Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0194

 

 

 

                                                                  

2020 оны 03 сарын 25 өдөр     Дугаар 128/ШШ2020/0194               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч ” ХХК 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ****/*** дугаартай гэрчилгээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уул ДЦГ, Ч******* ам нэртэй газарт 2.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа юм.

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргатай ****/*** дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”- г 5 жилийн хугацаатай байгуулж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл газар ашиглах эрхээ сунгасан. Тус хугацаанд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, газрыг /аялал жуулчлалын/ зориулалтын дагуу ашиглах үүргээ биелүүлж, зохих ёсоор ашиглаж ирсэн бөгөөд хууль тогтоомжоор хориглосон ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй.

Гэтэл манай компаниас Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 028 тоот “Байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх дэмжиж өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлэхэд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1325 тоот хариу албан бичгээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар танай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Ч******* аманд 2.0 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Иймд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 028 тоот хүсэлтийг дэмжих боломжгүй” гэж мэдэгдсэн.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 1325 тоот албан бичгийн хавсралтаас газар ашиглах эрхийг цуцалсан гэх салбарын сайдын тушаалыг олж мэдсэнээр 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан манай компанийн эрх үндэслэлгүйгээр зөрчигдөж байгаа талаар мэдэгдэж, албан бичиг хүргүүлэхэд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/7237 тоотоор “Ч******* аманд олгогдсон газрын ашиглах эрхийг сэргээх боломжгүй” гэх хариуг өгсөн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эсхүл тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан бөгөөд манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл байдал бий болоогүй байхад дээрх тушаалыг гаргасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 тушаалд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах заалтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосугай” хэмээсэн байх ба энэ нь тус хуулийн Байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэмд хамаарах хуулийн зохицуулалт байх тул Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж байсан манай компанид хэрхэн хууль зөрчиж эрх олгосон шийдвэр гаргасан гээд байгаа нь тодорхойгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцахаар хуульчилсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь А/355 дугаар тушаалыг гаргахдаа захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх уг ажиллагааг зохион байгуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Иймд үндэслэлгүйгээр манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй хууль бус шийдвэр болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.

“Ч ть” ХХК-нд Байгаль орчны сайдын тушаалгүйгээр 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар газар ашиглах гэрээг Богдхан Уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 2 га талбайг ашиглахаар байгуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал гэсэн хуульд зөвшөөрч заагаагүй зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаснаар, мөн бодит байдлаар нийтэд илэрхий харагдах барилга байшингаар нотлогддог.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээлэлийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулж мэдэгдсэн мөн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна.

Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Жич: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтын дагуу тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийн энэ хуульд заасны дагуу Байгаль орчны сайд олгож 5 жилээр сунгах эрхийг зохицуулж өгсөн.

Гэтэл энэ заалтыг зөрчиж Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга эрх мэдлээ хэтрүүлэн 2009 оноос 2019 он хүртэл шууд 10 жилээр сунгасан байна.” гэжээ.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “..Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Ч т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... хууль тогтоомжоор хориглосон ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад газар ашиглах эрхийг цуцалсан, газар ашиглах тушаалгүй боловч гэрчилгээгээр газар ашиглаж байсныг анхаарч үзээгүй...” гэж, хариуцагчаас “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаснаар, мөн бодит байдлаар нийтэд илэрхий харагдах барилга байшингаар нотлогдож байна...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Анх “Ч т” ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар 2.0 га газрыг 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 37 дугаар гэрээг байгуулан, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 1/5 дугаар гэрчилгээгээр 5 жилийн хугацаатайгаар ашиглаж эхэлсэн байх бөгөөд улмаар 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээ шинэчлэх хүсэлт гаргасны дагуу 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2009/907 дугаар Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг шинэчлэн авч, газар ашиглах эрх нь 5 жилийн хугацаатайгаар, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар тус тус сунгагдсан байна

Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын 1 дэх заалтаар “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосугай” гэж заасан байх бөгөөд тушаалын хавсралтын 22-д “Ч т” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг /тушаалгүй гэж тэмдэглэгдсэн/ хүчингүй болгосон байна.

  1. Мэдэгдэх, сонсгох ажиллагаа болон хөөн хэлэлцэх хугацааны талаар

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар албан бичгээр  “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлттэй байх тул ерөнхий үнэлгээний дүгнэлт гарган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэх албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст хүргүүлснийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1325 дугаар албан бичгээр “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 тоот тушаалаар танай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Ч******* аманд газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Иймд танай хүсэлтийг дэмжих боломжгүй” гэх хариуг ирүүлснээр мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Улмаар нэхэмжлэгчээс маргаан бүхий акттай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “...манай ашиглаж байсан энэхүү газрыг цуцлах талаар бидэнд огт мэдэгдээгүй байж цуцлах шийдвэр гарсан талаар сонслоо. Иймд хэрвээ цуцалсан шийдвэр гарсан бол уг цуцалсан шийдвэр, тушаалыг бидэнд албан ёсоор гаргаж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу тус яамнаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7727 дугаар албан бичгээр “...Байгаль орчин, аялал жуулалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар “газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг урьдчилсан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Захиргааны акт буюу тушаал гарсныг мэдэгдэх ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгааг шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно” гэх хариуг хүргүүлжээ.

Энэхүү шийдвэрээ эргэн харж нааштай шийдвэрлэж өгөхийг хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дүгээр албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/7237 дугаар албан бичгээр “...сэргээх боломжгүй” гэх хариуг хүргүүлжээ.

Хариуцагчаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан, Захиргааны актыг гарсныг мэдэгдэж 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулж мэдэгдсэн болох нь тус шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны mne.mn сайтад хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул “...сонсох ажиллагаа хийгээгүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1075 дугаар албан бичгээр“Ч т” ХХК-д “2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал гарч, газар ашиглах эрх тань дуусгавар болсон байна. Иймд та газар ашиглах гэрээ гэрчилгээг хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байна” гэх албан бичгийг компаний гэрчилгээн дээрх хаягаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч компанийн хаяг өөрчлөгдсөнтэй холбогдуулан албан бичгийг хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд хариуцагчийн зүгээс мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн, нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актыг мэдсэнээс хойш 30 хоногтоо багтан тус яаманд гомдол гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

  1. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын 1 дэх заалтаар “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосугай” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, тус шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хийсэн бичиг баримтын үзлэгээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохдоо хариуцагч тушаалгүйгээр, гэрээ байгуулан газар ашиглах эрх олгосон болох нь тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8, 27.9 дэх хэсэгт заасанчлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хянан батлах, зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох эрхтэй бөгөөд энэ хүрээнд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмыг баталсан, энэ журам нь дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулахаар байх бөгөөд нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг анх олгохдоо уг журмыг баримтлан олгосон болох нь Байгаль орчны яамны 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6/518 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар ашиглах эрх олгосны дотор нэхэмжлэгчид 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 37 дугаар гэрээг байгуулан Ч******* аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа 2.0 га газрыг 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компаниас 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/6 дугаар албан бичгээр Байгаль орчны яаманд “Ч” аялал жуулчлалын төв байгуулах төслийг боловсруулан хүргүүлж, Байгаль орчны яамнаас 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/472 дугаар албан бичгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гарган хүргүүлсэн байна.

Байгаль орчны яамнаас /хуучин нэрээр/ 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/1486 дугаар албан бичгээр Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга А.Г*******ад “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Чандманийн аманд 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Ч т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2 га газарт гэрчилгээнд заагдсан зориулалтын дагуу үйл ажиллагаа эхлэхэд татгалзах зүйлгүй болно” гэх албан бичгийг хүргүүлсэн байна.

Улмаар Ч т ХХК нь маргаан бүхий газартаа хашаа татаж, 2007-2008 оны хооронд барилгын суурь цутгасан болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2/158 дугаар албан бичгээр тогтоогдож байх бөгөөд үүний дараа Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүргүүлж, гэрээг шинэчлэн байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг бөгөөд нэхэмжлэгчид анх дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт хэвээр бөгөөд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, 12 дугаар зүйлийн 12.5, 12.9-д заасны дагуу дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог гэснээс үзэхэд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.

Газар ашиглах гэрээнд газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулахаар, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээчээр батлуулсан байна.

Нэхэмжлэгч “Ч т” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11/1 дугаар албан бичгээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “газар ашиглах гэрээг шинэчлэн хийх хүсэлттэй байгаа тул гэрээг хийж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г******* болон Богдхан уулын ДЦГхамгаалалтын захиргааны дарга Ц.Ш******* нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах ****/*** дугаар гурвалсан гэрээг байгуулж, гэрээний дагуу газрын төлбөрөө болон гэрээний дагуу хийгдсэн ажлаа цаг тухайд нь тайлагнаж, төлж байсан болох нь “Ч т” ХХК-иас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/14 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн гурвалсан гэрээний дагуу хийгдсэн ажлын тайлан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тодорхойлолт, газрын төлбөр төлсөн 62 дугаар акт болон 820150477 дугаар актууд, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 12 дугаарг сарын 17-ны өдрийн 16/4706 дугаар албан бичгээр тус шүүхэд  ирүүлсэн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/355 дугаар тушаалын зорилго нь 2015 оноос тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг зөрчин, буруу хэрэглэн Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан аж ахуйн нэгжүүдэд чиглэгдсэн шийдвэр байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2004 оноос хойш ашиглах эрх үүссэн, 2004 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, 16 жил тасралтгүй газрын төлбөрийг төлсөн байхад маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-т “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй, алдаатай захиргааны акт байх бөгөөд газар ашиглах эрх олгох тушаал гараагүй байхад “тушаалыг хүчингүй болгох” агуулгатай байгаа нь үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болгох хугацааг анхаарч үзээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гарах үед газар ашиглах эрх дуусгавар болсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан нөхцлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч т ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын Ч т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.    

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОДМАА