| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00424/И |
| Дугаар | 478 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 478
| 2017 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 156/ШШ2017/00478 | Хэнтий аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00424/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-33-8 тоотод хашаанд оршин суух Цэгмидийн Цогтбаатар (РД: СЮ-71092671)
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди, 19 дүгээр байрны 46 тоотод оршин суух Баямаагийн Буянтогтох (СЭ-78062971) нарт холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын 01 дүгээр багт оршин суух Хорлоогийн Баярбаатарын нэхэмжлэлтэй,
"байшин хашаа газрын урьдчилгаа төлбөр 7 000 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Баярбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ээж Хорлоо намайг тусад нь айл болгохоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цаг уурын 28-01 тоотод байрлалтай, дутуу баригдсан байшинг хашаа газрын хамт Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нараас 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр гэрээ хийсэн юм. 2016 оны 11 дүгээр сард 7 000 000 төгрөгийг малаа борлуулж төлөөд байж байтал Норовлин суманд зуд болж их хэмжээний цас орж мал турж, мах үнэгүйдэж мөн шүлхий өвчин гарч хорио цээр тогтоож мал борлуулах боломжгүй болсон. Мал ихээр үхэж өөрийн гэх малгүй болсон. Өөр орлогын эх үүсвэргүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх ямар ч боломжгүй болсон. Би одоо Улаанбаатар хотод хадмындаа амьдардаг. Ойр зуурын ажил хийж амьдралаа залгуулж амьдарч байгаа бөгөөд эхнэр өнөө маргаашгүй төрөх дөхөөд байна. 2016 оны 12 дугаар сард ээж маань “байшинг авч чадахаа болилоо, урьдчилгаа төлбөрт өгсөн 7 000 000 төгрөгийг буцаан авах талаар хэлэхэд Б.Буянтогтох нь “байшингаа зараад мөнгөө авахгүй юу, битгий олон юм яриад хуцаад бай” гэж доромжилсон. Байшинг зарахаар зар тавихад хүн үзээд “энэ хавийн хүмүүс чөтгөртэй, үүрээр хүүхэд уйлдаг, юм түжигнээд байдаг гэж байна...олон нялх нойтон хүүхэдтэй хүн ийм юм сонсоод яаж авахав дээ” гээд байдаг.
Бидний хувьд хашаа байшин газрыг өөрийн нэр дээр болгож авсан юм байхгүй, байшинд нь амьдраагүй, ашиглаж хэрэглээгүй.
Иймд байшингийн урьдчилгаа төлбөрт өгсөн 7 000 000 төгрөгийг Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Нэхэмжлэгч Х.Баярбаатар нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Би Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэн тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Би анх нэхэмжилсэн байшин, хашаа, газрын урьдчилгаа төлбөр 7 000 000 төгрөгтэй дүйцэхүйц Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Хийдийн 01 дүгээр эгнээний 01 тоотод байрлалтай 1000м2 газар хашааг хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нараас 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлж авахаар тохиролцлоо. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт гаргахгүй болно гэжээ.(хх-ийн 17 тал)
Хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нар нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.Баярбаатартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж байшин, хашаа, газрын урьдчилгаа төлбөр 7 000 000 төгрөгтэй дүйцэхүйц Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Хийдийн 01 дүгээр эгнээний 01 тоотод байрлалтай 1000м2 газар, байшин, хашааг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэхээр тохиролцлоо. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Баярбаатар нь, хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нараас "байшин, хашаа, газрын урьдчилгаа төлбөр 7 000 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Х.Баярбаатар нь шүүхэд гаргасан байшин, хашаа, газрын урьдчилгаа төлбөр 7 000 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нараас нэхэмжлэлийн шаардлага болох 7 000 000 төгрөгтэй дүйцэхүйц Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Хийдийн 01 дүгээр эгнээний 01 тоотод байрлалтай 1000м2 газар, байшин, хашааг гаргуулахаар тохиролцож талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нарт холбогдох, Х.Баярбаатарын нэхэмжлэлтэй, "байшин, хашаа, газрын урьдчилгаа төлбөр 7 000 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг, Хийдийн 01 дүгээр эгнээний 01 тоотод байрлалтай 1000м2 газар, байшин, хашааг хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нараас гаргуулахаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Х.Баярбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 100 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 63 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63 050 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нараас 63 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Баярбаатарт олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Буянтогтох, Ц.Цогтбаатар нар нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ