| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0490/И |
| Дугаар | 131/ШШ2017/00475 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2017/00475
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянцагаан сум 3 дугаар багт оршин суух, ВЕ93050605 регистрийн дугаартай, Тайж овогт Намсрайжавын Уртнасангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянцагаан сум 3 дугаар багт оршин суух, ВЕ88111113 регистрийн дугаартай, Хэрээхэн мээрэн овогт Цамбын Очирбатад холбогдох Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Н.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь Ц.Очирбаттай 2012 онд гэр бүл болж, 2011 оны 09 сарын 22-ны өдөр хүү У.Бат-Эрдэнэ, 2014 оны 02 сарын 11-ний өдөр О.Батзориг нарыг төрүүлсэн. Бид гэр бүлийн таарамжгүй харьцаа, хүчирхийллийн улмаас 2016 оны 05 сараас хойш тусдаа амьдарч тус шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалсан. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Ч.Очирбат нь хоорондоо тохиролцоод 150 толгой мал, гэр зэргийг 2 хүүхэд болон надад өгнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй авах гээд очихоор өгөхгүй, намайг үг хэлээр доромжилж, ална хядна гэж айлган сүрдүүлж, аав, ээж 2-ыг хүртэл айлган сүрдүүлж зодсон. Гэрлэлтээ цуцлуулж байж намайг байнга дарамталж, хүнтэй суух юм бол ална гэх мэтээр сүрдүүлдэг.
Иймд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Уртнасан шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Н.Уртнасан би Ц.Очирбатаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид шүүхийн шатанд харилцан ярилцаж 2011 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн хүү У.Бат-Эрдэнэ, 2014 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Батзориг нарын хүүхдийн тэтгэлэгт 130 толгой мал буюу ишигтэй ямаа 60 толгой, 7 эр ямаа, 3 борлон авч хүүхдийн тэтгэлгийн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүйгээр бид сайн дураараа, хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрч байна. Ц.Очирбат нь тодорхой эд хөрөнгөгүй, хүүхдийн тэтгэлгийг тухай бүр төлөх чадваргүй байгаа учир бидний энэ эвлэрлийг баталгаажуулж өгнө үү. Н.Уртнасан би дахин хүүхдийн тэтгэлгийн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл, гомдол, маргаан үүсгэх эрхгүй болохоо хүлээн зөвшөөрч байна.. гэжээ.
Хариуцагч Ц.Очирбат шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Ц.Очирбат би Н.Уртнасантай сайн дураараа харилцан эвлэрч 130 толгой мал хүүхдийн тэтгэлэгт тооцон өгөхөөр боллоо. Энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл, гомдол, маргаан үүсгэх эрхгүй болохоо зөвшөөрч байна. Биднийг эвлэрэхэд бусдын дарамт шахалт байхгүй нь үнэн болно ::гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Уртнасан нь Ч.Очирбатад холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэн шаарджээ.
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр Н.Уртнасан, Ц.Очирбат нарын гэрлэлтийг цуцалж, хүү У.Бат-Эрдэнэ, У.Батзориг нарыг эх Н.Уртнасангийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Н.Уртнасан нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр нийт 130 толгой, 7 эр ямаа, 3 борлон авахаар, хариуцагч Ч.Очирбат нь нийт 130 толгой, 7 эр ямаа, 3 борлон өгөхөөр тус тус эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Н.Уртнасан нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр хариуцагчаас нийт 130 толгой мал буюу ишигтэй ямаа 60 /нийт 120/, эр ямаа 7, борлон 3-ыг тус тус авахаар, хариуцагч Ч.Очирбат нь нийт 130 толгой мал өгөхөөр харилцан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 35.100 төгрөг , Ч.Очирбатаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Уртнасанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Ч.Очирбат сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ