Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

                                  2022/ШЦТ/130  

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: С.Батсүх

              Шүүгдэгч: Г.Н  

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Нд холбогдох эрүүгийн 2212000000051 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн ............... ажилладаг, ам бүл 7, эцэг, эх дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 971 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Гын Н/РД:/АР..................../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Гын Н нь 2019 оны 12 дугаар сарын 25-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Нүүдэг гэх газар байх Б.Эгийн гэрт хууль бусаар нэвтэрч, үстэй дээл 3 ширхэг, мөнгөн бүс, дээлийн мөнгөн товч, хөөрөг 2 ширхэг, булган малгай 2 ширхэг, мөнгөн шанлав, мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 6.612.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2212000000051 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Б.Эгийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Нүүдэг гэх газар өвөлжиж байсан. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгүүлсэн. Манай нөхөр мөн аймгийн төвд ирсэн байсан. Малаа төрсөн ах Б.Эт харуулан үлдээсэн байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр саахалт айлын Энэбиш гэх хүн над руу залгаад танай гэрийн үүд онгорхой байна. 12 сарын 25-ны өдөр үзэхэд зүгээр байсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Т хөдөө гэрт очиж үзэхээр явж очоод над руу залгаад Магнаг торгон гадартай хурган дотортой эрэгтэй монгол дээл, Магнаг торгон гадартай хурган дотортой эмэгтэй монгол дээл, торгон гадартай үзүүрсгэн эрэгтэй монгол дээл, эрэгтэй мөнгөн бүс, дунд гарын даваа толгойтой ясан халбагатай халтар манан хуучны хөөрөг, их гарын Чүнчүгноров толгойтой Чүнчүгноров, халбагагүй шинэ цагийн хөөрөг, эрэгтэй булган малгай, булган лоуз малгай эрэгтэй, арц уугиулдаг мөнгөн шаналав, 5 ширхэг эмэгтэй мөнгөн бөгж, сүлжмэл суран хазаар байхгүй болсон байна гэж хэлсэн. Хоёр хурган дотортой дээл нь мөнгөн товчтой байсан дээрх эд зүйл хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед хэсгийн төлөөлөгчид бүртгүүлчихсэн байж байгаад албан ёсоор шалгуулъя гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Манайхтай саахалт айл болох Энэбиш гэх айл л байсан өөр айл байгаагүй. Эмэгтэй, эрэгтэй хурган дотортой дээл нь хос дээл юм бор шаргал түмэн наст хээтэй эрэгтэй дээлийн нударга нь хиймэл цагаан саарал булган үстэй, үзүүрсгэн дээл цэцгэн хээтэй хар торгон дээл шинээр нь манай хүү өмсөөд мотоциклын янданд хормой хэсгээр нь түлээд умайлгасан байсан, навчны хээтэй шаналав, Чүнчигноров хөөрөг халбагагүй, нэг мөнгөн бөгж нь урт нарийхан шүрэн шигтгээтэй доод хэсгээр нь хайчлаад сэтэлсэн, эрэгтэй мөнгөн бүс нь 4 хүчтэнтэй байсан би эд зүйлээ харвал танина. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 06-07 дугаар тал/,

 

*Гэрч П.Тын өгсөн:

“...2020 оны эхээр шиг санаж байна, намайг Архангай аймгийн төвд гэртээ эхнэртэйгээ хамт байж байхад танил Г.Н ирээд хуучилж байгаад ах дүү нь нэг булган малгай, үстэй дээл зараад өг гэхээр нь үзье гэж хэлсэн чинь хар өнгийн торгон гадартай улбар шар өнгийн эмжээртэй сампин зангидсан товчтой үзүүрсгэн дотортой нударгатай эрэгтэй шинэвтэр дээл, малгай нь дээрээ хар өнгийн үдээстэй буудаггүй шинэвтэр эрэгтэй булган малгай байсан, тэгээд би авсан, Г.Н надад зараад мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд үлдээсэн 300.000-аас 500.000 төгрөгийн хооронд зараарай гэж хэлээд явсан. Тухайн үед саарал өнгийн жижиг суудлын машинтай марк нь соната-7 билүү 6 маркийн машин байсан улсын дугаарыг нь мэдэхгүй байна ганцаараа ирсэн машин дотор нь хүн байсан үгүйг би мэдэхгүй байна. Эд зүйлээ өгөхдөө хашааны дотор өгөөд явсан. Эхнэрт хэлээгүй амбаартаа оруулж тавьсан. Хулгайн эд зүйл гэдгийг би мэдээгүй өөрийнхөн юм байх л гэж бодсон.  Малгай нь надад байгаа харин дээлийг нь 2020 оны 01 сар шиг санаж байна О манайд ирээд өмсөх юм байхгүй даараад байна өмсөх дээл байна уу? гэхээр нь би надад нэг үстэй дээл байна 300.000 төгрөгөөр ав гэж хэлсэн чинь за гэж хэлээд авсан мөнгийг тэгж байгаад болох байлгүй гэж хэлээд өмсөөд явсан. Би Г.Нд мөнгө өгөөгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

*Гэрч Н.Оийн өгсөн:

“...Би П.Таас 2019 оны сүүл байна уу эсвэл 2020 оны эхэн үед 01 дүгээр сард байх сайн санахгүй байна, П.Тын гэрт очоод өмсөх дээл байна уу? даараад байна гэхэд П.Т надад нэг ийм дээл байгаа гээд хар өнгийн торгон гадартай улбар шар өнгийн эмжээртэй, сампин зангидсан товчтой үстэй шинэвтэр дээл гаргаж үзүүлсэн тухайн дээлийн гадна хормой хэсэгт хэсэг газар түлэгдэж хумигдсан байсан тэгээд би мөнгийг сүүлд нь өгье гэж тохироод авч явсан. Гэрийнхэн л байсан байх. Би мэдээгүй надад өөрийнхөө дээлийг өгч байна гэж ойлгосон. Надад өөр эд зүйл өгөөгүй. Би дээл л асуусан надад өөрийнхөө дээл гэж хар өнгийн үстэй дээл л өгсөн. Надад байгаа хэрэв тухайн дээл хулгайн эд зүйл байсан юм бол уг дээлийг авч ирж өгнө. Би ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/

*Гэрч Б.Эийн өгсөн:

“...Би тухайн үед Их тамир сумын Бугат багийн нутаг Бүргэд улаан гэх газар өвөлжиж байсан үе байна. Манай дүү Б.Э тэр үед Архангай аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүргэн Т мөн адил Архангай аймагт байсан. Манай гэрээс Тийн өвөлжиж байсан гэр буюу Нүүдэг гэх газар 6 км орчим зайтай байдаг. Би гэрийг нь харах далимдаа 2 нохойнд нь хоол өгөөд явдаг байсан зарим үед 2, зарим үед нь 3 хоноод нэг очдог байсан. Тийн гэртээ ойрхон ил харагдах айл байхгүй уул, толгод даваад айл байдаг юм.  Би яг хэдний өдрөөс хэдний хооронд хулгай орсон эсэхийг санахгүй байна. 2019 оны 12 дугаар сарын үед л хулгай орсон. Тухайн үед би хулгай орохын өмнөх орой нь 2 нохойнд нь хоол өгөөд явсны шөнө нь хулгай орсон байсан тухайн шөнө бага зэрэг цас ороод хоносон тул машины мөр харагдаж байсан дан дугуйтай жижиг суудлын машин гэж би бодсон. Тэгээд аймгаас Т, Б.Э нарыг дуудсан юм. Би өөр зүйл мэдэхгүй миний мэдэх зүйл л энэ байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-70 дугаар тал/

 

*Яллагдагч Г.Нгийн өгсөн:

“...Би хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22-10 дугаартай: “...2019 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар магнаг торгон гадартай, хурган дотортой эрэгтэй дээлийн үнэ 960.000 төгрөг, магнаг торгон гадартай хурган дотортой эмэгтэй дээлийн үнэ 840.000 төгрөг, торгон гадартай үзүүрсгэн дээлийн үнэ 720.000 төгрөг, эрэгтэй мөнгөн бүсний үнэ 320.000 төгрөг, дунд гарын даваа толгойтой, ясан халбагатай, халтар манан хуучны хөөрөгний үнэ 1.800.000 төгрөг, чүнчигноров толгойтой, ир гарын шинэ цагийн чүнчигноров халбагагүй хөөрөгний үнэ 800.000 төгрөг, эрэгтэй булган малгайн үнэ 192.000 төгрөг, эрэгтэй булган лоовуузын үнэ 270.000 төгрөг, арц уугиулдаг мөнгөн шанлавны үнэ 250.000 төгрөг, эмэгтэй мөнгөн бөгж 5 ширхэгийн үнэ 100.000 төгрөг, сүлжмэл суран хазаарын үнэ 220.000 төгрөг, нийт 6.832.000/зургаан сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх дүгнэлт/хх-ийн 11-15 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн АА-22-14 дугаартай: “...Монгол улсад 2015 онд импортлогдсон, 2010 онд үйлдвэрлэгдсэн соната-7 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 3.361.176/гурван сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун далан зургаа/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 40-45 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 33, 34-35, 78-79 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 85 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 12 дугаар сарын 25-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Нүүдэг гэх газраас иргэн Б.Эгийн үстэй дээл 3 ширхэг, мөнгөн бүс, дээлийн мөнгөн товч, хөөрөг 2 ширхэг, булган малгай 2 ширхэг, мөнгөн шанлав, мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 6.612.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай  болох нь хохирогч  Б.Эгийн“...Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр саахалт айлын Энэбиш гэх хүн над руу залгаад танай гэрийн үүд онгорхой байна. 12 сарын 25-ны өдөр үзэхэд зүгээр байсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Т хөдөө гэрт очиж үзэхээр явж очоод над руу залгаад Магнаг торгон гадартай хурган дотортой эрэгтэй монгол дээл, Магнаг торгон гадартай хурган дотортой эмэгтэй монгол дээл, торгон гадартай үзүүрсгэн эрэгтэй монгол дээл, эрэгтэй мөнгөн бүс, дунд гарын даваа толгойтой ясан халбагатай халтар манан хуучны хөөрөг, их гарын Чүнчүгноров толгойтой Чүнчүгноров, халбагагүй шинэ цагийн хөөрөг, эрэгтэй булган малгай, булган лоуз малгай эрэгтэй, арц уугиулдаг мөнгөн шаналав, 5 ширхэг эмэгтэй мөнгөн бөгж, сүлжмэл суран хазаар байхгүй болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Тын”...2020 оны эхээр шиг санаж байна, намайг Архангай аймгийн төвд гэртээ эхнэртэйгээ хамт байж байхад танил Г.Н ирээд хуучилж байгаад ах дүү нь нэг булган малгай, үстэй дээл зараад өг гэхээр нь үзье гэж хэлсэн чинь хар өнгийн торгон гадартай улбар шар өнгийн эмжээртэй сампин зангидсан товчтой үзүүрсгэн дотортой нударгатай эрэгтэй шинэвтэр дээл, малгай нь дээрээ хар өнгийн үдээстэй буудаггүй шинэвтэр эрэгтэй булган малгай байсан, тэгээд би авсан, Г.Н надад зараад мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд үлдээсэн 300.000-аас 500.000 төгрөгийн хооронд зараарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Оийн”...Би П.Таас 2019 оны сүүл байна уу эсвэл 2020 оны эхэн үед 01 дүгээр сард байх сайн санахгүй байна, П.Тын гэрт очоод өмсөх дээл байна уу? даараад байна гэхэд П.Т надад нэг ийм дээл байгаа гээд хар өнгийн торгон гадартай улбар шар өнгийн эмжээртэй, сампин зангидсан товчтой үстэй шинэвтэр дээл гаргаж үзүүлсэн тухайн дээлийн гадна хормой хэсэгт хэсэг газар түлэгдэж хумигдсан байсан тэгээд би мөнгийг сүүлд нь өгье гэж тохироод авч явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эийн”...2019 оны 12 дугаар сарын үед л хулгай орсон. Тухайн үед би хулгай орохын өмнөх орой нь 2 нохойнд нь хоол өгөөд явсны шөнө нь хулгай орсон байсан тухайн шөнө бага зэрэг цас ороод хоносон тул машины мөр харагдаж байсан дан дугуйтай жижиг суудлын машин гэж би бодсон...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн АА-22-14 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Н нь машин механизм ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн  бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.      

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нд  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Нг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эд 6.612.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн АА-22-14 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Э нь хохирол төлбөрөө авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

             

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 12 дугаар сарын 25-28-ны өдрийн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн  төлсөн болно. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Соната-7 маркийн автомашины үнэ 3.361.176/гурван сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

              Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Нг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.Нд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Соната-7 маркийн автомашины үнэ 3.361.176/гурван сая гурван зуун жаран нэгэн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

  9. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР