд муудах гэлээ гээд “гэрээсээ гар” гэж хэлсэн. Л намайг заамдаж аваад гэрээс чирээд гарсан. Гараад Л намайг элэг рүү 2 удаа цохисон. Би Л-ыг 2 удаа зүүн талын шанаа хэсэгт нь цохисон. Тэгтэл ард хүүхэд “ааваа яагаад хүн зодоод байгаа юм бэ” хэлж хэлэх шиг болохоор нь эргээд хартал манай хүүхэд зогсож байсан. Тэгээд би хүүгээ дагуулаад А эгчийнд орсон. Араас удаагүй Л ороод ирсэн. Би зөрөөд хүүхдүүдээ дагуулаад А эгчийнхээс гарсан. Тэгээд гэртээ очоод унтсан. Үүрээр 04 цагийн үед цагдаа нар ирээд намайг аваад явсан. Л-ыг хутга, шөвгөөр хүн амьтан хатгадаг гэдгийг сонсож байсан учир түүнээс айсан. Гэрт Л-ыг 2 удаа толгой руу нь цохисон. Би Л-ыг гараараа л цохисон, өөр ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Энэ хэрэг гараад би нийтдээ 123 хоног хоригдож байна. Хохиролд манай эхнэр 200,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлж байсан гэв.    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач миний төрсөн дүү байгаа юм. Би болсон хэрэг явдлыг 2021 оны 12 сарын 12-ны өдрийн 13 цагийн үед манай үеэл эгч Д над руу утсаар залгаж мэдэгдсэн. Над руу ярихдаа “Танай дүү чинь Замын-Үүд суманд найзындаа нас барчихсан байна” гэж хэлсэн. Харин эгч рүү минь Замын-Үүд сумаас А гэх эмэгтэй залгаж мэдэгдсэн байсан гэжээ. /1-р хх-ийн 65-67/   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийн оршуулгын зардалд нийт 8,758,900 төгрөгийн хохирол учирсан. Буяны ажилд зориулж Улаанбаатар хотын Нарантуул захаас 6,624,000 төгрөгийн эд зүйлс худалдаж авсан боловч тухайн аж ахуй нэгж байгууллага НӨАТ-ын баримт гаргаж өгөөгүй. Миний бие гэмт хэрэг гарах үед Увс аймагт ажилтай байсан тул Увс аймгаас Замын-Үүд сум, Замын-Үүд сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум явсан бензиний зардал 1,504,900 төгрөг, мөн дүү нар Сүхбаатар сумаас аймгийн төв хооронд явсан бензиний зардал 400,000 төгрөг болсон. Бензиний зардлын НӨАТ-ын баримтыг хувь хүн дээр аваагүй, өөрийн ажилладаг компани буюу Жавхлант их өлгий нэртэй  компани дээр бичүүлсэн байгаа. Тухайн үед НӨАТ-ын баримтыг яаж авах тал дээр мэдэхгүй байсан тул компаний нэр дээр бичүүлсэн юм. Учирсан хохирлыг төлж барагдуулж өгнө үү гэжээ.  /2-р хх-ийн 126/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн талаар надад мэдэх зүйл алга. Талийгаач нь миний бага дүү байгаа юм. Дүүгээ алдсандаа гомдолтой байна. Оршуулгын зардалд нийт 8.843.930 төгрөгийг нэхэмжилж байна. Дүүгий маань ажил явдал Сүхбаатар аймагт болсон. Хэрэг гарах үед би Увс аймагт ажлаар явж таарсан. Тэндээс наашаа Замын-Үүд рүү ирж талийгчаа аваад Сүхбаатар аймаг явсан. Оршуулгын зардлаас гадна, бензиний зардлууд байгаа гэв.    

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 сарын 11-ний өдөр намайг гэртээ хажуу айлынхаа Н-тэй хамт байхад 16 цагийн орчим талийгаач Л ганцаараа халамцуу байдалтай 1 шил 0,75 л Сэржим нэртэй архи барьсан орж ирсэн юм. Тэгэхэд Н унтаж байсан. Би өөрөө архи дарс уудаггүй болохоор Л-т “би гэртээ архи дарс уулгахгүй, харьж унтаж амар” гэж хэлээд түүнийг явуулчихсан юм. Гэтэл Л “за за, явлаа” гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш О-ийн 10-с доош насны байхаа, дандаа л бага насны жоохон 5 хүүхэд манайхаар орж ирээд тоглосон. Би О-ийн хүүхдүүдээс “танай аав, ээж чинь байгаа юм уу” гэхэд тэдний охин О нь “ээж байхгүй байгаа, аав гэртээ согтуу байгаа” гэж хэлж байсан. Тэгээд удаагүй 18 цаг өнгөрч байхад Л дахиад л ганцаараа орж ирсэн, гэхдээ нөгөө авч явсан Сэржим нэртэй архиныхаа талыг нь шахуу уучихаад өмнөхөөсөө бүр нилээн согтчихсон орж ирсэн. Тэгэхэд Н сэрчихсэн байсан бөгөөд тэр хоёр Л-ын авч ирсэн тал шил архийг уугаад сууж байхад манай зүүн талын хашааны хөрш өвгөн Бямбаа гуай ганцаараа манайхаас усны саваа авах гээд орж ирсэн. Тэгэхэд би хоол хийж байсан учир Б гуайг “хоол идчихээд гар” гэж хэлээд хүлээлгэж байхад О удаагүй 19 цаг болоогүй байхад л байх хүүхдүүдээ авахаар манайд нилээн согтуу байдалтай орж ирсэн. Тухайн үед Н, Л хоёр нөгөө тал шил архиа ууж дуусаагүй байсан болохоор О-т архинаасаа 1, 2 удаа аяганд хийгээд өгч байсан. Тэдний уусан архинаас Б гуай бид хоёр огт уугаагүй, Л, Н, О гурав л хувааж уусан. Л эхлээд О-ийг орж ирснээс хойш л үгээр өдөөд, дээрэлхэх маягтай “чамайг алчихна шүү, муу ал минь ээ” гэх мэтээр янз бүрээр хэлээд байсан. О ч өөдөөс нь дуугай суухгүй тэр хоёр хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэр үед нь Б гуай бид хоёр “айлд орж ирчихээд хэрэлдээд муудалцаад байх юм, боль” гэж хэлсэн. Тэр хоёр манайд байхдаа муудалцаад байхаар нь хориглосон боловч болихгүй үргэлжлүүлээд бүүр зүүн хоймрын авдарны өмнө хоорондоо зууралдаж аваад О нь Л-ын хацар руу 1-2 удаа алгадсан /аль тар руу нь алгадсныг нь санахгүй байна/, тэгээд гараараа нүүр болон толгой руу 1-2 удаа цохисон. Л ч гэсэн О-ийг нүүр орчим руу нь 1-2 удаа цохиж харагдсан. Тэгэхэд О-ийн хүүхдүүд нь уйлалдаад, орилолдоод байсан бөгөөд би ч тэр хоёрыг “гар” гээд гэрийн хаалга өөрөө онгойлгож өгөөд хөөж гаргасан. Тэгсэн чинь О, Л хоорондоо зууралдсан хэвээрээ Л нь урд нь нөгөөхөө чирсэн маягтай гэрээс гарсан. Тэдний араас О-ийн хүү Г нь дагаж гарах гээд байхаар нь би “жоохон хүүхэд гар хөлд нь өртөөд бэртчих вий” гэж санаа зовж гаргахгүй хэсэг байж байгаад Г зүтгээд байхаар нь гаргасан. Би  тэднийг гадаа гараад хэрхэн зодолдсоныг нь нүдээрээ хараагүй. Ямар ч байсан тэд гараад үргэлжүүлээд зодолдоод ноцолдоод байгаа бололтой чимээ гараад байсан, мөн О-ийн хүү Г нь гадаа гарчихаад “аав та битгий хүн зодоод бай л даа” гээд их тод, чанга хэлж байсан. Удаагүй О, түүний араас Г нь цуг гэрт түрүүлж орж ирэхээр нь би О руу “яах гээд зодоон хийгээд байгаа юм бэ, та нар гараад зодолдсон уу, Л хаана байна” гэхэд Г “зодолдсон, Л гадаа байгаа” гэсэн. Удаагүй л Л ороод ирсэн. Тэд хурдан л ар араасаа ороод ирсэн. Яг ямар хугацааны зөрүүтэй орж ирснийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Цаахан хэдхэн минутын зайтай л Л араас нь орж ирсэн байх. Л орж ирэхдээ нүүр ам нь нил цус нөж болсон байдалтай орж ирэхээр нь би “наад нүүр амаа яачихваа, аймар болчихсон байна шүү дээ” гэхэд Л, О руу “чи муу намайг зодсон доо, ална шүү чамайг” гээд дахиад муудах гээд байхаар нь би О-ийг “одоо харь, хүүхдүүдээ аваад яв” гэж хэлээд гэрээс гаргасан. Харин Л-ыг энэ тэнд очоод тасраад унаад өгч магадгүй гээд түүнийг гэртээ үлдээгээд “унт унт” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л ямар нэгэн юм хэлэлгүй манай гэрийн зүүн гол хэсэгт цус нөжөө ч угаалгүй дээшээ хараад хэвтээд өгөх шиг болсон. Тэгээд л Б гуай ч гараад явсан, мөн Н унтахаар хэвтсэн, удаагүй манай охин С 20 цаг өнгөрөөд сургуулиасаа ирээд надтай хамт унтсан. С-тай ойролцоо байхаа манай дүү С ч манайд ирсэн. Манай хүү С, О-ийн хүү Ж хоёр кино үзээд ирлээ гээд нилээн орой 20-21 цагийн орчим орж ирж хоолоо идчихээд манай хажуу хөрш Б-ынд унтана гээд гарсан юм. Бусад нь манайд унтаж амарсан. Биднийг унтахад Л дээшээ хараад л унтаж байх шиг л байсан. Тэгээд би шөнө 03 цаг өнгөрч байхад гал нэмчихээд буцаад унтах гэж байхад Н бие засна гээд сэрж байсан, манай дүү С ч гэсэн сэрчихээд “Л нэг л сонин болчихсон байна, хөөе Л-аа” гээд дуудахад Л ямар ч хөдөлгөөнгүй, царай нь цонхийгоод нэг л биш харагдсан. Би эхэндээ анзаараагүй юм. С-ыг хэлэхээр нь л харсан чинь нээрээ нэг л биш болчихсон байсан. Тэгээд бид нар цагдаа, эмнэлэг руу ярьж мэдэгдсэн. Бид нар айгаад Л руу ойртой ч үгүй, цагдаа ирээд Л-ыг нас барсан байна гэж байсан. Л манайд орж ирэхдээ халамцуу, согтуу л байснаас биш бусдаар хэвийн зүгээр л юм яриад сууж байсан. Тэр нүүр ам нь цус болсон нь О-тай зодолдоод л тийм болчихсон. Өөр хүн түүнтэй маргасан муудсан зүйл байхгүй. Л, О-тай муудалцаж зодолдохоос өмнө зүгээр байсан. Муудалцаад гэрт байхдаа цохилцсон ч нүүр ам нь цус нөж болоогүй байсан, харин орж ирэхдээ Л-ын нүүр ам нь битүү цус нөж болчихсон байсан. О-ийн царай зүс бол гайгүй харагдсан. Л гэрт орж ирээд О руу “чи намайг зодсон доо, чамайг ална шүү” гээд занасан байдалтай хэлсэн, тэгээд л О-ийг гараад явсны дараа нь Л ах манай гэрийн зуухны зүүн хойд хэсэгт буюу гэрийн зүүн орны өмнө орж ирээд сууж байсан газраасаа босолгүй тэндээ шууд хэвтээд өгсөн. Л орж ирээд О руу “чи намайг зодсон доо, чамайг ална шүү” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Түүнийг хэвтээд өгөхөөр нь унтчихлаа л гэж бодсон. О манайд байхдаа Л-тай муудалцаад барьцалдаж аваад нүүр рүү 1-2 удаа алагдсан, мөн гараа зангидаж байгаад нүүр, толгой руу нь 1-2 удаа цохьсон. Тэр үед хүүхдүүд орилолдоод, дээрээс нь би сандраад О Л-ын аль хацар руу, мөн аль гараараа яг аль хэсэгт нь цохисон зэргийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 1-2 удаа алагдаад, үргэлжлүүлээд гараараа нүүр толгой орчим руу 1-2 удаа цохиж харагдсан. Тэгээд гэрээс гараад хэдэн удаа хаана нь цохьсоныг нь би мэдэхгүй байна гэжээ./1-р хх-ийн 75-85/

Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 11-ний өдөр тэднийд өнжсөн юм. А эгчийн хүүхдүүд сургууль руугаа явсан байсан бөгөөд намайг өдөр унтаад босоод ирэхэд миний танихгүй, бага насны 5 хүүхэд А эгчийнд ороод ирсэн байсан. Тухайн өдөр 18-19 цагийн орчим байхаа Л 1 шил архитай ирэхээр нь би түүнд хань болоод архинаас нь 1, 2 татаад сууж байхад О гэх залуу нь хүүхдээ авахаар орж ирсэн. Тэгэхэд хөрш айлын миний танихгүй ах А эгчийнд орж ирсэн байсан. О-ийг орж ирснээс хойш л Л түүнийг “хүүхдээ үлдээчихээд, хүнээр харууллаа” гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Л А эгчийг ч гэсэн загинаад байх шиг байсан. О ч өөдөөс нь “чамд ямар хамаатай юм” гэсэн зүйл хэлсэн. Л тэгээд больчихгүй үргэлжлүүлээд л хараал хэлээд доромжлоод болохгүй байсан. Урд өдөр нь би архи уучихсан байсан, мөн жоохон архи уухаар амархан согтчихдог болохоор 2021 оны 12 сарын 11-ний өдөр Л-ын авч ирсэн архинаас 2, 3 удаа уугаад согтчихсон. Миний мэдэж байгаагаар О, Л хоёр муудалцаж байгаад босож ирээд барьцалдаж авахад А эгч хаалгаа онгойлгоод тэр хоёрыг “гэр оронд битгий хэрүүл, зодоон хийгээд бай, гарцгаа” гээд гаргаж байсан. Тэр хоёр гадаа гарчихаад муудалцаад, зодолдоод байгаа бололтой түчигнээд байсан. А эгч, мөн түүний танил ах бид нар гэрээс гараагүй, харин О-ийн хүүхэд гэж жоохон банди гадаа гараад аавыгаа дагуулж орж ирж байх шиг байсан. Удаагүй Л тэдний араас орж ирэхдээ баруун хацарнаас нь цус гарчихсан, нүүр нь шалбарчихсан байдалтай орж ирэхэд О нь хүүхдүүдээ аваад гараад явсан. Би өөрөө нилээн согтчихсон байсан тул 9 сартай хүүхдээ тэврээд орон дээр цаашаа хараад унтчихсан. Л хэзээ нь унтсаныг нь мэдэхгүй, ямар ч байсан өөр хүн амьтан муудалцсан маргасан зүйл болоогүй. Тэгээд шөнө А эгч гэрлээ асаагаад байж байхдаа Л-ыг нэг л сонин болчихсон байна гэдэг яриа болоод цагдаа дуудаж байсан гэжээ. /1-р хх-ийн 87-90/

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 11-ний өдөр 16 цагийн үед гэрээсээ гарч дүүгийнд очиж байж байгаад мотоцикль янзлах найз хөдөөнөөс ирэхлээр нь найзыгаа дагуулаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрийн зүүн талын орны урдуур талийгаач буруу хараад унтаж байсан. Тухайн үед манай гэрт ээжийн дүү А охины хамт мөн Н газарт хүүхдийн хамт унтаж байсан. Тэгээд хөдөөнөөс ирсэн найзтайгаа хамт эвдэрсэн мотоциклынхоо моторыг боож дуусаад байж байхад Б 22 цагийн үед гэрт орж ирээд эхнэр Н-ийн хажуугаар орж амарсан. Тэгтэл найз “за за найз нь мал хуй хэцүүдлээ” гээд 23 цагийн үед манайхаас явсан. Би найзыгаа явуулчихаад амарсан. Тэгтэл шөнө А эгч гал нэмэх гээд боссон, талийгаач “Л сонин болсон байна” гээд хэлэхээр нь гэрт унтаж байсан хүмүүс бүгд сэрсэн тэгтэл Б талийгаачийн амьсгалыг үзсэн чинь амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь түргэн дуудсан чинь түргэний эмч орж ирээд талийгаачийг үзээд “энэ хүн чинь нас барсан байна” гэхээр нь А эгч “хүүе ээ одоо цагдаа дуудахгүй бол болохгүй” гээд цагдаа дуудсан гэжээ. /1-р хх-ийн 93-94/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд А-ийн гэрээс өөрийн усны саваа авах зорилгоор орсон. Намайг ороход талийгаач, А, танихгүй бүдүүн авгай хүүхдээ тэврээд сууж байсан, баруун орон дээр танихгүй намхан залуу 5 хүүхэдтэйгээ, бас А-ийн охин нь байсан. Харин талийгаач, танихгүй бүдүүн авгай, танихгүй намхан залуу гурав голдоо архи тавьчихсан ууж байсан. Талийгаач зүүн орны наана шалан дээр, намхан залуу баруун орон дээр, танихгүй бүдүүн авгай талийгаачийн хажууд суучихсан байдалтай байсан. ...талийгаач баруун орон дээр сууж байсан намхан залуу руу салаавч гаргаад “ална шүү пизда минь” гэсэн чинь нөгөө намхан залуу босч ирээд зууралцаад авсан. Тэгтэл А “гэрт дотор битгий хэрүүл хийгээд бай гадаа гарч хэрүүлээ хий” гээд хөөгөөд гаргасан. Удалгүй тэр намхан залуу орж ирээд 5 хүүхдээ аваад гараад явсан. Тэгтэл талийгаач орж ирээд зүүн орны хажуугаар, бүдүүн хүүхний наагуур хэвтээд өгсөн. Би зөрөөд гараад явсан. Талийгаач хөл дээрээ тогтож чадахгүй шахуу согтуу байсан, харин нөгөө намхан залуу нь гайгүй байх шиг харагдсан, би согтуу байна ч гэж мэдээгүй. ...Орж ирэхдээ нүүр нь цус болчихсон байсан гэжээ. /1-р хх-ийн 111-112/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 11-ний 16 цагийн үед хүү Ш тэврээд гэрээс гараад хажуу айлын А эгчийн гэрт ороход баахан жаахан хүүхдүүд манай эхнэр Н, хажуу айлын А эгч, Л нар байсан. Тэгээд би хүүгээ тэврээд Л-ын хамт А эгчийн гэрээс гараад ард талд байдаг хүнсний дэлгүүрээс сүү аваад хүү, Л бид гурав Усны гудамжинд байдаг найз Э-ны ээж Г эмээгийн гэрт очин дэлгүүрээс авсан сүүгээ өгсөн. Г эмээгийн гэрээс гараад Жинчингийн гудамжинд байдаг Б ахын гэрт очоод би Л-ыг “манай хүүг гэрт хүргээд өгчих” гээд Л-т хүүгээ өгч явуулчихаад Б ахын гэрт үлдэж архи уусан. Тэгээд Б ахын гэрт архи ууж байгаад тэндээ тасраад унтаад өгсөн байна лээ. Унтаж байгаад сэрэхэд 11 цаг өнгөрч байхад би Б ахын гэрээс гараад шууд гэрлүүгээ хариад А эгчийн гэрт ороход манай эхнэр хүүхэд А эгчийн гэрийн хойморт нь унтаж байсан. Үүдний хэсэгт С, Б гэдэг нэртэй залуу 2 мотоциклын мотор боогоод сууж байсан. Гэрийн зүүн талд нь Л газар унтаж байсан. А эгч баруун талын орон дээрээ унтаж байхаар нь би эхнэрийнхээ өвөрт ороод унтаад өгсөн. Тэгээд шөнө 3 цагийн үед А эгч босоод хажуу талын манай гэр лүү орж хүүхдүүдээ харчихаад орж ирээд намайг сэрээгээд “Л их сонин байна, чи үзээдхээч” гэхээр нь би босоод Л-ын нүүрэнд хүрэхэд цэл хүйтэн болохоор нь цээжин дээр нь чихээ тавиад чагнахад амьсгалахгүй байсан. Тэгээд А эгч цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн. ...Би амь хохирогч Л-тай хэрэг явдал болохоос өмнө 7-8 хоногийн хугацаанд хамт архи уусан. Ерөөсөө гэмтэл авсан зүйл байхгүй. Бид хоёр хүнтэй муудаагүй, А эгчийн гэрт архи уух гэж ирэхээр нь би хамт уудаг байсан. Тэгээд орой болохоор гэртээ хариад амарчихдаг. Нас барахаасаа өмнө 72 цагийн хугацаанд манай гэрээр орж гарсан, А эгчийн гэрээр ч гэсэн орж гараад явж байсан. Ямар ч байсан нүүр, толгойндоо гэмтэл авсан зүйл харагдаагүй гэжээ. /1-р хх-ийн 115-120/      

Насанд хүрээгүй гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд төрсөн дүү О, М, А нарын хамт манай гэрийн хойд талын гудамжинд амьдардаг А эгчийн хүүхдийнх нь хүүхдүүдтэй тоглох гээд гэрээс гарсан. Тэгээд би гурван дүүгээ дагуулаад А эгчийнд ирэхэд бид нартай тоглодог хүүхдүүд нь байхгүй, харин А эгчийнд хажуу талын айлын хүүхэд И, аав, дүү нарын хамт байсан. Мөн С, А эгч нар байсан. Тэгээд бид нарын тоглож байхад Итгэлийн дүү уйлаад аав нь айлд оччихоод хүрээд ирье гээд тэврээд гараад явсан. Удалгүй Л ах И-ийн дүүг тэврээд А эгчийн гэрт орж ирээд удалгүй буцаад гараад явсан. Бид нарыг тоглож байхад Б ах, удалгүй манай аав О нар орж ирсэн. Тэгээд Б ах архинд явж ирээд тэд нарыг архи уугаад сууж байхад Л ах гэрт орж ирээд гэрийн баруун хойд талд гар утсаараа оролдоод хэвтэж байхдаа Б ахыг Л ах гараараа нудраад авсан. Тэгтэл аав Л ахыг “болъё, болъё” гээд татсан чинь “чи лай шүү” гээд аавын өөдөөс салаавч гаргаад аавыг цохиж аваад байсан. Аав зөрүүлээд “нутгийгаа зодохгүй” гэсэн чинь Л ах аавыг өдөөд байсан. Л ах гал тогооны савнаас нэг зүйл аваад гэрээс гарч яваад гэрийн хаалгыг нээгээд аавыг өдөөд байсан. А эгч “та хоёр гараад учраа ол” гэж хэлсэн чинь аав гэрээс гараад би араас нь бас дагаад гарсан чинь аав Л ах хоёр гэрийн зүүн урд талд зодолдож байхаар нь би айгаад гэрт орж ирээд байж байхад удалгүй аав гэрт орж ирээд буцаад хаалгаар харахад Л ах гэрийн зүүн урд талд хэвтэж байсан. Гэр дотор байсан Итгэлийн ээж нь “О чи Л-ыг босоод ирэх юм бол байхгүй шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л гэрт орж ирээд аавыг ална тална гээд байсан. Мөн дахин зодолдох гээд байхаар нь А эгч аавыг “гэртээ харьж амар” гээд би, аав, 3 дүүгийн хамт гэртээ ирээд унтаж амарсан. А эгчийн гэрт Л ах орж ирээд Б ахыг зодох гээд байхаар нь Б ах гэрээс гараад явсан. Л ах манай аав О-тай муудалцаж, маргалдсан. А эгчийн гэрт аав Л ахтай муудалцаж байхдаа би өчигдөр оройноос өдөөд байгаа шүү гэж хэлээд муудалцаад байсан. Өөр хүн Л ахтай суудалцаж маргалдаагүй. Л-ыг гэрт орж ирэхэд нэг талын хацраас нь бага зэргийн цус гарч байсан. Яг аль талын хацраас цус гарч байсан талаар санахгүй байна. Аав болохоор зүгээр байсан гэжээ.  /1-р хх-ийн 180-182/

Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би амь хохирогч Б.Л-ын биед магадлан шинжилгээ явуулахад гавал тархины далд гэмтэл, тархины баруун чамархай хэсэгт хатуу хальсан доор цусан хураа, хуйхны баруун чамархай хэсэг дэх цус хуралт, тархины дарагдал гэсэн гэмтлийн улмаас нас барсан байсан. Энэ нь мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч Б.Лхагважав нас барахаасаа өмнө 12 цагийн дотор дээрх гэмтлүүдийг авч нас барсан байх боломжтой. Цаг хугацаа буюу 12 цагийн доторхи гэдэг нь архи согтууруулах ундааны зүйлийн хэрэглээнээс хамаараад өргөсөн тэлж, цус алдах хэмжээ ихсэж, цус хурах хугацаа нь богиносно. Амь хохирогчийн биед учирсан духны зүүн талд зулгаралт, духны баруун талд зулгаралт, баруун ясны шонтон ясан дээр зулгаралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, зүүн хацрын шонтон хэсэгт зулгаралт, хамрын нурууны зүүн талд зулгаралт, эрүүний ооч хэсгийн зүүн талд, оочны баруун талд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн мөрөнд эгэмний зүүн талд зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд нь гавал тархины далд гэмтэл авах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан гэжээ.  /1-р хх-ийн 209-211/  

Шинжээч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач нь гавал тархины далд гэмтэл, тархины баруун чамархай хэсэгт хатуу хальсан доор цусан хураа, хуйхны баруун чамархай хэсэг дэх цус хуралт, тархины дарагдал гэсэн гэмтлийн улмаас нас барсан байсан. Уг гэмтэлийг хүний гараар цохиод учруулах боломжтой. Уг гэмтлийн авсан хүн толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Амь хохирогчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир энэ шинж тэмдэгүүдийг мэдрээгүй байх. Гэхдээ зодуулсны дараа гэрт орж ирээд хэвтээд өгч байгаа нь толгойн өвдөлттэй байсан байх боломжтой юм. Яаралтай эмнэлэгт очсон бол амь насыг аврах боломжтой байсан. Хагалгаа хийж цусан хурааг авах замаар амь насыг аврах боломжтой гэв.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 04/015 тоот дүгнэлт: 1.Д.О-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.3.4.Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултанд хариулах боломжгүй байна. 5.”Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 6.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөхгүй.  /1-р хх-ийн 213-214/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 04/02 тоот дүгнэлт: 1.Амь хохирогч Б.Л-ын биед гавал атрхины далд гэмтэл: тархины баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дорх цусан хураа, тархины дарагдал, хуйхны баруун чамархай хэсэг дэх цус хуралт, духны зүүн талд зулгаралт, духны баруун талд зулгаралт, баруун хацар дээр шонтон ясан дээрх зулгаралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, зүүн хацрын шонтон хэсэгт зулгаралт, хамрын нурууны зүүн талд зулгаралт, эрүүнд ооч хэсгийн зүүн талд, оочны баруун талд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн мөрөнд эгэмний зүүн талд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх ба гавал тархины далд гэмтэл: тархины дарагдал нь үхэлд шууд нөлөөлсөн болно. 3.Амь хохирогч нь хүнд зэргийн элэгний өөхлөлт, элэгний архаг үрэвсэл, түгээмэл судас хатуурах өвчин гэсэн архаг хууч өвчнүүдтэй байсан ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно. 4.Амь хохирогч нь тархины баруун баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дорх цусан хураа, тархины даарагдал гэсэн гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 5.Нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой байсан байна. 6.Амь хохирогч Б.Л нь 2021 оны 12 сарын 12-ны 00-02 цагийн хооронд нас барсан байна. 7. Б.Л-ын биед үүссэн тархины баруун баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дорх цусан хураа нь 12 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ цус хуралт байна. /1-р хх-ийн 219-222/

Иргэдийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2021 оны 12 сарын 11-нд яллагдагч О нь Л-тай зодолдсон, харилцсан маргалдсан. Архи ууж согтуурсан байсан. Гадаа гарч зодолдсон. Үхлийн шалтгаан далд гэмтэл талийгаач Л-т учирсан байсан гэж шинжээч эмч хэлэв. Гэрт хоёр удаа нүүрэнд цохисон гэж О хэлэв. Гэрчүүд хэргийн талаар хэлсэн, А нүүрэнд нь цохисон гэж хэлсэн. Хохирогч нь “чамайг ална шүү” гэж О-т хэлсэн. Хохирогчийн төлөөлөгч оршуулгын зардал нэхэмжилсэн байна. Шинжээч эмч тархины баруун чамархайд цус хурсан, нүүрэн дээгүүрээ зулгаралттай байсан, эрүүл ба согтуу байхад ч хурдан цус хуралт үүсэх боломжтой. Д овогтой О нь хүн алах хэрэгт холбогдсон учир нотлох баримтуудад шинжилгээ хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр хоёр талд нь цохисон нь тархинд цус хурж амь насанд нь хохирол үүссэн байна гэв.   

Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 03-10/

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-17/

Амь хохирогч болон шүүгдэгч нарын хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 18-27/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 5/05 дугаартай тогтоол /1-р хх-ийн 56-57/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 109 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 234-235/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 227 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 244-246/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 02-04/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 225, 228 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 10-17/

Шүүх сэтгэц гэм судлалын 02 дугаартай дүгнэлт: 1.Д.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно. 2.Д. нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. /2-р хх-ийн 22-23/

Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 66 дугаартай шүүгдэгчийн оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт, шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /2-р хх-ийн 74-75, 92-100/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 106/

Хохирогчийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /2-р хх-ийн 118/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 130-132/

Хохирлын баримт /2-р хх-ийн 129, 182-219/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 12 сарын 11-ний шөнө 20 цагийн орчим ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Л-ыг зодож, улмаар тархины баруун чамархай хэсэг дэх хатуу хальсан дор цусан хураа, тархины дарагдал бүхий гэмтлийг учруулж  алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.А-ийн “...Л эхлээд О-ийг орж ирснээс хойш л үгээр өдөөд, дээрэлхэх маягтай “ чамайг алчихна шүү, муу ал минь ээ” гэх мэтээр янз бүрээр хэлээд байсан. О ч өөдөөс дуугай суухгүй тэр хоёр хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэр үед нь Б гуай бид хоёр “айлд орж ирчихээд хэрэлдээд муудалцаад байх юм боль” гэж хэлсэн. Тэр хоёр манайд байхдаа муудалцаад байхаар нь хориглосон боловч болихгүй үргэлжлүүлээд бүүр зүүн хоймрын авдарны өмнө хоорондоо зууралдаж аваад О нь Л-ын хацар руу 1-2 удаа алгадсан /аль тар руу нь алгадсныг нь санахгүй байна/, тэгээд гараараа нүүр болон толгой руу 1-2 удаа цохьсон. Л ч гэсэн О-ийг нүүр орчим руу нь 1-2 удаа цохиж харагдсан. Тэгэхэд О-ийн хүүхдүүд нь уйлалдаад, орилолдоод байсан бөгөөд би ч тэр хоёрыг “гар” гээд гэрийн хаалга өөрөө онгойлгож өгөөд хөөж гаргасан. Тэгсэн чинь О, Л хоорондоо зууралдсан хэвээрээ Л нь урд нь нөгөөхөө чирсэн маягтай гэрээс гарсан. Тэдний араас О-ийн хүү Г нь дагаж гарах гээд байхаар нь би “жоохон хүүхэд гар хөлд нь өртөөд бэртчих вий” гэж санаа зовж гаргахгүй хэсэг байж байгаад Г зүтгээд байхаар нь гаргасан. Би тэднийг гадаа гараад хэрхэн зодолдсоныг нь нүдээрээ хараагүй. Ямар ч байсан тэд гараад үргэлжүүлээд зодолдоод ноцолдоод байгаа бололтой чимээ гараад байсан, мөн О-ийн хүү Г нь гадаа гарчихаад “аав та битгий хүн зодоод бай л даа” гээд их тод, чанга хэлж байсан. Удаагүй О, түүний араас Г нь цуг гэрт түрүүлж орж ирэхээр нь би О руу “яах гээд зодоон хийгээд байгаа юм бэ, та нар гараад зодолдсон уу, Л хаана байна” гэхэд Г “зодолдсон, Л гадаа байгаа” гэсэн. Удаагүй л Л ороод ирсэн. Тэд хурдан л ар араасаа ороод ирсэн. Яг ямар хугацааны зөрүүтэй орж ирснийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Цаахан хэдхэн минутын зайтай л Л араас нь орж ирсэн байх. Л орж ирэхдээ нүүр ам нь нил цус нөж болсон байдалтай орж ирэхээр нь би “наад нүүр амаа яачихваа, аймар болчихсон байна шүү дээ” гэхэд Л О руу “чи муу намайг зодсон доо, ална шүү чамайг” гээд дахиад муудах гээд байхаар нь би О-ийг “одоо харь, хүүхдүүдээ аваад яв” гэж хэлээд гэрээс гаргасан. Харин Л-ыг энэ тэнд очоод тасраад унаад өгч магадгүй гээд түүнийг гэртээ үлдээгээд “унт унт” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л ямар нэгэн м хэлэлгүй манай гэрийн зүүн гол хэсэгт цус нөжөө ч угаалгүй дээшээ хараад хэвтээд өгөх шиг болсон.” /1-р хх-ийн 75-85/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Г-ий “...Л ах гэрт орж ирээд гэрийн баруун хойд талд гар утсаараа оролдоод хэвтэж байхдаа Баар ахыг Л ах гараараа нудраад авсан. Тэгтэл аав Л ахыг “болъё, болъё” гээд татсан чинь “чи лай шүү” гээд аавын өөдөөс салаавч гаргаад аавыг цохиж аваад байсан. Аав зөрүүлээд “нутгийгаа зодохгүй” гэсэн чинь Л ах аавыг өдөөд байсан. Л ах гал тогооны савнаас нэг зүйл аваад гэрээс гарч яваад гэрийн хаалгыг нээгээд аавыг өдөөд байсан. А эгч “та хоёр гараад учраа ол” гэж хэлсэн чинь аав гэрээс гараад би араас нь бас дагаад гарсан чинь аав Л ах хоёр гэрийн зүүн урд талд зодолдож байхаар нь би айгаад гэрт орж ирээд байж байхад удалгүй аав гэрт орж ирээд буцаад хаалгаар харахад Л ах гэрийн зүүн урд талд хэвтэж байсан. Гэр дотор байсан Итгэлийн ээж нь “О чи Л-ыг босоод ирэх юм бол байхгүй шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л гэрт орж ирээд аавыг ална тална гээд байсан. Мөн дахин зодолдох гээд байхаар нь А эгч аавыг “гэртээ харьж амар” гээд би, аав, 3 дүүгийн хамт гэртээ ирээд унтаж амарсан А эгчийн гэрт Л ах орж ирээд Б ахыг зодох гээд байхаар нь Б ах гэрээс гараад явсан. Л ах манай аав О-тай муудалцаж, маргалдсан. А эгчийн гэрт аав Л ахтай муудалцаж байхдаа би өчигдөр оройноос өдөөд байгаа шүү гэж хэлээд муудалцаад байсан. Өөр хүн Л ахтай муудалцаж маргалдаагүй. Л-ыг гэрт орж ирэхэд нэг талын хацраас нь бага зэргийн цус гарч байсан” /1-р хх-ийн 180-182/ гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 04/02 тоот дүгнэлт /1-р хх-ийн 219-222/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 03-10/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-17/, амь хохирогч болон шүүгдэгч нарын хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 18-27/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О-ийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгээр “амь хохирогч нь ухаан алдаж унадаг, өмнө нь хүнд зодуулсан, эсвэл ухаан алдаж унахдаа толгойдоо гэмтэл авсан байх боломжтой” гэж мэдүүлж байгаа нь гэрч Т.Б-ын “......Би амь хохирогч Л-тай хэрэг явдал болохоос өмнө 7-8 хоногийн хугацаанд хамт архи уусан. Ерөөсөө гэмтэл авсан зүйл байхгүй. Бид хоёр хүнтэй муудаагүй, А эгчийн гэрт архи уух гэж ирэхээр нь би хамт уудаг байсан. Тэгээд орой болохоор гэртээ хариад амарчихдаг. Нас барахаасаа өмнө 72 цагийн хугацаанд манай гэрээр орж гарсан, А эгчийн гэрээр ч гэсэн орж гараад явж байсан. Ямар ч байсан нүүр, толгойндоо гэмтэл авсан зүйл харагдаагүй” хх-ийн 115-120/ гэх мэдүлэг, гэрч Ц.А-ийн “...Л манайд орж ирэхдээ халамцуу, согтуу л байснаас биш бусдаар хэвийн зүгээр л юм яриад сууж байсан. Тэр нүүр ам нь цус болсон нь О-тай зодолдоод л тийм болчихсон. Өөр хүн түүнтэй маргасан муудсан зүйл байхгүй. Л О-тай муудалцаж зодолдохоос өмнө зүгээр байсан. Муудалцаад гэрт байхдаа цохилцсон ч нүүр ам нь цус нөж болоогүй байсан, харин орж ирэхдээ Л-ын нүүр ам нь битүү цус нөж болчихсон байсан.” /1-р хх-ийн 75-85/ гэх мэдүүлгүдээр үгүйсгэгдэж байна. 

Иргэдийн төлөөлөгч Д.Э нь “...шүүгдэгч нь хохирогчийн толгойн хоёр талд цохиж тархинд цус хурж амь насанд нь хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэм буруутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт байна гэж үзэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.О-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л нь нийт 8,758,900 төгрөг нэхэмжилсэн боловч 6,217,550 төгрөгийн баримт нь шаардлага хангасан нотлох баримт байна. Шүүгдэгч Д.О-ийн ар гэрээс 2022 оны 04 сарын 11-ний өдөр ... дугаартай ХААН банкны дансанд 200,000 төгрөгийг шилжүүлсэн, уг данс нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-ийн данс болох нь ХААН банкны орлогын баримт /2-р хх-ийн 222/-аар тогтоогдож байх тул 6,217,550 төгрөгөөс шилжүүлсэн 200,000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч Д.О-аас 6,017,550 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,626,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, оршуулгын зардалд 6,017,550 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эд мөрийн баримтын хувьд:

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн “Сэржим” нэртэй архины шил 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шил 1 ширхэг, “Верентген” нэртэй архины шил 1 ширхэг, цагаан өнгийн сэнжтэй аяга 1 ширхэг, цагаан өнгийн дугуй аяга 1 ширхэг, 63 см урттай 2.5 см өргөнтэй хар өнгийн төмөр 1 ширхэг, улбар шар өнгийн уут 1 ширхэг, Д.О-ийн өмсөж явсан ногоон захтай цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цагаан од мэт зүйлээр дүрслэгдсэн толбо бүхий майк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн элэгдэж хуучирсан өмд 1 ширхэг, бор өнгийн элэгдэж хуучирсан ширэн тэлээ 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, шар болон ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн үдээстэй түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, амь хохирогч Б.Л-ын өмсөж явсан хар өнгийн хиймэл үстэй лоовуузан малгай 1 ширхэг, саарал эрээн өнгийн дээл 1 ширхэг, бор өнгийн бүс 1 ширхэг, босоо захтай ягаан өнгийн фудволик 1 ширхэг, дугуй захтай хар өнгийн шар өнгийн дотортой цамц 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал эрээн өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст хүлээлгэн өгөхөөр, шүүгдэгчийн өмсөж явсан босоо захтай, гадуураа бор оруулгатай бараан өнгийн нэхий 1 ширхэгийг шүүгдэгч Д.О-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О-ийн 2021 оны 12 сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 131 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов. Шүүхэд иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлблөргүй, хохирогчийн төлөөлөгч гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн цагдан хоригдсон 131 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сэржим” нэртэй архины шил 1 ширхэг, “Ерөөл” нэртэй архины шил 1 ширхэг, “Верентген” нэртэй архины шил 1 ширхэг, цагаан өнгийн сэнжтэй аяга 1 ширхэг, цагаан өнгийн дугуй аяга 1 ширхэг, 63 см урттай 2.5 см өргөнтэй хар өнгийн төмөр 1 ширхэг, улбар шар өнгийн уут 1 ширхэг, Д.О-ийн өмсөж явсан ногоон захтай цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цагаан од мэт зүйлээр дүрслэгдсэн толбо бүхий майк 1 ширхэг, ногоон эрээн өнгийн элэгдэж хуучирсан өмд 1 ширхэг, бор өнгийн элэгдэж хуучирсан ширэн тэлээ 1 ширхэг, хар өнгийн ноосон өмд 1 ширхэг, шар болон ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн үдээстэй түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, амь хохирогч Б.Л-ын өмсөж явсан хар өнгийн хиймэл үстэй лоовуузан малгай 1 ширхэг, саарал эрээн өнгийн дээл 1 ширхэг, бор өнгийн бүс 1 ширхэг, босоо захтай ягаан өнгийн фудволик 1 ширхэг, дугуй захтай хар өнгийн шар өнгийн дотортой цамц 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, саарал эрээн өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, босоо захтай, гадуураа бор оруулгатай бараан өнгийн нэхий 1 ширхэгийг шүүгдэгч Д.О-т буцаан олгохосугай.

6. Шүүхэд иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Д.О нь хохиролд 6,017,550 төгрөгийг төлж барагдуулсан, энэ тогтоолоор бусдад төлбөр хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.Ц

ШҮҮГЧИД                                                              Д.Ц

                                                                               Э.Б