| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0404/И |
| Дугаар | 131/ШШ2017/00466 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2017/00466
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВЮ89122309 регистрийн дугаартай, Боржигон овогт Төмөрийн Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВП90082736 регистрийн дугаартай, Халиун овогт Эрдэнэбилэгийн Батхүүд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Эрдэнэбилэг, хариуцагч Э.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Эрдэнэбилэг овогтой Батхүүтэй 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуримаа хийж 2011 оны 11 дүгээр сарын 28-нд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Сүх, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Булгантамир нар мэндэлсэн.
Хамт амьдрах хугацаандаа намайг байнга хардаж зоддог, ажил хийдэггүй байсан ба Б.Хажидмаа гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаанд орж 2 хүүхдээ орхин явсан. 2016 оны 6 дугаар сарын 30-нд гэрээсээ явсан. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ээж А.Оюунгэрэлийнд очиж түүнээс хойш нөгөө бүсгүйтэйгээ хамтран амьдарч байгаа бөгөөд удахгүй хуримаа хийх гэж байгаа. Одоо бид хоёр тус тусын амьдралтай болсон, хамтран амьдрах боломжгүй болсон тул гэр бүлээ цуцлуулж, 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бид хамтран амьдарч байх хугацаанд миний бие цалингийн зээл авсан одоо үлдэгдэл 8 сая төгрөгийн 50 хувийг хариуцагчаар төлүүлэх хүсэлтэй байна. Хариуцагч өөрөө сайн дураараа төлөхгүй бол жич нэхэмжлэл гарган дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх болно. Одоо бид хоёул хамтран амьдрагчтай тул эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагч Э.Батхүү шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Т.Эрдэнэбилэгтэй хуримаа хийж 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б.Сүх, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.Булгантамир мэндэлсэн. Бид 5 жил хамтран амьдарч байгаад 2016 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Цаашид Т.Эрдэнэбилэгтэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэсэн орлогогүй тул Т.Эрдэнэбилэгтэй тохиролцон төлөх тэтгэлгээ тохиролцох хүсэлтэй байна. Хоёр хүүхэд маань миний хүүхэд мөн. Тэтгэлэг төлөх болно. Цалингийн зээл 4 сая төгрөгийг зөвшөөрөхгүй.Одоо би хамтран амьдрагчтай тул эвлэрэх хүсэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Б.Сүх, охин Б.Булгантамир нарын төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төв, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбилэг нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.Батхүү хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэбилэг, хариуцагч Э.Батхүү нар нь 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсноо 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б.Сүх, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Булгантамир нар төрж одоо эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.
... Э.Батхүү нь Б.Хажидмаа гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаанд орж 2 хүүхдээ орхин явсан. 2016 оны 6 дугаар сарын 30-нд гэрээсээ явсан. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ээж А.Оюунгэрэлийнд очиж түүнээс хойш нөгөө бүсгүйтэйгээ хамтран амьдарч байгаа бөгөөд удахгүй хуримаа хийх гэж байгаа. Одоо бид хоёр тус тусын амьдралтай болсон, хамтран амьдрах боломжгүй болсон... гэх нэхэмжлэгч Т.Эрдэнэбилэгийн,
...Бид 5 жил хамтран амьдарч байгаад 2016 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Цаашид Т.Эрдэнэбилэгтэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна...гэх хариуцагч Э.Батхүүгийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн тэдгээрийн 2016 оны 06 сараас тусдаа амьдарсан, амьдралын бодит байдал үүссэн болон гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон зэргийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа тогтоох, нэхэмжлэлийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэхгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаан гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн насанд хүрээгүй хүү Б.Сүх, охин Б.Булгантамир нарыг эх Т.Эрдэнэбилэгийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд тэдний хүссэнээр гэрлэлтийг нь цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.
ҮСХ-ны даргын 2017 оны 02-р сарын 06-ны А/13 тоот тушаалаар батлагдсан амьжиргааны баталгаажих доод түвшин 173.500төгрөгөөр тооцон 2 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2.082.000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 48262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн болон цалингийн зээлийн маргаан байгаа талаар мэдүүлснийг дурдаж, энэ маргаанаа жич шийдвэрлүүлэх нь нээлттэй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Төмөрийн Эрдэнэбилэг, Халиун овогт Эрдэнэбилэгийн Батхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.Сүх, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Булгантамир нарыг эх Т.Эрдэнэбилэгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Сүх, охин Б.Булгантамир нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Э.Батхүүгээс гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Б.Сүх, охин Б.Булгантамир нар эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Э.Батхүү, эх Т.Эрдэнэбилэг нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Т.Эрдэнэбилэгулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Батхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэбилэгт олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 48262 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэнийхэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ