Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 2022 оны 05  дугаар                                        Дугаар 2022/ШЦТ/51                                Замын-Үүд сум

сарын 05-ны өдөр  

                      

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Э                                                          

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2220000000066 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр ... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, Х овогт Б.Б. /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Ж.О-тэй маргалдан хутгалсны улмаас түүний зүүн өгзөгний дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэргээ хүлээж байна. Би тухайн үед найз Ж.О-тэй хамт 3 шил 750 гр том архи хувааж уусан, бид хоёр хоёулаа их согтсон байсан. Ж.О-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би эмнэлэг болон эм тарианы 1,500,000 төгрөгний хохирол барагдуулсан байгаа гэжээ. /хх-ийн 39-40/

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хэрэг гардаг өдөр Замын-Үүд суманд амьдардаг багийн найз Б.Б-тай утсаар ярьсан чинь манай найз “би гадуур явж байна гэртээ очлоо” гэхээр нь замаараа хүнсний дэлгүүрээс хоёр шил архи мөн ус, ундаа, тамхи аваад найз Б.Б-ын гэрт очсон. Манай найз Б.Б нь гэртээ байж байсан. Тэгээд бид хоёр ойрд уулзаагүй болохоор нэг шил архиа задлаад хувааж уух зуураа Б.Б нь хоол хийж, идэцгээсэн. Тэгээд хоёр дахь шил архиа хувааж ууж байсан чинь би согтсон. Тэгтэл архи дуусах гээд байхаар нь тандаг хүнтэйгээ утсаар ярьж дахин нэг шил архи авчруулан тэр архиа найз Б-тай хамт ууж байснаа санаж байна. Тэгтэл Б-тай юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна нэг мэдсэн чинь миний нурууны хэсгээс цус гарч байсан. Тэгтэл Б “чиний нуруунаас цус гарч байна” гэж хэлэхээр нь “за юун сүртэй юм бэ жаахан шалбархай л биз дээ” гэсэн чинь Б “үгүй арай л их гараад байна найз нь эмнэлэг дуудсан нь дээр байхаа” гэж байсан. Тэгтэл нээх удалгүй түргэн ирээд намайг үзсэн. Тэгээд шууд авч явна гээд аваад явсан. Бид хоёр их согтсон байсан болохоор яг юунаас болж муудалцсанаа сайн санахгүй байна. Уул нь бид хоёр ямар нэгэн муудалцах шалтгаан байхгүй хүмүүс, хар багаасаа хамт нэг газарт нэг голд өсөж өндийсөн хүмүүс байгаа юм. Согтуугийн хар гай байхаа тэгээд би сумын нэгдсэн эмнэлэг дээр ирж хагалгаанд орсон. Би Б-ын дээр гарчихсан цохиж байснаа хальт санаж байна. Гэхдээ Баттулгыг хэдэн удаа юугаар цохисноо санахгүй байна. Би Б-ыг тоглож байна гэж бодсон, тэгсэн чинь миний ар нурууны зүүн доод бөөрний хэсэгт хутгалсан байсан. Тухайн үед архи уучихсан их согтуу байсан болохоор өвдөлт мэдрэгдээгүй нээх цус гарахгүй байсан. Тэгсэн чинь Б “түргэн дууд” гээд байхаар нь би “хэрэггүй жаахан шалбархай л биз” гээд нээх тоогоогүй. Тэгсэн чинь түргэн тусламж ирээд намайг аваад явсан. Миний биеийн байдал зүгээр байгаа хэвийн ажиллаа хийгээд явж байна. Одоо бараг шарх нь аньж байгаа. Б-д ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмнэлгийн байгууллагаас авч эмчилгээ хийлгэсэн. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу би 1,538,750 төгрөгийн зардал төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөрт зарцуулагдсан мэс засал, амбулаторийн хяналтын үзлэг гэх мэт төлбөрийг тооцон гаргадаг юм байна лээ гэжээ. /хх-ийн 22-23, 97-98/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ж.О нь 2022 оны 03 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Цагдаагийн гудамжны 1-2 тоотод бусдад хутгалуулж бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Ж.О нь 2022 оны 03 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 101-102/

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Б.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэлийг дэмжиж байна. 2022 оны 03 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Цагдаагийн гудамжны 1-2 тоотод бусдад хутгалуулж бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд хохирогч Ж.О-д Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгээс 1,538,750 төгрөгийг тусламж үйлчилгээ үзүүлсэн байдаг. Энэ мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргагдсан учир буруутай этгээдээр төлүүлэх хуулийн зохицуулалтын дагуу Б.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-05/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-15/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 5/18 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 17-18/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 сарын 29-ны өдрийн 04/115 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ж.О-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Ж.О-ийн зүүн өгзөг дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Ж.О-ийн биед учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 30-31/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Замын-Үүд сумын ... Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх тухай бүртгэл /хх-ийн 44-46, 50-52, 62-67/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 85-86/

Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 88-89/

Хохирогч 1,500,000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт /хх-ийн 93-94/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 сарын 10-ны өдрийн 19/05 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 104-105/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 106-108/

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 111/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/25 дугаартай тогтоол /хх-ийн 112-113/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 117-118/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн ... тоотод иргэн Ж.О-тэй маргалдан хутгалсны улмаас түүний зүүн өгзөгний дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.О-ийн /хх-ийн 22-23, 97-98/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 29-ны өдрийн 04/115 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Ж.О нь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг авсан одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байна.

Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,538,750 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,538,750 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь хохирогч Ж.О-ийн “...Би эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмнэлгийн байгууллагаас авч эмчилгээ хийлгэсэн. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу би 1,538,750 төгрөгийн зардал төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөрт зарцуулагдсан мэс засал, амбулаторийн хяналтын үзлэг гэх мэт төлбөрийг тооцон гаргадаг юм байна лээ” гэх мэдүүлэг, төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Б.С-ийн “...тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа. ... хохирогч Ж.О нь 2022 оны 03 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 сарын 10-ны өдрийн 19/05 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 104-105/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч прокурор Г.С-ийн шүүх хурал дээр гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,538,750 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.

Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй ажлын хэсэг нь 8 см урттай иш нь салсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1,538,750 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд тушаасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй ажлын хэсэг нь 8 см урттай иш нь салсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.О-д төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА