Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 475

 

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2017/00475

Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00407/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1-3 тоотод оршин суух, Ганболдын Нямхатанд, (РД: СЮ-80061515) холбогдох,

 Капитал банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, 

“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 19 825 91813 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:...иргэн Г.Нямхатан нь 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр № 2054000353 тоот зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн цалингийн зээлийг  сарын 1.6 хувийн хүүтэй сар бүр тэнцүү төлөх зээл авсан. Мөн 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зээлийн үлдэгдэл дээр 200 000 төгрөгийн зээлийг нэмж авч зээлийн хугацааг 1 сараар сунган гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Г.Нямхатан нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүний төлөлтийг төлөхгүй 652 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл хүүний төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байна.

Зээлдэгч Г.Нямхатан нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 1 117 58472 төгрөг, зээлийн хүүнд 1 025 56281 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 62 73661 төгрөг, нийт 2 205 88414 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгдээгүй байна.

Иймд зээлдэгч Г.Нямхатанаас байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 14 082 41528 төгрөг, хүү 5 400 87070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 342 63215 төгрөг, нийт 19 825 91813  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал) 

Хариуцагч Г.Нямхатан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Капитал банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 19 825 91813 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Цалингийн зээлийн үлдэгдэл 19 825 91813 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 19 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий салбар нь хариуцагч  Г.Нямхатанаас “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 19 825 91813 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Нямхатан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч Капитал банкны Хэнтий салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 19 825 91813 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Г.Нямхатанд холбогдох, Капитал банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 19 825 91813 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Капитал банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257 080 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 128 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 128 540 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Г.Нямхатанаас 128 540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Капитал банкинд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ