Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2193

 

Ё.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01819 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ё.Бнэхэмжлэлтэй

Хариуцагч: Л Х Э Р Э ХХК-д холбогдох

 

9 522 351 368 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газар, Зайсангийн ам,*** тоот хаягт дутуу баригдсан 3 блок /карказ/-ыг 1 500 000 000 төгрөгт тооцон үүргийн гүйцэтгэлээс хангуулж, өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу газартай холбоотой баримт бичиг, зураг төсөл, барилгын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бусад баримтыг гаргуулахыг  даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Л х э р э" ХХК-тай 2013 оны 6 сарын 11-ний өдөр болон мөн оны 12 сарын 14-ний өдрүүдэд "Хамтран ажиллах” гэрээг тус тус байгуулсан. Хариуцагчтай байгуулсан 2013 оны 6 сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр "А" талаас буюу Ё.Б нь Хан-Уул дүүрэг **-р хороо Богдхан уулын дархан цаазат газар /тусгай хамгаалалттай газар/ нутгийн Зайсангийн аманд байрлах *** тоот газар ашиглах эрхийн гэрчилгээтэй, талуудын тохиролцсоноор 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий газар, “Гидро Гео" ХХК-иар гүйцэтгүүлсэн 2,5 сая төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500 000 төгрөгийн үнэтэй дэвсгэр зураг, "ХЛЭТ" ХХК-иар гүйцэтгүүлсэн 10 сая төгрөгийн үнэтэй эскиз зураг, нийт 1 513 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг, "Б" тал буюу "Л х э р э" ХХК нь гэрээний 5.2-т тусгасан талбай, ширхэг, зориулалт, шаардлагыг хангасан барилгыг бүрэн барьж, ашиглалтад оруулахад шаардагдах нийт 7 800 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулахаар тохиролцсон. 2013 оны 12 сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр "А" тал Ё.Б нь Баянгол дүүрэг *** хороонд байрлах 1267,4 метр квадрат талбайтай, үйлчилгээтэй амины орон сууцны барилгыг, нэгж талбарын 1620/0085 тоот дугаартай, 00044**** дугаар бүхий гэрчилгээтэй газрыг гэрээнд зааснаар 1 520 880 000 төгрөгөөр үнэлж хөрөнгө оруулахаар, "Б" талаас гэрээний 5.2-т тусгасан талбай, ширхэг, зориулалт, шаардлагыг хангасан барилгыг бүрэн барьж, ашиглалтад оруулахад шаардагдах нийт 9 800 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулахаар тохиролцсон. Ё.Б зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилгыг нурааж, газрыг чөлөөлсөн боловч "Б" талын зүгээс гэрээний үүргээ биелүүсэнгүй.

Иймд төсөлд тусгагдсаны дагуу тус бүр нь 139,99 метр квадрат талбайтай аппармент зочид буудлын 7 ширхэг өрөө. Тухайн үеийн ханшаар 1 метр квадрат нь 3 500 000 төгрөг, нэгж тус бүр 489 965 000 төгрөг, нийт 3 429 755 000 төгрөг, дулаан зогсоол нэгж тутмын үнэ 35 000 000 төгрөг, нийт 455 000 000 төгрөг, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай, 1267,4 метр квадрат талбай бүхий 1 520 880 000 төгрөг, барилга ашиглалтад орсны дараа зураг төсөлд тусгагдсаны дагуу 800-1000 метр квадрат суурийн талбайтай 2 давхар үйлчилгээний төв, хамгийн багаар тооцоход хоёр давхар үйлчилгээний төвийн нийт талбайг 1600 метр квадратаар тооцож зах зээлиййн ханшаар тооцоход 3 200 000 000 төгрөг,

тус бүр нь 60 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц 3 ширхэг, нэгж байрны үнэ 144 000 000 төгрөг, 3 ширхзг байрны үнэ 432 000 000 төгрөг, авто зогсоол 3 ширхэг бөгөөд тус бүрийн үнэ 15 000 000 төгрөгөөр тооцож 45 000 000 төгрөг, нийт 3 677 000 000 төгрөгийг тус тус шаардаж байна.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээний 9.4-т зааснаар 2014 оны 5 сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 сарын 24-нийг хүртэлх хугацааны алданги 289 128 768 төгрөг, 2015 оны 8 сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 сарын 24-ний өдрийг хүртлэх хугацааны алданги 142 667 600 төгрөг бүгд 9 522 351 368 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран ажиллах гэрээнүүдийн 11.5 дах хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулсан газар болон түүн дээр дутуу баригдсан барилга /каркас/-ыг өөрийн өмчлөлд шилжүүлж авна гэсний дагуу Хан-Уул дүүрэг *** хороо Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Зайсангийн аманд байрлах *** тоот хаягт дутуу баригдсан 3 блок /каркас/-ыг 1 500 000 000 төгрөгт тооцон үүргийн гүйцэтгэлээс хангуулж, миний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн тухайн хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу миний зүгээс шилжүүлсэн газартай холбоотой бичиг баримт, зураг төсөл, барилгын ажлын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бусад бичиг баримтуудыг гаргуулж  өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.12, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг тус тус баримтлан "Хан-Уул дүүрэг *** хороо Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд *** тоотод байрлах иргэн Ё.Б нэр дээр *** дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрх суурь бухий 3 блок /каркас/-ыг гэрээнд заасан тохиролцооны дагуу нэхэмжлэгч Ё.Б өмчлөгч болохыг тогтоож, түүний эзэмшилд шилжүүлэн, Баянгол дүүргийн газар дээр байсан түүний өмчлөлийн 1267,4 метр квадрат талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй амины орон сууцыг нураасны бодит хохиролд 1 520 880, мөн алдангид 431 796 368 төгрөг бүгд 1 952 676 368 төгрөгийг "Л х э р э" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ё.Б олгож, нэхэмжлэлээс үлдэх 1. Төсөлд тусгагдсаны дагуу тус бүр нь 139,99 метр квадрат талбайтай апармент зочид буудлын 7 ширхэг өрөө, Тухайн үеийн ханшаар 1 метр квадрат нь 3 500 000 төгрөг, нэгж тус бүр 489 965 000 төгрөг, нийт 3 429 755 000 төгрөг, 2. Дулаан зогсоол нзгж тутмын үнэ 35 000 000 төгрөг, нийт 455 000 000 төгрөг, 3. Барилга ашиглалтад орсны дараа зураг төсөлд тусгагдсаны дагуу 800-1000 метр квадрат суурийн талбайтай 2 давхар үйлчилгээний төв, хоёр давхар үйлчилгээний төвийн нийт талбайг 1600 метр квадратаар тооцож зах зээлийн ханшаар тооцоход 3 200 000 000 төгрөг, тус бүр нь 60 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц 3 ширхэг, нэгж байрны үнэ 144 000 000 төгрөг, 3 ширхэг байрны үнэ 432 000 000 төгрөг, авто зогсоол 3 ширхэг бөгөөд тус бүрийн үнэ 15 000 000 төгрөгөөр тооцож 45 000 000 төгрөг, нийт 3 677 000 000 төгрөгт холбогдох бүгд 7 561 755 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4., 60 дугаар зүйлийн 60.1,-д зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 47 730 107 төгрөг төлөгдөхөөс нэхэмжлэгчээс төлсөн 9 000 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчийн хариуцан төлөх тэмдэгтийн хураамжид 9 921 332 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулан хураамж төлөхөөс хойшлогдсон үлдэх 28 808 775 төгрөгийг нэхэмжлэгчээс хураамжид нэмж тооцон гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааныг 13.30 минутад зарласан. Миний бие 11 цаг өнгөрч байхад ирж шүүгчийн туслахтай уулзаад манай өмгөөлөгч Ж.Ариунаа Хан-Уул дүүргийн шүүх дээр 8 цаг 30 минутын хуралд орсон хурал нь тараагүй байна гээд хэлтэл чи Хан-уул дүүргийн шүүх яваад бичгийг нь аваад ир гэсэн, тэгээд шүүх хуралдааныг хүлээж хүлээлгийн танхимд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамт 14 цаг 30 минут хүртэл сууж байгаад, шүүх хуралдаан эхлэх болоогүй байна гээд нарийн бичиг хэлэхээр нь би хүнээс бичиг баримт авчихаад ороод ирье гээд гараад 14 цаг 50 минутад орж ирэхэд шүүх хуралдаан эхэлсэн байсан. Миний бие хариуцагчийн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцохоор тухайн өдөр 11 цагийн үед ирсэн, энэ шүүх хуралдаанд оролцохгүй байсан бол угаасаа ирэхгүй байсан.  Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх хууралдааныг мэдээд, лавлаад, шүүх хуралдааныг цагтаа эхлэхийг хүлээгээд сууж байсан. Харин шүүх хуралдаан цагтаа эхлээгүй.

Нэхэмжлэгч Ё.Б нь 2013 оны 6 сарын 11-ний өдрийн гэрээний дагуу Гидро гео ХХК-иар гүйцэтгүүлсэн 2,5 сая төгрөгийн үнэ бүхий газрын инженер геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт 500 000 төгрөг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эскиз зураг зэргийг Л х э Р э ХХК-д хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээний дагуу Ё.Б нь дээрхи бичиг баримтуудыг хүлээлгэн өгөөгүй.  Ямар бичиг баримт байсан, ямар бичиг баримтыг нэмж гаргуулах гээд байгаа талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй, байсан эсэх нь тодорхойгүй эскиз зураг, геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт зэргийг мөнгөөр тооцон үнэлж гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...даалгаж гэж бичсэн хирнээ тогтоох хэсэгт энэ талаар бичигдээгүй нь ойлгомжгүй байна. Мөн тогтоох хэсгийн 1-д Хан-Уул дүүргийн *** хороо Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт Зайсангийн аманд *** тоотод байрлах иргэн Ё.Б нэр дээрхи *** дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрхи суурь бүхий 3 блок \каркас\-ыг гэрээнд заасан дагуу нэхэмжлэгч Ё.Б өмчлөгч мөн болохыг тогтоож, түүний эзэмшилд шилжүүлэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг карказыг өөрийнхөө өмчлөгч болохыг тогтоолгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг карказтай холбоотой ямар нэгэн баримт байхгүй байхад нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоон эзэмшилд нь шилжүүлэх талаар шийдсэн нь шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх боломжтой байх ёстой шаардлагыг хангаагүй.

Мөн Баянгол дүүргийн маргаан бүхий 1267,4 метр квадрат талбай бүхий дээрхи газар дээр байсан үйлчилгээтэй 2 давхар барилгыг нэхэмжлэгч тал өөрсдөө нурааж, материалаа өөрсдөө авсан байхад 1 520 880 000 гаргуулж дээр нь 431 796 368 төгрөгийг алдангид тооцож байгаа нь ямар үнийн дүнгээс хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хариуцагч тал шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байхдаа бид гэрээний дагуу ажиллах, гэрээгээ хэрэгжүүлэх ийм ийм нөхцөл байдал үүссэн учраас гэрээ хэрэгжих боломжгүй болсон талаараа тайлбарлаж хэлсээр байхад шүүхээс хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн төлөөлөгч ирсэн байгааг мэдсэн, өмгөөлөгч нь хуралтай байгаа талаарх шүүхийн мэдэгдэх хуудсыг авсан хирнээ хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг зохих журмаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ё.Б нь хариуцагч "Л х э р э" ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах агуулгатай  9 522 351 368 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газар, Зайсангийн ам,*** тоот хаягт дутуу баригдсан 3 блок /карказ/-ыг 1 500 000 000 төгрөгт тооцон үүргийн гүйцэтгэлээс хангуулж өөрийнх нь өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн  газартай холбоотой баримт бичиг, зураг төсөл, барилгын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой бусад баримтыг  буцаан гаргуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч  Ё.Б нь "Л х э р э" ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд хамтран ажиллах гэрээ байгуулан, “Б” тал буюу "Л х э р э" ХХК нь “А” тал буюу Ё.Б эзэмшлийн, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат, Зайсангийн аманд байрлах газарт зоорийн 1 давхрын хамт 5 давхар апартмент зочид буудлын 2 ширхэг барилга, зоорийн нэг давхрын хамт 3 давхар оффисын барилгыг барихаар, мөн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *****ын гудамжинд байрлалтай 1013 м.кв талбай бүхий газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц барихаар өөрчилж, 9-16 давхар орон сууцыг барьж тус тус ашиглалтад оруулахаар тохиролцжээ.  /8-16, 17-25/

 

Эхний 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр А тал буюу Ё.Б  Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Зайсангийн аманд байрлах *** тоот газар ашиглах эрхийн гэрчилгээтэй газрынхаа эрхээр хөрөнгө оруулалт хийх,  Гидро Гео ХХК-иар гүйцэтгүүлсэн 2 500 000 төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500 000 төгрөгийн дэвсгэр зураг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10 000 000 төгрөгийн эскиз зураг зэргийг хүлээлгэн өгөх үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээж уг үүргээ бүрэн гүйцэтгэсэн, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр Баянгол дүүргийн ** дугаар хороо, Жамсранжавын гудамжинд байрлалтай 1013 м.кв газар, 1 267.4 м.кв 2 давхар үйлчилгээтэй амины орон сууц бүхий обьект зэргийг хөрөнгө оруулалтад тооцуулах үүргийг хүлээж мөн үүргээ өөрийн зүгээс биелүүлсэнд талууд маргаагүй.

 

Харин  Б тал буюу “Л х э р э” ХХК  нь  2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр хүлээсэн зоорийн 1 давхрын хамт 5 давхар апартмент зочид буудлын 2 ширхэг барилга, зоорийн нэг давхрын хамт 3 давхар оффисын барилгыг барих үүргээс 3 блокийн каркасыг л босгосон буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц барихаар өөрчилж, 9-16 давхар орон сууцыг барьж гүйцэтгэх ёстой байснаас гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нотлогдсон.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, зохигчид эрх үүрэг, хураамжийн хэмжээ, ашиг алдагдал хуваарилах журмыг тохиролцсон гэж үзнэ.                          

 

Харин талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ зохих ёсоор хэрэгжээгүйгээс  гэрээ цуцлагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа, талуудын эрх үүрэг зэргийг шууд  заасан, нэхэмжлэгчийн  гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж  байгааг буруутгах боломжгүй.

 

Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу барилгын ажил, барилгад тавигдах шаардлагад нийцүүлэн барилгыг ашиглалтад оруулах, барилгын каркасыг цутгаж дуусган хана дүүргэлт хийж, цонх хаалгыг бүрэн суурилуулж, дулаанаа авч барилгын дотор заслын ажлыг барилгын норм ба дүрэм, стандартын дагуу хийхэд бэлэн болгох, газрын зориулалтыг өөрчлүүлэх, газрыг сунгах зэрэг үүргийг “Б” тал буюу хариуцагч хүлээсэн хэдий ч хариуцагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар буюу тохиролцсон газарт 6 давхараас дээш барилга барьж болохгүй гэсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гарсан тул гэрээ хэрэгжээгүй гэж хариуцагч тайлбарлажээ.

 

Энэ нь гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн тухай асуудал биш бөгөөд үүрэг хүлээсэн тал гэрээ байгуулахаас өмнө зохих байгууллагын дүгнэлтийг гаргуулсан байх ёстой юм. Өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээний агуулгыг өөрлөн 16 давхар барилгыг 6 давхар болгох талаар Б тал буюу хариуцагчийн зүгээс авсан арга хэмжээ байхгүй, гэрээгээр хүлээсэн барилгыг барьж эхлэх үүргээ ч хэрэгжүүлээгүй байна.  

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй боловч Зайсангийн аманд байрлах газрын эзэмших эрх нэхэмжлэгчид өөрт нь байгаа тул уг газар дээр баригдсан 3 блок /каркасын/ асуудал маргааны зүйл гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнүүдийн 11.3-д “А” тал барилгын ажил 35-аас дээш хоног зогссон, А талаас үл хамаарч Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон нь илт болсон, Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, барилга ашиглалтад оруулах хугацаа дууссанаас хойш 15 хоног өнгөрсөн боловч Б тал барилгыг ашиглалтад оруулж чадахгүйгээс гэрээг цуцалсан тохиолдолд Б талтай тохиролцож хөрөнгө оруулсан газар болон түүн дээр дутуу баригдсан барилга /каркас/-ыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авна гэж заасан нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэсэнтэй нийцжээ. Иймд анхан шатны шүүхээс 3 блок каркасыг Ё.Б өмчлөлд шилжүүлснийг буруутгах боломжгүй

 

Гэвч гэрээний уг заалтад Б талтай тохиролцож каркасыг өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байх тул талууд тохиролцоогүй, үнэлгээг гаргаагүй байхад шууд 1 500 000 000 төгрөгт тооцуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс дээрх 3 блок /каркас/-ыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээсэн хэсгийг хэвээр үлдээж, харин 1 500 000 000 төгрөгт тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Цаашид Б тал буюу хариуцагчийн уг 3 блок /каркас/-т оруулсан зардлын талаар нэхэмжлэл, шаардлага гаргах талуудын эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Сүүлд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр Ё.Б нь өөрийн амины сууц болон газар зэргээр хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтийн хэмжээг 1 520 880 000 төгрөгөөр тохиролцож, үйлчилгээтэй амины орон сууцны зориулалттай 1,267.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө нураасан. Хариуцагчтай тохиролцсон тохиролцооны дагуу уг сууц нураагдсан үйл баримт тогтоогдсон, гэрээ хариуцагчийн буруугаас хэрэгжээгүй тул дээрх зардалыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчид  учирсан хохиролд тооцох бөгөөд мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардсаныг буруутгах боломжгүй. Иймд 1 520 880 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзнэ. 

 

Харин талуудын хооронд гэрээ цуцлагдсан, гэрээгээр шилжүүлсэн зүйл, учирсан хохирлоо шаардаж байхад гэрээний дагуу алданги шаардсан нь, мөн уг алдангийг гаргуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд алданги 431 796 368 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн гэрээ цуцлагдсан байхад нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг буюу төсөлд тусгагдсаны дагуу тус бүр нь 139,99 метр квадрат талбайтай апармент зочид буудлын 7 ширхэг өрөө, тухайн үеийн ханшаар 1 метр квадрат нь 3 500 000 төгрөг, нэгж тус бүр 489 965 000 төгрөг, нийт 3 429 755 000 төгрөг, Дулаан зогсоол нэгж тутмын үнэ 35 000 000 төгрөг, нийт 455 000 000 төгрөг, Барилга ашиглалтад орсны дараа зураг төсөлд тусгагдсаны дагуу 800-1000 метр квадрат суурийн талбайтай 2 давхар үйлчилгээний төв, хоёр давхар үйлчилгээний төвийн нийт талбайг 1600 метр квадратаар тооцож зах зээлийн ханшаар тооцоход 3 200 000 000 төгрөг, тус бүр нь 60 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц 3 ширхэг, нэгж байрны үнэ 144 000 000 төгрөг, 3 ширхэг байрны үнэ 432 000 000 төгрөг, авто зогсоол 3 ширхэг бөгөөд тус бүрийн үнэ 15 000 000 төгрөгөөр тооцож 45 000 000 төгрөг, нийт 3 677 000 000 төгрөг зэрэгт холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь агуулгын хувьд зөв боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хуулийн заалт хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн заалтуудыг оновчгүй байгааг залруулах нь зүйтэй

 

Түүнчлэн 2013 оны 6 сарын 11-ний өдрийн гэрээний 4.1.2-т “Гидро Гео ХХК-иар гүйцэтгүүлсэн 2 500 000 төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500 000 төгрөгийн дэвсгэр зураг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10 000 000 төгрөгийн эскиз зураг зэрэг баримт бичгийг Б талд хүлээлгэн өгсөн болно” гэж бичигдсэн, талууд гарын үсгээ зурсан тул хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн  дээрх 13 000 000 төгрөгийн үнэ бүхий бичиг баримтуудыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Энэ тухай анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэгдсэн ч тогтоох хэсэгт шийдвэрлэхгүй орхигдуулсныг  нөхөж шийдвэрлэв. Нэхэмжлэгч гэрээгээр шилжүүлсэн бичиг баримтуудаа мөнгөөр үнэлсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой буюу биелэгдэх боломжтой байх зарчмыг хангах үүднээс бичиг баримтуудыг буюу мөнгийг гаргуулахаар заах нь зөв юм.

 

Хариуцагч "Л х э р э" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэгтэй танилцсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сар гаруй хугацаанд үргэлжилсэн, тайлбар, нотлох баримтууд гаргах боломж хангагдсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг мэдсэн, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолоогүй тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдаж журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 480 дугаар зүйлийн 480.3  дах хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг ***р хороо Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг Зайсангийн аманд *** тоотод байрлах иргэн Ё.Б нэр дээр 1/42 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрх суурь бүхий 3 блок /каркас/-ыг  Ё.Б өмчлөл, эзэмшилд шилжүүлж, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ****ын гудамжинд байрлах газар дээрх Ё.Б өмчлөлийн 1267,4 метр квадрат талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй амины орон сууцыг нураасны бодит хохиролд 1 520 880 000 төгрөгийг хариуцагч "Л х э р э" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ё.Б олгож, “Гидро Гео ХХК-иар гүйцэтгүүлсэн 2 500 000 төгрөгийн үнэ бүхий газрын инженер-геологийн судалгааны ажил, түүний дүгнэлт, 500 000 төгрөгийн үнэ бүхий дэвсгэр зураг, ХЛЭТ ХХК-иар гүйцэтгүүлсэн 10 000 000 төгрөгийн үнэ бүхий эскиз зураг зэрэг бичиг баримтуудыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч "Л х э р э" ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 7 993 551 368 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын дугаарыг 2 гэж дугаарлан “9 921  332 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулан” гэснийг “7 762 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж дугаарлан, 5 дах заалтын дугаарыг 4 гэж дугаарлан тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л х э Р э ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 923 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                   Ш.ОЮУНХАНД