Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00210

 

 “ССН”ББСБ ХХК-ний

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00378 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 675 дугаар магадлалтай,

“ССН”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

Х.Гт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 747 561 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.Гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г нь 1850 УНР улсын дугаартай, Тоуоtа Highlander маркийн, JТЕЕW21А770046874 арлын дугаартай автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр барьцаалан зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10 300 000 төгрөгийг зээлсэн. Х.Г нь зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 350 000 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгчийг зээлээ төлж барагдуулахыг удаа дараа сануулсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х.Г нь зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасныг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай 11 660 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Шинээр гэрээ байгуулснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 7 000 000 төгрөг, 2016 ны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 700 000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй бөгөөд удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй. Иймд зээлийн үлдэгдэл үндсэн зээл, алданги 74 561 төгрөг, нийт 5 745 561 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв зээлийн хөрөнгөөс Б.Зод өгсөн бол энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Өмнө нь н.Б.З автомашинаа барьцаалан зээл авч тооцоогоо дуусгасан байсан. Хариуцагч манай саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул алдангийг нэхэмжилнэ. Х.Гтай гэрээ байгуулсан, урт хугацаанд зээлээ төлөөгүй тул хүү, алданги тооцоход их дүнтэй болох учраас боломжтой хувилбараар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Зод 5 000 000-6 000 000 төгрөг хэрэг болсон талаараа хэлэхэд надад таньдаг хүн байгаа та нэмж надад мөнгө зээлээд 10 000 000 төгрөг авчих, хувааж төлье гэсэн учир би автомашинаа барьцаанд тавьж 10 300 000 төгрөгийн зээлсэн. Үүнээс 6 800 000 төгрөг, Б.З 3 500 000 төгрөгийн зээл авснаас хойш хүүг сар бүр төлж байсан. Харин Б.З нь хүүг төлөхгүй явж байгаад 2 удаа төлсөн. Үүнээс хойш Б.Мөнхтуултай тохирч би авсан мөнгөө төлж дуусгасан. Харин Б.З нь нэг удаа 170 000 төгрөг төлөөд дахин мөнгө төлөөгүй. Б.Мбид 2 Б.Зтой холбогдоход удахгүй төлнө гэж хэлдэг. Харин Б.Зыг Б.Мбид нар тохиролцож, миний төлөлт дууссан тул Б.З нар гэрээ хоорондоо гэрээ байгуулахаар болж 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Үүнээс хойш Б.З зээлээ төлөхгүй байсан тул Б.Мнадад хандаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Зыг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандсан. Харин хэрэг нээхээс татгалзсан бичигт Х.Г Б.З мөнгө зээлсэн тогтоогдсон гэсэн хариу ирсэн. 2016 онд 10 000 000 төгрөгийн зээлийн эхний сарын хүүг төлөх шаардлагатай болсон тул 10 300 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед би гарын үсэг ганцаараа зурж, Б.З гарын үсэг зурахгүй 3 500 000 төгрөг авсан. Тухайн үед зээлийн хүү хоцорч байсан тул алдангийн алданги гэж тооцож байсан баримтууд байгаа. Б.З 3 500 000 төгрөг авсныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа ба би 7 000 000 төгрөг төлж, 5 000 000 төгрөг үлдсэн. Нэхэмжлэгчтэй холбоотой байсан ба Б.Зтой гэрээ байгуулсан тул би зээлийг төлөхгүй. 3 500 000 төгрөгт эвлэрэх боломжтой гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00378 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 3 830 374 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 915 187 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 106 879 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 76 236 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 675 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 45 592 төгрөг, хариуцагчийн төлсөн 76 236 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Г хяналтын гомдолдоо: Миний бие 2015 оны 05-р сарын 04-нд Баярсайханы Б.Зод 5-6 сая төгрөг хэрэг болоод байна яах вэ? гэхэд Б.З надад таньдаг ББСБ-н захирал Б.Мгэж хүүхэн байгаа би яриад өгье харин та дээр нь нэмж 3-4 сая төгрөг ав /10 сая/ ав тэгээд 2-уулаа хувааж төлье гээд би 18-50 УНР улсын дугаартай Toyota-HighLander маркийн автомашиныг ““ССН”ББСБ” ХХК-д барьцаанд тавьж 10 300 000 төгрөг авч миний бие 6 800 000 төгрөг, Б.З 3 500 000 төгрөг авсан юм. Харин Б.З хүү төлөхгүй явж байгаад 2 удаа төлсөн. Үүнээс хойш ББСБ-ын захирал Б.Мбид хоёр тохирч би авсан мөнгөө төлж дуусгасан. Харин Б.З нэг удаа 1 700 000 төгрөг төлөөд дахинж мөнгө төлөөгүй болно. Б.Мбид 2 олон удаа Б.Зтой яриахаар өнөө маргаашгүй төлнө гэж хуурсаар өдийг хүрсэн юм. Харин Б.Зыг Б.Мдээр дагуулж очоод Бид 3 тохиролцож тэр 2 хоорондоо Х.Гийн Зээлийн тооцоо дууссан тул бид гэрээ байгуулъя гээд 2017 оны 06 дугаар сарын 02-нд 5 000 000 төгрөгийн гэрээ байгуулж Түшиг их дэлгүүрийн 2-р давхарт байрлах Сүхбаатар дүүргийн нотариатч Д.Энхжаргалаар баталгаажуулсан. Үүнээс хойш Б.З мөнгөө төлөхгүй байна. Б.Мнадруу байнга ярьж Б.Зруу залгахаар утсаа авахгүй гэр оронд нь очихоор зугтаад олдохгүй байгаа юм. Тэгээд би 2017 оны 11 сарын 05-нд ЧД-ийн цагдаагийн хэлтэст Б.Зыг шалгуулахаар өгсөн юм. Харин хэрэг нээхээс татгалзаж Х.Гаас Б.З мөнгө авсан нь тогтоогдсон гэсэн хариу ирсэн. Иймд би өөрийн авсан мөнгийг хүүтэй нь хамт ББСБ-д хохиролгүй болгосон. Б.Зоос 3 830 000 төгрөг гаргуулж ББСБ-д хохирол барагдуулж гэрээг дуусгах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “ССН”ББСБ ХХК нь хариуцагч Х.Гт холбогдуулан зээлийн үүрэгт 5 745 561 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...10 300 000 төгрөгийн зээл авч, Б.З 3 500 000 төгрөгийг авсан, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд Б.Зтой тусдаа гэрээ байгуулсан, харин би өөрийн авсан зээлээ бүрэн төлсөн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 3 830 374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзэж, гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 10 300 000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн ба зээлдэгч Х.Г нь уг мөнгийг сарын 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаагаар зээлж, буцаан төлөх үүргийг хүлээсэн байна. Х.Г нь гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаж байснаас гадна нийт 10 100 000 төгрөгийг буцааж төлжээ.

“ССН”ББСБ ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 3 830 374 төгрөг, алданги 1 915 187 төгрөг нийт 5 747 561 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” гэж заасан тул анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Харин давж заалдах шатны шүүх “...алдангийг хуульд заасан агуулгаар талууд тохиролцож чадаагүй...” гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээгээр тохирсон хүүг төлөх үүрэг хүлээх тул үндсэн зээлийн үлдэгдэл 3 830 374 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

Хариуцагч Х.Г нь “...надад 5 саяаас 6 сая төгрөг хэрэгтэй байсан, Б.З нь надад таньдаг хүн байгаа, 10 сая төгрөг авчих, нийлээд буцаагаад төлье гээд “ССН”ББСБ дээр очиж зээлийн гэрээ байгуулаад 10 300 000 төгрөгийг авч, 3 500 000 төгрөгийг Б.З авсан, би өөрийн авсан мөнгөө хариуцаад төлсөн, гэтэл Б.З зугатаад олдоогүй бөгөөд ББСБ-ын захирал Б.Мнадтай хамт Б.З дээр очиж түүний хариуцах 5 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Иймд хариуцахгүй...” гэсэн тайлбар гаргаж байсан ба энэ гэрээг Түшиг их дэлгүүрийн 2 давхарт байрлах нотариатч Д.Энхжаргалаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/01139 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаагүй байна. /хх-26,29,33/

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хариуцагчийн дээрх хүсэлт ач холбогдолтой, уг хүсэлтийг хангаагүй шүүхийн ажиллагаа оновчтой болоогүй боловч хариуцагч Х.Г 2019 оны 02 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр “...3 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой...” /хх-39/ гэсэн тайлбар гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байв. Хариуцагч нэхэмжлэлийг эсэргүүцээгүй хэмжээнд түүнийг маргаагүй гэж үзэх тул хариуцагч Х.Гийн хүсэлтийг хангаагүй шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч нь 3 500 000 төгрөгийг төлж, маргааныг дуусгавар болгох талаар тайлбар гаргасан нь хүсэлтийг хангах шаардлага байгаагүй болохыг харуулжээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зээлийн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой сонгосон, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00378 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 675 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Х.Гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                          П.ЗОЛЗАЯА