| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0117/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/135 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/135
2022/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Бад холбогдох эрүүгийн 2212000000081 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн ..................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Бгийн Б/РД:АЮ...................../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000081 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:
“...Экологи эдийн засагт 531.987 төгрөгийн хохирол учирсан, ойн санд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-72 дугаар тал/
*Гэрч П.Эын өгсөн:
“...Би Архангай аймгийн Ихтамир сумын сумын засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай одоо 4 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн Гурвын даваа гэх газраас унаага мод ачсан 5-6 метр хэмжээтэй Бонго маркийн 22- 82 арх улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг эрхийн бичиггүй явж байсныг Их Тамир сумын засаг даргын тамгын газрын журмын хашаанд саатуулсан. Б.Б гэдэг залуу надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байхгүй. Уг газарт мод бэлтгэж болохгүй. Уг газрын Гурвын даваа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/
*Гэрч П.Эын дахин өгсөн:
“...Б.Б нь надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн тухайн эрхийн бичиг нь 2021 оны 12 дугаар сарын 30-аас 31-ний хооронд хэрэглээний 4 куб метр шинэс төрлийн унаанги ойн цэвэрлэгээний модыг 22-82 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр Архангай аймгийн Их тамир сумын Өлөнт гэх газраас бэлтгэх 22-024433 дугаартай эрхийн бичиг байсан. Тухайн эрхийн бичгийг би олгосон байсан. Би тухайн цаг хугацаанд Б.Быг мод бэлтгэсэн эсэхэд хяналт тавиагүй. Өмнө бод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 97 дугаар тал/
*Гэрч С.Бн өгсөн:
“...Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.Б ах над руу утсаар яриад модонд цуг явчихаад ирье гээд гоожинтой тус болооч гээд гуйхаар нь зөвшөөрөөд бид хоёр 22-82 АРХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгаас гараад Архангай аймгийн Их тамир сумын Гурвын даваа гэх газар очоод унанги мод тайрч ачаад Архангай аймгийн төв рүү явж байтал Ихтамир сумын байгаль хамгаалагч зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар унанги мод бэлтгэсэн байна гээд Ихтамир сумын засаг даргын тамгын газрын хашаанд авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. Би мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна. Б.Б ах бид хоёр л байсан унанги мод тайрч бэлтгэсэн төмөр хийцийн гар хөрөө ашиглаж тухайн модыг бэлтгэсэн. Энэ машин минийх биш хэнийх нь би сайн мэдэхгүй. Б.Б ах эрхийн бичигтэй намайг туслаад өгөөч гэхээр нь би явсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Б.Бын хөрөө байгаа юм. Унаанги моднуудаа 6.40 см тайраад 9 ширхэг, 3-4 метрийн 3 ширхэг нийт 12 ширхэг мод байсан. Тээврийн хэрэгслийг Б.Б ах барьж явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 65-67 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай”...0.8 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 161982₮, шууд бус үр ашгийн-207544₮, нийт 369436₮ мод, хэрэглээ хуурай 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 531.987₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 31-33 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн АЦ22-11 дугаартай:
“...1999 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн, 22-82 АРХ улсын дугаартай Кио Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.948.471/нэг сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 50-54 дүгээр тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн АЦ22-18 дугаартай:
“...6.40 метр 9 ширхэг, 3 метр 1 ширхэг, 4 метр 2 ширхэг модны үнэ 144.000/нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг, гар хөрөөний үнэ 19.800/арван есөн мянга найман зуу/ төгрөг, нийт 163.800/нэг зуун жаран гурван мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 57-60 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-5 дугаар тал/
*Тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 6-9 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийг 39-41 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Гурвын даваа гэх газраас шүүгдэгч Б.Б нь 12 ширхэг, 0.8 мЗ хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 22-02 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 531.987 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цийн”...Экологи эдийн засагт 531.987 төгрөгийн хохирол учирсан, ойн санд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”...2022 оны 02 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багийн Гурвын даваа гэх газраас унаанги мод ачсан 5-6 метр хэмжээтэй Бонго маркийн 22- 82 арх улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг эрхийн бичиггүй явж байсныг Их Тамир сумын засаг даргын тамгын газрын журмын хашаанд саатуулсан. Б.Б гэдэг залуу надаас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Бн”...Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.Б ах над руу утсаар яриад модонд цуг явчихаад ирье гээд гоожинтой тус болооч гээд гуйхаар нь зөвшөөрөөд бид хоёр 22-82 АРХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгаас гараад Архангай аймгийн Их тамир сумын Гурвын даваа гэх газар очоод унанги мод тайрч ачаад Архангай аймгийн төв рүү явж байтал Ихтамир сумын байгаль хамгаалагч зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар унанги мод бэлтгэсэн байна гээд Ихтамир сумын засаг даргын тамгын газрын хашаанд авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 531.987 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Бын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Быг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 531.987 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /531.987*3=1,595,961/нэг сая таван зуун ерэн таван мянга есөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1,595,961/нэг сая таван зуун ерэн таван мянга есөн зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Быг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.948.471/нэг сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгийн үнэлгээ бүхий Бонго Пронтер маркийн 22-02 АРХ улсын дугаартай автомашиныг хураан, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх 1,595,961/нэг сая таван зуун ерэн таван мянга есөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 352,510/гурван зуун тавин хоёр мянга таван зуун арав/ төгрөг, 144.000/нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий 6.40 метр 9 ширхэг, 3 метр 1 ширхэг, 4 метр 2 ширхэг мод, 19.800/арван есөн мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий гар хөрөөг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баас 1,595,961/нэг сая таван зуун ерэн таван мянга есөн зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.948.471/нэг сая есөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан нэг/ төгрөгийн үнэлгээ бүхий Бонго Пронтер маркийн 22-02 АРХ улсын дугаартай автомашиныг хураан, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх 1,595,961/нэг сая таван зуун ерэн таван мянга есөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 352,510/гурван зуун тавин хоёр мянга таван зуун арав/ төгрөг, 144.000/нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий 6.40 метр 9 ширхэг, 3 метр 1 ширхэг, 4 метр 2 ширхэг мод, 19.800/арван есөн мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий гар хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР