Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0023/Э |
Дугаар | 2022/ШЦТ/181 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох 2134000000269 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт С Т, Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймаг Дадал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ээж, аав, 3 ах, 4 эгч нарын хамт Хэнтий аймаг дадал сум Баян-Овоо баг Т 1-17 тоотод оршин суух хаягтай, урьд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн, гавъяа шагналгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Ганжууржавыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Ганжууржавыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2134000000269 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч М.Ганжууржавын: “... Би 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажпын Гэрэлээ, Оогий, Шинэбаяр, Батболд, Т нартай уулзаад орой тараад ганц 2 пиво уух уу гэж ярихад тэгье гэж бүгд дэмжсэн. Тэгээд 21 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг гол дээр цугласан. Гол дээр Гэрэлээ, Оогий, Шинэбаяр, Батболд, Т нартай уулзсан. Бид нар гол дээр 2 литрийн хэмжээтэй том савтай пиво 3 ширхэгийг уусан нэрийг нь санахгүй байна. Бас Экс нэртэй 0.75 грамтай 2 шил архи хувааж уусан. Бид нар юм яриад дуусах дөхөж байсан чинь Т гэх залуу ийшээ гараад уулзая гэж хэлэхээр нь дагаад тэнд байсан хүмүүсээс салаад жаахан холдтол Т нь миний хамар хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөсөн тэгтэл миний хамраас цус гараад газарт унасан. Тэгсэн тэнд хамт байсан найз нар ирж салгасан. Салгасны дараа тэр хүмүүс харих гээд явсан харин би Анхаа гэдэг залуутай хамт эмнэлэг орж үзүүлсэн. Тэгсэн эмч нь шинжилгээ аваад өвчин намдаах тариа хийгээд явуулсан. Маргааш нь бие өвдөөд үзүүлж чадаагүй тэгээд нөгөөдөр нь аймгийн эмнэлэгт ахин очиж үзүүлэхэд эгэм хугарсан байна гэж хэлсэн.Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Мөн ажлаа алдсан тэрний мөнгийг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 6 тал/,
Төв аймгийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 240 дугаартай “М.Ганжууржавын биед баруун эгэм ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1- д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 хуудас/,
М.Ганжууржавын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-01-02 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч С.Т гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ганжууржавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч С.Т нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Хэнтий аймаг Дадал сумын Баян-Овоо баг Т 1-17 тоотод оршин суудаг, урьд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 26 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Т-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч С.Т-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч М.Ганжууржав нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т нь хохирогч М.Ганжууржавт хохирлын төлбөрт 1000000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2134000000269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-г 2000/хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт С Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2000000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Ганжууржавт хохирлын төлбөрт 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Т нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ