Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 91

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр

Улсын яллагч: П.Нямцэцэг

Хохирогч : Э.Баасансүрэн 

Шүүгдэгч М.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Оюунсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031107 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, Хүчит шонхор худалдааны төвд гурилын павилан түрээслэн ажиллуулдаг, ам бүл 4 нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 35-709 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Магванцэрэнгийн Оюунсүрэн /РД:79091800/ нь:

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвд хохирогч Э. Баасансүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүний баруун гарын чигчий хуруунд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

              Шүүгдэгч М.Оюунсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манайх Улаанбаатар компаниас 2016.05.06-ны өдөр гурилаа захиалж авдаг юм. Гэхдээ 2016.04.27-ны өдөр гурилаа захиалгаар авсан. Тэгэхдээ 3.2 сая төгрөгийн бараа захиалсан байсан чинь 200.000 төгрөгийн бараа ирээгүй юм. Тэгсэн 2016.05.04-ний өдөр борлуулагч ирээд 50 кг гурилны мөнгөө өг гэхэд бараа ирснийг 7 хоногийн дараа мэдсэн. Тэгэхэд борлуулагч нь хажуу талын хүн чинь авсан байна, чи мөнгөө аваад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би борлуулагч ирэхээс өмнө Баасансүрэн эгчид “Улаанбаатар гурилны мөнгийг өгчих, 7 хоночихсон байна, та миний гурилыг авчихсан байсан байна, үдээс хойш борлуулагч ирэхээс өмнө мөнгийг нь өгчихөөрэй ” гэж хэлэхэд урдаас янз янзаар хэлээд чи хэзээ борлуулагчийнхаа мөнгийг цагт нь өгдөг байсан юм, гуйлагчин минь гэсэн. Өмнө нь манай нөхөр Баасансүрэн эгчээс түр гурил өгөөч гэхэд байхгүй гэсэн мөртлөө дараа нь дээд талын хүнээс авсан байхад надаас гурил авсан гээд 25.000 төгрөг нэхэж орилоод байхаар нь маргалдаад хэрэггүй гээд өгсөн байсан. Үүнээс гадна бас 200.000  төгрөгийн бараа алдчих болов уу гэж айгаад “та өгчихөөрэй гэхэд урдаас чи хэзээ бараагаа цагтаа өгдөг байсын би наадахыг чинь өгөхгүй, миний бараа гэхээр нь би доод талынхаа охинтой нийлж захисан миний барааг 7 хоногийн өмнө авсан мөртлөө хэлэхгүй, борлуулагч ирэхээр л мэдлээ гэхэд урдаас маргалдаад янз янзаар доромжлоод байхаар нь би “та хүний юм авчихаад өгдөггүй биздэ” гээд маргалдсан. Тухайн үед над руу ирэхээр нь гараараа түлхээд салсан. Тэгсэн маргааш нь гар гэмтээсэн гэж урд талын хүнд хэлсэн байсан. Манай компани хоорондоо маргалдвал гэрээгээ цуцалдаг учраас бид хоёр болиод салсан гэв.

Хохирогч Э.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016.05.06-ны өдөр М.Оюунсүрэн бид хоёр 5 шуудай 50 кг-ийн Улаанбаатар гурилнаас болж маргаан үүссэн. Манай борлуулагч 7 хоногийн өмнө буюу 2016.04.28-ны өдөр ирээд авсан бараагаа тулгалт хийхэд миний захиалсан гурил ирчихсэн мөртлөө борлуулагчийн дэвтэр дээр бичигдээгүй болохоор нь би Нямаа ахаа гурил нь ирчихсэн мөртлөө мөнгө нь яагаад бичигдээгүй юм бэ гэхэд Оюунсүрэн дээр бичигдсэн байна, дараагийн удаа ирэхэд 215.000 төгрөгийг төлөөд Оюунсүрэнгээс мөнгийг нь хасуулаарай, эсвэл Оюунсүрэнд өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгсэн маргааш нь Оюунсүрэн мөнгөө нэхэхээр нь үгүй, чамтай маргаан үүсдэг учраас Нямаа гэх борлуулагчид өгнө, чамд мөнгийг нь бэлнээр өгөхгүй, би өөрөө харж байгаад хасуулаад төлнө гэж хэлсэн. Тэгтэл Оюунсүрэн намайг машин дээрээс бараа хулгайлж авчихаад, хулгайч царайлчаад гэх мэтээр нөхөр, эгчтэйгээ нийлж дайрч цохиод маргалдаж байгаад намайг түлхээд хойшоо савж унахдаа тулахад миний гар чад гээд дуугарсан. Тухайн үед би нилээн ууртай байсан болохоор гараа хугарсан гэж бодоогүй. Тэгээд ажлаа тараад машиндаа ороход миний гар хөхөрч хавдсан. Тэгээд нөхөртэйгөө хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хугарсан байна гэсэн. Тэгээд маргааш өглөө нь цагдаад хандсан. Ажилдаа ирэхдээ урд талынхаа хүнд өчигдөрын маргаанаас болж хуруу хугалчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед гэмтлийн эмч миний хуруунд төмөр чиг барьж боож өгсөн. Тухайн үед ажлаа орхиод гэртээ суух ямарч боломжгүй байсан. Учир нь түрээсийн мөнгө, гэр бүлээ тэжээдэг. Тухайн үед гар нь хугарсан хүн ажил хийж болдог юм уу гэх мэт янз бүрийн яриа гарч л байсан. Надад Оюунсүрэнд хэлсэн үг байхгүй. Одоо хуруу муруйж эдгэрсэн. Эмчилгээний зардалд 250.000 төгрөг авсан. Одоогоор гомдолгүй гэв. 

 Хохирогч Э.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:....Тэр өдөр хажуугийн контейнерийн Оюунсүрэн бид хоёр Улаанбаатар гурил компаниас зэрэг гурил захиалж авсан байсан. Би захилга өгөхөд 5 шуудай 50 кг-ийн гурил надад ирчихсэн. Харин Оюунсүрэн дээр ирээгүй юм байна лээ. Тэгээд борлуулагч нь ирээд мөнгө авах үед нь би захиалсан гурилынхаа тооцоог би харъя гэж хэлсэн. Тэгээд үзэхэд миний авч борлуулсан 5 шуудай гурил бичигдээгүй байсан. Тэгэхээр нь би гурилаа авсан байгаа. Миний авсан таван шуудай гурил бичигдээгүй байна гэж хэлсэн. Тэгээд шалгаад чи гурил захиалаагүй юм биш үү гэсэн. Тэгэхээр нь захиалсан шүү дээ гэхэд Оюунсүрэн дээр 5 шуудай гурил чинь бичигдсэн байна гэсэн. Тэгээд гурилын борлуулагч одоо нэгэнт ингээд бичигдсэн юм чинь балламааргүй байна. Чи намайг дараа ирэхэд гурилын мөнгийг Оюунсүрэнд өгөх юм уу эсвэл надад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд борлуулагч яваад өгсөн. Маргааш үдээс хойш нь Оюунсүрэн надаас чи миний Улаанбаатар гурилын мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд Оюунсүрэн надтай хэрүүл маргаан хийж эхлэсэн... тэгээд намайг 5 гурилын хулгайч миний мөнгийг эргэлдүүлж ашиг олж байгаа энэ тэр гэж хэлж байгаад миний гарнаас барьж байгаад намайг хойш нь контейнер руу түлхсэн. Тэгээд би хойшоо савагдаад контейнер рүү савагдах үеэр чигчий хуруу сонин болж дуугарсан. Тухайн үед аймар их хэрүүл шуугиан болж байсан тул би хуруугаа анзаараагүй. Тухайн үед манай нөхөр ирсэн.Тэгээд нөхрийнхөө машинд суутал манай нөхөр чиний гар яагаад хавдаад байна гэхээр нь хартал миний чигчий хуруу санжигнаад хавдсан байсан. Тэгээд тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Алтанбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад нэг харсан чин хоорондоо барилцаад авчихсан. Оюунсүрэн Баасансүрэнгийн павилонд нь орчихсон хоорондоо нэг  нэгнийгээ цохиж түлхэж аваад зодолдоод эхлэсэн. Тэгэхээр нь би наад талд нь хүнд худалдаа хийж байхдаа хараад та хоёр болиоч ээ гээд орилсон. Тэгээд тэр хоёрыг зодолдож байхад Оюунсүрэнгийн нөхөр нь очоод Баасансүрэнг түлхээд авсан... Тэр өдрийн маргааш нь ажилдааирэхэд Баасансүрэн чигчий хуруугаа төмөртэй юмаар бооётхсон яанаа эгчээ Оюунсүрэн миний хурууг эвгүй бариад хугаласан байна орой би шөнө 11 цагийн үед гэртээ харьсан, гэмтэл дээр очиж гараа боолгосон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:... Орой зах тарах үед хоёр дахин маргалдаад Баасансүрэн маргалдаж байгаад Оюунсүрэн нь Баасансүрэнг цохиж авч байхыг би харсан... Оюунсүрэн эгч Баасансүрэн эгчийг далайж байгаад гараараа цохиод авах шиг болсо. Алв гараараа цохисныг би сайн санахгүй байна... гэх мэдүүлэг,

Гэрч Н. Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:... Би  машинтайгаа павтлоны нь үүдэн дээр ирж зогсоход манаы эхнэр намайг наадуултайгаа битгий юм ярь гэж байсан. Тэгэхээр нь би хэрэлдсэн юм байна гэж бодсон. Тэгээд павилоноо хаачихаад гэррүүгээ явж байтал Баасансүрэн гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд харахад гарынх нь чигчий хуруу хавдсан байсан. Тэр үзд хороололд явж байсан тул шууд гэмтлийн эмнэлэгт үзүүлчихье гээд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгээд эмч нар үзээд хуруу нь хугарсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6921 тоот шинжээчийн:

-Э.Баасансүрэнгийн биед чигчийн хуруунд хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч М.Оюунсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвд хохирогч Э. Баасансүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүний баруун гарын чигчий хуруунд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Баасансүрэнгийн …Тэр өдөр хажуугийн контейнерийн Оюунсүрэн бид хоёр Улаанбаатар гурил компаниас зэрэг гурил захиалж авсан байсан. Би захилга өгөхөд 5 шуудай 50 кг-ийн гурил надад ирчихсэн. Харин Оюунсүрэн дээр ирээгүй юм байна лээ. …Тэгээд Оюунсүрэн надтай хэрүүл маргаан хийж эхэлсэн... тэгээд намайг 5 гурилын хулгайч миний мөнгийг эргэлдүүлж ашиг олж байгаа энэ тэр гэж хэлж байгаад миний гарнаас барьж байгаад намайг хойш нь контейнер руу түлхсэн. Тэгээд би хойшоо савагдаад контейнер рүү савагдах үеэр чигчий хуруу сонин болж дуугарсан... гэх мэдүүлэг,

Гэрч Х.Алтанбилэгийн... Оюунсүрэн Баасансүрэнгийн павилонд нь орчихсон хоорондоо нэг нэгнийгээ цохиж түлхэж аваад зодолдоод эхлэсэн. …Тэр өдрийн маргааш нь ажилдаа ирэхэд Баасансүрэн чигчий хуруугаа төмөртэй юмаар бооёчихсон яанаа эгчээ Оюунсүрэн миний хурууг эвгүй бариад хугаласан байна гэж ярьж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Оюунтуяагий... маргалдаж байгаад Оюунсүрэн нь Баасансүрэнг цохиж авч байхыг би харсан... Оюунсүрэн эгч Баасансүрэн эгчийг далайж байгаад гараараа цохиод авах шиг болсон. Аль гараараа цохисныг би сайн санахгүй байна... гэх мэдүүлэг,

Гэрч Н. Мөнхбаярын …Би  машинтайгаа павлоны нь үүдэн дээр ирж зогсоход манай эхнэр намайг наадуултайгаа битгий юм ярь гэж байсан. Тэгэхээр нь би хэрэлдсэн юм байна гэж бодсон. Тэгээд харахад гарынх нь чигчий хуруу хавдсан байсан... Тэгээд эмч нар үзээд хуруу нь хугарсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6921 тоот шинжээчийн:

-Э.Баасансүрэнгийн биед чигчийн хуруунд хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээг нотлогдож байна.

Шүүгдэгч М.Оюунсүрэн нь хохиролд 250,000 төгрөг төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Магванцэрэнгийн Оюунсүрэнг иргэн Э.Баасансүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар М.Оюунсүрэнд  1 жилийн хорих ял оногдуулсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунсүрэнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунсүрэнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН