Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0147

 

“В а” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “В а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Маргаан бүхий газрын зэргэлдээ зүүн талд нь газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлахгүйгээр манай газар эзэмших эрхийг цуцалж ялгавартай хандаж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасантай нийцэхгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/743 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 291 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “В а” ХХК-д газар олгохдоо Газрын тухай хуульд заасан хэмжээнээс илүү газар олгохдоо дуудлага худалдаа төсөл, шалгаруулах замаар шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн тул 2012 оны А/374 дүгээр захирамжийг гаргасан. “В а” ХХК нь маргаан бүхий газарт барилга байгууламж барина гэж байгаа боловч уг газар доогуур инженерийн шугам сүлжээ байгаа, мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 114 дүгээр тогтоолоор баталсан 5.1 га газарт нэхэмжлэгчийн газар нь хамаарч байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр: “1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/743 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн

  1. т зааснаар Нийслэлийн Засаг дарга нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч “В а” ХХК- тай тохиролцож, хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмшүүлэх эсхүл нөхөх олговор олгох асуудлыг шинэ акт гарган шийдвэрлэх замаар энэхүү шийдвэрийг биелүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Бадрал давж заалдах гомдолдоо: “Манай компани анх газар эзэмших эрх авснаас хойш өөрсдийн эзэмшлийн газрыг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл хугацаанд төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж чадалгүй 7 жил болж байна.

  1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгч “В а” ХХК-ийн маргаж буй газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарагдсан, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн, Олон улсын төмөр замын буудлын арын зам дагуух цэцэрлэгт байгууламж буюу 5.1 га газрыг бусдын эзэмшилд олгохыг хориглосон газарт хамаарах нь ... хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь манай компанид олгосон газрын доор инженерийн шугам сүлжээ байхгүй, харин зүүн талд нь инженерийн шугам сүлжээ байгаа гэж тэмдэглэгдсэн боловч түүнийг нь ашиглах боломжгүй болохыг мэргэжлийн байгууллага тодорхой тайлбарласан.
  2. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс эвлэрэн хэлэлцэх болон өөр байршилд газар санал болгох, хохирол барагдуулах боломжгүй талаар тодорхой хариулсан. Гэтэл шүүхээс удаа дараа “өмнө нь эзэмшиж байсан газрын байршил, чанар байдлыг дордуулахгүй газарт дахин газар олгох, эсхүл нөхөх олговор олгож шийдвэрлэ” гэж байгаа нь тун ойлгомжгүй, шүүх хариуцагчийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, шударгаар шийдвэрлэх чадваргүй болохыг харуулж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод “иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шийдвэрлэхэд оршино” гэж заасан байна. Бид газар эзэмших эрхээ сэргээж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан боловч өдийг хүртэл шийдвэрлээгүй, шийдвэрлэх ч хүсэлгүй байгаа учраас л шүүхэд хандсан болохоос цаг хугацаа, хөрөнгө мөнгө дэмий үрэх гэж гэж шүүхэд хандаагүй билээ. Хуулийн дагуу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан бидний эрхийг улам бүр зөрчиж, нөхцөл байдлыг дордуулж байгааг анхааран үзнэ үү.

Манай компанид газрыг эзэмшүүлэх эрх олгосноос хойш Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 114 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор Олон улсын төмөр замын буудлын арын зам дагуух цэцэрлэгт байгууламж буюу 5.1 га газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглон шийдвэрлэсэн бөгөөд энэ хориглосон 5.1 га газарт манай компанид эзэмшүүлсэн 2612 мкв газар ороогүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох кадастрын зураг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан хугацаанаас тодорхой харагдана.

Тодруулбал, манай компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд орших газрыг төр өөрийн хэрэгцээнд авч Баянгол дүүргийн 3 дугаар хороонд газар эзэмшүүлсний дараа манай компанид эзэмшүүлснээс баруун тийш 5.1 га газрыг хойшид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглон шийдвэрлэсэн. Харин шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар өөрсдөө нотлох баримт бүрдүүлэх, талуудын баримт эргэлзээтэй бол нэг мөр болгох үүрэгтэй байхад Улсын Дээд шүүхийн тогтоолд тусгагдсан ажиллагааг огт хийгээгүй хэрнэ 5.1 га газарт хамаарахгүй байгааг нотолсон манай баримтыг үндэслэлгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Иймд анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “В а” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны '(   12 дугаар сарын 17-ны өдрийн А/743 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар

шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

“В а” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Тээврийн товчооны урд 2612 мкв газрыг контор, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байжээ.

Дээрх эзэмшил газар нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Үндсэн хуулийн гудамжийг Энгелисийн гудамжтай холбох гүүрэн гарц барих газарт хамаарч, улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 291 дүгээр захирамжаар “В а” ХХК-ийн эзэмшил газрын байршлыг өөрчилж, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам болон Тээврийн товчооны замын уулзварын баруун хойд талд байрлуулан, 2612 мкв газрыг контор, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Гэвч дараах үндэслэлээр газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

1. Газрын байршлыг өөрчлөн нэхэмжлэгчид олгосон газар нь Нийслэлийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлж болохоор тусгагдаагүй[1] байна.

Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 291 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “В а” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглосон заалтыг зөрчжээ.

  1. Нийслэлийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн зам талбай, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон газарт хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор[2] тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч “В а” ХХК-ийн 2612 мкв газар нь Олон улсын төмөр замын буудлын арын зам дагуух цэцэрлэгт байгууламжийн 5.1 га газарт хамаарч байгаа нь хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдээллийн сангийн зургаар[3] тогтоогдож байна. Иймд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн “цэцэрлэгт байгууламж буюу 5.1 га газарт хамаарахгүй байгаа” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

  1. Маргаан бүхий газрын зүүн хэсэгт нь цэвэр усны шугамтай, гол хэсгээрээ холбооны шугамтай давхцаж байгаа нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн инженерийн шугам сүлжээний дэвсгэр зургаар[4] тогтоогдож байна. Ийм учир Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т зааснаар нийтээр ашиглах газарт хамаарч байгаа болно.
  2. Тухайн газрын байршил нь инженерийн шугам сүлжээ бүхий, авто замын ойролцоо, хотын ерөнхий төлөвлөгөөнд барилгажихаар төлөвлөгдөөгүй газар болох нь Нийслэлийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр[5] тогтоогдож байна. Иймээс маргаан бүхий газрыг зориулалтын дагуу буюу контор, орон сууц, үйлчилгээний барилга барьж ашиглах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгчийн эзэмшил газрыг “гүүрэн гарц” барихаар улсын тусгай хэрэгцээнд шилжүүлж авсантай холбогдуулан дахин шинэ акт гаргахдаа дээр нөхцөл байдлыг харгалзан, барилга байгууламж барихыг хориглосноос бусад газарт, нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан газрын байршил, чанар, байдлаас дордуулахааргүй газарт нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх, эсхүл нөхөх олговор олгох замаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээж, 60 хоногийн дотор шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

2008 онд Нийслэлийн Засаг дарга нь өөрөө хууль зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээгээ журмын дагуу хэрэгжүүлээгүй алдаатай шийдвэрээр эрх нь үүсч, үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн газар эзэмшигчийн гэрээг дуусгавар болгон, гэрчилгээг хурааж авахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хариуцагч газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдэд нэхэмжлэгч хамаарч байгаа эсэхийг тогтоолгүйгээр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрх үүсч, тодорхой хугацаанд эзэмшиж ирсэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “өмнөх шийдвэр буруу” гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч компанийн урьд эзэмшиж байсан газрыг 2008 онд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гүүр барих улсын хэрэгцээнд авсантай холбоотойгоор сольж олгосон газар нь зөрчилтэй байгааг харгалзан үзээгүй нь захиргааны албан тушаалтны буруу шийдвэрийн улмаас Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлээр олгосон газар эзэмшигчийн эрхийг эдлүүлээгүй хохироосон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчид эзэмшил газрыг сольж өгөх, эсхүл нөхөн олговор олгох зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээхийг хариуцагчид даалган Нийслэлийн Засаг даргын А/743 дугаар захирамжийг түдгэлзүүлж, дахин шинээр акт гаргахыг даалгах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргад шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор нэхэмжлэгч “В а” ХХК- тай тохиролцож, хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, эсхүл нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгасугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.