Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0274 |
Огноо | 2014-07-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2014/0274
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ө.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч Н.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ'. “...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”Т” ХК, Эрчим хүчний газрын дэмжлэг, зөвшөөрлөөр хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар “К” ХХК-д 5101,5 м.кв газрыг эзэмшүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай компани маргаан бүхий газрыг өөрсдийн хөрөнгөөр цэвэрлэн, зохих журмын дагуу газар эзэмших эрхийг авсан. “О” ХХК нь тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа биднээс зөвшөөрөл авч түр хугацаагаар ажиллаж байсан бөгөөд манайх үйл ажиллагаа явуулах үед газрыг чөлөөлөхөөр тохиролцсон байсан. Одоо хугацаа хожих зорилгоор шүүхэд хандаж байна. Тухайн газарт зөвхөн нэхэмжлэгч бус манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 582 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “К” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороонд орших “Д” ХК-ийн эзэмшил газраас 4591 м2-ыг шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн төдийгүй Засгийн газрын 2008 оны 50 дугаар тогтоолд нийцээгүй процессын зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Газар эзэмшүүлэх шийдвэр гаргагчийн зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшил газраас бусдад шилжүүлэх хүсэлт, холбогдох нотлох баримтуудыг үндэслэн “К” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчсөн эсэх, процессын ямар зөрчил гаргасан талаар шүүхээс тодорхой тайлбарлаагүй болно.
Шүүх “К” ХХК-д газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй талаар дурдаж улмаар газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэгчийн хүсэл сонирхлын илэрхийллийг албан хүсэлтдээ огт дурдаагүй талаар үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар “Дулааны 4 цахилгаан станц” ХК-аас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэхдээ бичгээр хүсэлт гаргаж уг хүсэлтийг үндэслэж газар эзэмших эрх шилжсэн байгааг анхаарсангүй.
Нөгөөтээгүүр Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн эсэхээс хамаарч “К” ХХК-ийн эрх зөрчигдөх ёсгүй бөгөөд Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй гэх үндэслэлээр бусдын газар эзэмших эрх хүчингүй болох хууль зүйн үндэслэлгүй ба зөвшилцөх эсэх нь зөвхөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны үйлдэл тул гуравдагч этгээдийн эрх ашиг хохирох ёсгүй юм.
Захиргааны хэргийг шийдвэрлэхдээ шүүх гэрчүүдийн мэдүүлгийг бүрэн үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг ч ойлголтын хувьд нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарласан гэж үзэж байна.
“К” ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулсан учраас 1997 оноос оросуудын 4 цахилгаан станцыг барихдаа ашиглаж байсан бүрэн бус гарааш болон үйлдвэрийн хог хаягдлын өөрсдийн хүч хөрөнгөөр цэвэрлэж дэд бүтэц бий болгосон талаар тодорхой гэрчүүд тухайн үйл байдлын талаар мэдүүлж нотолж байхад өөр нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй, цаг хугацааны хувьд ингэх боломжгүй талаар дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Зүй нь гуравдагч этгээдийн зүгээс цаг хугацааны дагуу он дарааллаар Д.А хөрөнгөө гаргаж, С.Ч, М.М нар туслалцан хамтран ажиллаж тухайн газар орчныг цэвэрлэж, гарааш болон хашааг бүрэн бүтэн болгож хаалга гаргаж улмаар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж эхэлсний дараа 2006 онд нэхэмжлэгчийн хувьд Ц.Б-р хэлүүлэн байж уг газарт түр ажиллахаар болсон зэрэг нь гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдах ба “Д” ХК-ийн тухайн үеийн удирдлагаас газар чөлөөлүүлэхээр шаардлага тавьж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Үүний дараа Д.А 2009 онд аж ахуйн нэгж үүсгэн байгуулж улмаар өөрийн компанийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлж авсан байдлыг шүүх буруугаар тайлбарлаж “К” ХХК 2009 онд байгуулагдаад шууд 2011 онд газар эзэмших эрхтэй болсон нь газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангаагүй мэтээр үзсэн нь өрөөсгөл юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлтээ зохих байгууллагад гаргаж байсан талаар дурдаж улмаар нэхэмжлэгчийн өмнө гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлээгүй атлаа ямар ч үндэслэлгүйгээр “К” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөд хүргэсэн талаар дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй бөгөөд эргэлзээтэй юм.
Нэхэмжлэгч газрын албанд газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж байсан гэж маргадаг боловч энэ нь гаргасан гэх нотлох баримтаар тогтоогдоогүй, хүлээж авахгүй байсан гэж гэж тайлбарладаг боловч гэрч Ч.Б-н мэдүүлэгт хүсэлтээ надад бус өгдөг газарт өгөх талаар хэлсэн утгаар мэдүүлсэн, хариуцагчийн газар эзэмших хүсэлт бүртгэх бүртгэлд бүртгүүлсэн талаар нэхэмжлэгч маргадаггүй, энэ талаар гомдол хүсэлт төрийн захиргааны болоод шүүхэд хандаагүй байгаа нь нэхэмжлэгчийг газар эзэмших талаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүйг нотлох бөгөөд газар эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргасан нөхцөлд хүсэлт шийдвэрлэсэн эсэх талаарх өөр маргаан яригдах учиртай.
Иргэн Д.А тухайн газарт ашиг сонирхлоо илэрхийлэн байж 2009 онд байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр зохих этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрх авсан байтал нэхэмжлэгч өмнө нь хүсэлт гаргасан, шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар үзэж байгааг зөвшөөрөхгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн барьсан 2 давхар тоосгон барилга нь ямар ч зөвшөөрөлгүй байх тул нэхэмжлэгчийн тухайд уг барилгатай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй талаар дурдсан хэрнэ “П” ХХК-аас тавьсан шаардлагын дагуу нэхэмжлэгчийн үйл ажиллагаа үргэлжлэн явагдах боломжгүй үр дагаврын талаар дүгнэж өмнөх дүгнэлтээс зөрүүтэй ойлгомжгүй дүгнэжээ.
Мөн уг хэрэгт хамааралгүй, хэлэлцэгдээгүй “П” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар тодорхой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд “П” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг оролцуулах нь зүйтэй байжээ.
Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг “бүртгэлгүй” гэдгээр нь шийдвэрлэлгүй орхигдуулсан, уг барилгын зарим хэсэгт зохих зөвшөөрөл авсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа утгаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэж байгаа ч зохих зөвшөөрлийг ямар этгээдээс авсан эсэх нь тодорхойгүй нөхцөлд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн уг объектын тухайд “Д” ХК-д хамааралгүй, өмч биш талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан, өмчлөлийн асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт хийж хариуцагчийн хууль бус үйлдэл хэмээн үзэж байгааг ч дээд шатны шүүх анхааралдаа авахыг хүсэхийн зэрэгцээ нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон хүрээнд шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн талаар талаар дурдсан байгаа нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа болоод эзэмшиж, ашиглаж байгаа объектоос хамааралгүйгээр тухайн газрын урд хэсэгт байгаа маргаангүй объект, бусад газрын тухайд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй нөхцөлд гуравдагч этгээд болоод “П” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэж байна” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзэхэд хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “О” ХХК-с Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн компанид олгосон газрыг урьд нь эзэмшихээр хүсэлт гаргахад олгох боломжгүй гэсэн атлаа өөр компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргажээ.
Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар “К” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороонд орших “Д” ХК-ийн эзэмшил газраас 4591 м.кв газрыг шилжүүлэн олгохдоо хууль тогтоомж зөрчсөн, тухайлбал, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 50 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөөгүй, түүнчлэн уг газарт байрлах объектын асуудлыг шийдвэрлэсэн “Д” ХК-ийн зохих шийдвэрийг аваагүй талаар зөв дүгнэжээ.
Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн эрх ямар хэмжээнд зөрчигдсөн талаар бүрэн дүгнэлт хийгээгүйгээс “К” ХХК-д 4591 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон нь учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх тухайн 4591 м.кв-н хэмжээнд бүхэлдээ зөрчигдсөн тохиолдолд дээрх шийдвэрийг гаргах байжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл “О” ХХК IV цахилгаан станцыг барьсан трестийн ажилчдын ашиглаж байсан хойноос урагшаа байрлалтай “г” хэлбэрийн үргэлжилсэн нэг давхар, тус тусын хаалгатай барилгын бүхий л хэсэгт бус зөвхөн барилгын хойд талын 2 хаалга бүхий хэсгийг 2006 оноос өнөөг хүртэл тасралтгүй эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн, барилгын бусад хэсэгт “О” ХХК-с гадна өөр бусад этгээд үйл ажиллагаа явуулж, эзэмшиж байсан нь тогтоогджээ.
Энэ тохиолдолд шүүх “О" ХХК газар эзэмшүүлэх тухай хүсэл гийг "К” ХХК-с өмнө гаргахдаа 0,5 га газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж байсан эсэхээс үл шалтгаалж тухайн нэхэмжлэгч компанийн 2006 оноос хойш бодит байдлаар эзэмшлээ тогтоосон газрын хэмжээг нарийвчлан тогтоож, түүнтэйгээ уялдуулан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх байжээ.
Мөн “Д” ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 10, 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “О” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг/ХХ-1-009, 0010/ зөрүүтэй байдлаар тусгасан кадастрын зураг үйлдсэн байгаагаас дээрх байдал харагдаж байна.
Үүнээс гадна маргаан бүхий газар дээр орших дээрх 6215 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “К” ХХК-с худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсоор өмчилж байгаа “П” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл болно.
Дээр дурдсан асуудлыг тодорхой болгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн явуулаагүй тохиолдолд энэхүү захиргааны хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧИД Н.ХОНИНХҮҮ
Э.ЗОРИГТБААТАР
Д.БАТБААТАР