Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга Б.Дулам,

     Улсын яллагч  Г.Ундрах,

     Насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунгэрэл,

      Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн  эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түшээ овогт *******ид холбогдох  2233000290030 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “” ХК-д засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум Сэртэн 1-111 тоотод оршин суух, Түшээ овогт ******* *******,

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг овоот хорооллын Сэртэнгийн 1-111 тоотод гэртээ төрсөн охин 9 настай *******, 7 настай ******* нарыг гэр бохирдууллаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Овоот хорооллын Сэртэнгийн 1-111 тоотод гэртээ төрсөн охин 9 настай *******, 7 настай ******* нарыг гэр бохирдууллаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1.Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:” Тухайн асуудал болдог өдөр аав ажлаасаа ирээд хойно байдаг өвөөгийн гэрт орж байж байгаад орой гэрт орж ирсэн. Тэгээд манай бага дүү гэрийн том өрөөний буйдангийн урд хайлмаг тос асгаад завааруулчихсан байсныг аав хараад уурлаад гэр орон завааруулчихлаа гэсэн. Тэгээд бид хоёр тухайн тосыг цэвэрлэсэн. Тэгээд аав бүр ихээр уурлаад байсан бөгөөд бид хоёр гэрээ цэвэрлэчхээд гал тогооны өрөөнд орсон чинь аав араас орж ирээд миний нуруу руу гурилын илдүүр /ганжин/ модоор 2-3 удаа цохисон, толгой руу төмөр шанагаар 2 удаа, хоолны төмөр халбагаар 1 удаа толгой руу цохисон. Тэгээд би цохисон эсэхийг хараагүй ямар ч байсан уйлаад байсан. Нуруу, толгой өвдсөн. Баруун нүдний хажууд шанаа хэсэг шалбараад бага зэрэг цус гарсан байсан. Гэр орон заваарууллаа гээд загнадаг байсан. Одоо надад өвдөж байгаа зүйл байхгүй. Одоо аав загнаж зодохгүй урьдынхаасаа илүү ойр дотно сайхан ааштай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р  хуудас/,

2.Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:” Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Тухайн асуудал болдог өдөр аав ажлаасаа ирээд хойно байдаг өвөөгийн гэрт орж байж байгаад орой гэрт орж ирсэн. Тэгээд манай бага дүү гэрийн том өрөөний буйдангийн урд хайлмаг тос асгаад завааруулчихсан байсныг аав хараад эгч бид хоёрыг цэвэрлэ гээд уурласан юм. Тэгээд тэр үед ээж гал тогооны өрөөнд дүүг усанд оруулж байсан юм. Тэгээд том өрөөнөөс гал тогооны өрөөнд орсон байхад араас ирээд аниа бид хоёрыг ганжин, шанага, хоолны төмөр халбагаар аниагийн нуруу руу миний өвдөг, гар, толгой руу хоёр хоёр буюу 6 удаа цохисон. Тэгээд цаашаа мэдэхгүй байна. Тэгээд 2 дүүтэйгээ том өрөөнд ороод унтаад өгсөн юм. Тухайн үед цохисон газрууд нь өвдсөн. Хөхөрсөн хавдсан зүйлийг мэдэхгүй. Урд нь зодож байгаагүй. Загнадаг байсан. Одоо надад өвдөж байгаа юм байхгүй. Одоо аав загнаж зодохгүй байгаа. Сайхан ааштай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р  хуудас/,

3.Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Тухайн өдөр манай нөхөр орой ажлаасаа 20 цаг 20 минутад орж ирсэн. Би гал тогоондоо 2 багыгаа усанд оруулж байсан. Тухайн үед нөхөр орж ирсэн. 9 настай орж ирээд аав ингээд байна гэж хэлсэн. Тэгээд араас орж ирээд яах ийхийн зуургүй цохисон. Тухайн үед чи яаж байгаа юм бэ гэхэд би зааж байна гэсэн. Үр хүүхэд чинь чамд хэрэггүй юм уу гэхэд за за гэсэн тэгээд би цагдаа дуудаж өглөө гээд цагдаа дуудаж өгсөн. Одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

4. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... ******* нь манай 2 дэх охин болох нөхөр болж 2010 онд манайд ирсэн санагдаж байна. Тэгээд манайхтай 1 жил гаран болоод тусдаа гараад амьдарч байгаа. ******* нь гайгүй янз бүрийн ааш авир хэрүүл маргаан гаргаад байдаггүй амьдрах гээд л яваад байдаг юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Тамхи ч татдаггүй томоотой хүүхэд байгаа юм. Хоорондоо их эвтэй сайхан амьдардаг. Ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан гаргаад байдаггүй юм. 2017 оны үед санагдаж байна хоорондоо нэг удаа хэрүүл маргаан болоод манай талийгаач нөхөр Чулуун нь гэртээ авчирч байсан бөгөөд ******* нь 2 хоногийн дараа ирж нөхрөөс маань уучлалт гуйж байгаад аваад явж байсан удаа байгаа түүнээс өөр хэрүүл маргаан зодоон болоод байсан тохиолдлыг мэдэхгүй.

... 2022 оны 01 дүгээр сарны 31-ний 23 цаг 45 минутад миний нөхөр ******* хүүхдүүдээ зодож нүдээд алчих гээд байна. Та цагдаа аваад хүрээд ирээч гэж хэлүүлсэн. Тэгэхээр нь би цагдаад 00:02 минутад дуудлага өгсөн. Тэгээд дүү гэрийн гадаа очиход цагдаатай зэрэг ирээд хамт гэрт нь орсон. Намайг цагдаатай гэрт нь ороход ******* гэртээ унтаж байсан. Хүргэн ******* бол 2 том охиноо зодоод биеийг нь улаан эрээн болгосон байсан. Миний дүү Ч.Оюунгэрэл хэлэхдээ миний нөхөр ******* ганжин, төмөр шанага, хоол хутгадаг том халбагаар 2 охиноо зодсон гэж надад хэлсэн. Миний хүргэн ******* их түргэн ууртай хүний хэлсэн үгэнд өс санадаг. Ер нь бол их жүжигчин хүн байгаа юм. Миний дүү Ч. удаа дараа зодож цохидог. Би бол 2 хүүхдээ зодож байна гэдгийг нь өнөөдөр л сонсож харж байна. Том охин нь ******* 10 настай, 2 дахь охин ******* нь 8 настай, Том охины баруун шанаа хэсгээр зурагдсан шархтай, нуруу хэсэг нь улаан эрээн болсон, 2 дахь охин бол одоохондоо хөхөрч улайсан зүйл бол би хараагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 73-р хуудас/,

  5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №203 дугаартай дүгнэлтэд:

  1.*******ийн биед баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, нуруу болон хуйханд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  3.Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

  4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

 

6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №204 дугаартай дүгнэлтэд:

1.******* биед хуйх болон 2 өвдөгөнд, зүүн гарын 1-р хуруунд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   3.******* биед илэрсэн гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

   4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,

           

            7.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ин 37-41-р хуудас/,

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлүүд /хх-ийн 31-36-р хуудас/,

9.Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 42-47-р хуудас/,

10. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 56-59-р хуудас/,

            11. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 114-115-р хуудас/,

12.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ажлаасаа бууж ирэхэд бага хүүхэд хольсон тос асгаад завааруулсан байсан. Тэгээд 2 охиноо зодсон. Би энэ хэрэгтээ маш их харамсаж байна. Та нар болон хүүхдүүдээсээ уучлалт гуйж байна. Миний буруу гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй,  үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”  гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч *******ийн биед учирсан баруун хацар, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, нуруу болон хуйханд цус хуралт, ******* биед учирсан хуйх болон 2 өвдөгөнд, зүүн гарын 1-р хуруунд цус хуралт бүхий  хөнгөн гэмтэл нь шүүгдэгч   хохирогч нарыг төмөр шанага, модон гулууз,  төмөр хоолны халбагаар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь бага насны *******, ******* нарын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм.

Эрүүгийн хуульд  “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно  гэжээ.

 Хохирогч ******* нь  2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг гарах өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 09 нас 08 сар 07 хоногтой,  

Хохирогч ******* нь  2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг гарах өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 07 нас 09 сар 28 хоногтой байсан нь  хохирогч нарын төрсний гэрчилгээ, нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдсон,  бага насны хүүхдүүд байна. /хх-ийн 105, 114-115-р хуудас/,

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг  бага насны хоёр хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бусдын биед хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 Прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

 Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр шанага 1ширхэг, модон гулууз 1 ширхэг, төмөр хоолны халбага 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д  заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Түшээ овогт *******ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хоёр хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг  *******ид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр шанага 1ширхэг, модон гулууз 1 ширхэг, төмөр хоолны халбага 1 ширхэг зэргийг устгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА