Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00412/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэн хороолол А56 дугаар байрны 18 тоотод оршин суух, Энх овогт Дорждэрэмийн Эрдэнэцэцэг /РД:СФ63122707/ -ийн хүсэлттэй,

“нас тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Миний бие 1962 оны 12 дугаар сарын 27 өдөр Хэнтий аймгийн Галшар суманд Дорждэрэм, Бүүвэй нарын 3-р хүүхэд болон төрсөн бөгөөд эцэг, эхийн гар дээр бойжиж өссөн. Төрсний бүртгэлд намайг ээж Бүүвэйгээр маань овоглосон нь тухайн үеийн бүртгэлийн ажилтны буруугаас болж ээжээр маань овоглосон юм. Анх иргэний паспорт авахад Д.Эрдэнэцэцэг намайг 1963 он гэж буруу бүртгэсэн. Иймд Д.Эрдэнэцэцэг намайг 1962 онд төрснийг 1963 он гэж буруу бичигдсэнийг залруулж 1962 оны 12 дугаар сарын 27 өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү /хх 1/” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 12, 14-15, 16, 25, 26/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг нь 1962 оны 12 дугаар сарын 27 өдөр төрсөн 55 настай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэг нь 1962 оны 12 дугаар сарын 27 өдөр төрсөн болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэнтий аймгийн Галшар сумын Улсын бүртгэгчийн тодорхойлолт /хх 4/, Хэнтий аймгийн Галшар сумын Буянбулаг багийн засаг даргын тодорхойлолт /хх 5/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан тайлбар /хх 12/, гэрч Д.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх 14/, гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх 15/, Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 01 дугаартай акт /хх 25/, шинжээчийн дүгнэлт /хх 26/ зэрэг болно.

 

Д.Эрдэнэцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь 1962 оны 12 дугаар сарын 27 өдөр төрсөн 55 настай байх боломжтой болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Энх овогт Дорждэрэмийн Эрдэнэцэцэг /РД: СФ63122707/ нь “1962 оны 12 дугаар сарын 27 өдөр” төрсөн, 55 настай байх боломжтой болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1, 56 дугаар  зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА