Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2022/0127/Э |
Дугаар | 2022/ШЦТ/147 |
Огноо | 2022-05-09 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/147
2022/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мн Гт холбогдох эрүүгийн 2212000000061 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Мн Г/РД:АЭ................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Мн Г нь 2021 оны 08 дугаар сарын дунд үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг, хуучнаар НИК шатахуун түгээх станцын зүүн талд худалдаан хороололд байх Б.Бгийн эзэмшлийн хашааны 20 ширхэг банзыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000061 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бгийн өгсөн:
“...Би 2021 оны 07 дугаар сарын үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг, хуучнаар НИК шатахуун түгээх станцын зүүн талд худалдааны хороололд хашаа барьсан. Уг хашааг харуул хамгаалалтгүй үлдээсэн. Тэгсэн 2021 оны 08 дугаар сараас эхэлж хашааны баруун талын банзнууд алга болсон байна гэж хүн надад утсаар хэлсэн. Тэгээд би очиж үзэж чадахгүй байж байгаад сүүлд ирж харахад хашааны банзнууд нэлээд алга болсон байсан. Хашаа барихад гарсан нийт зардал 9.500.000 төгрөг болсон. Би хүнд захиж үлдээгээгүй. Хоосон хашаа байсан. Би нийт хэдэн ширхэг банз алга болсныг нарийн сайн мэдэхгүй байна. Ямартай ч баруун тал нь тэр чигээрээ алга болсон. Ойролцоогоор 50-100 ширхэг банз алдагдсан байх. Хашааны алга болсон хэсгийг холбогдогч этгээд төлчихвөл надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 06-07 дугаар тал/
*Хохирогч Б.Бгийн дахин өгсөн:
“...Би ойролцоогоор нийт 900 ширхэг шинэ банз худалдан авч Наранбулаг хорооллын гахайн булгийн урдхан талд 4 тал хашаа босгосон. Миний хашааны баруун талаас нийт 20 ширхэг банз намайг ирж үзээд тоолоход алдагдсан байсан. Шинэ банзнууд байгаа. Тухайн банзнууд нь дээр доороо хадаасны ором байгаа дээд ором нь 2 ширхэг, доод ором нь 1 ширхэг хадаасны оромтой байгаа. Холбогдогч надад учирсан банзны хохирлыг барагдуулна гэсэн тул гомдолгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 52 дугаар тал/
*Гэрч Б.Тын өгсөн:
“...Би уг хашааны талаар сайн мэднэ. Манайх 2021 оны зун уг хашааны ардхан талд зуссан. Би 2021 оны 08 дугаар сарын үеэр шөнө гэртээ байж байтал гэрийн хойгуур мотоциклийн дуу гарахаар нь хониноос шүүрчихэж магадгүй гэж бодоод гараад харсан. Тэгсэн нөгөө мотоцикль төв зам дагуу зүүн тийн яваад өгсөн. Тэгсэн урд талд байдаг хашааны тэнд хүн байх шиг харагдахаар нь яваад очтол нэг хүн хашааны баруун урд буланд нуугдаад гарч ирэхгүй байсан би гараад ир хулгайч минь цагдаа дуудлаа шүү гэж орилтол сахалтай эрэгтэй хүн гарч ирээд миний дүү цагдаа битгий дуудаарай хоёулаа эндээ асуудлаа шийдье гэсэн тэгэхээр нь би хэдэн банз авсан талаар асуухад 10 банз аваад хашаандаа буулгасан мөн дахин 10 гаруй банз буулгаад хураачихсан байсан. Би тухайн үед одоо наад банзнуудаа эргүүлж хад, хадахгүй бол цагдаад мэдэгдэнэ гэчихээд яваад өгсөн юм. Намайг очиход 10 гаруй ширхэг банз унагаасан хураагаад тавьсан байсан мөн 10 ширхэг банз зөөж хашаандаа аваачсан талаар ярьж байсан. Өмнө болон дараа нь хэдэн ширхэг банз авсныг мэдэхгүй байна. Би танихгүй, хувиараа мужаан хийдэг гэж байсан. 2021 оны 08 дугаар сарын үеэр л байсан өдрийг нь сайн санахгүй байна. Ямартай ч шөнө 23:00 цагийн үед байх шөнөөр л ачдаг байх. Би өмнө авч байсан эсэхийг мэдэхгүй байна. Би мэдэхгүй манаахыг зусланд буухад байсан юм. Би тэгээд байнга харж байдаг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч М.Бын өгсөн:
“...М.Г нь миний төрсөн дүү байгаа юм. Би 2021 оны зун эхнэр хүүхэдтэй нь хамт шилжүүлж авчирч өөртэй туслуулж юм хийлгэдэг. Энэ талаар сонссон М.Г нь тухайн эзэнгүй байсан хашаанаас 20 ширхэг банз авсан талаар мэдсэн. Өөр нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. М.Г нь 2021 оны 06 дугаар сарын үеэр өөр дээрээ татаж авсан юм. Тэгээд надад тусалдаг байсан. Тэр хойгуур надад хэлэлгүйгээр айлын хашаанаас банз авсан юм шиг байна лээ. Би уг нь хэлж байсан юм янз бүрийн юманд орооцолдов гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/
*Гэрч Н.Уийн өгсөн:
“...М.Г гэх хүн нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг. М.Г одоогоор ахтайгаа хамт хувиараа блок цохих ажил хийж байгаа. Би саяхныг хүртэл тэр талаар мэдээгүй явсан. Саяхан М.Г надад 2021 оны 08 дугаар сарын үед хуучин рамын газраас хэдэн ширхэг банз авсан чинь асуудал болчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
*Яллагдагч М.Гийн өгсөн:
“...Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/
*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 563 дугаартай:
“...20 ширхэг банзны үнэ 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 25 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын дунд үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг, хуучнаар НИК шатахуун түгээх станцын зүүн талд худалдаан хороололд байх Б.Бгийн эзэмшлийн хашаанаас 20 ширхэг банз хулгайд алдагдаж, түүнд 360.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Г үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бгийн”...Би 2021 оны 07 дугаар сарын үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг, хуучнаар НИК шатахуун түгээх станцын зүүн талд худалдааны хороололд хашаа барьсан. Уг хашааг харуул хамгаалалтгүй үлдээсэн. Тэгсэн 2021 оны 08 дугаар сараас эхэлж хашааны баруун талын банзнууд алга болсон байна гэж хүн надад утсаар хэлсэн. Тэгээд би очиж үзэж чадахгүй байж байгаад сүүлд ирж харахад хашааны банзнууд нэлээд алга болсон байсан. Миний хашааны баруун талаас нийт 20 ширхэг банз намайг ирж үзээд тоолоход алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тын ”...Би 2021 оны 08 дугаар сарын үеэр шөнө гэртээ байж байтал гэрийн хойгуур мотоциклийн дуу гарахаар нь хониноос шүүрчихэж магадгүй гэж бодоод гараад харсан. Тэгсэн нөгөө мотоцикль төв зам дагуу зүүн тийн яваад өгсөн. Тэгсэн урд талд байдаг хашааны тэнд хүн байх шиг харагдахаар нь яваад очтол нэг хүн хашааны баруун урд буланд нуугдаад гарч ирэхгүй байсан би гараад ир хулгайч минь цагдаа дуудлаа шүү гэж орилтол сахалтай эрэгтэй хүн гарч ирээд миний дүү цагдаа битгий дуудаарай хоёулаа эндээ асуудлаа шийдье гэсэн тэгэхээр нь би хэдэн банз авсан талаар асуухад 10 банз аваад хашаандаа буулгасан мөн дахин 10 гаруй банз буулгаад хураачихсан байсан. Би тухайн үед одоо наад банзнуудаа эргүүлж хад, хадахгүй бол цагдаад мэдэгдэнэ гэчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч М.Бын”...М.Г нь тухайн эзэнгүй байсан хашаанаас 20 ширхэг банз авсан талаар мэдсэн. Өөр нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. М.Г нь 2021 оны 06 дугаар сарын үеэр өөр дээрээ татаж авсан юм. Тэгээд надад тусалдаг байсан. Тэр хойгуур надад хэлэлгүйгээр айлын хашаанаас банз авсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Н.Уийн”...Саяхан М.Г надад 2021 оны 08 дугаар сарын үед хуучин рамын газраас хэдэн ширхэг банз авсан чинь асуудал болчихлоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч М.Гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч М.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 360.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба уг хохирлыг шүүгдэгч М.Г нь төлж барагдуулсан баримт ирүүлсэн мөн хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэлд дээрх хохирлын мөнгийг авсан талаар дурдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв. Хохирогч Б.Б нь 20 ширхэг банз биш 1000 орчим банзаа алдсан гэж тайбарлаж байгаа боловч тэрээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө 20 ширхэг банз алдсан талаар мэдүүлсэн, мөн гэрч Б.Т гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгчийг 20 банз авсан талаар мэдүүлсэн, хохирогчийн 1000 орчим банз алдагдсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 250/хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Гт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР